Sunday, August 30, 2015

МУНХАГЛАЛ ХЭР ИХ БАЙНА, ӨР ТӨЛӨӨС ТИЙМ Л ХЭМЖЭЭТЭЙ БАЙНА ГЭДЭГ...


Зургаа даруулбал үхнэ гээд тугдайн нуугдаж буй Төвдүүд гэнэ. Энэ цаг үеийн зураг. Төвд нутгийн гүнд, бодит амьдрал дунд явж үзсэн хүмүүс нөхцөл байдал ямар байдгийг нь сайн мэднэ. Харьд гарсан төвдүүд бол харин өөр. Ертөнцийн явдлыг харж, таниж, нүд нь нээгдсэн нь их бий, тэдэн дотор....
Бөөсөө албал нүгэл болно. Хирээ угаавал буян арилна. Дэлхий гэдэг хавтгай, нэг том яст мэлхийн нуруун дээр зогсоо гурван зааны нуруун дээр байдаг. Тэнгэрийн хаяанд хүрвэл цоо хатгаж болдог гэх мэт харанхуй мунхаг байдал Төвдийн хөдөө нутгаар яг л газар доороос гаргаад ирсэн эрт цагийн үлэг гүрвэлийн яс мэт хачин сониноор илэрнэ. Тэр харанхуй мунхаг дээрээс, ёстой муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг хар хятадын боол болж, босгоны шороо болж, далайсан газар нь дальдчиж, дальдчиж тэвчээгүй нь тасчуулан хядуулж байна, хөөрхий Төвдүүд... Дээрхийн гэгээн Далай лам Төвд гэдэг үндэстэнд тусгаар тогтнол гэдэг асуудал өнөөдөр ярих ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, зүрхнийхээ нулимсаар уйлж байна. Далай лам Хятадын удирдлагаас зөвхөн өнөөгийнхөөс арай давуу нөхцөлтэй автономит эрхийг Төвдүүдэд олгож өгөөч хэмээн алга хавсран залбирч байх юм даа... Төвд гэдэг нэгэн соёл, ертөнц, өвөрмөц ахуй амьдрал ганц Далай ламын биш хүн төрөлхтний нүдний өмнө хайлан уусаж, маш хурдтайгаар мөхөж байна.
100 хүрэхгүй жилийн өмнө бид ч мөн үүнээс, энэ зураг дээрх хөөрхий харанхуй Төвдүүдээс дээрдэх юмгүй байлаа. Нас биед хүрсэн гурван монгол эр тутмын нэг нь лам нэртэй байсан нь үнэн юм. Хагас сая хүн амьтай ч 60-80 мянган ламтай байсан үе. Тэд туйлдан ядарч, модоо барьсан улс орондоо баялаг бүтээхэд хумсын чинээ нэмэргүйн дээр харин ч ардаас өглөг барьцаар буюу нийгмээ шулж амьдардаг, эргэн тойронд хомхолзсон олон дайсан байхад батлан хамгаалахад бөөсний ч тусгүй, орчин цагийн соёл боловсролд тас харахгүй мунхарсан цаг үе байсан нь үнэн юм даа. Соц үеийн үзэл сурталтай, сурталгүй энэ бодит баримт юм. Мэдээж хэрэг тэр лам нарын арми дотор Бурхны номын чинадад хүрч гэгээрсэн нь бий ч үнэмлэхгүй олонхи нь буюу 99 хувь нь зүгээр л ламын амьдралыг аж төрөх арга хэрэгсэлээ болгосон, дэндүү гэмээр хавтгайрсан мухар сүсэг дээр оршин тогтнож байсан шимэгч томоохон давхарга байж... Их Нацагдоржийн "Хуучин хүү"-д бичсэнээр хөмөрсөн тогоон дотор байв.
Нэгэн цагт дэлхийн түүхийг тодорхойлж, улс гүрнүүдийг эзэгнэн захирч, хөгжлийг хөтөлж байсан ард түмэн нэг л мэдэхэд "тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэх" хэмжээндээ хүртэл доройтчихсон байж... ямар ч юм хэтрэхээрээ утгаа алддаг. Шашны мухар сүсэг биднийг ийм уруудал, мөхлийн зам руу чирч байсан даа. Төвд шиг эмгэнэлт түүхийг... бид золоор тойрон гарсан юм.
...
1930-аад онд хэмжээлшгүй их ч цус, нулимс, үхэл хагацлаар өртөг золио өргөж байж бид энэ мунхралаасаа арай гэж нэг юм салсан юмсан.
Харин сүүлийн жилүүдэд эргээд мунхарсан мухар сүсэг бишрэл хавтгайрч, түүнийг ашиглан аж төрлөө залгуулах "буянт" дүртэн шар улааныг тунаруулсан ламтангууд, үнэн худал онгод тэнгэр гэж дөвчигнөсөн бөөнүүд, хаа холыг санаархсан харь шашинтнууд их олон болоод байгаа харагддаг.Одоо ламгүй, бөөгүй явдал гэж бараг үгүй болох нь... Шашин оюун, сэтгэлийн зам мөр бус ахуй амьдралын хэрэглээ болох тал нь дэндүү давамгайлж байна. Өвдөж зовох цагт ч яая гэхэв, гэтэл зам зассан ч, барилгын суурь тавьсан ч, наадаж наргисан ч, бөх барилдсан ч, бүр хулгай луйвар хийсэн ч лам, эсвэл бөө... Хулгай, луйвар хийж хийчихээд хийморийн сан тавиулахаар лам руу явдаг, өстөн хүнээ айл голомтоор нь самарч өгөөч хэмээн бөө рүү очдог хачин хаос байдал их байх юм... Тэр бүхэн хэмжээнээсээ хэтэрч даамжирвал бас л бид үндэстнээрээ тэр нэгэн цагт их өртөг төлсөн шигээ бас л их өртөг золиос төлөх болох байх даа. Бурхны номд "Өртлөөсгүй амьдрал гэж үгүй" гэдэг. Ерөөс өр төлөөсгүй мунхаглал гэж бүр ч үгүй дээ... Мунхаглал хэр их байна, өр төлөөс тэр хэмжээгээр байнэ гэдэг хууль юм.
Эрүүл саруул ухаантай, эрдэм мэдлэгтэй байхсан даа.
Харин Шарын шашны /бидний хэлж сурснаар/ аугаа дотоод мөн чанар, төгс гэгээрэл гэдэг нь энэхүү эргүүтсэн мунхаг харанхуй, мухар сүсэг гэдгээс угтаа шал өөр зүйл юм. Нөгөө "Онгоц гэдэг чинь энэ ширээн дээр байгаа алимнаас таг өөр юм" гэдэг шиг л...

No comments: