Tuesday, March 15, 2016

ЯАГААД ЕРӨӨЛИЙН ОРОНД ХАРААЛ БАЙНА ВЭ?

Манай нэртэй эдийн засагч, төрийн сайд агсан эрхмийн ар дээр эмгэнэл харууслын хажуугаар баярласан, тавласан, харааж зүхсэн хандлага ч багагүй байна. "Нүгэл нь нүдээрээ гарч байна", "Бусад 76 араас нь бушуу яваасай", "Үйлээ эдлээсэй" гэх мэтээр. Зарим нь ч цочирдож сэрдхиймээр...
Уг нь монгол хүн бурхан болоочийн ар дээр хэзээ ч муу үг унагадаггүйсэн.
Мөн ийм хандлагыг буруутгах, үгүйсгэх нь ч байх.
Хасын Г. Ганхуяг: "Цочирдмоор. Аймаар. Бид ямар хүнтэй, ямар нийгмийг бий болгоод байнаа? Ийм хүмүүс олон байгаа нь популистууд ялалт байгуулж, цуст хувьсгал хийж, буцаагаад коммунист дэглэм тогтоох санаархалдаа хүрэх боломжийг бүрдүүлж байна. Би дахин нийгмийн туршилтанд ормооргүй байна. Хүүхдүүдээ тийм юмыг үзүүлмээргүй байна. Үүнийг хамтдаа залруулья, залуусаа." гэж уриалжээ.
ГЭХДЭЭ "Юм учиртай, сум гичиртэй".
Бухимдсан олныг "Аймаар, Цочирдмоор" хэмээн буруутгахаас өмнө ЯАГААД ЭНЭ ХҮМҮҮС ИНГЭЖ ИХЭЭР БУХИМДАЖ, ХАРААНА ВЭ? гэдгийг ноцтой анхаарч үзэх хэрэгтэй юм.
Энэ нь манай нийгмийн бухимдал тэсрэхэд бэлэн байдалтай, яг л чүдэнз зураад тавихад бэлэн болчихсон дарьтай торх шиг байгааг илтгэнэ.
Уржигдар би таксинд суусан. Таксины жолооч залуу "Таны өмнө нэг хөгшин суусан юм. Хөгшин хэлж байна. Би энэ томчуудаас нэр бүхий 7 хүнийг буудна гээд. Та хэдийг буудах вэ?" гэж надаас асуух юм. "Яагаад буудах гэж?" хэмээн хариу асуувал "Хар л даа. Биднийг ийм болгочихсон энэ хэдэн гахайнуудаас салахгүй бол өнөөдрийн миний үзэж байгаа зовлонг үр хүүхэд минь үзсээр л байх нь байна шүү дээ. Арай ч дээ. Би л лав 7-оос илүүг буудна" гэж байх юм. Ийм яриа нэг удаагийнх биш. Танил ах маань "Чаддаг бол би энэ луйварчдаас нэг хоёрыг нь буудчихмаар л байна. Нэг хоёрыг нь буудчихвал эрх биш гайгүй болох байлгүй. Хэрвээ ямар нэгэн "юм" болбол ах нь муу хуучин калибраа бариад очино дог" гэж байх. Нийгмийн сошиал сүлжээн дээр ч ийм хандлага ч хүчтэй сонсогддог.
Яагаад бид бурхан болсон хүний араас учиргүй харааж зүхээд байна вэ?
Яагаад бид нэг нэгнээ буудчих юмсан гэж ярьдаг, хүсдэг болоо вэ?
Яагаад бид эвлэж зохицоход бэрх, ойлголцоход хэцүү болчихоо вэ?
.
"Луйварчид"-аас ганц хоёрыг нь буудчих юмсан гэж ярьж буй ах хүүг би л хувьд учиргүй буруутгаж чадахгүй. Тэр хүнийг тийм болтол нь бухимдуулж, аргыг нь барж буй үйл явдал өнөөдөр болж байгааг харин бид бүгдээр харж байна.
Талийгаачийн хойноос элдвээр хэлж буй залуусыг би л хувьд тэгтэл нь буруутгаж чадахгүй. Тэр хүмүүсийг тийм үл хүлцэх үзэлтэн болтол нь тэсвэр тэвчээрийг нь барж буй нөхцөл байдал өнөөдрийн нийгэмд нэгэнт бий болчихсон.
Өнөөдөр бид энэ бухимдсан олонтойгоо тэмцэх биш, харин энэ бухимдлыг бий болгоод буй бусармаг байдлыг цаг алдалгүй засаж залруулах талаар ухаан бодлоо шавхахгүй бол Ганхуягын хэлдгээр цус урсгасан хувьсгал ч гарч, хатуу дэглэм тогтохыг үгүйсгэх аргагүй. Энэ хүсэх юм биш. Цаг алдахгүй арга хэмжээ авахгүй бол бид тийм гашуун ангал руу гулсах эрсдэл нэгэнт бий болчихсон байгаа. Эрх баригчид өнөөдрийнхөө байдлыг болж байна гэсэн харалган сохор байдлаар удаан явбал юу болохыг чухам бурхан мэдэх хэрэг болоод байна.
Савлуур нэг талруугаа хэр их хазайна, эргэж савлахдаа нөгөө талруугаа төдий хэмжээгээр хазайдаг нь физикийн хүчний хууль.
Нийгэм ч мөн адил. Цус урсгасан их хувьсгалуудын түүхэн урьдач нөхцлүүд нь нэг талд нь хэт даварсан дарангуйлал, луйвар, хээл хахууль, шударга бус явдал байсан байдаг.
Улс орныг маань муухай бохир, балиар болгоод буй, хүсэн хүлээсэн хөгжлийг хангаж чадахгүй байгаа энэ намуудын талцал, тэмцэл, энэ хэмжээ хязгааргүй мэт луйвар, хахууль, эрх мэдэлтнүүд, эд хөрөнгөтнүүдийн хуульгүй мэт аашилдаг замбараагүй, анархи, шударга бус байдлыг буюу Товчхондоо ард олныг талийгаачийн хойноос буяны ерөөл биш хараал хэлэх хүртэл хэмжээнд бухимдуулаад байгаа уг язгуур шалтгаанаа эхлээд арилгах хэрэгтэй юм. Түүнээс биш бухимдсан, бухимдсандаа аргаа барж, хэлэх хэлэхгүйг хэлж буй олныг буруутгах нь утгагүй хэрэг. Ёстой нөгөө "УРД ХӨЛ БҮДРЭХЭД ХОЙТ ХӨЛИЙГ НЬ ТАШУУРДАХ"-ын үлгэр.
Харин ч тэднийг буруутгах хэрээр байдал эерэх биш улам эрс болох болно. Шаазгай суугаад болдоггүй овоонд нь анхаарал хандуулах учиртайгаас биш шаазгай руу чулуу шидээд юу ч өөрчлөгдөхгүй шүү.
Товчхондоо талийгаачийн араас ерөөл биш хараал хэлж буй энэ байдал нь Манай нийгэмд, Эрх баригчдад, санхүүгийн бүлэглэлүүдэд, сэтгэн боддог бүхэнд том дохио, сануулга шүү.
Эрүүл саруулаар эргэцүүлэн боддог бүхэн нам, эвсэл харгалзахгүйгээр нэгдэж, нэгийг бодож, хоёрыг хийхгүй бол, нэгдэж, нийгмээ хувьсгалт тэмцлийн бус эрүүл саруул замаар хувьсган өөрчлөх талаар нэг юм хийхгүй бол хожим хий дэмий амаа барьж, харуусан шогшрохоос өөр юу ч хийж чадахгүй түвшинд хүрч мэднэ шүү.
Б.Номинчимэд

АРИУН ЯВДАЛ УУ ГЭЖ АСУУХААС Ч АРГАГҮЙ ЮМ ДАА

2012 оны намар Төрийн яаманд газрын дарга хийж байгаад ажлаа өгсөн танил маань бас их бухимдаж байсан. 
Ажлаасаа халагдсандаа бухимдаагүй юм шүү. Шалтгаан нь Davaadulam Jamsranjav -ийн мэргэжлийн магистр бүү хэл бакалавргүй нөхдүүд доктор, профессоруудыг удирдахаар томилогддогт "жөтөөрхдөгтэй" агаар нэг
Танилын маань бухимдан ярьсан нь нэг иймэрхүү.
- Намар сайд солигдсоны дараахан нэг годгор залуу ажил авахаар ирлээ. "За ах хүү. Ажлыг чинь авахаар ирлээ. Маргааш нөгөөдрөөс юмаа янзлаад хүлээлгэж өгөөрэй" гэж байна. "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Нэгэнт л ялсан нам бодлогоо хэрэгжүүлэх гэж буй бол шаардлагатай албан тушаалууд дээр бодлого хэрэгжүүлэгчидээ байршуулах нь зөв өө. Нөгөөдөр гэхэд би ажлаа цэгцлээд, тамга тэмдгээ хүлээлгэж өгөе" гэлээ. Тэгээд хүлээлцэх юм болтол, юу вэ, нөгөө нөхөр чинь нэгд, ямар ч мэргэжлийн бус юм, хоёрт манай салбар чинь мэргэжлээс гадна заавал нэг ажлын туршлага, дадлага их шаарддаг. Тэр нь ч алга. Олон оронтой мөнгөний тоо харахаараа л "Энэ юу вэ?" гэж нүд нь дүрлийхээс өөр юмгүй нөхөр байна. 
Би ажлаа хэр хэмжээнд анхан шатны түвшинд зааж хэлэхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгов. Тэгээд нөгөө нөхөрт ч учирлалаа. 3 хоног ажлынхаа ойр зуурын зүйлээс хэлж ярьж өглөө. Энэ чинь хэнд ч хамаагүй нэг ажил биш шүү дээ, Төрийн ажил, алдаа гарвал бид бүгдээрээ хохирдог тийм л ажил. Сэтгэл өвдөөд, аль болох олон зүйлийг хэлж ярьж өгөхийг хичээлээ.
Эхлээд, зүгээр зүгээр, аяндаа болчихно гээд гээдгэр байсан нөхөр чинь чухам ямар түвшний ажил авч байгагаа одоо л нэг бүүр түүрхэн багцаалж ойлгож байгаа бололтой, дуу нь зөөлрөөд, ялимгүй тонгойдог болоод "Та дахиад хэд хоног хэлж ярих юмаа сайн хэлэх хэрэгтэй байна" гэж байна. 7 хоносны дараа "Ах аа та, ерөөсөө миний зөвлөхөөр ажиллачих" гэдэг байгаа. Гэнэт дургүй хүрээд "Та нар үүрэхээ ч үүр, хариуцдагаа ч хариуц. Ах нь өөрийгөө бодое" гээд л гарсан. 
Ядахдаа Хөрөнгө оруулалт, санхүүжилт хоёроо ялгахгүй нөхөрт л монголын нэг салбарын хувь заяаг атгуулчихаад гарсан даа. - хэмээн ярьсан болно. 
Яамны газрын дарга байтугай одоо Сайдыг нь хүртэл тухайн тухайн салбартаа огт ажиллаж үзээгүй, үзээгүйгээр барахгүй тэс хөндлөнгийн мэргэжилтэй хүнээр удирдуулдаг болсон. Улс төрч гэдэг бол сүпэр мэргэжил гэж ойлгодог бололтой. Өнөөгийн үнэлэмжээр бол үнэхээр ч "сүпэр мэргэжил" юм даа. Ийм байдалтай байхаар төр хүчгүй болж, түмэн олон бухимдалгүй яах вэ дээ. Төрийн аливаа ажил ёс журмаараа бус, огт өөр голдрилоор явах нь ойлгомжтой. Хээл хахууль, шударга бус явдал, хов жив, хутгаа самуурал гаарах нь тодорхой. 
Манайд Намын бодлого нэрийн дор Боловсон хүчний бодлого, томилгоо гэдгийг үнэн утгаар нь алсан. Тухайн салбартаа ядахдаа нэг мэргэжилтэн ч хийж үзээгүй хүн, туршлагатай мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийн толгой дээр гараад суучихаар наад зах нь атаархаж, жөтөөрхдөг юм байгаа биз дээ. Аргагүй шүү дээ. Цаад тал нь тухайн салбар тэгээд нэг сүйрээд уначихгүй бол, аз байвал үлгэн салган хөдлөх аядна. Юун хөгжил дэвшил вэ? 
Ур чадвар, туршлагаар нь дэвшүүлдэг Боловсон хүчний мэрит тогтолцоо гэж ярихаас цаашгүй, намдаа аль үнэнч нь, хэр их сэнтэглэж, сүгсэгнэсэн нь, хэр их хор найруулж, лобби хийсэн нь, хэр их намдаа хандив нэртэй хахууль өгч, даргадаа далдаганасан нь л албан тушаалд очдог ийм Төрийн тогтолцоотой болчихсон. Ур чадвар, туршлага, ажлын арга барилын тухай яривал "Чи хоцрогдсон байна" гээд толгой хага цохино. 
Нэг иймэрхүү. Хүн огт мэдэхгүй юмнаасаа нэг айдаггүй, эсвэл бүр сайн мэддэг юмнаасаа нэг айдаггүй. 
Үүрэг хариуцлага гэдгийг огт мэддэггүй, хариуцсан ажил нь ямар түвшиний чадвар, ур, мэдлэг, туршлага шаарддагийг огтоос төсөөлдөггүй, мэддэггүй хүмүүс ёстой нөгөө "БИ ЧАДНА" гэж хашгичаад төрийн албанд нам дамжиж их олноороо орж ирсэн, тэгээд холион бантанг нь зуураад хаячихаар хөл толгойгүй юм болж, хөөрхий олон бухимдах нь аргагүй шүү дээ.

УГ НЬ ЦЭЦЭРЛЭГ БОЛ "ӨДӨР ӨНГӨРҮҮЛЭХ" ТӨДИЙ ГАЗАР БИШ ЮМ



.
Хүүхдийн хамгийн эмзэг нас бол 0 - 5 хүртлэх нас юм. Энэ насанд чухам хожим ямар хүн болох үндсэн суурь тавигддаг байна. Хүний оюуны суурь ойлголтууд, чадавхи, төлөвшлийн 90 хувь нь чухам энэ насанд тавигддаг болохыг судлаачид нэгэнт нотолсон. Ард түмэн ч олон жилийн туршлага, ажиглалтаараа үүнийг батлан хэлдэг. Тухайлбал 5 хүртлэх насыг "Бурхан нас" гэж онцгойлон үздэг.
Хөгжилтэй орнуудад хүүхэд багачуудынхаа энэ насанд нь онцгой анхаарч, эхийг нь аль болох урт хугацаанд хүүхэдтэйгээ хамт байх боломж олгож, сургуулийн өмнөх насны боловсролын маш тодорхой бодлого, хөтөлбөр, сургалттай ажилладаг. Ахлах, дунд сургуулийн багшаас бага болоод сургуулийн өмнөх насны багшийн цалин ч өндөр, тавигдах шаардлага ч өндөр, нэр хүнд, үнэлэмж ч өндөр...
Тэгэхээр сургуулийн өмнөх насны ясли, цэцэрлэгийн орчин бол маш өндөр хариуцлагатай, соёлтой, цэвэрч төдийгүй ирээдүйн иргэн хүнийг төлөвшүүлэх, чиглүүлэх, суралцах анхан шатны арга дадлага олгох ямар нэгэн хэмжээний сургалтыг ШУ-ын нарийн судалгааны үндсэн дээр явуулж байх учиртай маш чухал, эмзэг орчин юм. Төр засаг ч, эцэг эхчүүд ч, ТБ байгууллагууд ч онцгой анхаарч баймаар.
Гэтэл өнөөдөр манайд сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол зүгээр л өдрийг аргацаан өнгөрүүлэх, хатуухан хэлэхэд "Бөөнөөр нь хашиж өдөр өнгөрүүлэх" газар байдалтай байгаа. Нийслэлийн ихэнх цэцэрлэгүүдийн ачаалал хэрээсээ хэтэрсэн. 40-50 хүүхэдтэй ангид хоёр багш яаж хэрхэн сургалт ч явуулах билээ. Хүүхдийг 40-50-иар нь нэг умгар өрөөнд хашчихаар тэнд хуарангийн систем үйлчлээд эхэлнэ, тэндээс хүүхэд эрх чөлөөгөө их гаж байдлаар мэдэрдэг, илэрхийлдэг хүмүүс болж төлөвшинө. Нийгмээ алж байгаа юм даа. Дээр нь багш нарыг шинэ нөхцөлд дахин сургах, мэргэшүүлэх, цалин мөнгө, нөхцөл хангамжийн талаар огт анхаардаггүй байдал ч хэвээр. Ер ийм л байсан, ийм л байх ёстой гэсэн хандлагатай.
Гэтэл сүүлийн үед бүр ч хачирхалтай зүйл гараад ирсэн нь Хүүхэд харах үйлчилгээ юм. Нэг талаас харахад тэртэй тэргүй багталцахгүй болчихсон цэцэрлэгүүдийн ачааллыг хувийн салбараар нөхөж, тулгамдсан нөхцөл байдлыг шийдвэрлэж буй мэт боловч цаанаа бол ноцтой завхралын суурь болж байгаа юм.
Яагаад гэвэл хувиар хүүхэд хардаг үйлчилгээнд нөгөөх ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх учиртай төрийн нэгдсэн стандарт, хөтөлбөр, сургалт гэдэг юм бий юу? Төрийн бодлогын хэлтэрхий ч болов тэнд хэрэгждэг үү? Ерөөс тийм юм байдаг уу? Сургалт ч дүүрсэн хэрэг гэхэд эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах стандарт хангалттай юу?
Хамаг эмгэнэлтэй юм нь гэвч энэ биш.
1. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 200 орчим цэцэрлэгийн байр шаардлагатай. Гэтэл энэ он жилүүдэд ядахдаа 20 шинэ цэцэрлэгийг улс бариулсан уу? Нийслэлд жил бүр дунджаар 6000 гаруй сургуулийн өмнөх насны хүүхдийн орон тоо шинээр нэмэгдэж, нийтдээ жил бүр 100 000 орчим сургуулийн өмнөх насны хүүхэдтэй байгаа. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр буй. Энэ хугацаанд 20 цэцэрлэг биш 20 шорон л барих шив. Хэдэн зуун цэцэрлэг барих хөрөнгийг идэж уугаад, ил далд зувчуулаад дуусгах шив.
2. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтыг онцгой анхаарч, энэ талаар төр бодлого гаргах учиртай атал өдий хүртэл тодорхойгүй явж ирлээ. Бодлого, сургалтын орчин, багшлах боловсон хүчин ч яг хуучнаараа, бүр соц үеийнхээсээ ч долоон дор түвшинд оччихсон. Байрныхаа асуудлыг ч шийдэх санаа хийгээд хүсэлгүй байгаа эрх баригчид хэрхэн энэ талаар бодлого гаргах билээ. Төр хүчтэй байж болдоггүй юм гэсэн хуурмаг либерал онол олон жил биднийг гол чухал асуудлуудаа анхаарахгүй орхиход хүргэсний нэгэн жишээ нь энэ. Төр чухам энэ мэт зүйл дээр хүчтэй бодлого гаргаж, хүчтэй гэдгээ харуулж ажиллах хэрэгтэй баймаар.
Тэгээд Хүүхэд асрах тухай хууль гаргаж, түүнээ их том бодлого гаргачихлаа гэж сурталчилж байгааг харахад Сүрлээр дээвэр тавьчихаад, сайхан дээвэр хийчихлээ гээд баясаж суугаа ядарсан хөөрхий өвгөнөөс огтхон ч дээрдэх юм алга. Уг нь төр юм шүү дээ...
Яагаад гэвэл бидний ирээдүй, хожмын Монгол Улсын иргэд хэн болохыг нь голлон шийдвэрлэх /90 хувь/ онцгой чухал насанд нь олгох боловсролын тухай яриа болж байна. Зүгээр л нэг өдрийг аргацаан өнгөрүүлэх, хараад өгөх тухай яриа огт биш юм.
Б.Номинчимэд

МУУ НЭРИЙГ ХУСААД Ч АРИЛДАГГҮЙ ЭЭ...


Муу нэрийг хусавч арилахгүй гэж нэг айхтар үг бий. Нэгэнт муу нэртэй болчихоор сайн юм хичнээн хийсэн ч хэн ч тэр бүр итгэж өгдөггүй нь гачлантай. Энэ сайн, муу нэрийг орчин үеийнхээр бол имидж гэж дүйцүүлж ч болох. Нэг л муу имиджтэй болчихвол уу?
Өнөөдөр манай төр, эрх баригчдийн байдал нэг ийм муу имиджтэй болчихож дээ. Ямар нэгэн юм хийж, хэлэхээр л олон нийт яаж ийгээд муу талаас нь хараад, шүүмжлээд эхэлнэ. Сайнаасаа саар нь ихэдчихсэн болоод тэр үү? Яагаад итгэл ийм хомс болчихов?
Хичнээн сайн юм эхлүүлсэн ч "За даа, энэ нөхдүүд ч юу л бол доо" гэж саар талруу хардаж харах нь илүү болчихож. Өнөөгийн манай ард олны сэтгэлзүйн хандлага ер нэг тийм байдалтай болчихсон юм шиг ээ. Долоо шархадсан чоно гэдэг шиг л... Хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлнэ гэдэг шүү дээ.
Энэ АСЕМ-ийг л хар. Үнэхээр сайн юм ч хийх гээд байгаа юм билүү. Гэтэл яаж ийгээд л муу муухайн тантан руу чирээд очино.
Юм л бол нөгөө хойт захын хар овоохой гэдэг шиг... Бүр энэ сонгуулиар эрх баригчид булхай хийх нь тодорхой, тэгээд сонгуулийн дараа саналаа луйвардуулсан ард олны зүгээс ямар нэгэн үймээн эсэргүүцэл гаргавал АСЕМ-ийн нэрээр хөл хорьчих давхар бодлоор зохион байгуулж байна ч гэж хардана. Яагаад гэвэл АСЕМ-ийн үеэр хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд байх үүрэг авчихсан байгаа.
Заримдаа ч үнэхээр гүтгэчих явдал байх, гэхдээ л энэ нөхдүүд үнэхээр болдоггүй л дээ. Болдоггүй болохоор нь л тэгэж харах нь илүү болчихоод байгаа хэрэг. Тийм имиж нэгэнт бий болчихож дээ, нийгмийн сэтгэлзүйд...
Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг үү???

БИ ЯАГААД УЛС ТӨРЖДӨГ ВЭ?

 нь хүн бүр дор бүрнээ өөр өөрийнхөө үүрэгт ажилдаа зүтгээд, урагшлаад, амжилт бүтээл гаргаад явж байвал нийгэмд хар аяндаа л хөгжил дэвшил ирэх учиртайсан.
Гэтэл мөрөөрөө өмнөх ажлаа хийгээд, цаасаа цоохорлоод, номоо борлуулаад, сэтгэл амар инээж ханиагаад явж нэг л боломгүй. Ерөөс л болохгүй байна.
Асуудал маш энгийнээс, тухайлбал, хажуу айл маань хашаагаа давуулаад манайх руу хогоо чулуудчихаас эхэлнэ. Тэднийхээс 10 дахин том хашаатай болохоор тэр юм болов уу, бүү мэд, учирлаж гуйгаад, уурлаж хашгичаад нэмэргүй. Ядаж байхад ийм мэт зөрчлийг зохицуулдаг хороо хорин ч гэж үгүй. Ямар хогноос болж хөрштэйгээ зодолдоод байлтай биш, дэмий л хоёр айлын хашааны хог зөөдөг ажилтай. Хааяа нэг хотын төврүү орох гэж түгжирч, түүнээс ч илүүгээр замын хөдөлгөөний эрээгүй бүдүүлэг, түрэмгий, дүрэмгүй байдал нь бухимдуулна. Ядаж байхад нэрмэж утаа хоолой хорсгоно. Энэ мэт бухимдуулах зүйл өчүүхнээс эхлэн үргэлжилсээр нийгмийн хөгжлийн олон үзүүлэлтүүд дээр ирэхэд улам нэмэгдэнэ. Төрийн албаныхны идэж уудаг, увиагүй түрэмгий авирладаг нь зам дээр түгжрэхээс хэдэн хувь илүү бухимдуулна. Намуудын харалганаар талцаж, туйлширдаг нь, тэгээд зогсохгүй ард олноо талцуулан элдвээр хагаралдуулж, хэрэлдүүлж байгаа нь хажуу айл хашаагаа давуулж хогоо чулууддагаас хэдэн арав дахин илүү гомдолтой. Төрийн бодлогын алдаа мадаг нь эгэл мөрөөрөө аж төрөх гэж зүтгэж буй хүмүүсийн нуруун дээр хэрхэн хор хохиролтойгоор бууж байгааг харахад хотын утаанаас хувь илүү хоолой аргаж, нүр хорсоно. Утааг арилгачих хэмжээний мөнгөөр манай эрх мэдэлтэнгүүд казино тоглочихсонд нь уур хүрнэ. Гэтэл энэ утааны уршгаар жилд хэдэн зуун хүүхэд төрөлхийн гажигтай төрж байгаа шүү дээ. Улсынхаа төсвийн талтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй хүн гэнэтхэн төрийн албан хаагчид дотроос цоороод гараад ирэхээр эвэртэй туулай үзсэн мэт гайхна. Улаанбаатарт гэтэл 200 дунд сургууль, 200 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байдаг. Тэгээд бодно, хэрвээ төсвөөс төрсөн тэрбумтан манай хөрш байвал би л лав хогоо тэдний хашааг давуулж шидэх мэтээр эсэргүүцлээ шулуухан илэрхийлнэ дээ гэж... Тэгэхээр манай хөрш бол юутай ч ямар нэгэн хэмжээгээр нийгмийнхээ хандлагыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж манайх руу хогоо шиддэг болох нь. Уг нь манайх төсвөөс хуссан мөнгөөр биш, өдөр шөнөгүй сөхөрч унатлаа зүтгэж байж олсон хөлс шингэсэн мөнгөөрөө хашаагаа томруулсан юмсан. Нийгмийн бухимдлын золиосонд нь л манайх өртөж, хэлмэгдээд буйгаас биш. Ёстой нөгөө дээрээ суудлаа олохгүй байгаагаас доор байгаа манай хөрш бид хоёр учраа олохгүй болчихно. 
- Хотын захын гэр хороололд хогон дотор тоглон өсөж буй жаалуудын дэргэдүүр унасан машиныхаа жигдхэн хүүгэх дуунаас таашаал аваад өнгөрч түвдэмгүй. Өөрийн эрхгүй харц халирч, сэтгэл шимширнэ. 
Сэтгэл сэмлэж, итгэл эвдсэн явдлууд хаа сайгүй. Багаас их рүү, ихээс бага руу, яг л чөтгөрийн тойрог мэт эргэлдэнэ.
Тэгээд яах аргагүй л яав, юу болчихов, яагаад бид ийм байна вэ гэх мэтээр эргэж харж, тогтож асуух, нягтлах шаардлагатай тулгарна.
Мэдээж хэрэг болж бүтэж урагшилж буй, сайн сайхан юм ч байна, гэвч болохгүй бүтэхгүй, сэтгэл зовоосон бухимдуулсан зүйлс түүнээс ч олон байна. 
Хувь хүнээс шалтгаалах зүйл ч их байна, түүнээс ч илүүгээр хувь хүнийг гарах гарцгүй болгож байгаа нийгмийн суурь шалтгаан ч байна.
Өнөөгийн бидний байгаа байдал нэг л сэтгэлд хүрэхгүй, хүлээлтийг маань хангахгүй байна. Яахав бид бусад улс орнуудын хэдэн зуун жил туулж ирсэн гашуун туршлагыг ахар богино хугацаанд туулж байгаа юм хойно, арга ч үгүй байх гэж бодогдох ч үзээ хараа ил тодорхой байгаа зүйлийг үзээгүй мэт өнгөрөөж тэвчимгүй. 
Бүхэл бүтэн 25 жил буюу бидний залуу идэр үе энэ мэт нийгмийн туршилтийн золиос болон өнгөрчээ. Цөөнх нь хожоод олонхи нь хожигдсон нийгмийн золиос... 
Үнэн шударгаар зүтгэдэг нь хохирох талдаа нэг тийм гаж тогтолцоо байгаа юм биш үү гэсэн бодол эрхгүй төрнө. Ов зальтай, ичих нүүргүй, ёс жудаггүй, шуналтай, эрээгүй түрэмгий нь илүү хожоод байгаа юм бишүү гэсэн дүгнэлт гарцаагүй гарна. Ийм зарчим манай нийгмийн суурь болчихож. Зөв суурьтай, зарчимтай, үнэлэмжтэй нийгэмд иргэн хүн мөрөөрөө өмнөх ажлаа хийгээд, зүтгээд, бүтээж босгоод явахад нийгмийнхээ хөгжил дэвшилд ч хувь нэмэр болоод, ахуй амьдрал нь ч дагаж дэвшээд явчихдаг жамтай. Харин буруу суурь, зарчим, үнэлэмжтэй нийгэмд огт эсрэгээрээ байх. Үнэнчээр зүтгэсэн нь хохироод, үл бүтэх нь завшаад явдаг. Яг л урт дугаарт зогсож байтал хэн нэг нь эрээгүйгээр оочер дайраад орчихтой адилхан. Ёс жудагтай, дүрэм журмаа бариад зогсож байсан нь хохироод, жудаггүй дайрсан нь хожоод байгаа нь илт харагдана. Хогоо хашаа давуулж шидсэн нь хожоод, түүнийг чимээгүй цэвэрлэсэн нь хохирдог тийм нийгэм. Тэр бүү хэл хогоо хашаа давуулж шидэхээс аргагүй байдалд хүнийг оруулдаг тийм нийгэм. Бид ийм нийгэмд амьдарч байна гэдэг маань улам бүр тодорхой болсоор. Нийгмийн үнэлэмж учир замбараагүй, оюун санаа чиг баримжаагүй, итгэл үнэмшил ороо бусгаа. 
Би л хувьд ийм зүйлийг харж тэвчихгүй. Миний дотоод итгэл үнэмшил үүнийг хүлцэж чадахгүй.
Ингэхэд хувь заяа маань хэн нэгэн хөөрүү хийрхүү, шуналтай, сэтгэлгүй улс төрч гэх хүмүүсийн тоглоом болоод байгаа юм биш үү гэсэн хар эрхгүй төрнө. Улс орон маань бодлогогүй удирдлагын харалган явдлын золиос болоод байгаа юм бишүү гэсэн бодол төрнө. Мань мэтийнх нь ч яахав, залуу зандан үеэ өнгөрөөж яваа үеийнхэн, харин хайртай гэнэхэн үр хүүхдүүдээ дахиад ийм харанхуй туршилтийн золиос, мунхаг зарчмийн харалган тулгалтын бай болгомооргүй байна. 
Тэгээд л өөрийн эрхгүй улс төржиж, оносон оноогүй хэрүүл уруул өдөж гарах юм. 
Нөгөө улс төрөөр чи оролдохгүй бол, улс төр чамаар оролдоно гэдэг л яах аргагүй болоод байна.

Х.Цэрэндорж: ҮНЭНИЙ ТУХАЙ

.
Ширээн дээр савтай ус байна гэдэг нь харьцангуй үнэн. Яагаад гэвэл энэ ус байхгүй болчихно. Хэн нэг нь уучихна. Тэгэхээр энэ нь туйлийн үнэн биш, харьцангуй үнэн байна. Үүнтэй адил өвс ургаж байгаа нь харьцангуй үнэн. Энэ харьцангуй үнэнийг монгол уламжлалд ЧУ ҮНЭН гэж байна. Яагаад гэвэл өвс ургаж байхдаа өвс байна, мал идчихвэл байхгүй болчихно.
Харин өвсний үр асгараад, үндэслээд, соёолоод дахиж ногоо болон ургаад, эргээд өвс болон хагдарч байвал, өөрөөр хэлбэл мөнх орчилд мөнхжингүй чанараар эргэлдэн оршдог зүйлийг ЧИН ҮНЭН гэнэ ээ хэмээн Чингис хаан айлдаж...
Өвс заавал идүүлж, хагдарч байгаад ургадаг нь ХАЖИР ҮНЭН. Барууныхны буюу Шинжлэх ухааны хэлээр диалактик, эсрэг тэсрэгийн нэгдэл. Дорно дахиныхны хэлэхээр бол шүтэн барилдлага. Өвс ургана, түүнийг мал идэж, шим тэжээлээ авна, мал баана, бас үхнэ, газар тэжээгдэнэ, өвс ургана. Мөнх эргэлдэж буй шүтэн барилдлага.
Гурван үнэний тухай Чингис хаан ийм хураангүй бөгөөд гайхамшигтай тайлбар хийсэн байх юм.
Дорно дахины тарни бясалгалын ухаанд мөнх оршихуйг эрчис, элчис, долгис, түүний цулдал нэгдэл нягтрал болох хийгээр илэрхийлдэг. Пифагор ямар ч атом хөдөлгөөндөө дуу авиа үүсгэдэг гэжээ. Атом эргэлдэж хөдлөхдөө дуу авиа үүсгэж байгаа нь долгис, эргэлдэж байгаа нь эрчис, эргүүлж байгаа нь элчис нь. Монголын тэжээхүй ухаан гурвыг цулд нь ХИЙ гэдэг ганц үгээр илэрхийлчихсэн юм. Харин энэтхэгийн гүн ухаантнууд аялгуу гэж нэрлэсэн.
Өнөөдөр бидэнд хамгийн ойр номлогдож байгаа нь ЭНЕРГИ. Энерги мөнх оршино. Энерги нэгээс нөгөөд хувирч байдаг. Буй бүхэн энерги мөн, нар мөн, би мөн, энэ ус мөн. Устаж үгүй болдоггүй, шинээр бий болдоггүй, нэг төлвөөс нөгөөд хувираад өөрчлөгдөөд мөнх оршдог тэр зүйл.
Мөнх оршихуй байгааг XII зууны үеийн Монголчууд мэдэж л байсан. Тэгээд түүнээ амин чанар гээд нэрлэчихсэн юм байна.
Дорнын гүн ухаан, тарни бясалгалын ухаан ч мэдэж л байсан юм байна. Түүнийг дуу авиагаар буюу Умаахум гэдэг гурван авиагаар төлөөлөөд орхичихож.
Өнөөгийн Шинжлэх Ухаан ганцхан тэр элчлэг талыг нь аваад ЭНЕРГИ гээд нэрлэчихэж.
Ямар ялгаа байна вэ? Намайг хэн ч гэж дуудаж болно. Цэеэ, Цэрэн, багш, нөхөр, аав, найз, ер нь хэн ч гэж дуудсан эцсийн эцэст цаана нь Цэрэндорж л байгаа. Түүнтэй адил тэр мөнх орших зүйлийг амин чанар гэнэ үү, элчис долгис хий гэнэ үү, энерги гэнэ үү, дуу авиа гэнэ үү адилхан, цаана нь нөгөө Мөнх чанар байгаа. Заавал монголынх нь буруудчихаад, энерги нь зөвддөг юм гэж үгүй.
Цөмөөрөө нэг зүйлийг янз янзаар нэрлэж байна. Эндээс ЧИН гэдэг маань Ертөнцөд байгаа мөнх зүйлийн тухай өгүүлж буй хэрэг.


http://creativemongolia.com/tserendorj/

Friday, March 4, 2016

Аласкад монгол тэмээтэйгээ хамт уйлсан минь

 Америкт хөл тавихдаа Аласка мужид 2000 оны хавар очиж хүн ардынх нь сайхан сэтгэлд уярахаас гадна байгалийн гайхамшгийг нь шүтэн, онгон дагшин байгалийг нь биширсээр ирсэн юм. Намайг Аласкад ирэхэд хойт туйлын алдартай цагаан шөнө аль хэдийнээ эхэлсэн байлаа. Өдөр шөнөгүй гэрэлтэй байх энэ үе нь хичээл номоо хийдүүлээд хоер гурван хоногоор Ленинградын цагаан шөнийг харах гэж явдаг байсан залуу зандан насыг минь яахын аргагүй санагдуулсан билээ. Аласкад ирээд мартагдашгүй сайхан оюутан насаа эргэн санахад сонин байлаа. 2001 оны өвөл Аласкад дахин очих таатай боломжийг Номхон далайн дээд сургууль надад олгосон юм.
Манайхаас дутахгүй хүйтэн байх болов уу гэж бодоод аль болох дулаан хувцасаа бэлдээд очтол үстэй малгай, бээлийний хэрэг надад гараагүй. Миний байсан Анкорож хот нь Номхон далайн урсгал дээр оршдог болохоор өвөл нь цас их оровч дулаан уур амьсгалаараа Монгол орны маань намрын сэрүүнийг санагдуулахаар байлаа. Америкийн хамгийн хүйтэн муж гэж тооцогдох Аласкийн тэр жилийн өвөл харин миний амьдралд хамгийн дулаан өвөл болж өнгөрсөн юм.
Өмнө нь өдөр шөнөгүй гэрэлтэй байдаг цагаан шөнийн цагаар ирж харанхуй шөнийг бараг гурван сарын турш үзэлгүй буцаж байсан бол энэ удаад өвлийн цагаар очиж нарны гэрэл харалгүй хоер сарыг өнгөрөөсөн. Зарим шөнөдөө туйлын туяа тусахад гэрэл гэгээтэй болж хаа ч давтагдашгүй гэрэл цацарсан саруулхан шөнийн тэнгэрт говийн зэрэглээг өнгөтөөр харах шиг болдог байлаа. Зохиолч, яруу найрагчдын естой л нэг онгод нь орохоор хосгүй сонин шөнүүдээрээ Аласка нутаг сэтгэлийг минь уяраасан.
Тэр жилийн мартагдашгүй дулаан өвөл дуусахад хавар нь сэтгэл догдлуулсан үйл явдлаар эхэлж билээ. Хөвсгөл аймгийн Хатгал дахь дархан цаазат газрын нэгэн ажилтан эмчилгээнд ирэх болсноор би ажлаа түр хойшлуулж, түүнд хэсэг хугацаанд туслан ажиллах болсон. Наранцэцэгийг эмнэлгээс гарахад нь юу үзэж сонирхмоор байна вэ? гэж асуухад минь:”Энд амьтны хүрээлэн байдаг бол заан гэдэг амьтанг л харамаар байна” гэв. Ингээд түүний хүсэлтийн дагуу Хөвсгөлийн дархан цаазат газар төсөл хэрэгжүүлэн удирдаж байсан америк хүн, гэргийнхээ хамт бид хоёртой Анкорож хотын захад байрладаг амьтны хүрээлэн рүү нэгэн өглөө явж билээ. Тэнд очингуутаа бид зааны байр руу явсан.
Наранцэцэг анх удаа амьд заан харж байгаа болохоороо естой л нэг хүсэл мөрөөдөл нь биелсэн хүүхэд шиг бөөн баяр болон тэнд удаан зогсож билээ. Гайхаж биширсэн түүнээс хоер бөхтэй монгол тэмээ энд байдаг гэнэ.Тийшээ явья гэтэл зааны урт хушууг гайхсан тэр тэндээс мөд хөдлөх янзгүй байхад нь төслийнх нь удирдагчтай үлдээгээд тэмээний зүг ганцаараа алхсан.
Явах замдаа бөх нь уначихсан, ноос ноолуур нь ширэлдчихсэн, нүд нь нуухтсан, өрөвдмөөр хэдэн тэмээг Орос, Герман, Унгар, Вашингтоны зоо паркт харснаа санаж явлаа. Гэтэл өмнө минь эгээ л говийнхоо шаргал хөндийд тааваараа бэлчиж яваа юм шиг өнгө зүстэй, ширээ бөх нь тэгширсэн, сүрлэг сайхан хоер тэмээ байж байв. Холын барааг ширтсэн цаанаа л нэг ихэмсэг зогсож байгаа тэмээг хараад сэтгэл минь сэргэх шиг болсон доо.Яаж ойртуулахаа мэдэхгүй баахан зогсож байснаа гэнэт өөрийн мэдэлгүй “Хөөе, хөөе” гэж хашгираад хашааны завсраар гараараа даллатал хэвтэж байсан тэмээ нь босоод үзэгчид бидний зүг рүү алгуурхан алхаад ирсэн юм. Тэмээг дөхөөд ирэхэд тэнд байсан бүх хүн төмөр хашааны завсраар гараа оруулахад тэмээ миний гарыг сонгож аваад үнэрлэсэн. Тэгснээ гүнзгий урт амьсгаа аваад уян хүзүүгээ өргөж, тэнгэр өөд харахад нь дүрлэгэр бор нүднээс нь бөөн нулимс мэлмэрэн асгарч билээ. Бөөн бөөнөөр бөмбөрөн урсаж буй нулимсыг нь хараад өөрийн эрхгүй уйлахад минь дэргэд зогсож байсан хүмүүс “Тэмээний хэл мэддэг хүн байна шүү дээ” гэлцэн уйлж байгаа тэмээ бид хоерыг ээлжлэн харж мэл гайхсан байдалтай байв.
Яг энэ үеэр Наранцэцэг гэр бүлийн хоер америктай дөхөж ирснээ нус нулимсаа арчин зогсох намайг хараад их л сандарч яав ийв болов. Тэгтэл нэгэн америк эр хажуугаас “Тэмээ бидэн дээр ирээд энэ эмэгтэйн гарыг үнстэл нэг үг хэлээд тэмээг уйлуулчихлаа. Дараа нь өөрөө уйлаад эхэлсэн” гээд тайлбарлаж гарав. Тэнд байсан хүмүүс над руу гайхан харж учрыг олох санаатай “Энэ эмэгтэй яагаад байгаа юм бэ? Тэмээ эхлээд уйлсан юм уу?” гээд асуугаад байсан. Би гэдэг хүн хэлэх үгээ олохгүй хий дэмий л тэдэн рүү харан нэг инээмсэглэж, тэмээ рүүгээ харан нулимсаа арчин нэг хэсэг л зогссон доо.
Өмнө нь ботгоо голсон ингийг морин хуурын эгшгээр уярааж хайлуулдаг гэдгийг олон удаа сонссон боловч яг өөрийн биеэр уйлж байгаа тэмээтэй тааралдаж байгаагүй болохоор сэтгэл минь ихээр хөдөлсөн байх. Жаахан тайвшраад тэмээний тухай тайлбарыг унштал дөрвөн жилийн өмнө хоер тэмээг хэдэн сарлагийн хамт Өвөр Монголоос авчирсан гэж бичсэн байлаа.
Зарим нь уйлж, зарим нь инээсэн биднийг тэндээс холдон явахад хөөрхий тэр амьтан хашааныхаа цаанаас бидний зүг рүү харан харсаар хоцорч билээ. Алс холын Америк тивд ирсэн тэр тэмээ монгол хүний үнэрийг мартаагүйд нь их өрөвдсөн. Гэртээ ирээд ч догдолсон сэтгэл минь ер тайвшрахгүй, тэр олон хүн дотроос намайг монгол хүн гэж тэр тэмээ яаж танив аа гээд Наранцэцэгийг унтуулахгүй дахин дахин шаалгааж суулаа. Өглөө босоход нь “Малаас хол, хот газар, сэхээтний гэр бүлд төрсөн намайг тэр тэмээ яаж монгол хүн гэж мэдэв ээ?” гээд л нөгөөх асуултаа дахин давтаж асуухад минь Нараа минь өөдөөс зааны аврага бие, урт хушуу, богинохон сүүлийн талаар ярьсаар л байлаа.
Оюутны солилцооны шугамаар Аласкад сурч байсан нэгэн монгол охин намайг нутаг буцахад минь гаргаж өгөхөөр ирсэн юм. Би түүнд: “Миний дүү гэрээ санаад байвал амьтны хүрээлэнд очоод хоер тэмээтэйгээ нэг сайн уйлаад аваарай. Тэгсний дараа сэтгэл чинь онгойж нэг хэсэгтээ л сэргэлэн цовоо явах болноо, чи минь” гэхэд хацар дээр минь үнссэнээ :”За, би тэнд заавал очно” гэж шивнээд онгоцны буудал дээр доголон нулимстай торойгоод үлдэж байсан.
Миний амьдралд тохиолдсон сайхан дурсамжтай олон үйл явдлуудын нэг нь Америк оронд монгол тэмээтэй ийнхүү учирч, уйлж явсан минь яахын аргагүй мөн бөгөөд монгол хүний барааг ойрд хараагүй арван зургаахан настай тэр жаахан охин намайг хараад уйлж байсан нь бас хэзээ ч мартагдахгүй биз ээ.
Дашрамд дурдахад энэ хугацаанд Хулан маань дунд сургуулиа төгсөөд, Аласкийн дээд сургуулийг суралцаж дүүргэд, хань ижил, үр хүүхэдтэй болоод сайн явж байгаа.
Аласка яваад ирсэн хүнээс нөгөөх хоёр тэмээний нэг нь үлдсэн бөгөөд хашааных нь гадуур давхар хашаа барьснаар түүнд хүрэх боломжгүй болсон байна гэж сонслоо.
Ш.Наранчимэг. /Арлингтон. Виржиниа/
2005 он
"Даяар монгол" сонины архиваас.

Wednesday, March 2, 2016

ХАД ЧУЛУУ хөлдүү нэгнийг Хааяа сандайлж бай...

Ус хичнээн цутгавч огтхон ч шингэдэггүй хөрс байдаг. Шингэх нь бүү хэл тэр их усаа булгиж бухах мэт үер болгон хилэнтэйгээр урсгаж орхихыг нь яана. Ямар хөрс ийм байдаг юм бэ? гэвэл урт удаан хугацаанд хурын шимийг үзээгүйгээс туйлдаа хүртэл ангаж, онгож, хатуурч, эвэршсэн хөрс юм. Тийм хөрсөнд нэг дор их ус цутгаж огт болдоггүй. Нэг дор их устай азарган бороо орвол бүр ч их аюул гамшиг болдог. Харин бага багаар шиврүүлэн усалбал ус нь тогтож, шингэдэг, шиврээ зөөлөн бороонд дэвтэж зөөлөрдөг.
Түүн лүгээ адил эрдэм мэдлэг, ухаарал сэхээрлийн хураар хичнээн цутгавч огтхон ч шингээж авдаггүй тархи оюунтай хүн бас байна. Шингээж авах нь бүү хэл харин ч бүр өөдөөс эсэргүүцэж, уурсан хилэгнэж, хорсон занахыг нь яана. Ямар тархи толгойтой хүн ийм байдаг юм бэ? гэвэл урт удаан хугацаанд эрдэм мэдлэгийн охь шимээс ангид байсан, хайр энэрэл, гэрэл гэгээнээс хол байсан хүмүүс олонхи нь байна. Тийм хүмүүст нэг дор гэнэт их зүйл ярьж, хэлж, ойлгуулах гэж улайрахын хэрэггүй, огтоос болдоггүй аж. Харин ч бага багаар, маш энгийн зүйлээс эхлэн хэлж ярьж, уйгагүй сануулж байвал сая нэг үг хэл авдаг, юмыг зөв сайнаар нь ухаж ойлгох чадвартай болдог.
Гэхдээ ерөөсөө юуг ч, яаж ч хэлээд, яриад, ухуулаад, үлгэрлээд огтоос ор тас хүлээж авдаггүй хүн гэж бас байх... Яг л хад чулуу шиг. Тийм хүмүүсийг бол зөнд нь орхиод цаашаа явж байх хэрэгтэй. Шаардлагатай бол дээр нь жаахан амарч суухад гэмгүй. Алжаал тайлагдаж юу магад. Нөгөө "Ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрдэг" илжиг шиг тийм хүмүүс.
Дорно зүгийн хуучны нэг үг байдаг даа. "Мэддэггүй, мэддэггүй дээрээ мэддэггүй гэдгээ ч мэддэггүй хүнийг тэнэг хэмээмүй, түүнээс хол бай". Ер нь хол байсан нь дээр.
Тэр үг цааш ийн үргэлжилдэг.
"Мэддэггүй ч мэддэггүйгээ мэддэг хүнийг сэхээрэх хүн хэмээмүй, түүнийг тэтгэгтүн.
Мэддэг ч мэддэг гэдгээ мэддэггүй хүнийг унтаа хэмээмүй, түүнийг сэрээ,
Мэддэг, мэддэгээ мэддэг хүнийг ухаант хэмээмүй, түүнийг дагагтун" гэж...

Tuesday, March 1, 2016

МАНАЙ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТУХАЙ ГУРВАН ҮГ...

 олон талт амьдрал улам бүр хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөдрийн нөхцөлд хатуу измч үзэлтэй НАМ байна гэдэг эцсийн эцэст мухардалд л хүргэх магадлалтай боллоо. Өөрөөр хэлбэл хатуу либерал, тууштай социалист, эсвэл консерватив үзэл онол гэх мэт тодорхой онолын үүднээс төр улсын алив явдлыг хөтлөн явуулахад улам бүр ээдрээтэй бэрхшээлтэй болж байх шиг. Тиймээс хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг соргог мэдэрсэн нь, алс хэтийн өөрчлөлт хувьслийг их өндөр магадлалтай төсөөлөн харж, түүнд тохирч нийцсэн оновчтой прагматик бодлого зорилго гарган хэрэгжүүлж чадсан нам, улс орон өнөөдрийн хөгжлийн орон зайд хожих магадлал өндөр байна.
- Тэгээд ч манайд улс төрийн нам сонгодог утгаараа аль эрт байхгүй болчихсон. Үүнийг 3 зүйл дээр өгүүлж болно. Тухайлбал:
1. Улс төрийн намын нэгэн гол тулгуур болох үзэл баримтлалдаа тууштай байх явдал манай намуудад бараг байдаггүй. 90-ээд оны дундуур хэт барууны либерал МҮАН-тай зүүн төвийн СоцДек нам нэгдээд АН болчихсон, саяхан барууны үзэлтэй АН -д зүүн төвч талдаа ИЗНН нэгдчихсэн. Ардчилсан социалист үзэл онолтой МАН барууны АН-тай хоёр ч удаа нэгдэж Засгийн газар байгууллаа. Энэ мэт намын суурь үзэл онолоос огтхон ч хамааралгүйгээр учир замбараагүй нэгдэх, нийлэх явдал өнөө ч үргэлжилсээр байгаа нь нэг талаас их прагматик ухаалаг хандлага мэт боловч угтаа ердөө л үзэл онол, зарчимд бус ямар нэгэн эрх ашигт суурилсан нэгдэл болно.
Сонгогчид ч намуудыг сонгож үнэлэхдээ энэ нь зүүнийх, энэ нь барууных гэсэн хандлагаар сонгодог, дэмждэг явдал маш сул, ихэнхдээ тухайн намуудыг төлөөлж буй хүмүүсийн үйл ажиллагаа болон тухайн үеийн нөхцөл байдлаас нь хамаарч үнэлж байна. Мөн хэт барууны нам атлаа АН нь хэт зүүний намын гаргадаг нийгмийн өргөн халамжийг багтаасан сонгуулийн хөтөлбөр гаргадаг гэх мэт.... 
2. Боловсон хүчний бодлого нь үнэн хэрэг дээрээ ажлын ур чадвар, эв дүй, итгэл үнэмшил, хувь хүний чанар гэх зэрэг дээр үндэслэдэг мерит хандлага үгүй, харин илүү мөнгө өгсөн нь, илүү бүлэглэл үүсгэж чадсан нь, илүү даргасаг авьяастай нь тэргүүн эгнээнд гардаг байдалтай байгаа. Энэ нь намуудыг заримдаа санхүү, эрх мэдлийн мафийн мэт шинж төрхтэй болгож харагдуулдаг.
3. Манай намуудад нэн тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн урт болон дунд ойрын зорилт хөтөлбөр байгаа эсэх нь мэдэгддэггүй, аль ялсан Нам нь 4-хөн жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлдэг, тэр нь алс хэтийн зорилтыг хангахад чиглэсэн, түүний нэгэн шат, алхам гэхээс илүүгээр тухайн намын сонгогчидийг хуурсан популист амлалтыг хагас дутуу биелүүлэхэд чиглэсэн байх агаад, энэ нь эдийн засагт нэмэр тустай, алс хэтийн хараатай бус, харин ч хор хохирол нь их талдаа байдаг тул “Хөгжлийн хөтөлбөр” гэж нэрлэхээс “Хорлох хөтөлбөр” гэвээс зохино.
.
Энэ бүхэн нь өнөөдөр Монголд Нам сонгодог утгаараа байхгүй болсныг илтгэхийн зэрэгцээ улс төрийн сэтгэлгээний орчинг хачин парадокс нөхцөл байдалд оруулчихаж байгаа харагдана. Магадгүй энэ нь нийгмийн оюун санааны хямралд ихээхэн суурь нөлөө өгч байж ч болно.
.
Эцэст нь хэлэхэд, товчхондоо өнөөдрийн нөхцөлд улс төрийн намын үүрэг роль улс орны хөгжилд тийм чухал байна уу, үгүй юу гэдгийг эргэж ултай сөхөж үзэх шаардлагатай болсон мэт. Юутай ч манайд өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй, ялангуяа 25 жилийн турш төрийн эрхийг ээлжлэн барьсан хоёр том намын өнөөгийн байр байдал, төлөвшил, чадавхийн түвшинд авч үзвэл улс орныхоо нийгмийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарна.
Б.Номинчимэд