Ус хичнээн цутгавч огтхон ч шингэдэггүй хөрс байдаг. Шингэх нь бүү хэл тэр их усаа булгиж бухах мэт үер болгон хилэнтэйгээр урсгаж орхихыг нь яана. Ямар хөрс ийм байдаг юм бэ? гэвэл урт удаан хугацаанд хурын шимийг үзээгүйгээс туйлдаа хүртэл ангаж, онгож, хатуурч, эвэршсэн хөрс юм. Тийм хөрсөнд нэг дор их ус цутгаж огт болдоггүй. Нэг дор их устай азарган бороо орвол бүр ч их аюул гамшиг болдог. Харин бага багаар шиврүүлэн усалбал ус нь тогтож, шингэдэг, шиврээ зөөлөн бороонд дэвтэж зөөлөрдөг.
Түүн лүгээ адил эрдэм мэдлэг, ухаарал сэхээрлийн хураар хичнээн цутгавч огтхон ч шингээж авдаггүй тархи оюунтай хүн бас байна. Шингээж авах нь бүү хэл харин ч бүр өөдөөс эсэргүүцэж, уурсан хилэгнэж, хорсон занахыг нь яана. Ямар тархи толгойтой хүн ийм байдаг юм бэ? гэвэл урт удаан хугацаанд эрдэм мэдлэгийн охь шимээс ангид байсан, хайр энэрэл, гэрэл гэгээнээс хол байсан хүмүүс олонхи нь байна. Тийм хүмүүст нэг дор гэнэт их зүйл ярьж, хэлж, ойлгуулах гэж улайрахын хэрэггүй, огтоос болдоггүй аж. Харин ч бага багаар, маш энгийн зүйлээс эхлэн хэлж ярьж, уйгагүй сануулж байвал сая нэг үг хэл авдаг, юмыг зөв сайнаар нь ухаж ойлгох чадвартай болдог.
Гэхдээ ерөөсөө юуг ч, яаж ч хэлээд, яриад, ухуулаад, үлгэрлээд огтоос ор тас хүлээж авдаггүй хүн гэж бас байх... Яг л хад чулуу шиг. Тийм хүмүүсийг бол зөнд нь орхиод цаашаа явж байх хэрэгтэй. Шаардлагатай бол дээр нь жаахан амарч суухад гэмгүй. Алжаал тайлагдаж юу магад. Нөгөө "Ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрдэг" илжиг шиг тийм хүмүүс.
Дорно зүгийн хуучны нэг үг байдаг даа. "Мэддэггүй, мэддэггүй дээрээ мэддэггүй гэдгээ ч мэддэггүй хүнийг тэнэг хэмээмүй, түүнээс хол бай". Ер нь хол байсан нь дээр.
Тэр үг цааш ийн үргэлжилдэг.
"Мэддэггүй ч мэддэггүйгээ мэддэг хүнийг сэхээрэх хүн хэмээмүй, түүнийг тэтгэгтүн.
Мэддэг ч мэддэг гэдгээ мэддэггүй хүнийг унтаа хэмээмүй, түүнийг сэрээ,
No comments:
Post a Comment