Муу нэрийг хусавч арилахгүй гэж нэг айхтар үг бий. Нэгэнт муу нэртэй болчихоор сайн юм хичнээн хийсэн ч хэн ч тэр бүр итгэж өгдөггүй нь гачлантай. Энэ сайн, муу нэрийг орчин үеийнхээр бол имидж гэж дүйцүүлж ч болох. Нэг л муу имиджтэй болчихвол уу?
Өнөөдөр манай төр, эрх баригчдийн байдал нэг ийм муу имиджтэй болчихож дээ. Ямар нэгэн юм хийж, хэлэхээр л олон нийт яаж ийгээд муу талаас нь хараад, шүүмжлээд эхэлнэ. Сайнаасаа саар нь ихэдчихсэн болоод тэр үү? Яагаад итгэл ийм хомс болчихов?
Хичнээн сайн юм эхлүүлсэн ч "За даа, энэ нөхдүүд ч юу л бол доо" гэж саар талруу хардаж харах нь илүү болчихож. Өнөөгийн манай ард олны сэтгэлзүйн хандлага ер нэг тийм байдалтай болчихсон юм шиг ээ. Долоо шархадсан чоно гэдэг шиг л... Хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлнэ гэдэг шүү дээ.
Энэ АСЕМ-ийг л хар. Үнэхээр сайн юм ч хийх гээд байгаа юм билүү. Гэтэл яаж ийгээд л муу муухайн тантан руу чирээд очино.
Юм л бол нөгөө хойт захын хар овоохой гэдэг шиг... Бүр энэ сонгуулиар эрх баригчид булхай хийх нь тодорхой, тэгээд сонгуулийн дараа саналаа луйвардуулсан ард олны зүгээс ямар нэгэн үймээн эсэргүүцэл гаргавал АСЕМ-ийн нэрээр хөл хорьчих давхар бодлоор зохион байгуулж байна ч гэж хардана. Яагаад гэвэл АСЕМ-ийн үеэр хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд байх үүрэг авчихсан байгаа.
Заримдаа ч үнэхээр гүтгэчих явдал байх, гэхдээ л энэ нөхдүүд үнэхээр болдоггүй л дээ. Болдоггүй болохоор нь л тэгэж харах нь илүү болчихоод байгаа хэрэг. Тийм имиж нэгэнт бий болчихож дээ, нийгмийн сэтгэлзүйд...
Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг үү???
No comments:
Post a Comment