Tuesday, March 15, 2016

АРИУН ЯВДАЛ УУ ГЭЖ АСУУХААС Ч АРГАГҮЙ ЮМ ДАА

2012 оны намар Төрийн яаманд газрын дарга хийж байгаад ажлаа өгсөн танил маань бас их бухимдаж байсан. 
Ажлаасаа халагдсандаа бухимдаагүй юм шүү. Шалтгаан нь Davaadulam Jamsranjav -ийн мэргэжлийн магистр бүү хэл бакалавргүй нөхдүүд доктор, профессоруудыг удирдахаар томилогддогт "жөтөөрхдөгтэй" агаар нэг
Танилын маань бухимдан ярьсан нь нэг иймэрхүү.
- Намар сайд солигдсоны дараахан нэг годгор залуу ажил авахаар ирлээ. "За ах хүү. Ажлыг чинь авахаар ирлээ. Маргааш нөгөөдрөөс юмаа янзлаад хүлээлгэж өгөөрэй" гэж байна. "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Нэгэнт л ялсан нам бодлогоо хэрэгжүүлэх гэж буй бол шаардлагатай албан тушаалууд дээр бодлого хэрэгжүүлэгчидээ байршуулах нь зөв өө. Нөгөөдөр гэхэд би ажлаа цэгцлээд, тамга тэмдгээ хүлээлгэж өгөе" гэлээ. Тэгээд хүлээлцэх юм болтол, юу вэ, нөгөө нөхөр чинь нэгд, ямар ч мэргэжлийн бус юм, хоёрт манай салбар чинь мэргэжлээс гадна заавал нэг ажлын туршлага, дадлага их шаарддаг. Тэр нь ч алга. Олон оронтой мөнгөний тоо харахаараа л "Энэ юу вэ?" гэж нүд нь дүрлийхээс өөр юмгүй нөхөр байна. 
Би ажлаа хэр хэмжээнд анхан шатны түвшинд зааж хэлэхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгов. Тэгээд нөгөө нөхөрт ч учирлалаа. 3 хоног ажлынхаа ойр зуурын зүйлээс хэлж ярьж өглөө. Энэ чинь хэнд ч хамаагүй нэг ажил биш шүү дээ, Төрийн ажил, алдаа гарвал бид бүгдээрээ хохирдог тийм л ажил. Сэтгэл өвдөөд, аль болох олон зүйлийг хэлж ярьж өгөхийг хичээлээ.
Эхлээд, зүгээр зүгээр, аяндаа болчихно гээд гээдгэр байсан нөхөр чинь чухам ямар түвшний ажил авч байгагаа одоо л нэг бүүр түүрхэн багцаалж ойлгож байгаа бололтой, дуу нь зөөлрөөд, ялимгүй тонгойдог болоод "Та дахиад хэд хоног хэлж ярих юмаа сайн хэлэх хэрэгтэй байна" гэж байна. 7 хоносны дараа "Ах аа та, ерөөсөө миний зөвлөхөөр ажиллачих" гэдэг байгаа. Гэнэт дургүй хүрээд "Та нар үүрэхээ ч үүр, хариуцдагаа ч хариуц. Ах нь өөрийгөө бодое" гээд л гарсан. 
Ядахдаа Хөрөнгө оруулалт, санхүүжилт хоёроо ялгахгүй нөхөрт л монголын нэг салбарын хувь заяаг атгуулчихаад гарсан даа. - хэмээн ярьсан болно. 
Яамны газрын дарга байтугай одоо Сайдыг нь хүртэл тухайн тухайн салбартаа огт ажиллаж үзээгүй, үзээгүйгээр барахгүй тэс хөндлөнгийн мэргэжилтэй хүнээр удирдуулдаг болсон. Улс төрч гэдэг бол сүпэр мэргэжил гэж ойлгодог бололтой. Өнөөгийн үнэлэмжээр бол үнэхээр ч "сүпэр мэргэжил" юм даа. Ийм байдалтай байхаар төр хүчгүй болж, түмэн олон бухимдалгүй яах вэ дээ. Төрийн аливаа ажил ёс журмаараа бус, огт өөр голдрилоор явах нь ойлгомжтой. Хээл хахууль, шударга бус явдал, хов жив, хутгаа самуурал гаарах нь тодорхой. 
Манайд Намын бодлого нэрийн дор Боловсон хүчний бодлого, томилгоо гэдгийг үнэн утгаар нь алсан. Тухайн салбартаа ядахдаа нэг мэргэжилтэн ч хийж үзээгүй хүн, туршлагатай мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийн толгой дээр гараад суучихаар наад зах нь атаархаж, жөтөөрхдөг юм байгаа биз дээ. Аргагүй шүү дээ. Цаад тал нь тухайн салбар тэгээд нэг сүйрээд уначихгүй бол, аз байвал үлгэн салган хөдлөх аядна. Юун хөгжил дэвшил вэ? 
Ур чадвар, туршлагаар нь дэвшүүлдэг Боловсон хүчний мэрит тогтолцоо гэж ярихаас цаашгүй, намдаа аль үнэнч нь, хэр их сэнтэглэж, сүгсэгнэсэн нь, хэр их хор найруулж, лобби хийсэн нь, хэр их намдаа хандив нэртэй хахууль өгч, даргадаа далдаганасан нь л албан тушаалд очдог ийм Төрийн тогтолцоотой болчихсон. Ур чадвар, туршлага, ажлын арга барилын тухай яривал "Чи хоцрогдсон байна" гээд толгой хага цохино. 
Нэг иймэрхүү. Хүн огт мэдэхгүй юмнаасаа нэг айдаггүй, эсвэл бүр сайн мэддэг юмнаасаа нэг айдаггүй. 
Үүрэг хариуцлага гэдгийг огт мэддэггүй, хариуцсан ажил нь ямар түвшиний чадвар, ур, мэдлэг, туршлага шаарддагийг огтоос төсөөлдөггүй, мэддэггүй хүмүүс ёстой нөгөө "БИ ЧАДНА" гэж хашгичаад төрийн албанд нам дамжиж их олноороо орж ирсэн, тэгээд холион бантанг нь зуураад хаячихаар хөл толгойгүй юм болж, хөөрхий олон бухимдах нь аргагүй шүү дээ.

No comments: