Tuesday, March 15, 2016

УГ НЬ ЦЭЦЭРЛЭГ БОЛ "ӨДӨР ӨНГӨРҮҮЛЭХ" ТӨДИЙ ГАЗАР БИШ ЮМ



.
Хүүхдийн хамгийн эмзэг нас бол 0 - 5 хүртлэх нас юм. Энэ насанд чухам хожим ямар хүн болох үндсэн суурь тавигддаг байна. Хүний оюуны суурь ойлголтууд, чадавхи, төлөвшлийн 90 хувь нь чухам энэ насанд тавигддаг болохыг судлаачид нэгэнт нотолсон. Ард түмэн ч олон жилийн туршлага, ажиглалтаараа үүнийг батлан хэлдэг. Тухайлбал 5 хүртлэх насыг "Бурхан нас" гэж онцгойлон үздэг.
Хөгжилтэй орнуудад хүүхэд багачуудынхаа энэ насанд нь онцгой анхаарч, эхийг нь аль болох урт хугацаанд хүүхэдтэйгээ хамт байх боломж олгож, сургуулийн өмнөх насны боловсролын маш тодорхой бодлого, хөтөлбөр, сургалттай ажилладаг. Ахлах, дунд сургуулийн багшаас бага болоод сургуулийн өмнөх насны багшийн цалин ч өндөр, тавигдах шаардлага ч өндөр, нэр хүнд, үнэлэмж ч өндөр...
Тэгэхээр сургуулийн өмнөх насны ясли, цэцэрлэгийн орчин бол маш өндөр хариуцлагатай, соёлтой, цэвэрч төдийгүй ирээдүйн иргэн хүнийг төлөвшүүлэх, чиглүүлэх, суралцах анхан шатны арга дадлага олгох ямар нэгэн хэмжээний сургалтыг ШУ-ын нарийн судалгааны үндсэн дээр явуулж байх учиртай маш чухал, эмзэг орчин юм. Төр засаг ч, эцэг эхчүүд ч, ТБ байгууллагууд ч онцгой анхаарч баймаар.
Гэтэл өнөөдөр манайд сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол зүгээр л өдрийг аргацаан өнгөрүүлэх, хатуухан хэлэхэд "Бөөнөөр нь хашиж өдөр өнгөрүүлэх" газар байдалтай байгаа. Нийслэлийн ихэнх цэцэрлэгүүдийн ачаалал хэрээсээ хэтэрсэн. 40-50 хүүхэдтэй ангид хоёр багш яаж хэрхэн сургалт ч явуулах билээ. Хүүхдийг 40-50-иар нь нэг умгар өрөөнд хашчихаар тэнд хуарангийн систем үйлчлээд эхэлнэ, тэндээс хүүхэд эрх чөлөөгөө их гаж байдлаар мэдэрдэг, илэрхийлдэг хүмүүс болж төлөвшинө. Нийгмээ алж байгаа юм даа. Дээр нь багш нарыг шинэ нөхцөлд дахин сургах, мэргэшүүлэх, цалин мөнгө, нөхцөл хангамжийн талаар огт анхаардаггүй байдал ч хэвээр. Ер ийм л байсан, ийм л байх ёстой гэсэн хандлагатай.
Гэтэл сүүлийн үед бүр ч хачирхалтай зүйл гараад ирсэн нь Хүүхэд харах үйлчилгээ юм. Нэг талаас харахад тэртэй тэргүй багталцахгүй болчихсон цэцэрлэгүүдийн ачааллыг хувийн салбараар нөхөж, тулгамдсан нөхцөл байдлыг шийдвэрлэж буй мэт боловч цаанаа бол ноцтой завхралын суурь болж байгаа юм.
Яагаад гэвэл хувиар хүүхэд хардаг үйлчилгээнд нөгөөх ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх учиртай төрийн нэгдсэн стандарт, хөтөлбөр, сургалт гэдэг юм бий юу? Төрийн бодлогын хэлтэрхий ч болов тэнд хэрэгждэг үү? Ерөөс тийм юм байдаг уу? Сургалт ч дүүрсэн хэрэг гэхэд эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах стандарт хангалттай юу?
Хамаг эмгэнэлтэй юм нь гэвч энэ биш.
1. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 200 орчим цэцэрлэгийн байр шаардлагатай. Гэтэл энэ он жилүүдэд ядахдаа 20 шинэ цэцэрлэгийг улс бариулсан уу? Нийслэлд жил бүр дунджаар 6000 гаруй сургуулийн өмнөх насны хүүхдийн орон тоо шинээр нэмэгдэж, нийтдээ жил бүр 100 000 орчим сургуулийн өмнөх насны хүүхэдтэй байгаа. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр буй. Энэ хугацаанд 20 цэцэрлэг биш 20 шорон л барих шив. Хэдэн зуун цэцэрлэг барих хөрөнгийг идэж уугаад, ил далд зувчуулаад дуусгах шив.
2. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтыг онцгой анхаарч, энэ талаар төр бодлого гаргах учиртай атал өдий хүртэл тодорхойгүй явж ирлээ. Бодлого, сургалтын орчин, багшлах боловсон хүчин ч яг хуучнаараа, бүр соц үеийнхээсээ ч долоон дор түвшинд оччихсон. Байрныхаа асуудлыг ч шийдэх санаа хийгээд хүсэлгүй байгаа эрх баригчид хэрхэн энэ талаар бодлого гаргах билээ. Төр хүчтэй байж болдоггүй юм гэсэн хуурмаг либерал онол олон жил биднийг гол чухал асуудлуудаа анхаарахгүй орхиход хүргэсний нэгэн жишээ нь энэ. Төр чухам энэ мэт зүйл дээр хүчтэй бодлого гаргаж, хүчтэй гэдгээ харуулж ажиллах хэрэгтэй баймаар.
Тэгээд Хүүхэд асрах тухай хууль гаргаж, түүнээ их том бодлого гаргачихлаа гэж сурталчилж байгааг харахад Сүрлээр дээвэр тавьчихаад, сайхан дээвэр хийчихлээ гээд баясаж суугаа ядарсан хөөрхий өвгөнөөс огтхон ч дээрдэх юм алга. Уг нь төр юм шүү дээ...
Яагаад гэвэл бидний ирээдүй, хожмын Монгол Улсын иргэд хэн болохыг нь голлон шийдвэрлэх /90 хувь/ онцгой чухал насанд нь олгох боловсролын тухай яриа болж байна. Зүгээр л нэг өдрийг аргацаан өнгөрүүлэх, хараад өгөх тухай яриа огт биш юм.
Б.Номинчимэд

No comments: