Monday, July 7, 2014

ӨВГӨН ОВООНЫ МАГТААЛ














Өвөг дээдсээс шүтэж ирсэн Өвгөн овоо хэмээх шүтээн овоо тэрхүү голын цагаан дээр бий...

Энэ овоондоо зориулан магтаал өргөв....


Зээ,
Баяхан буурал
            Алтай Таныгаа
Баясанхан дуулнам зээ...
Магнай тэнүүн
            Өвгөн овоо Таныгаа
Магтанхан дуулнам зээ...

Зээ,

Аугаа их Алтайнхаа
Ар хайрхан нь болсон
Сунагар их Алтайнхаа
Суу алдар нь болсон
Тэнгэр их хаадынхаа
Тэмдэгт шүтээнийг оршоосон
Өрлөг их түүхийнхээ
Өртөө улааг хадгалсан
Хаадын онгон тайлгат
Хан эцгийн буурьтай
Хантайшир уулын
Хайрхан их шүтээн
Өвөг дээдсээс залбирсан
Өндөр дээд
Өвгөн овоо мину зээ
Өглөө бүр сацлаа дээжилж
Өдөр бүр мөргөн залбирнам билээ
Өнөр олон биднийгээ
Өргөн ивээж            хайрладаг билээ л
Өгөөмөр их хишиг тань
Өнөд дэлгэрч байдаг билээ л
Цал буурал тэргүүнтэй
Цангинах хөхөөн цуурайтай
Цагийн цагт дуурсгалтай
Цаглашгүй баяхан Өвгөн овоо мину

Зээ,
Асар тэнгэрийн хишигтэй
Амгалан дэлгэр нутаг мину
Өндөр тэнгэрийн шившлэгтэй
Өгөөмөр баян нутаг мину
Хангай, Алтай хосолсон
Хамгаас баян нутаг минь билээ...

Өгөөмөр их хишгийг тань
Өнөд хүртэж амьдарсан
Ээвэр уудам энгэрт тань
Эрхэлж наадан торнисон
Хараа дүүрэн үзэсгэлэнг тань
Хайрлан баясаж дуулсан
Эгэл олон түмэн тань
Энэ л олон бид чинь
Арван гурван нүүдлийн газраас ч
Алтай минь,             шүтээн минь хэмээн
Сүүгээн өргөж
Сүслэн залбирч ирсэн билээ л...
Эрдэм номын мөр хөөн
Эгэл амьдралын жим даган
Мянган гол гаталж одсон ч
Түмэн уулсыг давж ниссэн ч
Сар жилүүдийн чанадаас ч
Санаж л байдаг билээ...
Үүр шөнийн зүүдэндээ ч
Үргэлжид тантайгаа байдаг билээ...
Буугаад л ирдэг хурын усан мэт
Буцаад л тандаа цуглаад ирдэг билээ л...

Зээ...
Өндөр их таны минь
Өл халзан тэргүүнээс
Дөрвөн зүг, найман зовхис
Дөтөлж ойртоод байдаг билээ
Арван гурван их Алтай
Айлсаж, ижилсээд байдаг билээ
Таван их говь, хоолойг
Татаж ойртуулж хардаг билээ л...

Зээ,
Наран ургах зүгт нь халиаваас
Нарангийн бэл сунайгаад
Дөтийн раам дүнхийж
Дөрөлжийн огтрого зэрэглээтэн
Хангийн нуруу униартаж
Хар, Бор сэрх сэнхэртэж л харагднам зээ
Наран хотлуулсан Бигэрийн говь
Саран хонуулсан Сайхан тоором
Нөмөр нүнжигтэй Дулаан хар
Нөөлөг бууцтай Чандмань хайрхан
Тариа халиурсан Ёлтонгийн хоолой
Таана сугсарсан Борогчийн хөндий
Тарвага бужигнасан Мараан нуруу
Танил дотно байнам зээ.

Зээ,
Хөх салхи нь
Хүүгээд л байдаг
Хүдэн будан дундаа
Хөшилдөөд л байдаг
Устай Чацрангийн гол нь
Урсанхан мяралзаад л байдаг
Дэлгэрхэн Намалзахын ширгээ
Дэлгээд л угтдаг
Эмээлцэгийн сэрвэн хяр нь
Эрвийгээд л байдаг
Бурхан Буудай хайрхан их уул мину
Буугаад мордох алсдаа
Сүмбэрлэнхэн байнам зээ
Буцалж л байдаг буман тарвагатай
Бумбан улаан нь бөмбийгөөд л байнам зээ
Цаглашгүй эртний хүй овгуудын
Цадиг мөрийг хадгалсан
Цагаан гол нь уужраад
Хун цэн нь цугладаг
Хуримт, Хотгор нь униартан байнам лөө

Зээ,
Баруун зүгтээ
Бараа сүр ихтэй
Ханхайж дүнхийгээд л байдаг нь
Хар Азаргын нуруу билээ
Хаан дээдсийн
Хар сүлдэнийг
Хангал нуруундаа тээж  ирсэн
Хар азаргыг
Сэтэрлэж дархалсан
Домгийн их уул билээ
Харгай мод нь харгилдсан
Халиун буга нь хөшилдсөн
Хавцал хөндий нь хүүшилсэн
Ханагар сайхан уул билээ

Зээ,
Халиун сумын төв нь
Ханаа шийрлэн төвхнөсөн
Халиуны уудам хоолойн
Харгана бут нь эрээлжлээд байнам
Хайрхан лусын эзэд нь
Халиуран байсан домогтой
Халиун толгойн бэлээр
Жимсэн шугуйд шуурайлаад
Хамаг амьтныг ундаалсан
Халиун гол мяралзаад л байнам зээ
Авдар униа өнгөлдөг
Улаан шунхан зостой
Аараг бэлийн толгод нь
Ухаарч солонгороод байнам зээ

Зээ,
Наран шингэх
Умард зүгт нь халиаваас
Тоос босох нь
Толь, Тунгалагийн говь байнам
Цахир хадан хэжлэгтэй нь
Цагаанхайрхан байнам
Өнжүүл зэрэглээ наадсан нь
Өгөөмөр байнам
Суусан ч, боссон ч харагддаг нь
Сутай Богд хайрхан л байнам
Өглөө үдшийн нарандаа
Алтраад л байдаг
Үд дундын нарандаа
Гялбалзаад л байдаг
Цалин мөнгөн тэргүүн нь
Цайвалзаад л харагднам
Сунагар Дарвийн уулс нь
Сундалдаад л харагднам зээ

Зээ,
Заган шугуй             нүүгэлтсэн нь
Олонбулагийн хоолой байнам
Зах хязгааргүй цэлийсэн нь
Шарга, Хүйсийн говиуд байнам
Ардын дуундаа мөнхөрсөн нь
Талын таван толгой билээ
Ар бэлээ түшсэн нь
Зун, Могойн зуслангууд билээ
Оргил тэргүүндээ үүлс аргамжсан
Олон үеэрээ дархалж дээдэлсэн
Хаа холоос ч өндөлзөх
Хасагт жаргалант, Гурван Богд билээ

Зээ,
Бараан газраас дөрвөлжлөөд байдаг
Байгаад очиход өндөрсөөд байдаг
Тэнгэрийн луу хөрвөөсөн
Тэмдэг мөр нь тодхон байдаг
Харийн доншуур наймаачдын
Хамаг шуналыг барсан
Эгэл олон түмэндээ
Ээл нөмөртай уул байнам
Ерэнтүмэн лангийн
Цул мөнгөн уул байнам
Ентүмэн хайрхан хэмээх
Цуутай домгийн уул байнам зээ

Зээ,
Зүүн зүгтээ халиаваас
Зүсэр бороо татуулж байдаг
Зүйлийн цэцэгсийг            алаглуулж байдаг
Засагтай төрсөн хаадынхаа
Зандан тамгыг нууцалсан
Олон үеийн дээдсийн
Онго шарилийг оршоосон
Овоон нуруу дүнхийгээд байнам
Нурагийн модод нь нуугиж байнам
Зэлээр дүүрэн тугалтай
Араар дүүрэн сүрэгтэй
Эгүүрдийн баян болох
Эндүүрэлгүй ерөөл билэгтэй
Зэлийн голын цахир хаалга
Зээгэлтэн байнам
Түвшин буурын нуруу
Хүрэнтээд л байнам
Шар Дэвсэгийн ар
Шаргалтаж халиураад байнам зээ
Сарлаг үхэр нь саагалдсан
Шаазгай шувуу нь шагширалдсан
Ширээгийн гол, Ар гол
Тарвагат бэлчир, Улаан хад
Бумбат, Шар сайр
Өндөр мөс, Сайн ус
Өгөөмөр сайхан нутаг билээ
Хонин сүрэг нь налайсан
Хотол олон нь жаргасан
Хосгүй амгалант нутаг билээ

Зээ,
Өвгөн их овоо таныхаа
Өл халзан тэргүүн дээрээс
Зүг бүртээ халиаваас
Зүйргүй сайхан байнам зээ
Харах нүдийг минь баясгасан
Ханхар цээжийг минь уужруулсан
Хараад хараад ханашгүй
Ханагар их уулс нь сэнхэртээд
Цэлгэр их говиуд нь Цэлэлзээд л байнам зээ

Зээ,
Өвгөн их овоо таныхаа
Өнгө дуртмал үзэсгэлэнг тань
Өнөр их түүхийг тань
Өгөөмөр их хишгийг тань
Эгэл олон түмнээ
Энхрий дотно бүхнээ
Адуу мал тэргүүтнээ
Араатан жигүүртэн            бүхнээ
Баясан баясан магтая
Магтан магтан дуулья

Зээ,
Гучин гурван Тохой нь
Дугуйранхан байдаг
Гучин гурван Оцон нь
Сүүдэртэнхэн байдаг гэв л ээ
Хэцүү Улаан байцас нь
Сүүхийлцээд л байдаг
Хэрлэг халтар тэх нь
Дүүхийлцээд л байдаг
Хүчит Цэмбэл зааны
Хүүрнэл домог оршсон
Хүлэг хурдан морины
Хүчин чадлыг шалгасан
Далтын хоёр салаагаар нь
Далан үеэрээ нүүдэллэсэн
Хүрдэт, Бургаст тэргүүтэй
Ерэн есөн салаатай
Хүн зон олон нь
Тухлан тухлан жаргасан
Ус булаг нь харгиланхан байдаг
Уудам урт Согоотын хөндий
Урдхан талд минь
Дүүрээд л, хүнхийгээд л байнам зээ

Зээ,
Гурван Устын эхэнд
Гунан буга урамдахад
Цагаан Морьтын голд л
Цангинанхан дуулддаг гэв л
Ар Шонтын энгэрт
Аргиланхан цуурайтдаг гэв л
Нуурын Ханангийн моддыг
Нургиуланхан дуурсдаг гэв л ээ
Өндөр Харцагын оройд нь
Өглөөн улаан наран
Эрхлэнхэн нааддаг
Өвөлжөө бууцны энгэрийг
Ээн дулаацуулж манддаг
Өнөд жаргах олныг нь
Баясганхан эвээдэг
Өтөг олон сүргийг нь
Жаргаанхан хөөрдөг гэв л ээ

Зээ,
Бур бур бороотой
Буурал цагаан тэргүүнтэй
Сэр сэр салхитай,
Сэтгэлийг татсан нутаг минь билээ

Зээ,
Дугираг ногоон эхтэй
Дугуй усны ард нь
Цэн цэн хөхөө шувууд
Цэнгэнэнхэн донгодоход
Өргөн зурааны цэцэгс нь
Өнгө алаглан найгаад л байдаг
Согоо борын чих нь
Соотолзон солбиод л байдаг
Судаг хунхийн ногоо нь
Сугсалзанхан ургадаг гэв л ээ
Ширдэгт энгэрийн тошлог
Бөөр нь хүрэнтээд л байдаг
Ташлага энгэрийн тошлог
Бөнжирлөнхөн унаж л байдаг
Арын жалга хунхад нь
Асгат энгэр бүхэнд нь
Аагтай улаан сонгинууд
Арцалж буталж л ургадаг гэв л ээ
Сэрвэнгийнх нь модод
Сэрийлдээд л байдаг
Тана, бэлийнх нь модод
Ташиж сүүдэртээд байдаг
Шивэр балрын модод нь
Шивээлэнхэн ургадаг
Ширдэгт энгэрийн тошлог нь
Зулж л ургадаг гэв л ээ
Аагтай цайндаа дээжилдэг
Бужиннагва нь буржийгаад байнам
Сэрвэн ардаа найгадаг нь
Сэржмядаг, Жамьянмядаг гэнэ
Энгэр бэлээ  эрээлжлүүлдэг нь
Юмдүүжин, башга тэргүүтэн
Хунх судгаа дүүргэдэг нь
Хумбан хонхлой тэргүүтэн билээ
Цагийн цагтаа дэлгэрдэг нь
Цагаан ууль тэргүүтэн гэнэ л
Эмийн олон ургамлууд нь
Эрээлжлээд л байдаг гэнэ л
Будан хүдэн нь хүүшлээд
Мөнгөн бороо шиврэхэд
Мөөгөн хүрээ нь
Дүүрэн дүүрээд л байдаг
Мөнхөд баян
Тийм л сайхан
Өнөд баян
Өвгөн буурал овоо мину зээ,

Зээ,
Хөндлөн, Дандан, Ханангийн
Хөндий хондлой зоонд нь
Тарвага зурам тэргүүтэн
Тарвалзанхан байдаг л
Хөх хадны энгэрт нь
Хүрэн бүргэд үүрээ засдаг л
Хавцгайн элгэн хаданд нь
Харлаг тас зүүрмэглэн суудаг л
Харгай даргай эвэртэй
Харлаг тэхийн сүрэг
Өлөнтийн өндөр оройд
Нарланхан хэвтдэг
Өвөр хадны жимээр
Харжигнуулан дүүлээд байдаг л
Ар Хондлойн зоонд нь
Атар тарган байдаг л
Ар Жаргалан ууландаа нь
Амар түвшин бэлчиж л байдаг
Арван хоёр салаа эвэртэй
Хангал халзан буганууд нь
Арын модонд хөшилдөөд
Ар шилээр нь сэрийлцээд байдаг
Аймхай бор туулайд нь дэгдэж л харагддаг
Агсарга болжморууд нь шулганалдаж л байдаг
Аатай эрмэг начин             шонхрууд нь
Агаар зүсэн шунган дүүлээд л байдаг
Алтайн барс ирвэс, шилүүс нь
Аяар аяар мярааж л явдаг
Суусар, хярс, үнэгнүүд
Судаг жалгаар сунайж л харагддаг
Тийм л баяхан
Ийм л сайхан
Ухаан бодлын үзүүрт
Уяатай л байдаг
Өнөр баян
Өвгөн буурал овоо мину зээ

Зээ,
Харгай модон хэвнэгтэй
Халиун буга нь урамдсан
Хавийн олон нь жаргасан
Хавтай дэлгэр нутаг минь билээ л
Хадан цохио хажлагатай
Халтар тэх нь дүүлээстэй
Харзын ус нь бургилсан
Ханагар уудам нутаг минь билээ л

Зээ,
Сааралын тасархайн эхэнд нь
Сарлаг үхэр             багшранхан байдаг л
Хундан цагаан хонин сүрэг
Хуудас, зураа бүхэнд нь
Налайгаад л байдаг,
Ямаан олон сүрэг нь
Ян халил хаданд
Янгирийн сүрэгтэй
Хөөцөлдөж л байдаг
Туг ширээ бөхтэй
Тураг ханхар биетэй
Тэшин тэшин явдалтай
Тэмээн олон сүрэг нь
Босоо, Бортонгийн бэлээр
Хөшилдөнхөн байдаг
Шарбулагийн дэнжид нь
Шавааралдаж л байдаг гэв ээ
Хээр голдуу адуу нь
Хярын нуурын усанд
Цувж л явдаг
Алаг зүсмийн адуу
Арын моддын сүүдэрт
Шогоод л зогсдог
Эзэндээ ээлтэй үхэр сүрэг нь
Энгэрээ дагаад цувж л харагддаг
Тийм л сайхан
Ийм л баяхан,
Өндөр дээд
Өгөөмөр баян
Өвгөн буурал овоо мину зээ

Зээ,
Манан будан татаастай
Мандах нарнаа ээвэртэй
Мал сүрэг нь багширсан
Магадын ерөөлтэй нутаг минь билээ л

Зээ,
Зээгтийн бэл, Хулстын
Хад чулуу бүхэн дээр
Зээр янгирийн сүг зураг
Эрээлжлэнхэн байдаг
Түмэн жилийн чинадад ч
Өвөг дээдэс минь амьдарсан
Төгөлдөр их түүхийнхээ
Өнө мөнхийн дурсамжтай
Өв соёлын голомтыг
Түүчээлж ирсэн л байдаг
Аварга баатар эрс нь
Аргай даргай нумаа
Эвшээлгэнхэн тэнийлгэж
Ар, Өвөр Нум Дэлээчээс
Татаж, тавьж л байсан
Даншиг наадмын начин
Хануй, Цогтжаргал хоёр
Далан хүн өргөсөн ч
Дааж чадаагүй чулууг
Дал мөрөндөө тулаад
Дамнуулж тавьсан нь хэвээрээ
Энгүй хүчит хар Бандийн
Хээрийн эзэн Алмастай
Товгор газрыг хонхор болтол
Хонхор газрыг там болтол
Эр бяраа тэнсэж үзсэн
Ор мөр нь өнөө ч
Онгойж хонхойж үлдсэн байдаг л
Ханхарын өндөр даваагаар нь
Эмээл хазаартай морио
Элгэндээ тэврээд давж
Эр хүн хэлсэндээ хүрдгийг
Энэ биеэрээ нотолсон
Эрмэг залуус нь хөшилдсөн
Эгэлгүй хүчтэний өлгий нутаг мину зээ.

Зээ,
Жарганхан суудаг зарчимтай Жалайрууд
Урланхан бүтээдэг уртай Их Дархчуул
Урд эртийн түүхтэй Урианхан олон
Ихэс дээдсийн удам Бэсүд, Боржгонууд
Идэрмэг хөгжүүн Соод, Олхонуудууд
Инээж наадсан Их, Бага Цоохортнууд
Хаан Чингисийн онгоныг
Хамгаалж халхлан тойроод
Өндөр энэ нутагтаа
Өнөд суурьшин жаргах
Өрлөг Боорчийн зарлигтай
Есийн есөн их отготнууд мину зээ

Зээ,
Өвгөн буурал овоо та минь
Өвөр энгэртээ номын цагаан гэгээтэй билээ
Сүүдэр үл тусах
Сүмийн дөрөлж билээ
Хутагт эрдэм нь төгссөн
Хувилгаан чадал нь дүүрсэн
Номын чинадад хүрч
Ертөнцийн жамыг тольдсон
Зулайнаасаа гэгээ татуулж
Зулгаасаа цэцэг дэлгэрүүлсэн
Хосгүй Гэгээн Хамбын
Тэнгэрийн гал хөлөглөн буусан
Тэмдэгт газар нь тэнд билээ л
Майдарын орны гэгээ туссан
Магадын тэмдэгтэй дөрөлж билээ л
Арван гурван дугантай
Арван гурван хүрээтэй
Буян номыг хурайлсан
Буман шавь нар тойрсон
Буянзалбирахын хийд
Тэртээ цагийн цаана
Тэмдэгт тэр тууринаа
Алтан ганжираа гялбалзууланхан
Алдар суугаа дуурсганхан байсан билээ л

Зээ,
Архан бэлийг тань
Ар халхын дээдэс
Үйзэн Засагт ханууд
Үеийн үедээ түшиж ирсэн билээ л
Өвөлжөө бууцаа зассан
Өлгий туурь ором нь
Өнөө ч тодхон байнам
Арван буяныг хураасан
Авшиг хишиг нь бүрдсэн
Арын хүрээний туурь нь
Шарилж луулин дундаа
Зүүрмэглэгхэн байнам зээ

Зээ,
Хан эцгийн минь бууртай
Хантайшир уулын
Хайрхан их шүтээн мину
Өвөг дээдсийн үеэс
Өнөд жаргаж ирсэн
Өндөр дээд
Өвгөн овоо мину зээ

Зээ,
Алтан элс нь асгарсан
Аараг толгодоо чимсэн
Цуцаа гүрвэлүүд нь жирэлзсэн
Цулхирын бутууд нь шуурайлсан
Их, бага Элст, Баглуурт мину
Борхон хүүгээ аав нь харуулдсан
Бор хошуу мину
Боролзой, хөмүүл нь бөхөлзсөн
Борлог хоньд нь налайсан
Босоо, Бортонгийн бэл мину
Буурай эмгэд минь мааниа шивнэсэн
Бударган чулуут Сайр мину
Эмээлт хүлгийн нуруун дээр
Дарцаг мэт дэрвэсэн
Эрх бага насандаа
Давхиулан тоосруулж явсан
Нурамт, Гүүбариач
Сүм, Мээтүү, Булагийн
Таанын униар цэнхэртсэн
Тавиу уудам дэнжүүд мину
Тэртээ холоос дүнхийсэн
Тэмээн чулуут мину
Үелзэх салхинаа долгилсон
Үзүүр дэрс, Ар дэрс, Дээд дэрс
Нарийн дэрс, Цагаан дэрс мину
Ихэл хуурын татлагатай
Их Булаг, Шар булаг мину
Дөвөнт, Булаг, Сайр,
Дөрвөн улиралдаа сэлгээтэй
Дөтөлж буудаг л нутаг мину
Наран ээвэр налайн жаргаасан
Намаржаа, хаваржаанууд мину зээ

Зээ,
Барзгар хатуу хад чулууд нь ч
Өнгөлөг зөөлөн байдаг
Мөрөн, Сүм, Нурамт,
Хулст, Тоонотын хавцгайнууд мину
Оройн өтөг, Ламын хашаат
Оцон, Мөрөн, Шонын хонд
Нуурын ханан, Үнхэлцэг, Өвчүү
Нурамтын ам, Наран битүү
Бургаст, Ханхар, Өлзийт
Булган хошуу, Хүүш, Салхит зэрэг
Эрхэлж наадаж өссөн
Ээвэр дулаан өвөлжөө бууцууд мину зээ

Зээ,
Буга, марал хоёр нь
Зөрөлдөөд л байдаг
Бугын толгойт, Бөгтөр мину
Аялсанхан дууг минь
Цуурайтуулан түрдэг
Арсгар оргилууд нь
Сүүдэртээд л дагадаг
Дархинт мину
Ар өвөр Шаварт,
Арсайн гурван садарга
Ходоодын гурван бэлчир,
Дусаалтын гурван хунх мину
Цэцгээ зулсан Гурван зураа мину
Цэнгэн дуулсан Шонт, Зөгийт мину
Уургын хуйвыг исгэрүүлсэн
Уудам тавиу Нуурын хуудсууд мину
Хонин сүргээ бэлчээсэн
Хондлой, Хөх хад, Бор шороот мину
Сэргэлэн багачууд нь хөгжилдсөн
Сэрүүн сайхан зуслангууд мину зээ

Зээ,
Өл халзан тэргүүнтэй
Өвөлжөө, хаваржаа нь нөмөртэй
Өнөд жаргаах тавилантай
Өгөөмөр баян нутаг мину
Өргөн уудам шил зоонд нь
Өнгийн цэцэгс сугсалзаад байдаг
Зунтай гурван сардаа
Зугаацан цэнгэн наадсан
Зуслан, намаржаа нь сэрүүтэй
Зураг заяатай нутаг минь билээ

Зээ,
Нарлаг хунх энгэрт нь
Настан буурлуудын минь хутаг оршсон
Наруул, Бортон, Дөрвөлжин мину
Өвөр бэлээс өгсөөд давдаг
Бэлчирийн хойд, урд салаа мину
Өнжүүл цасан ундтай
Бэх цас, Шарилтай бууц мину
Эрээн хайрхан ч шургах зайгүй
Эрэн самбын хавчиг, Ар хавчиг мину
Эргэх дөрвөн талд нь
Эмгэлж, бургас, улиас
Эрээлжилж л ургадаг
Харгай, чаргай, яргай нь
Харанхуйлж л байдаг
Битүүтийн ангал хавцал нь
Битүүрч дүүрэглээд л байдаг
Ажилч малч олон нь
Адуу малаа оторлонхон байдаг
Ашдийн ерөөлтэй
Ар Жаргалан мину
Хамаг бүхнийг жаргаах билэгтэй
Хан Жаргалан мину
Есөн эрдэнэ агуулсан
Ерөөлөөр учирсан нутаг мину зээ

Зээ,
Найман зүгтээ налайж байдаг
Нарийн өвс нь шуурайлж байдаг
Шимийн дээж хөрстэй
Шинжтэй сайхан нутаг минь билээ л

Зээ,
Орох хурын усан нь
Ойж хүрхэрч буудаг
Харцгай шувуу нь эргэлдсэн
Харцага өндөр оргил мину
Аргай модод нь сүүхийлдсэн
Адарган хар Ар Шонт мину
Хээрийн салхин сүүгэж л байдаг
Хэцийн шовх мину
Сансрын салхийг дүнгэнүүлсэн
Салхит өндөр оргил мину
Огторгуйн салхийг саатуулсан
Оргил тэргүүн Яргайт мину
Орог тэхийн зогсоолтой
Олон зүгтээ харуултай
Өлөн өвс нь шуурайлж байдаг
Өлөнтийн хөх оргил мину
Нураг асга нь асгарсан
Тураг гөрөөс нь дүүлэлдсэн
Зэмсэгт мину
Борог хөвд нь халиурсан
Босоо жалгууд нь сүүдэртсэн
Боодогт мину
Хөх сарлагууд нь хөшилдөөд байдаг
Хөндлөн бэлчирүүд нь суунаглаад л байдаг
Байгаад харахад өндөлзөөд л байдаг
Баян өндөр хайрхан мину
Мөчит дөрвөн хөлтний
Мөр нь гараагүй
Мөнхийн будан тэгнээстэй
Мөнгөлөг цагаан Цахир мину
Дэлхий буурал ээжийн
Дэлүүн хөх оргилууд мину зээ
Дэвсэгт зоо нурууддаа
Дээвэр тэргүүн нь болсон
Өглөө, үдшийн нарандаа
Өнгө засан жавхалзаад л байдаг
Дуулсанхан дууны минь цуурай
Дунд нь хүрээд цуцдаг
Айсуй алсын газраас
Алгаа дэлгэн заадаг
Тэн тэн үүлсийг
Тэгнэж саатуулаад байдаг
Тэнгэрийн салхийг             наадуулсан
Сүмбэр их оргилууддаан
Сөгдөн сөгдөн мөргөм үү

Зээ,
Цагаан номын даллагатай Багшийн овоо мину
Цацал сүүгээ өргөсөн Марал Бааст мину
Догшин онгодоо аргадуулсан Өлзийтийн овоо мину
Домог түүх хүүрнэсэн Хадагтын овоо мину
Долоон үеэрээ тахисан Дүвчингийн овоо мину
Бууж мордоод явдаг Вандан Майнаагийн овоо мину
Буян хишиг арвижуулсан Бургастын овоо мину
Хайртай үрсээ даатгасан Хүүхдийн овоо мину
Харийн дайснаас сэргийлсэн Харуулын овоо мину
Харгай модон эзэнтэй нь Харцагын овоо мину
Эхийн сэтгэлээр түшдэг Ногоон Раднаагийн овоо мину
Ээвэр энгэртээ ээлтэй Жадамбын овоо мину 
Өвгөн овоо таны минь
Өлмийг тань түшин
Эргэн тойрон бөмбийлдөөд байдаг
Эргэх дөрвөн цагтаа хурайлж л байдаг
Алдар нэрийг тань             дуурсган байдаг
Арван гурван их овоондоо
Хурайлан хурайлан мөргөм үү

Зээ,
Хүлэг морин сульдаасан
Хүчин тамир сорьсон
Хамар даваа, Хүн чулуу,
Ханхар, Дөрөө хавчих,
Долоон модон, Зөгийт
Доод, дээд Улаан даваад мину
Газрын холыг товчилсон
Ганган хулийг сульдаасан
Ар, өвөр Цагаан Индэрт,
Муруй, Модон, Хүнхэр
Хойд даваа, Дээд даваа,
Хөх даваа, Ногоон даваад мину
Тэмээн тэн холбилсон
Тэнгэрт ойрхон, өндөр дээд
Ихийн их давааддаа мөргөм үү

Зээ,
Гантай зургаан сардаа ч
Мэлтэлзэнхэн дүүрээд байдаг
Хадан-Ус, Дунд-Ус мину
Цагийн цагтаа дэлгэрч байдаг
Цагаан морьт, Ялаат мину
Сал урсган бяралхаж
Саваа халин бялхаж байсан
Шар Сайр, Мөрөн мину
Дугуйранхан мэлтрээд байдаг
Дугуй-Усан мину
Далан тогоон даллагатай
Далан өрхийн тариалантай
Шим бүхнийг хураасан
Шинэ-Усан мину
Хөвдөн дундаас шүүрдэг
Хөх хадны усан мину
Мянган он улираасан
Гандан цагаан модны
Эзэн савдгийн эрхи
Халзан Хамрын гол мину
Гуа марлын мөрийг угаасан
Гурван-Уст, Дусаалт мину
Намрын намартаа
Налайж л байдаг
Шар булаг, Дөвөнт мину
Шаварт, Цэнгэн мину
Мянган адуу ундлаад гарахад ч
Мяралзанхан байдаг Согоот мину
Энгүй их гол усны
Эх болсон рашаанууд
Халуун зундаа
Хага ташуулдаг
Хайруу өвөлдөө
Харзалж л байдаг
Бургилан ундардаг
Булаг шанд бүхэндээ мөргөм үү
Хамаг амьтныг ундлаад
Харгилан урсаад байдаг
Гол ус бүхэндээ мөргөм үү

Зээ,
Өндөр хөх оргилууд нь сүүхийлдэж л байдаг
Өвөлжөө хаваржаа бууцууд нь нарлагхан байдаг
Номин хөх тэнгэртээ шадархан байдаг
Номын гэгээн хуудаснаа дуурсанхан байдаг
Уужим ногоон нугууд нь дугуйранхан дүүрдэг
Ус булаг рашаанууд нь бургиланхан ундардаг
Харгай хар модод нь шуугинхан шуурайлдаг
Халиун хонгор бугнууд нь хангинууланхан урамддаг
Халтар орог тэхүүд нь харгилданхан сэрийлддэг
Хахилаг, хойлог шувууд нь хонолдонхон хагшдаг
Харцгай, шонхор шувууд нь шунган зүсээд л нисдэг
Таван эрдэнэ сүрэг нь багшралданхан налайдаг
Танил олон түмэн нь жарганхан суудаг
Хангай, Алтай хосолсон
Хамгаас баян нутаг мину зээ
Асар тэнгэрийн хишигтэй
Амгалан дэлгэр нутаг мину зээ
Магадын ерөөлтэй таныгаа
Магнай тэнэгэр бид чинь
Магтанхан дуулнам зээ
Бараан холын газраас
Бадамланхан харагддаг
Бахтай сайхан нутгаа
Баясанхан дуулнам зээ

Зээ,
Өнөр олон үрсийн тань
Үйлс амжилт нь арвин байг
Бүтээл туурвил нь ундарч байг
Бүхий олноороо жарган байг
Мал сүрэг нь багширч байг
Мандах хөгжил нь тэгширч байг
Цэцэг ногоо нь дэлгэрч
Цээлийн усан нь бургилж байг
Хур бороо нь зүсэрч байг
Хувьтай зон нь жаргаж байг
Эзэн савдаг тань баясан байг
Эгүүрд биднийгээ ивээж байг ээ
Хурмаст тэнгэрээ аргадаж хайрла
Хувьтай олноо ерөөж хайрлам уу лөө

Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай

Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай

Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай
Хурай, Хурай, Хурай

Monday, May 19, 2014

Д.Өлзийбаатар: ”Та нарын дэргэд еврей нар хүүхдүүд, бид нар нялх бацаанууд” гэсэн юм шүү дээ

Дэмбэрэл овогтой Өлзийбаатар. Түүхийн ухааны доктор, Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар голчлон судалдаг. НАХЯ-ны Дээд сургуульд багш, НАХЯ-ны Тусгай архивт судлаач, Улсын түүхийн төв архивт судлаач, дарга, Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. "Яагаад 37 он?" зэрэг хэд хэдэн ном бичсэн. Саяхан "Монголчууд" хэмээх сонсдог цахим түүхийн ном бүтээж, нийтийн хүртээл болгоод байгаа.

-“Монголчууд” сонсдог цахим түүхийн номны тухайд гадуур их ам сайтай байна. Тэгээд л найзыгаа зориод ирлээ. Би чамаас аваад л дөрөв хоног сонсч дууссан шүү.

-"Монголчууд" цахим түүхийг би анх залууст зориулж л ерөнхий ойлголт  өгье, уншихгүй бол сонсог гэж бодож хийсэн юм. Харин тэр хүрээ, насны хязгаараас хальж гарсан нь ажиглагдаж байгаа нь надад их урам зориг өгч байна. Дэмий юманд цаг заваа зараагүй юм байна. Хүмүүс нийтээрээ түүхээ судлах сонирхол таашаалд нь бага ч атугай нийцсэн юм болсон юм болов уу л гэж бодож сууна.

-Сонсч дуусаад бодож суухад манай түүх их л базаахгүй, өс хонзон, урвалт шарвалтын түүх байх юм. Чи зориуд анхааруулж  ингэж хийв үү, эсвэл...?          
                                                                                                                                -Зориуд тэгээгүй л дээ. Аль ч том улсын түүх ерөнхийдөө адилхан. Ганц монголчуудынх ч биш. Хэт том улс байгуулсан шүү дээ, монголчууд. Манай уналт их удаан, ужиг болсон. Нүсэр том заан газарт унах, унага даага газарт унах хоёр их л ялгаатай харагдана аа даа. Тиймэрхүү л юм. Харин тэр базаахгүй харагдуулаад байгаа урвалт шарвалт, өс хонзон, эвлэхдээ удаан, эвдрэхдээ хурдан явдал бол биднийг сүүдэр мэт дагуул байсан нь үнэн. Одоо ч хэвээр. Түүх бол нэлэнхүй дээ сургамж. Хүний зан чанар их удаан өөрчлөгддөг болохоор их адилхан юм давтагдаад байдаг. Түүхийн сайн нь ч бидний багш, муу нь ч бидний багш. Сонсоод тэгж анзаарагдаж буй бол сайн л байна гэж би бодож байна. Бидний бага буурай, дорой байгаагийн шалтгаан энэ юм байна гэж бодох хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш “Өө бид чинь дээрээсээ ийм байсан юм чинь өс зангидацгаагаад, урваад шарваад явбал зүгээр юм байна” гэж лав бодохгүй байх! Түүхэн сургамж гэдэг ердөө л энэ. Ухаарах, алдаагаа олон давтахгүй байх. Бидний 700 шахам жилийн уналтын үр дүн нь өнөөгийн Монголын байдал байна шүү дээ. Хөрш орнууддаа эзэрхийлүүлэн олон хуваагдсан, буланд шахуулсан хөгшин боксчин шиг болсон явдал.

-Ха ха, гэхдээ л могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэг дээ.

-Харин тийм, их ард түмний инерци гэдэг агуу байдаг юм байна аа, Монголоос өөр ард түмэн ийм агуу хоёр хөршийн хооронд хавчуулагдан олон зуун жил байж чадах уу?!  Ээ дээ, үгүй л болов уу. Монгол омогшил гэдэг энд л оршино. Бид хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд Монгол хэвээрээ. Аль нэг газар, ямар ч улс оронд монголчууд амьдарч, оршин тогтнож чадах нэг өвөрмөц онцлогтой байна, хоорондоо эвлэдэггүй хэрнээ, бие биенээсээ зугтаагаад байдаг мөртөө үндэстний онцлогоо хадгалаад сайн сайхан байгаад байдаг. Би л лав Америкт аргаа барсан монгол байна гэж сонсоогүй, тийм нэгнээ харин зардал юмыг нь олоод нутаг руу нь явуулчихдаг юм гэсэн. 

-Нүүдлийн иргэншлийн улбаа юу. Дотоод мөн чанарт нь гүнзгий шингэсэн бие даах чадвартай нь холбож ойлговол энэ асуултад хариу олчих юм биш үү?

-Би харин тэгж л хэлэх гээд байна л даа. Монголчуудыг их ойлгомжгүй улс гэж гадныхан хэлээд байдаг даа. Монголд олон жил амьдарч бараг монголжсон хүн ч тэгж хэлж байсан, одоо ч тэгж хэлдэг.  Оросын Архивын дарга В.Козлов гэдэг ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, түүх архивын чиглэлээр онол, судалгааны олон ном бичсэн тэр бид хоёр ах дүүс шиг л байлаа. Манайд есөн удаа ирсэн. Европын иргэншил, Америк хэв заншлыг үл тоодог, шүлэг найраг бичдэг, ер нь их өөрийгөө элдэв юмнаас чөлөөлж чадсан их сонин хүн л дээ. Испани явах томилолтоо Монголоор сольдог тийм л хvн. Тэр надад нэг удаа "Та нарын дэргэд еврей нар хүүхдүүд, бид нар балчир бацаанууд" гэсэн юм шүү дээ.

-Бараг оноод хэлчихсэн юм биш үү, харин. Тийм болоод ч нэг их олширдоггүй байх.

-Чиний дээр хэлсэн тэр нүүдэлч иргэншлийн онцлог л бидэнд ийм амьдрах чадвар суулгасан болов уу, төвөөс зугтах тэмүүлэлтэй. Манай түүх ч ийм л юм харуулаад байдаг. Их эзэнт гүрэн байгуулсны дараа хоорондоо л тэмцсэн, гаднаас ирэх аюул занал байхгүй болчихоор шүү дээ. Бидэнтэй эн тэнцэх улс орон гэж байхгүй байлаа. Дэлхийг нэг болгоод даргалан захирсан Монголоос өөр ард түмэн гарсангүй дээ түүхэнд. Тэгээд дарга, ноёд олширлоо, үг сонсохоо байлаа, эрх мэдэл, эд баялгаа нэмэхийг хүслээ. Тэгээд төвөөсөө зугтаж эхэллээ. Өнөөх унаган төвөөс зугтаах үзэл байна шүү дээ. Одоо ч нэг тийм шүү дээ. Гадагшаа тэнэцгээгээд л. Нэг дороо удаан байж чаддаггүй төрөлх зантай байгаа биз?  Үнэндээ бол монголчууд  өөрсдөө л өөрсдийгөө унагасан. Хамгийн сүүлд 1850-иад онд Энэтхэгт оршин тогтнож байсан Их Могол европуудын довтолгооны үр дунд унасныг эс тооцвол .Бүх түүхэндээ өөрөө өөрсийгөө л мөхөөсөн байдаг юм.

-Тогоонтөмөр хаан Хятадаас хөөгдсөн биш билүү?

-Тэр чинь улс унасан юм биш шүү дээ. Нанхиад дахь Монголын ноёрхол л төгсгөл болсон хэрэг. Бид яахав тэдний нутгаас гараад л явсан. Хар хориндоо очоод л, хуучин хийдгээ хийгээд л, Мин улсыг унагах гээд л, бас хоорондоо үзэлцээд л байж байсан. Харин Манж нар манай тусгаар байдлыг унагачихсан юм шүү. Гэхдээ 122 жилийн тэмцлийн дараа. 

-Баруун Монголыг оруулж тоолоод байна уу?

-Тийм, тэгж тоолох естой. 1636-1758. Яахав Манжийн засаг захиргаа тогтсоноор 1691 оноос тоолоод хэвшчихсэн юм л даа, урд нь.

-Хойд, урд хөршид монгол нэршил их байдаг. За орос овгууд байна, Гумилевын номонд байдаг. Би энэ сэдвийг сөхөх их дуртай. Чиний бодол ямар байдаг вэ?

-Нөгөө л их гүрний инерци явж байна даа гэж боддог. Гумилев бол хэдхэн алдартай овгуудыг л жишээ болгосон гэдгээ хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхлээр Монгол ямар их нөлөөтэй байж вэ гэдэг л харагдаж байгаа юм. Солонгос хаад бол охидоо монголд бэр болгохын төлөө хамаг арга чаргаа бардаг байж. Нөмөр нөөлөг дор нь орох гэж тэр шүү дээ. Яг тэрэнтэй л адилхан. Оросууд ионголчуудын нөмөр нөөлөгт багтаж байж л язгууртан дээдэс болох, боловсрол мэдлэгт хүрэх боломжтой болж байж. Тиймээс Оросын шилдгүүд дандаа Монгол гарвалтай байж. Хачирхалтай нь үүнийгээ үхтлээ нуух юм. Өнөөгийн Монголын байдлаар Монголын эх түүхийг хардаг, дээр нь жаахан нэрэлхүү зан гаргаж байгаа л юмдаг уу даа. Оросууд Монголын түүхийг маш сайн мэддэг. Оросын Дорно дахины болон Монголын түүх судлал дэлхийд №1. Тэгээд ганц, хоёр Монголын түүхийг үгүйсгэсэн юм бичсэн хүнийг мэдээгүй царайлж, өөгшүүлээд л. Төр нь сурах бичигтээ өөрчлөлт оруулаад л. Гэхдээ түүхээс хэн ч нуугдаж чаддаггүй л дээ. Цагийн юм цагтаа. Магадгүй хэдхэн жилийн дараа бүх юмаа Монголтой холбох гэж хичээхийг хэн эс мэдлээ. Түүхчид бол Оросын энэ үйлдэлд нэг их ач холбогдол өгдөггүй шүү дээ. Оросын түүхчид ч адил, балайрал л гэж байдаг юм. Мэдэх хүн бичих, мэдэхгүй хүн цуурах хоёрын хооронд их ялгаа бий.

-Саяхан би Леонид Парфёновын нэг баримтат кино үзлээ. Тэгсэн Оросын хаант үеийн нийгмийн пирамидын дээд давхарга 100 мянган хүн гэж байж. Гэтэл одоо ч сонингийн борлуулалтын тоо мөн 100 мянга орчим л байдаг гэнэ. Гэтэл тэдний бараг ихэнх нь Монгол овогтой гэх. Тэгэхээр манайх тийм дээд давхарга, тэр үедээ бараг тал нь байсан байж ч болох. Гэтэл манай түүхийг маш их гуйвуулах юм. Кино, уран зохиолоор бүр зорилготой нэг их тэнэг маанаг, бүдүүлэг, ууртай, шартай, бараг араатан байсан гэж бүр ойлгуулж дөнгөчихлөө. Бид ч өөрсдөө тэгж төсөөлж байж мэднэ. Яалаа гэж дээ. Асар ухаалаг, дипломатч, улстөрчид, сэхээтнүүд байсан болоод л дэлхийн дарга болно оо доо. Сэхээтнүүд л байсан хэрэг шүү дээ, тэд чинь. Энийг бодохоор уур хүрээд байх юм. Яаж зүгээр л алах талахаас өөр юм мэддэггүй, тэнэг улс тийм том эзэнт гүрэн, нэгдсэн улс байгуулах юм бэ?

-Түүхээ мэдэж байгаа болохоор уур чинь хүрээд байгаа байх, мэдэхгүй нэгэн нь тийм юм болов уу гээд л явна шүү дээ. Эзлэгдсэн орнууд эзэлсэн орныхоо түүхийг хэзээ ч сайнаар бичдэггүй. Бид хогийн новшнуудад, ийм балмад юмнуудад л төрөө  алдчихсан юм гэж хамаг бурууг бидэн рүү чихнэ биз дээ? Хэн ч тэгнэ. Яаж тэд биднээс ухаантай болоод бид ялагдчихлаа гэж хэлэх юм бэ? Тэртээ үеэс л эхэлсэн юм шүү дээ. Монголчууд бүдүүлэг, харгис, яргачин гэж л бичиж ирсэн. Харин ХХ зуунаас л өөрөөр харж эхэлсэн дээ. Гэтэл харин бид өөрсдөө түүхээ үгүйсгэж, Чингис хаанаа харааж байсан чинь саяхан шүү дээ. Түүхээр хүмүүжүүлнэ гэдгийн цаад учир энэ. Одоо дэлхий даяараа бид ч өөрсдөө өвөө, эмээ нараа балмадууд байсан гэх нь холгүй болгож дөнгөсөн л байгаа байхгүй юу. Чи сая яг үнэн асуулаа. Нээрээ яаж тийм балмад тэнэг улс энэ дэлхийг захирах юм бэ гэж? Тэгэхээр л юун Еврей, юун Орос вэ гэдэг чинь байхгүй юу. Эх оронгүй хүн түүхгүй. Түүхээ үл мэддэг хүн хэний ч эрх ашгийг харанхуйгаар илэрхийлэгч болчихож мэднэ. Гадны юм бүхнийг бишрэн шүтэгч, даган дуурайгч болж хувирна, өөрсдийгөө голно, толгой сэгсрэнэ, үндэсний үнэт зүйлсээ хоцрогдол гэж адлана. Түүхээ өөриймшүүлээгүй, баахан ялагдсан орны хорслоор бичсэн түүхээр ойлгодог, гадагшаа залуус их сургууль төгсөөд бас л тэдний зааж буй түүхээр буюу өөрсдийгөө дөвийлгөсөн түүхээр толгойгоо угаалгаад ирж байна шүү дээ. Ингээд түүхээсээ ичих нь холгүй улс маш олон болж байна. Цаашид ч нэмэгдэх учраас л би бас нэг зүгээр л товч түүх хийсэн ухаантай юм.

-Одоо тэгээд яах вэ?

-Яах юу байхав. Түүхээ л бүх шатанд хүчээр заамаар байна. Хамгийн сонин нь түүхийн хичээлийг сонгож үздэг хичээл болгочихсон байх юм. Хятадын хийсэн Чингис хаан олон ангит киногоор л бид “Нууц товчоо”-гоо мэдлээ шүү дээ бараг. Чи хоёр 2 тэрбум шахам хүнтэй өмнөд хөрш, хүн ам нь хэдэн зуун саяар тоологддог хойд хөрш хоёр түүхэндээ ямар их анхаарал тавьж байгааг харж байгаа биз дээ. Тэд хэзээ ч мөхөж алга болохгүй ард түмнүүд. Түүхээ тоохгүй, талх, мантууныхаа араас л яваад байж болох л шүү дээ. Гэтэл  яагаад хамгийн гол анхааралдаа байлгаад байна. Гэтэл бид ний нуугуй, муугаар бодож хэлэхэд хэзээ мөдгүй алга болж мэдэх ард түмэн, гуравхан саяулаа юм чинь. Энэ тоглоом биш, би муу амлаж ч байгаа юм биш. Яаж босч ирэх вэ?! Ганцхан түүхээ л тулж босч ирнэ. Монгол мөртөө монголоор ярьдаггүй хэдэн арван мянган монгол нэртүүд цаана чинь бий болж байна, юун түүх манатай, хэлээ мэдэхгүй  монгол хүмүүсийн арми бий болж байна. Тэд хэний эрх ашгийг илэрхийлэгч болох вэ?! Монгол математик, физик, хими, шугам зураг гэж байхгүй. Харин монгол хэл, монголын түүх , монгол уран зохиол л гэж бий. Энийг л дээдэс ойлгож, түүхээ нэгдүгээрт тавимаар байгаа юм. Маш сонирхолтой бага, дунд, дээд  боловсролын түүхийн хичээлийн хөтөлбөр гаргах хэрэгтэй байна. Дээр нь ард түмнээ ядуурлаар биш, түүхээр бөмбөгдмөөр байна. Захын Өвөрмонголтой түүх ярихад ярина шүү. Манайхнаас түүх ярих гэхээр маш цөөхөн хань олддог орон болоод удаж байна. Гадаадад дээд сургуульд тэнцсэн бол заавал түүхийн хичээлээр 90-ээс дээш оноо авсан хүнийг явуудаг болсон ч буруутахгүй гэж би мунхагладаг юм. Гарын үсгээ заавал монгол бичгээрээ бичдэг хүн хилийн дээс алхдаг болгосон ч яадаг юм. Хүний эрх гэж орилцгоох л биз. Улс үндэстний эрх ашгийн дэргэд хүний өчүүхэн эрх юу юм, юу ч биш шүү дээ.

-Манай төр засгийнхан дунд түүхээ сонирхдог, үгүй ядаж та нарыг ойлгож, дэмждэг хүмүүс байна уу. Баахан нүүрс түлээ, төмөр зам,  доллар ярьсан хүмүүс л харагдах юм. Чингис, Хубилайн тухай кино хийнэ гээд л хүмүүс давхиад байсан хүчирсэнгүй. Зохиол нь болохгүй байдаг юм уу. Мандухайг Ш.Нацагдорж гуай зохиолыг нь бичсэнээс сайн болсон гэдэг. Одоо ийм түүхэн зохиол бичих хүн үлдсэн үү, ер нь?

-Харагдахгүй болохоос байгаа л байлгүй дээ , эрх биш. 70, 80 ихэс дээдэс дунд 7, 8 байхад л уг нь болох юм шүү дээ. Сониноос харин Их хурлын дарга миний сонсдог түүхийг сонсоод талархал илэрхийлсэн шүү. Би ойр зууртаа түүртээд хариу талархлаа илэрхийлж амжаагүй л явна. Энэ ярилцлагаараа дамжуулаад, цаг зав гаргаж, сонсоод санал бодлоо илэрхийлж , зөвлөгөө өгсөн З.Энхболд даргад гүнээ талархсанаа илэрхийлье. Түүхийн хүрээлэн, МУИС, Боловсролын их сургууль, ШУТИС гэх мэт газруудад л яам нь үүрэг өгөхөд уг нь энэ асуудал цэгцрээд ирнэ дээ. УИХ  шаардагдах хөрөнгийг нь унжилгуй шийдээд өгвөл уг нь санаачилгын асуудал л байгаа юм. Популизм хийдэг улстөрчид нь харин үүнд хийгээд өгөөсэй, туслахад бэлэн байна. Нэр хүнд нь суга өснө дөө. Нүүрснээс илүү нэр хүнд олох орон зай байна шүү, энд.

-Нэгэнт түүхч хүнтэй уулзаж байгаагийнх, ганц хоёр сонин содон хууч хөөрье дөө, хоёулаа. Хууч ч юу байхав, албан түүхэнд ороогүй албан бус түүхийн сонин юу байна. Барон Унгерныг бид хэрхэн үнэлэх ёстой юм бэ гэдгээр эхэлье.

-“Хүний нийгмийн оюун санааны хөгжил дэвшлийг ойлгое гэвэл түүхийг нь ойлго!” гэж Гегель хэлсэн байдаг даа. Гегелийн диалектик хөгжлийн тухай гүн ухааны бодролууд нь бүхэлдээ түүхэнд хийсэн анализ л юм гэж бид заалгаж байлаа. Гегель түүхийг судлах, мэдэх, ойлгох гэдэг нь өнгөрснөө санан дурсах, өнгөрсөн үеийн хэн нэгнийг магтах буюу жигших биш, харин одоогийн хүмүүс нь юу хийж, хаашаа чиглэн явж байгаагаа туулж өнгөрүүлсэн түүхээсээ олж харж ухаарч, сэхээрч, танин мэдэх явдал юм гэдгийг хэлж сургасан. Түүхийг ойлгохгүйгээр хөгжил дэвшил гэж юу болохыг ойлгох аргагүй гэдгийг Гегель бүтээлүүдээрээ хүн төрөлхтөнд анхааруулсан юм. Бид ч түүхэндээ ингэж л хандах ёстой. Энд л түүх судлал гээчийн ач холбогдол, нэр хүнд оршино. Харамсалтай нь бид түүхийг үлгэр, өнгөрсөн цагийн дурсамж гэж үздэг үзлээсээ салж чадаагүй л байна шүү. Яг энэ үзлийнхээ үүднээс түүхэн бие хүнд хандах хандлагаа гаргаад байдаг. Хүмүүс Барон сайн уу, муу юу, яг ялгаад хэлээд аль гэж нэхдэг. Тэгээд тэрийгээ тойроод талцаад хуваагдчихдаг. Түүхэн үйл явдлыг ч ялгаагүй, зөв, буруу аль нь вэ хө гээд суучихдаг. Гэтэл түүх өөрөө шүүлтүүртэй, бас цаг хугацааны орчилтой, бичих хүмүүстэй байдаг. Хүн бүр түүх мэддэг боловч хүн бүр түүхч байдаггүй. Төгс түүх гэж байдгүй. Харин хүмүүс үлгэр домог болгож, бараг уран сайхны кино мэт ойлгоод нэхээд байдаг. Хэцүү шүү дээ, түүх судална, түүхч байна гэдэг.

-Энэ хандлагаас харвал Бароныг хэрхэн үнэлэх вэ. Яг хоёр хуваагдчихаад байна ш дээ. Жишээ нь, би Бароныг магтдаг талын байлдагч...

-Өнөөдрийн цаг хугацааны орчлоос нь харвал Барон Монголын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэсэн бие хүн. Өчигдрийн цаг хугацааны орчилд бол дайсан байлаа .Социализмын үед Бароныг өөр нүдээр харсан хүн байгаагүй дээ. Одоо ч тэр инерци нь байна. Гэтэл түүхэн үнэн бол хэрэв тэр Хүрээг 10 мянган Хятад цэргээс чөлөөлөөгүй бол яах байсан бэ гэсэн асуулт гарч ирдэг. За чи энэ талаар надаас бараг дутахгүй дээ.

-Хувь хүний хувьд бол орон гэргүй зайгуул, харгис дарангуйлагч, зальт этгээд гэдэгтэй санал нийлэх үү. Тэгж л энэ олон бодоод байх шиг. Би их уншсан болохоор түүхч хүний үг авах гээд байна.

-Нийлэхгүй. Тэр өөртөө агуу их итгэл үнэмшлийг бий болгоод, тэр итгэл үнэмшилдээ эцсээ хүртэл үнэнч байсан хүн. Большевизм бол Орос орныг үгүйрүүлэх аймшигт гамшиг гэдгийг олж харж чадсан хүний нэг. Оросын Цагаан хөдөлгөөний түүх Колчак, Корнилов, Юденич, Деникин, Семенов, Унгерн нарыг түүхийн тавцан дээр тоос шорооноос нь салган хүндэтгэлтэйгээр залж байна шүү дээ, одоо. Унгерн ч манай түүхийн нэгэн хүндэт суудалд сууна.

-Тэр цаг холгүй гэдэгт найдъя. Сониноос Бароныг манайхан барьж Щетинкинд тушаагаагүй, Барон үхээгүй хүүтэйгээ хамт монголчуудын дэмжлэгээр Түвдээр дамжаад Бирм гараад явчихсан гэдэг яриа бий?

-Албан бус түүх гэдэг чинь энэ дээ. Гэхдээ Бишрэлт гүн Сундуй тэргүүтэй монгол цэргүүд Бароныг барьж хүлээд л майханд нь орхиод явчихсан нь үнэн, большевикуудад тушаагаагүй нь ч үнэн. Монголчууд "Дайны бурхан" гэж Богд хааны өргөмжилсөн Барон Унгернд маш их хүндэтгэлтэй ханддаг байж. Эхлээд Бароны цэргийн офицеруудын дотор хуйвалдаан гараад хурандаа Резухиныг алчихаад, Бароныг алах оролдлого хийсэн. Тэднээсээ зугтаад Барон монголчууддаа давхиж ирсэн. Тэр Улиастай хавьд өвөлжиж аваад Түвд руу явах төлөвлөгөөтэй байсан. Далай ламаас дэмжлэг авна гэж тооцож байсан юм билээ. Манжуур руу явъя гэсэн цэрэг офицеруудаа чөлөөтэй тавиад явуулсан шүү дээ. Тэднийх нь дотор хожим Бароны тухай дурсамж бичсэн М.Торновский ч байсан. Торновский бол Унгерний Азийн морин дивизийнх нь штабын дарга байсан хүн. Тэр дурсамжиндаа, монголчууд Бароныг барьж хүлээд майханд нь оруулж тавьчихаад хүндэтгэн ёсолчихоод л яваад өгсөн гэсэн байдаг. Харин 1921.08.20-ны өглөө унгернчуудын мөрийг мөшгиж явсан Щетинкиний эргүүлийн цэргүүд майхан байхаар нь очоод шагайсан чинь хүлээтэй хүн хэвтэж байж. “Хэн бэ чи” гээд асуусан чинь "Би бол Азийн морин дивизийн дарга дэслэгч генерал Барон Унгерн Штернберг байна" гэж Торновский бичихдээ "Улаан партизанууд тийм үг сонсоод эхлээд амаа ангайтал гайхсанаа монгол дээл дээр хадсан генерал мөрдөс, Георгийн загалмайгаар нь танин амаа цууртал баясан инээсэн гэдэг" гэсэн байдаг юм. Бароныг монголчуудын сэтгэл зүйг огт ойлгоогүй хүн гэж бас тэр шүүмжлэн бичсэн юм шүү. Өнөө ойлгомжгүй монгол зан гэдгийг нь ойлгосонгүй л дээ.

-Үхээгүй гэдэг нь мэдээж худлаа яриа?

-Аа тийм. Торновский 1937 онд Шанхайд байхдаа нэгэн фото зураг үзсэн байдаг юм. Тэр зураг дээр гурван хүний зураг байж. Нэг нь Бирмийн томоохон сүмийн өвгөжөөр лам, нөгөө нь 15-17 насны ламхай, голд нь 42-45 насны барон Унгернтэй нүгэлтэй адилхан хүн. Тэр зургийг хүмүүс Унгерн хятад эхнэрээсээ төрсөн хүүтэйгээ байгаа зураг гэж тайлбарлаж өгчээ. Хэдийгээр Торновский эргэлзсэн ч "Миний үзсэн зураг дээрх хүн бол яах аргагүй жинхэнэ Унгерн байсан юм шүү. Хэрвээ хэн нэгний захиалгаар дууриалган хийсэн бүтээл байсан бол маш сайн урлаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх естой... Гэхдээ л гэрэл зургийн хувьд миний хэлсэн зүйлд бүрэн итгэж болно" гэж бичсэн байдаг. Эндээс л Унгерн үхээгүй гэсэн домог амилсан болов уу даа. Монгол бөө нар цогцсыг амилуулаад, Түвдээр дамжуулан Бирмд хүргэж, сүмд Унгернийг нуугаад дараа нь Бээжингээс хүүг нь аваачиж өгсөн гэдэг домогтой. Домгоос үүдээд гоё адал явдал өрнүүлэн ургуулан бод доо. Чи зохиолч хүн. Осендовский дээр 1945.1 сард СС-ийн  офицерийн дүрэмт хувцастай хүн ирж, өөрийгөө Унгерн фон Штернберг гэж танилцуулан шөнжингөө ярилцаж суугаад явахдаа түүний "Хүн, араатан, бурхад" номыг нь нандигнан бариад гарсан гэж. Энэ хэн байв. Нөгөө зураг дээрх хүү мөн үү?! Маргааш нь Осендовский нас барсан.

-Ярих ч юм алга. Бэлэн кино зохиол. Осендовский гэснээс түүний энэ номыг хоёр үнэний дунд нэг худал хавчуулсан уран зохиол гэж зарим судлаач ярих юм билээ. Түүх талаасаа ямар байдаг юм бол?

-Харин тийм ээ. Янз янзаар ярьдаг. Түүнийг "ХХ зууны Марко Поло" гэж алдаршуулсан ном шүү дээ. 40 хэлээр 180 гаруй удаа хэвлэгдсэн бүтээл. Манайд нэрт орчуулагч Ж.Нэргүй гуайн орчуулгаар дөрөв, таван удаа хэвлэгдсэн байх шүү. Шамбалыг түлхүү бичсэн болохоор нь хүмүүс тэгж ханддаг байж магад. Хуудас болгон нь нууцлаг үйлээр дүүрэн гэж хэлж болно доо.

Тэр бас Монголыг "Оньсого шиг Монгол " гэж үнэлсэн хүн. Таньж чадаагүй л гэсэн үг. Өнөөх л байхгүй байна… гэж ярьдаг хачин ухааныг. Түүхэн үйл явдлуудын талаар худал зөрүү бичээгүй. Бүгд л бодитой бичигдсэн байдаг. Уран зохиол бичдэг байсан хүн учраас түүхэн үйл явдлыг уран яруугаар бичсэн тал бий байх. Ямар мань мэт биш. Колчакийн санхүүгийн зөвлөх байж байгаад түүнийг алагдсаны дараа Унгерний дэргэд ирж, түүний дэмжлэгээр урагшаа гарсан байдаг. Унгерний эхнэртээ өгүүлсэн мөнгийг хүргэхээр Хайлаар руу гарч, Владивостокт очоод тэнд байхдаа энэхүү номоо бичсэн гэдэг. Шамбалын тухай бичсэн цөөхөн европ хүний нэг нь Осендовский. Энэ шамбалын  ертөнцийг үлгэрийн ертөнц гэж одоо хэр ойлгодог ч эрсээр л байгаа шүү дээ.

-За, нэгт нь лав Рерих, нөгөөдүүл нь?

-Францын далд нууцын эрэлчин Александр Сент-Ив де Альвейдр, алдарт Блаватская, Рене Хенон гэх мэт бий . За одоо түүхээсээ дэндүү хадуурах нь. Болих уу?

-Ганц зүйл тодруулъя, уншигчдад сонин байж магад. Орос орон Октябрийн хувьсгалын хэтийн хувь заяаны талаар нэг монгол лам яг хэлсэн гэж байдаг байх аа?

-Энэ номд маш олон сонин хачин бий л дээ. Олон хүн уншаа байлгүй дээ. Богд хаан Оросын хаан 1-р Александрын хувь тавиланг яг зөгнөж хэлсэн, тэр нь Орос домогтой яг таардаг тухай 1921 оны эхээр Нарванчин хийдийн хутагт шамбалын орны хаан энэ хийдэд морилж, айлдвар хэлэхдээ "...Гурван том эзэнт улс үүсээд 71 жил оршин тогтнож, дараа нь 18 жил дайн эвдрэл сүйрэл үргэлжилнэ. Зөвхөн үүний дараа л Агартийн ард түмнүүд агуйгаасаа газрын хөрсөн дээр гарч ирнэ" гэж хэлсэн тухай байдаг. За тэгээд нэг мэргэч хүүхэн Унгернийг 130 хоногийн дараа үхнэ гэж хэлсэн .Тэр ёсоор ч болсон. Тэгж хэлэхэд нь Унгерн босон харайж  "Тийм ээ, би үхнэ. Гэхдээ энэ гол биш. Чингис хааны удмынхан сэрцгээсэн. Монголчуудын зүрхэн дэх тэмцлийн галыг унтраах аргагүй. Агуу хүчирхэг гүрэн Ази тивийн нутаг дээр мандан бадрах болно" гэж хэлсэн тухай бичсэн байдаг. Энийг хоёр үнэний дундах нэг худал гэх нь хаашаа ч юм, тийм биз дээ.

-Чиний сонсдог түүхэнд Унгерний талаар товч байсан болохоор би тодруулаад байсан юм. Сонсдог түүх цааш үргэлжлэх үү?

-Үргэлжилнэ. Надад санал, хүсэлт, бас зөвлөгөө нэлээд ирж байгаа. Тэр бүгдийг тусгаад " Монголчууд-2" гэсэн багц CD яг одоо хийгээд л явж байна. Нийт таван CD байх юм. Өмнөхдөө хэд хэдэн сэдэв нэмж оруулсан. 10 цагийн  нэмэлт нэг CD нь "ХХ зууны түүхт хүмүүсийн түүх" нэртэй байх юм. Энд Бароноос авахуулаад Бавуужав, Дамбийжаа, Жалханз хутагт Дамдинбазар, манзушир хутагт Цэрэндорж, шанзав Бадамдорж гэх мэт 35 түүхт хүмүүсийн товч түүх орж байгаа. Санхүүжүүлэгч л хэрэг болж байгаа даа. Эх түүхэндээ элэгтэй, оньсого шиг нэг монгол гарч ирэх байлгүй л гэж бодож байна. Бидэнд ямар тоолдог нь байх биш .Үйл явдлын, он цагийн плакат хавсралт болгож хийнэ. Ойрын төлөвлөгөө энэ л байна.

-За, баярлалаа. Би хааяа ярилцлага хийдэг, овоо хүн уншаад байх шиг болохоор л найзыгаа урилаа. Найз нараасаа л эхэлж байгаа юм. Амжилт хүсье. Төвлөрөөд суугаарай даа. Бас битгий төвөөс зугтаад явчихаарай.


ЯРилцсан Д.ТӨРМӨНХ

Tuesday, March 11, 2014

Бага насны хүүхдүүд ахлах, дундынхнаасаа илүү ном сонирхдог...

Дунд сургуулиудаар явж, хүүхдүүдтэй уулзаж, номын тухай ярилцаж явахад нэг зүйл их содон анзаарагдаж байна. Энэ нь ахлах ангийхнаас дунд ангийнхан нь илүү их ном сонирхож, илүү их уншдаг болох нь мэдрэгддэг. Ялангуяа 6-р ангийнхан. Гэтэл тэднээс илүү номонд дуртай байгаа үеийнхэн бол бүр 1-2-р ангийнхан.
Энэ нь нэг л сайхан баяр баясгаланг төрүүлнэ. Яагаад гэвэл цоо шинэ оюун бодолтой, ёс зүйтэй, эрмэлзэл тэмүүлэлтэй үе ар араасаа яг л хаврын ногоо мэт улам бүр хүчтэй түрэн гарч ирсээр байна. Монголын маань ирээдүй болсон бага балчир үрсийн оюун санаа, сэтгэл зүрх нь гэрэл гэгээ өөд, танин мэдэхүй өөд урьд өмнөх үеэсээ илүүгээр тэмүүлж байна. Энэ сайхан хэрэг биш үү. Энэ янзаар бол ном бараг мэдэхгүй шахам өссөн 90-ээд оныхны үе шувтарч, аргагүй цоо шинэ сайхан үеийнхэн тун удахгүй та бидний халааг авах нь дээ...




Өчигдөр буюу 3 сарын 10-нд Нийслэлийн 20-р сургуульд Хөхдэвтэр хэвлэлийн газраас "НОМЫН ӨДӨРЛӨГ"-ийг амжилттай зохион байгууллаа. Хуучин орос сургуулийн бааз суурь дээр байгуулагдсан тус сургуулийн орчин тун аятай сэтгэгдэл төрүүлэв.
Юуны өмнө 6-7 ангийнхны дунд уран зохиолын 6-р ангийн мэдлэгийн түвшинд АХА тэмцээн зохион байгууллаа. 70 гаруй хүүхэд оюун ухаан, мэдлэгээ сорьсон энэ тэмцээнд гурван хөөрхөн хөвүүн хүндхэн асуултуудыг ажралгүй давсаар шөвөгт үлдэж, 6-б ангийн сурагч Ө.Чинзориг түрүүллээ. Мөн 6-в ангийн сурагч Батзолбоо удаалж, 7-б ангийн сурагч Д.Бадрал гуравдугаар байрт шалгарав. Эдгээр хөөрхөн хөвүүдийг Хүүхдийн сонгодог зохиолын цувралаасаа шагнаж урамшууллаа.
АХА тэмцээний дараа 20-р сургуулийн хамгийн шилдэг ном уншигч болох 11-б ангийн сурагч Б.Алтанзул, 3-б ангийн сурагч Энгүүнбаяр нарыг тус бүр 4 ном, мөн шилдэг номын сантай ангиар тодорсон З.Алтантуяа багштай 10-б, Го.Энхтуяа багштай 7-б, С.Жавхлан багштай 8-в ангиудыг тус бүр 6 ном, сургуулийн номын санд мөн 6 номоор урамшуулав.
Дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолоос дээжилсэн ЭРДЭНЭСИЙН САН - 108 цуврал номоо дэлгэн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, бас 30 хүртлэх хувийн хямдралтай худалдаа хийлээ.
Дараа нь 9-10 дугаар ангийн сурагчдын дунд "Ном надад юу бэлэглэдэг вэ?" сэдвээр чөлөөт ярилцлага явуулав. Мундаг том том зохиолууд уншсан хэд хэдэн охид байсныг зориуд хэлэх хэрэгтэй. Цэцэнгоо охин Английн сонгодогуудын манлайд явдаг Ш.Бронтегийн "Аянгат даваа" зохиолын үзэл санааг шүүмжлэн эргэцүүлж буйгаа илэрхийллээ. Мөн Канадын хүүхдийн алдартай зохиолч Монтгомерийн "Ногоон давхарцагийн Анна охин" зохиолын тухай ч саналаа хэллээ. Өөр нэгэн охин А.Рыбаковын "Арбатын хүүхдүүд", бас нэг охин Сюзан Коллинзийн зохиолуудын тухай ярьж байна. Харин баньд нар маань таг чиг. Зарим нь том ам ангайлгаад эвшээлгэж байгаа харагдав.

Энэхүү арга хэмжээг бидэнтэй хамтран зохион байгуулсан тус сургуулийн сургалтын менежер Г.Нарангэрэл, номын санч Б.Мөнхжаргал нарт талархаж буйгаа илэрхийлье.
Б.Номинчимэд

Saturday, March 8, 2014

Хүлээ, намайг хүлээ

Хүлээ, намайг хүлээ
Хүрээд ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ.
Харанхуй үдшээр ч хүлээ
Хайруу үүрээр ч хүлээ
Цасан шамарга бүхнийг хулдаж
Цан хүүрэг бүхнийг царцаасан ч

Хүлээ, намайг хүлээ
Хүрээд ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ.
Бүгдээр намайг мартаж
Бүр сураг тасарсан ч хүлээ
Азарган бороо шавхуурдсан ч
Аагим халуун мансууруулсан ч
Өчүүхэн ч эргэлзэлгүй
Өөр юунд итгэж найдалгүй хүлээ

Түүдэг тойрон суугаад хатуу дарс сөгнөх
Төө зайгүй дайчин нөхөд минь намайг дурсаж
Гашуудлын хундага өргөсөн ч бүү эргэлз,
Гарцаагүй намайг ирнэ гэдэгт итгэ.
Ээ, одоо март даа гэж бүгдээр чамайг ятгаж байсан ч
Ээж минь, хүү минь намайг ирэхгүй нь дээ гэж
Итгэлээ алдан цөхөрсөн ч бүү эргэлз,
Эргээд ирнэ гэдэгт минь л итгэ.
Эргээд намайг амьд очиход минь
Эргэлзэн гайхаж, аз таарчээ гэж хэн нэгэн хэлбэл
Сум асгарч, бөмбөг дэлбэрсэн тэр үхлийн орноос
Хүлээж чадсан чиний минь сэтгэл л авчирсан юм гэж
Хүн бүхэнд сонсогдохоор би хашгирна аа.
Хүн хүнээс илүү чи минь
Хүлээхийн дээдээр хүлээсэн учраас л
Бидэн хоёр хамтдаа байгааг
Бүгдээр тэгээд мэдэх болно оо.
Хүлээ, намайг хүлээ
Хүрээд л ирнэ гэж хүлээ
Хүлээхийн дээдээр хүлээ...

Константин Симонов

Энэ шүлгийг эх орны их дайны хүнд хэцүү үе болох 1941-1942 оны зааг дээр бичжээ. Энэ шүлэг тухайн үеийнхэнд ялах, хүлээхийн аугаа их итгэл найдварыг өгч байсан гэдэг. 

Монгол хэлээр найруулсан Б.Номинчимэд

2400 хүүхэдтэй сургуулиас 24 хүүхэд ном худалдан авч байна.

Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын ЭРДЭНЭСИЙН САН - 108 цуврал номоо хүүхэд багачууддаа хүргэж сурталчлах ажил эхлээд байна. Энэ ажлын нэг хэсэг нь дунд сургуулиудаар аялж, хүүхдүүдэд номынхоо дээжийг дэлгэж, АХА тэмцээн зохиож, ном уншихын ач холбогдол, ном бидэнд юу өгдөг талаар яриа хийж, сургууль болон ангийн номын санд ном хандивлаж, сайн уншигчийн тодруулан урамшуулах юм.
Өнгөрсөн 3 дахь өдөр буюу 3 сарын 5-нд Нийслэлийн 28 дугаар сургууль дээр номын өдөрлөг зохион байгууллаа.
АХА тэмцээнийг 6 дугаар ангийн уран зохиолын мэдлэгийн түвшинд зохиож байгаа ба хүүхдүүд маш идэвхтэй оролцох нь хөөрхөн. 28 дугаар сургуулийн 6-р ангийн 6 бүлгээс тус бүр 10 хүүхэд нийт 60 хүүхэд тэмцээнд оролцов. Тэмцээний их шөвөгт шалгарч үлдсэн дөрвөн хүүхдийг ЭРДЭНЭСИЙН САН - 108 номоосоо урамшуулан шагналаа. Түрүүлсэн 6-е ангийн сурагч Тэмүүлэн бараг манай бэлдсэн бүх асуултад түгдрэлгүй хариулсан юм. Хамгийн хэцүү асуулт нь Жангар баатрын аж төрөн суудаг орны нэр байлаа. Мөн 28-р сургуулийн номын санд 20 ном, шилдэг ном уншдаг нэг ахлах, нэг дунд ангийн номын сангийн баяжилтад мөн ном хандивлав. Бас сайн уншигч нэг охиныг ч эрдэнэсийн сангаасаа урамшууллаа.
Бид өмнө нь "Шинэ Монгол" дунд сургууль, нийслэлийн 51, 73 дугаар сургуулиадад энэ арга хэмжээгээ зохион байгуулсан.
51, 73 дугаар сургууль дээр болсон АХА тэмцээнд 75 хүүхэд оролцож, 51-р сургуулийн О.Хулан тэргүүн байр эзэлсэн, мөн тусгай байрт 4 хүүхэд шалгарч номоор шагнуулсан билээ. Шилдгийн шилдэг уншигчаар шалгарсан 73-р сургуулийн 8в ангийн сурагч Д.Бүрэнжаргал, 51-р сургуулийн 7а ангийн сурагч А.Жигжид нарыг "БӨГЖНИЙ ЭЗЭН" зохиолын 3 ботиор, мөн 51-р сургуулийн Г.Ариунхур/3в/, Б.Наранжаргал/8г/, Н.Хулан/9б/, 73-р сургуулийн Э.Дөлгөөн/10б/, М.Мөнх-Оргил/9а/, Д.Даваабаяр/9а/ нарыг ч номоор урамшуулав. Мөн 73, 51-р сургуулиудын номын сангуудад тус бүр 30 ном, ном сайн уншдаг ангийн хамт олонд ч тус бүр 10 ном хандивласан юм.
Хүүхдүүд ч, сургуулийн орчин ч сайхан хүлээж авч байлаа. Бидэнтэй хамтарч ажиллан, сэтгэл зүтгэл гарган зохион байгуулалцсан 51-р сургуулийн нийгмийн ажилтан Ж.Оюунцэцэг, 73-р сургуулийн нийгмийн ажилтан Ц.Сувдаа, 28-р сургуулийн нийгмийн ажилтан Должинсүрэн, Мэндбаяр нарт гүнээ талархаж буйгаа энэ ялдамд илэрхийлж байна. Мөн бидний ажилд урам зориг өгч дэмжин, уншигч зохиолчийн уулзалтад уриалгахан ирж, хүүхдүүдтэй сайхан яриа өрнүүлсэн зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа анддаа ч ихэд талархаж байна. Засгийн газраас зарласан НОМ ХӨТӨЛБӨР-ийн ажлын нэг хэсэг нь болох учир бид ая зүйгээ олоход ч амар байв.

Гэхдээ бас зарим нэгэн саад бэрхшээл байсан юм.
1. Хүүхдүүд ном сонирхох явдал 4 жилийн өмнөхөөс эрс сайжирсан ч ном худалдаж авах нь маш бага байна. Тухайлбал, 28 дугаар сургууль бол 2400 орчим хүүхэдтэй нийслэлийн маань томоохон сургуулийн нэг юм. Бараг 2000 орчим хүүхэд бидний дэлгэсэн номыг ирж үзэцгээсэн. Гэвч 24 хүүхэд л ном худалдан авав. 100 хүүхдийн нэг нь ном худалдаж авч байна гэсэн үг юм. Энэ хангалттай тоо биш л дээ. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Юуны өмнө санхүүгийн боломж хомс байгаа явдал. Хүүхдүүд халаасандаа ихэвчлэн л ганц пирожкиний мөнгөтэй явдаг бололтой юм. Гэхдээ уг нь бид хэд хоногийн өмнөөс бүх ангиудаар хямдралтай үнээр ном зарах тухай, хамт олноороо нийлж ангийн болон хувийн номын сангаа баяжуулах боломжийн тухай, эцэг эхээсээ ном авах мөнгөтэй ирэх тухай зарыг хангалттай тараасан юм. Манай ном ч өндөр үнэтэй биш, ихэнхдээ 5000 төгрөг байгаа.
Хоёрдугаар шалтгаан нь эцэг эхчүүд, багш нарын зүгээс ном уншдаг хүүхдийг урамшуулдаг, дэмждэг, тэдэнд энэ талаар ярьж, таниулдаг, сурталчилдаг, үлгэр жишээ үзүүлдэг байдал маш хангалтгүй, бүр бараг 00 байдалтай байгаа нь харагдаж байна. Ялангуяа уран зохиолын багш нарын чадавхи их чамлалттай санагдав. Тэднийг сургах, давтан сургах цаг тулжээ гэж бодож байна.

2. Зарим эцэг эхчүүд биднийгээ "Сайхан үгээр хүүхдийн толгой эргүүлж бизнес хийж байна" хэмээн зэмлэх ч байдал харагдаж байв. Уг нь бид Дэлхийн хүүхдийн шилмэл зохиолын цуврал 108 номыг хэдэн жилийн хөдөлмөрөө зарцуулан байж гаргахдаа нэг их ашиг олоод баяжия гэсэн ганц бодлын үүднээс эхлүүлээгүй юм. Дэлхийн хөгжингүй улс орнуудын хүүхэд багачууд ямар сайхан зохиол бүтээлүүдийг уншиж байна вэ, ямар өндөр түвшний утга зохиол уншиж байна вэ, тэр л сайхан номыг нь, тэр л өндөр түвшинийх нь утга зохиолыг монголынхоо багачуудад уншуулах юмсан гэсэн нэгэн хүсэл бидний үйл ажиллагааны эхлэл байсан юм. Боломжтой бол бид хийсэн бүхнээ үнэгүй ч тарааж болохсон, гэвч хэрвээ тэгвэл бид дахиад нэг ч ном хэвлэж чадахгүйд хүрнэ, дахиад нэг ч ном орчуулж, өөрсдөө ч ном бичиж чадахгүйд хүрнэ. Бид ашиг олохын тулд ном зардаггүй, харин дахин шинэ ном, өөр олон сайхан ном гаргахын тулд л номоо зарж байгаа юм гэдгийг ойлгоосой гэж хүснэ. Уг нь бид Эрдэнэт, Оюутолгой, АПУ-гаас эхлээд үндэсний гэх томоохон компаниудаар хэдэн жил гүйж, 108 номыг бүгдийг нь биш юм гэхэд 18 шилдэгийг нь хэдэн мянгаар хэвлээд хүүхдүүдэд тараачих санхүүжилт хайсан боловч тэдний нэг нь нэг ч төгрөг хялайлгаагүй юм. За тэр ч яахав, тэдний тусламжгүйгээр бид монголынхоо номонд дуртай багачуудынхаа тусламжтайгаар юутай ч 130 гарчиг зохиолын орчуулгыг дуусгаж, 110 номыг бага тоотой ч гэсэн хэвлүүлж гаргаж чадлаа.

3. Дунд сургуульд 6-р ангиас эхэлж уран зохиолын хичээл үзэж эхэлдэг юм байна. Энэ үнэхээр харамсалтай мунхаг явдал мэт санагдана. 5-р ангид ёс суртхуун, хүн ба нийгэм зэрэг зарим хичээлд уран зохиолын элементүүдийг оруулсан гэж Боловсролын яамныхан тайлбарладаг. Гэвч тэр элемэнтүүд нь үнэхээр уран зохиол гэхэд хэцүү зүйлс байх юм. Одоо нөгөө яаж баяжих вэ, яаж хүний анхаарлыг татах вэ, яаж амжилт олох вэ гэдэг арилжааны номуудад гардаг шиг зүйлс байна. Тэгэхдээ их цөөхөн, хааяа нэг үлгэр. Гэтэл уран зохиол гэдэг чинь түүнээс шал өөр зүйл шүү дээ. Нөгөө онгоц, алим хоёр шиг ондоо зүйл. Нөгөө талаар хэдийгээр 6-р ангид уран зохиол үзэж эхэлж буй ч хичээлийн хөтөлбөрт багтсан сэдвийн тоо цөөн, үздэг уншдаг нь маш бага, зүйр сэцэн үг, оньсого, жороо үг гэх мэт ардын уламжлалын хажуугаар монгол ардын хэдхэн үлгэр, мөн Шарль Перро, Гримм, Андерсен нарын хэдхэн үлгэр, тэгээд дотоодынхоо гарын таван хуруунд багтах хэдхэн зохиолчийн нэг нэг шүлэг, нэг нэг богино өгүүллэгээр хязгаарлагдана. Энэ биш ээ. Иймэрхүү эрэмдэг хагас дутуу байдлаар уран зохиолын боловсрол олгож байснаас огт үгүй байсан нь дээр. Яагаад гэвэл хүүхдүүд тэр заасан хүрээнд л утга зохиол эхэлж буй гээд ойлгодог болчихвол цаашаа утга зохиолыг ер ойлгох ч үгүй, хүлээж авах ч үгүй. Гэтэл дэлхийн үе тэнгийнхэн нь манай багачуудаас хэд дахин олон сэдэв, зохиол, хэд дахин өндөр түвшинд уншиж байна. Дэлхийн хөгжингүй орны 6 ангийн хүүхэд Бөрнэт, Спайри, Монтгомерийг уншиж байхад бидний үр хүүхэд "Тэмээ яагаад үнсэн дээр хөрвөөдөг болсон бэ" гэсэн 5 настны сэтгэлгээнд таарах үлгэр уншаад сууж байгааг би огтоос ойлгохгүй байна.
ИЙМ Л БАЙНА.

Бид ирэх долоо хоногт мөн 108 цувралаа сурталчлах ажлаа үргэлжлүүлнэ.
Б.Номинчимэд

Monday, March 3, 2014

Өвгөн овоог нууцаар хоёронтаа тайсан тухай...

Өвгөн овоог нууцаар тахисан нь

Хуучин цагт Өвгөн овоог 1933 онд хамгийн сүүлд тахижээ. Тэр цагаас хойш энэ тахилгыг хийсэнгүй он жил улирсаар даруй хорин жил болов. Энэ хугацаанд Сүмийн дөрөлжийн цээжинд нар гялбуулан гялалзах алтан ганжиртай цогчин дуган нь тэнгэр өөд сүмбэрлэх Хамбын хийд нэг л мэдэхэд нурсан балгас, шар шавар болон хувирсан байна. Хамбын хийд зүгээр л Шавар гэдэг нэртэй болж, Сүмийн дөрөлжийг Шаврын дөрөлж гэн нэрлэн дуудах болжээ. Хийдийн гороонд шарилж, лууль багшралдан бараантаж, наранд халсан чулууны орой дээр хааяа голио царгин, хоосрол эзгүйрлийн гунигт аязыг зарлах ажээ.

1 метр 20 сантийн урттай, дөчин сантийн өргөнтэй, хорин сантийн зузаантай цагаан шаргал гантиган хавтангууд тал тал тийш ачигдан, сумын төв болон аймгийн төвийн барилга байшингуудын үүдний довжоонд ивэгдэж, шашин бурхангуйчүүдийн гутлын алчуур болон хувирав.

Хамба гэгээнтнийг бурхны оронд гал хөлөглөн заларснаас хойш гэгээнтний гэрээсийг сахин бараг лам тоотой бүхэн орхимжоо хурааж орны хөлийн авдрандаа эвхэж хийгээд, нэхий өмд өмсөж, нэг нэг эмийн хаяа бараадан хөдөөлжээ. Баруун аймгуудыг нилэнхүйдээ хамарсан Шамбалын дайн нэртэй 1932 оны их үймээнийхэн уг нь орон нутагтаа нэр хүндтэй, мөн баруун өмнөд зүгт хил даван нүүхэд зам гудаст байдагт Хамбын хийдийнхнийг тэрхүү Шамбалын дайндаа дуудан оруулах гэж нэг бус элчин ирж яриа тохироо хийх гэж оролдсон ч Хамба гэгээнтэн “Ирж буй цагийн бошгийг сөрөөд хэрэггүй ээ, алдас болно” хэмээн халдаасангүй. Тэгээд ч зогссонгүй өөрөө жанч халахдаа домын дамжааныхнаас дээших хүрээний бүх лам нэртэй, хэлтгий захтангуудыг дуудан цуглуулаад “Та бүгдээр одоо шар шувталж, хар болон, эхнэр хүүхэд бараадан харийн амьдралаар амьдар. Аж ахуй эрхэлж, шинэ цаг төрөө хүндэлж дээдэлж яваарай” хэмээн гэрээсэлжээ. Харин гэлэн сахилтай гурван санваартныг тусгайлан уулзаж ярилцсан ба тэдний нэг нь удалгүй сураггүй алга болж, нэг нь шар шувталж, нэг нь хийдийн горломд ганцаар үлджээ. Тэр ганцаар үлдсэн Чойндон гэлэнг удалгүй дотоодыг хамгаалахынхан баривчлан одож, сураггүй болсон байна. Хожим 1990 он гарахад Цагаатгалын комиссын магадлалаар Чойндон гэлэн хилс хэргээр хороогдсон нь тогтоогдсон билээ.

Ийнхүү өдөр хоногууд ээлжилсээр хорин он өнгөрсөн хойно, маршал Чойбалсан битүүний өдөр гэнэт бие барж, монгол даяар эмгэнэн гашуудсаны дараа жилийн хавар /1953 он/ Хантайширийн нуруунд ган болж, нэг бол наран шарж, нэг бол шороон шуурга босч, энгэр бэлүүд хувхайран, эзэн малгүй сульдан доройтжээ.

Тэгэхэд Мамаа чавганцынх Зөгийтийн давааны аманд байх Ногоон буудалд зусаж байв. Хаврын сүүл сарын нэгэн өдөр бага үдийн алдад хивсэн гөлөмтэй томоос том эмээл тохсон янхигар ясан хэдрэг саарал морьтой Омбо хэмээх хүн тэр хот айлд буув. Омбо их өндөр, урд духнаас нь алгадчихсан мэт налуу атлаа Ленин багш шиг мэлийсэн том халзан духтай, хормойгоор нь ороосон луун хээтэй цоохор дээлийнхээ дээгүүр нил хир даг болсон шар бүс бүсэлсэн хүн байж. Тэр эхлээд Мамаа чавганцын том хүү Ядамынд буусан байна. “Та яагаад ээжид эхэлж орж золгосонгүй вэ” гэж асуусанд “Би Нагац эгчийндээ шороо татуулан тоостой орж золгохгүй ээ” гэж... Тэгээд төд удалгүй нэгэн малгайн чинээ үүл Өндөр Харцагийн дээгүүр өнгийж ирснээ юу юугүй л бороо нартай шаагаад эхэлжээ. Хаваржин дусал ч юмны бараа хараагүй хүмүүс шуугилдан, морь мал шуухниталдаж, хатаж хагассан газрын хөрс шуурайлж байхад Омбо хормойгоо хоёр сэгсэрчихээд “Мамаадаа одоо орж золгоно оо” гээд босч гэнэ.

Тэгээд Мамаагийнд орж золгоход чавганц сандран ач хүүгээ /Бяхаржав/ олбог дэвсэж өг гэжээ. Омбо “Би Мамаагаараа олбог тавиулах болоогүй ээ” гээд тавьж өгсөн эсгий гудасыг нь эвхэж хойш тавьчихаад, ямааны адсаган дээр сууж, мэнд мэдэн тамхилж байсан гэдэг. Омбо нар тонгойх үед мордоод Зөгийтийн хөтөл өөд дөмөгхийн оджээ. Тэр оройдоо бороо зүсэрч, хоёр өдөр оржээ. Нутгийнхан Омбыг л Өвгөн овоонд гарч нэг юм хийчихлээ гэдэгт эргэлзээгүй итгэцгээжээ. Тийн хорин жилийн хойно Өвгөн овоог нэг хүн аргадан, ган тайлсан нь тэр болсон байна. Омбыг Нарангийн бэлийн хүн гэдэг.

Дараа жил нь мөн л ган нүүрлэж, гамшиг ирэхэд нутгийнхан “Энэ ер болохыг байлаа. Яадаг ч бай, дүүрсэн хэрэг” гэж хэлцээд Өвгөн овоог нууцаар тахижээ. Тэр үед буюу 1950-иад онд бас ч гэж хуучны номтой улсыг хог тасраагүй үе. Анжжав бово/Янсанжав/, Жаахан Бово/Гэндэнжав/, Марзай Мандиа зэрэг хуучин цагийн номтой улсууд сэм тохиролцоод, тал талаас ганц нэгээрээ адуу малын эрэлд гарч буй мэтээр гэнэ сэнэгүй мордоцгоон, Өвгөн овооны Өргөн зурааны Боодог толгойн шилийн модонд уулзацгаагаад, Өвгөн овооны тайлгын номыг уншсан байна. Овоо ч хэдэн хүн цуглацгааж, бүгд унаж явсан морьдоо их багагүй тавьж уралдуулжээ. Хөх хадны оёороос морьдоо тавьж, Ахар зурааны адаг хөтлөөр зүүн тийш нь давуулж, Өргөн зураа өөд жаахан өгсүүлснээ Зөгийтийн хөтлийн арын цагаан өөд барьсанд Цоохор Дамаагийн бор халтар морь түрүүлж байжээ.

Тийнхүү нууцаар тахисны шөнө бороо шивэрч эхлээд өдөр шөнөгүй зүсэрч, сүүлдээ үүд хоймрын юм ч үзэгдэх аргагүй будантаж гэнэ. Ингэж л хатуу хэцүү цаг дор Өвгөн овоог хоёронтаа аргадан тайжээ. Харин хожим 80-аад он гарч, цаг төр аажуу уужуу, аядуу зөөлөн болсон үед нийтээр биш юм гэхэд нэг хэсгийн хүрээнд хэд хэдэн удаа аргадан ном ерөөл уншиж байсан билээ.

Б.Номинчимэд
Өнөөдрийн олж сонссон хуучаа ийн тэмдэглэв. "Хантайширийн цадиг хууч оршвой" номдоо нэмэлтээр оруулна.

Friday, February 21, 2014

“Биеийн БӨХ” шүтдэгээ эргэж нэг харцгаая


“Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”... бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина.
Тэр үнээн, монгол бол яахын аргагүй бөхийн орон. Захын монгол залуу л хормойгоо шуугаад босоод ирэхэд ачих тонгорохоос эхлээд адгийн нохой мордох хүртэл арван гурван мэхтэй. Монголчууд ясны барилдаанч, төрөлхийн авьяастай, дөрвөн мөч, сээр нуруундаа тэгшхэн бяртай. Сэтгэлгээ нь хүртэл олон хувилбартай, дасан зохицох, шинэ боломж, гарц эрж хайхдаа гаргуун. Нүүдэлчдийн онцлог. Тиймээс ч сая хүрэхгүй цөөн монгол XIII зуунд дэлхийг дагуулахад, эр тоотой бүхэн нь эрэлхэг баатар, хүчирхэг нударга болж явсан биз. Дурын арван монгол залууг мөн дурын арван шар, эсвэл арван хартай халз барилдуулбал эргэлзээгүй монгол залуус тоглоод л хаячихна.
Хамгийн олон бөх нэгэн зэрэг гарч барилддаг орон бол Монгол. Улсын наадмаар суманд доод зах нь 32 бөх, аймагт 128 бөх барилдана. 333 сум, 20 аймаг, хот, тэгээд нийслэлд барилдаж буй бөхийнхөө тоог нийлүүлбэл, тэр өдрүүдэд улсын хэмжээнд тоот бөхийн тоонд орж, торгон зодогны сэнжигнээс дугтарсан бөхчүүдийн тоо наад зах нь 14 000 хүрнэ.
 

Бөхийн төрлөөр олимп, дэлхий, тивийн тэмцээнээс авсан медалийг нь хүн амынх нь тоотой харьцуулсан үзүүлэлтээрээ монголчууд бидтэй хэн эгнэх вэ, дэлхийд тасархай манлайлна. Цөөхөн хэдэн монгол залуус Арлын орны нэгэн бахархал, үндэсний спортыг нь арав гаруй жил ээлж дараагүй хаанчилж байна. Цаашид ч үргэлжлэх шинжтэй. Хэрвээ монгол залуусыг байнгын эрчимтэй бэлтгэл, хатуу дэг журам дор байлгавал ямар хүчирхэг болдгийн жишээ нь тэд.
 

 Эр хүний дээдийг бөх гэж үзнэ. Үнэлэмж маш өндөр. Бөх хүн бол гүндүүгүй дөлгөөн зан, уужуу ухаан саруул, энэрэлт зөөлөн сэтгэл, тэгээд мэдээж хэрэг хүч чадалтай, самбаа зоригтой. Жинхэнэ эр хүний идеал болсон дүр төрх. Хүү төрвөл “Эрдэмтэн болоорой” гэж бараг хэлэхгүй, харин “Бөх болоорой” л гэж ерөөнө, бэлгэшээнэ.
Дэлхий дээрх хамгийн олон бөхийн хөшөөтэй ард түмэн бол монгол. Намхай, Буур аваргуудаас эхлээд л хэдэн арван арслан, заан, аваргуудын хөшөө монгол нутгийн өнцөг булан бүрд бий. Захын улсын начин нь хүртэл арга ядахдаа л нэг цээж барималтай. Казахууд аугаа бөх Хажимухандаа, Оросууд Ивандубныйдаа, Иранчууд Тахтидаа, Эстонууд Алекстаа, Гүржүүд Апполон Старошвилидээ, Америкчууд Чемберстээ тэр бүр хөшөө босгосон юм болов уу даа, ингэхэд.
Монголчуудын дунд хамгийн их түгээмэл байдаг, бас олноороо бахархан ярилцдаг домог, хуучийн сэдэв бол бөхчүүдтэй л холбоотой. Яриад яриад ханахгүй. Бөхтэй холбоотой зүйр сэцэн үгс, холбоо үг, ерөөл магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав хүртэл бий. Манай уран билэгт зохиолчид бол хүчин билэгт бөхчүүдийнхээ талаар зөндөө ихийг бичсэн дээ. Бөхчүүдийн талаар хамгийн их зохиол бүтээл гаргасан орныг шалгаруулбал бас л манайх үнэмлэхүй түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Бидний бөхдөө хандах хандлага ер бусын. Түрүү бөхийнхөө хөлснөөс шударч аваад магнайдаа түрхэж буйг харсан малайз нөхөрт яаж ч тайлбарлаад юуг ч ойлгуулах боломжгүй. Бүдүүн бүдүүн нүцгэн нөхдүүд нэг нэгнээ түшээд унтаад ч байгаа юм шиг зогсож буйг эр эмгүй нийтээрээ хараад хөшчихийг гаднынхан яагаад ч ойлгохгүй.
Сум орон нутгийнхан нутгаасаа нэг начинтай болчих гэж ёстой хуйгаараа хөдөлнө. Нутгийн бизнесмэнүүд нь том том цүнхтэй мөнгө чирчихээд наадмын талбайгаар сэжигтэй эргэлдэж, нутгийн улс төрчид нь тасархай тактик боловсруулж, ард олон нь аягатай цайгаа ч өрөмтөхийг анзаарахгүй, гарт таарсан даавуу шаавууны өөдсийг хүртэл сэтгэл догдлон мушгилна. Тэгээд нутгаас нь цолтой бөх төрчихвөл хотлоороо цэнгэлийн манлайд ёстой нэг хэдэн өдөр, сараар умбана даа.
Нутгаас төрсөн улсын цолтондоо хийх хөрөнгө оруулалт гэдэг чинь өнтэй жилийн хур шиг л бууна. Хэдэн арван саяын жийпээс эхлээд, арга ядсан арванхан төлөгтэй эр хүртэл нэг төлгөө харамнахгүй тэврээд ирнэ.
Яахав, хааяа жудаггүй зарим нь түмэн олныхоо тэр сайхан өргөмж сэтгэлийн өр рүү өшиглөж байгаа нь харагддаг л юм. Эр бярдаа эрэлхэж, зодоон цохион хийнэ, балмад танхай авирлана. Ялангуяа 90-ээд онд манай цолтой бөхчүүд бараг толгой дараалан хужаа спирт зөөцгөөсөн дөө. Хөөрхий хөөрсөн монгол эрс “Манай арслан ч аугаа арслан шүү дээ” гэлцсээр, тэр арслангийнхаа хуулийн дээгүүр, хил, гаалийн дээгүүр оруулж ирсэн хужаа спиртийг нь уугаад элэг нь харлан олноороо үхэцгээж байв. Гэсэн ч монголчуудын маань бөхөө хайрлах, дээдлэх сэтгэлийн уудам зайд тэдний тэрхүү түр зуурын хар наймаа, хор спирт огтхон ч толбо суулгаагүй билээ. Бид бөхөө дээдэлсээр, хайрласаар, тэднийгээ харсаар л байгаа.
Гэхдээ бас эргэж харах, эргэцүүлж бодох, эмзэглэх зүйл байна аа, байна. Монголчууд бид бөхийн орон мөн ч бас оюун ухаан, эрдэм мэдлэгийг ч дээдэлдэг, гэхдээ бүр эрхмээс эрхэмд тооцдог ард түмэн биш сэн бил үү. Гэтэл ер нь л тийм биш шиг харагдаад байх аж, сүүлийн үед. Учир юун гэвэл... Тодорхой жишээн дээр яривал илүү итгэл үнэмшилтэй болох байх. Ойрхон, бас гайгүй мэдэхийн хувьд төрсөн нутгаараа жишээ авья. Би Говь-Алтайн Халиун сумын уугуул. Манай сум их олон алдартнуудтай, тэдэн дотроос нэгдлийн алдарт дарга, хөдөлмөрийн баатар Д.Лодойхүү, анхны тэмээчин баатар Б.Үрчгэр, их соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж, өнөө цагийн аугаа их хүмүүн Л.Түдэв нар бол онцгой билээ. Мөн цагтаа “Хоёр Мөнхийн араас хоёр Цэрэн” гэгдэж явсан улсын начин Цэрэндаш манай нутгийнх. Алдаж эндэж явснаас амжилт арвин гаргаагүй ч цуутай, эр бяртай сайн ч начин явсан юм билээ. Эндэж осолдоогүйсэн бол наанадаж улсын арслантай гэгддэг. “Говь-Алтайн мэнгэт”, “Догшин хар” гэхчлэн олон нэр хочтой. Хүүхэд байхад начингийн хүзүү толгой, хөл гар нь хад чулуугаар сийлж, хар тугалгаар цутгачихсан мэт харагддаг байсансан. Аргагүй л төрмөл бөх. Ямар сайндаа бие барахад шарилыг нь Увсынхан авах гээд ирчихжээ хэмээн хардаж сэрдэцгээгээд, тэрүүхэндээ хөөрхөн хөл, цуу яриа хүртэл тархаад амжихав.
Нутгийнхны хамгийн ихээр, нийтээрээ мэддэг хүн бол Цэрэндаш начин. Бүсээ хөөргөөд бүсэлчихсэн таадгар залуу “Би ч начингийн нутаг ш тээ” хэмээн шилээ шөргөөнө. Өөр нутаг хошууныхан ч ихэнхдээ “Аан, нөгөө мэнгэт начингийн нутгийн залуу юу” гэж лавлана.
Харин би өдий хүртэл, Ло дарга, Ү баатар, эсвэл Цэ найрагчийн нэрийг хэлээд “Би түүний нутгийнх аа” хэмээн нүүр бардам хэлж буй нутгийн нэг ч хүнтэй таарсангүй. Зарим нь “Нээрээ Ло дарга гээд нэг хэнхэг өвгөн байсан юм биш үү?” гэж лавлан арга ааш барна. Цэ начингийн нэрэмжит барилдаан, тэмцээн гэж үе үе болох ч Цэ найрагчийн нэрэмжит ямар нэгэн юм болж байхыг би сонссонгүй. Цэ начиндаа зуу зуугаар нь мал, сая саяар нь төгрөг бариад очдог нутгийн зон олон маань өнөөдөр насны бөгсөнд ганцаардаж, өвгөрч буй Тү эрхлэгчийг хадаг сүү, хэр тааруухан уртай зураг төдийхнөөр аргална. Олонхи нь түүний амьд байгаа эсэхийг нь ч анзаарахгүй, залуус бол бараг л мэдэхгүй. Урт цагааны үүдээр сүүмийчихээд алхаж явахад хажуугаар нь дайрчих гээд л өнгөрнө. Тү эрхлэгч /Л.Түдэв/ бол ганц сумын төдий хүн биш, Монгол орны төдийгүй нийт монгол туургатны эрхэм хүнсэн, уг нь. Цэдэндорж найрагч, соён гэгээрүүлэгч ч мөн ялгаагүй. Өнөө Цэ найрагчийн төрсөн бууцны арын хананд нэг бартагдуухан хийцтэй самбар байрлуулсан төдийгөөр орон нутгийнхны маань тэр их хүнээ гэх гэгээн хүндэтгэл нь төгсгөл болж байгаа юм.
Энэ бол гагц манай нутгийнхны үзэгдэл биш, монгол даяар байгаа нийтлэг, түгээмэл үзэгдэл болно. Тиймээс ус нутгийнхан маань нутгаа муу хэллээ хэмээн бүү зэмлэтүгэй. Би сайн мэдэхээрээ жишээлж л авсан хэрэг. Ухаан байгаад сэтгэл гаргавал нэг юм бодно биз ээ.
“Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгээр хэдэн аваргууд маань бараг толгой дараалан гарах шив. Гэтэл хэдэн эрдэмтэн, мэргэд, номын оройд ойртсон хүн энэ нэвтрүүлэгт оров. Миний анзаарснаар л лав бөхчүүдээсээ төдий олон болж шальсангүй.
Булганыхан ах дүү аугаа аваргуудаараа, олимпийн аваргаараа бахархана. Бахархалгүй яахав. Булган бүү хэл Монгол даяараа бахархах учиртай юм хойно. Гэхдээ өөр бахархах юмгүй мэт аашилж болохгүй шүү дээ. “Дамдинсүрэнгийн Урианхай” гэдэг нэрийг хэлээд “Энэ хүн Булганых” гэн бахархаж буй нэг ч булганы залуутай би л лав таарсангүй. Гэтэл энэ хүн чинь хүн төрөлхтний түвшинд, урьдах хойчихтой нь сэтгэж чадсан бараг анхны монгол сэтгэгч юм шүү дээ.
Увсынхан бөхөөрөө алдартай. Увс л гэхээр хүдэр хүдэр хүрэн чийрэг залуус нүдэнд өөрийн эрхгүй харагдах болж. Гэхдээ Увсаас бөхийн аваргаас гадна бас ухаан, сэтгэлийн, эрдэм мэдлэгийн аваргууд төрдөггүй хэрэг үү?
Дорноговийнхон маань Равжаа хутагтаараа бахархана. Гэхдээ тэр бахархал дунд бас согог байх шиг. Равжаа хутагтыг зөвхөн шашны хүн, хутагт гэдэг утгаар нь хүндлэх хүндлэл дийлэнхдээ. Тиймээс тэр бахархал нь үнэн хэрэг дээрээ мухар сүжиг бишрэлтэй илүү ихээр холбогдоно. Уг нь миний ойлгодгоор Равжаа хутагт бол шашны хүн гэхээс илүүгээр номонд нэвтэрсэн их соён гэгээрүүлэгч, их сэтгэгч, бясалгагч, их яруу найрагч хүн билээ. Хэрвээ шашны хутагт байгаагүй сэн бол тэр их хүмүүний бүх бүтээл зохиол, соён гэгээрлийг нь Монгол орон даяар байтугай Дорноговийнхон маань ч ер анзаарах шинжгүй ээ.
Төв аймгийн Лүнгээр дайраад гарахад Хадаа аваргын нутгаар явж байна аа гэлцэнэ. Эрдэнэсант ороход Мөөеө аваргын нутагт ирж байна гэж хөөрнө. Оюун билэгтэй, эрдэм мэдлэгтэй хүмүүс энэ нутагт гэтэл бишгүй л байгаа шүү дээ. Түүнийг нь бид мэддэггүй, бид бүү хэл нутгийнхан нь ч мэддэггүй. Бөхчүүдээ л ярина, мэднэ.
Чухам эндээс л сөхөж буй сэдвийн минь гогцоо гарч ирж буй юм.
“Бие бөх болбоос нэгэн үе баатарлаяу,
Сэтгэл бөх болбоос түмэн үе баатарлаяу”

Энэ үгийг монгол түмэн өөрсдөө хэлсэн билээ. Энд өгүүлж буй “БӨХ” нь “ЭРДЭМ” гэсэн бас нэг утгыг давхар илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл биеийн эрдэм бол БӨХ юм. Харин сэтгэлийн эрдэм бол энэрэл, нигүүлсэл болно.
Биеийн эрдмийн дээр бас мэдлэгийн эрдэм гэж байна. Мэдлэгийг хүн зөгий бал хураах мэт бага багаар их хүч хөдөлмөрөөр цуглуулан хураах амуй. 


Гэтэл мэдлэгийн эрдэм хангалттай биш. Хурааж цуглуулсан мэдлэг боловсролоо ухааран таньж, үр ашигтай хэрэглэж эс чадваас мэдлэг байгаад нэмэргүй. Тиймээс ухааны эрдмийг мэдлэгийн эрдмээс эрхэмд үзжээ.

 Гэсэн хэдий ч түүнээс илүү дээд эрдэм гэж бас буй бөлгөө. Тэр бол сэтгэлийн эрдэм. Хичнээн их эрдэм мэдлэгтэй ч, эр бяртай ч сэтгэлд нинж үүсэж, өршөөн нигүүлсэж эс чадваас орчлонг оноон барьж эс чадна. Тиймээс сэтгэлийн эрдмийг буюу “БӨХ”-ийг бүхнээс эрхэмд үзэж ирсэн байдаг. Тийм сэтгэлийн эрдмийг олсон хүн түмэн үеийг араасаа дагуулах билээ. Бурхан багш Шагжамунийг тийм хэмээнэ.

Ийн сэтгэлийн эрдмийг хамгийн эрхэмд үзсэн нь монголчууд бидний сэтгэлгээ ямар чанд холын хязгаарт хүрснийг илэрхийлнэ.
Гэтэл өнөөдрийн бидний байр байдал эхлэл эрдэм болох “Биеийн бөх” дээрээ гацчихаад байна.
Хаа сайгүй бөхчүүд бүхнээс эрхэм болчихоод байна. Үүнд бөхчүүдийн буруу байхгүй л дээ. Бөхөө дээдлэлгүй яахав, хүндэлгүй яахав. Бидний соёл, зан заншлийн, сэтгэлгээний нэг салшгүй нандин хэсэг бол монгол үндэсний бөх, түүнтэй холбоотой зүйлс билээ.
Гэхдээ, олон түмэн минь ээ, зөвхөн биеийн хар хүчин чадлыг л өргөмжлөн дээдлээд байвал тэгээд бүдүүлэг биет болох шат руугаа гулсаж байгаа нь тэр дээ.

Б.Номинчимэд
2014.2.20

Monday, February 17, 2014

"САЙХАН СЭТГЭЛТ БЯЦХАН ЭЗЭНТЭН" монголын маань хүүхэд бүр уншаасай гэж хүснэ

Бүрэн эхээс нь орчуулсан Д.Оюунчимэг
Хянасан Б.Номинчимэд

Нэгдүгээр бүлэг: Санамсаргүй мэдээ

Седрик аавыгаа өөд болоход дөрвөн настай байжээ. Өндөр нуруутай, цэнхэр нүдтэй, ширвээ сахалтай аавынхаа мөрөн дээр суугаад эсвэл морь болон унаж өрөөн дотор тоглодог байснаа л тэр сайн санадаг. Аав нь өвдөж хэвтэрт орох үед жаалхүүг гэрээс нь авч яваад эргэж ирэх үед бүх зүйл дууссан байж билээ. Хүндээр өвчилсөн ээж нь ч бас түүнийг эргэж ирэхэд орноосоо дөнгөж босож байв. Цонхийсон царайтай, турж эцсэн ээж нь цонхны дэргэдэх зөөлөн сандал дээр сууж байсан ба бэлбэсрэлийн хар хувцас өмсөж, хацар дээрх хонхорхой нь арилсан түүний гунигтай нүд улам ч том болсон юм шиг санагдсан.
- Энхрийхэн минь, аавын бие сайжирч байна уу? гэж Седрик асуув.
Аав ээжийг нь тэгж дуудах тул хүү ч гэсэн ээжийгээ Энхрийхэн гэдэг байв. Түүнийг тэвэрсэн ээжийнх нь гар чичирч байлаа. Ээжийнхээ нүүр рүү эгцлэн ширтэж байснаа Седрик уйлмаар болов.
- Энхрийхэн минь, тэр зүгээр биз дээ?
Гэнэт хүүгийн хайр дүүрэн бяцхан зүрх ээжийнхээ хүзүүгээр тэвэрч нүүрийг нь үнсэлтээр бүтээ хэмээн хэлж өгөх шиг болов. Эмэгтэй хүүгээ энгэртээ наалдуулан тэврээд гашуунаар уйллаа.
- Тиймээ, тэр одоо эрүүл болсон. Түүнд сайхан байгаа байх. Гэвч бид... Чи бид хоёр хоёулхнаа энэ ертөнцөд үлдлээ! Ердөө л хоёулхнаа! гэж уухирдан байж ээж нь түүнд хэлэв.
Хэдий жаахан байсан ч Седрик үзэсгэлэнт залуу аав нь хэзээ ч эргэж ирэхээргүй болсныг ойлгов. Тэр үхжээ. Гэвч жаалхүү үхэл гэдгийг бүрэн дүүрэн ойлгохгүй байсан юм. Седрик аавынхаа тухай ярих болгонд ээж нь уйлах тул түүний тухай дурсахгүй байсан нь дээр, бас ээжийгээ ганцааранг нь удаан орхихгүй байсан нь дээр юм байна гэдгийг хүү ойлгов. Тиймээс цаг ямагт ямар нэгэн зүйлээр анхаарлыг нь татах гэж хичээнэ. Тэднийд танил нөхөд гээд байх улс ховор билээ. Нам гүмхэн, буйдхан амьдардаг ч Седрик хэзээ ч ганцаардлыг мэдэрч байсангүй. Харин өсч том болсон хойноо чухам яагаад тэднийд ховорхон зочид ирдгийг ойлгосон юм.
Эцэг нь түүнтэй гэрлэх үед бүтэн өнчин ээж нь энэ ертөнцөд цор ганцаархнаа байжээ. Ахмад Эрролын хааяа зочлон очдог хөгшин яншаа хатагтайд ээж нь бараа болон амьдардаг байсан юмсанж. Нэгэн удаа ахмад залуу бүсгүй уйлан шатаар бууж байгааг хараад түүний өрөвдөхгүй байж чадсангүй. Дараа нь ойртож танилцаад бие биедээ хайр сэтгэлтэй болжээ. Ахмад Эррол тэр үзэсгэлэнтэй хонгорхон бүсгүйтэй гэрлэхээр шийдэв. Энэхүү гэрлэлт тэдний гэр бүлийнхний хувьд ялангуяа баян, нэр хүнд бүхий эцгийнх нь хувьд тун ч таагүй зүйл байсан юм. Эцэг нь Английн угсаа залгамжилсан гүн агаад Америк хийгээд америкчуудыг нэг нүдээрээ ч үзэх дургүй.
Түүнд ахмад Эрролоос гадна хоёр хүү бий. Английн хуулиар ахмад хүү эцгийн хэргэм зэрэг, өмчийг өвлөн авах ёстой. Хэрэв тэр үр хүүхэдгүй байхдаа өнгөрсөн бол хоёр дахь хүү өв залгамжилна. Ахмад Седрик хамгийн бага нь тул баян болох боломж бараг байсангүй. Гэвч бага хүүг нь байгаль эх сурвалжит гэр бүлийн өв залгамжлагчид байх ёстой тэр бүхэн нандин чанараар хангалттай шагнажээ. Хоёр ахаасаа тэс өөр тэр залуу өндөр гоолиг нуруутай, хүч чадалтай, үзэсгэлэнтэй, эр зоригтой бас ухаантай нэгэн байж. Түүний гэрэлт инээмсэглэл, сайхан сэтгэл нь ямар ч хүний хайрыг татна. Гэтэл ах нар нь эсрэгээрээ сайхан сэтгэл, зүс царай, ухаан, эр зоригийн алиныг ч олж чадалгүй төрцгөөж. Итоны их сургуульд суралцаж байхад нь тэднийг хүндэтгэж харьцах хэн ч олддоггүй байсан юм. Эрдэм мэдлэгт санаа тавихын оронд зугаа наадамд эцгийнхээ мөнгийг үрдэг байлаа. Тэдний эцэг хөгшин гүн өв залгамжлагч нь нэр төр ч үгүй, тэнүүлчин, хэсүүлчин нэгэн болох төлөвтэй байсанд гуниглахгүй байж үл чадна. Гэтэл тэгэхээс тэгэх гэсэн шиг эрхэм нэр төр, гарвал угсааг нь өвлөх ёсгүй гурав дахь хүү сайн сайхан шинж чанар төгс нэгэн болсонд өвгөн гүн түүнийг өв залгамжлагч болохгүйнх нь төлөө ч юм уу, эсвэл ах нарт нь байгаагүй тийм сайн чанаруудыг авч төрсөнд нь ч юм уу бараг л үзэн ядах болов. Гэвч сэтгэлийнхээ гүнд түүнийг хайрладаг байсан юм.
Залуу эр гэрийнхний дургүйцлийг төрүүлэн суугаад байхыг хүссэнгүй хөрст дэлхийгээр аялан явахыг илүүд үзжээ. Холын Америкт очиж тэр үед бүдүүлэг мунхаг үйлдлээрээ эцгийнхээ уурыг барж байсан хоёр ахтай нь харьцуулаад байхааргүй нүднээс далд амьдаръя гэж шийдэв. Хагас жилийн дараа өвгөн хүүгээ санаж түүнд даруй Европт буцаж ирэхийг тушаасан захидал бичлээ. Гэвч тэр захиа Америкт хаягласан хүнийхээ гарт очиж амжаагүй байхад өвгөн гүн ахмад Седрикээс америк бүсгүйтэй гэрлэх болсон тухай захидал авчээ. Өвгөн хүүгийнхээ захидлыг уншаад үгээр хэлэхийн аргагүй уурлав. Тэр үед хажууд нь байсан зарц өвгөн эзэн нь багтарч унах вий гэхээс ихээхэн айсан гэдэг. Гүн бүтэн цагийн турш өрөөн дотроо яг л барс шиг дүүлжээ. Дараа нь бичгийн ширээний ард суугаад хэзээ ч гэртээ эргэн ирж болохгүй, өөрт нь болоод ах нартаа захидал бичиж болохгүй, хаагуур юу хийж яваад, дуртай газраа үхэх нь хэнд ч падлийгүй хэрэг, одоо гэр бүлийнхээ хувьд тэр нэгэнт үгүй болсон хүн, ямар ч байдалд орлоо гэсэн тусламж хүсэхийн хэрэггүй гэсэн үгтэй захидал бичжээ.
Ийм захидал унших ахмадад мэдээж гунигтай байсан юм. Тэр Англи эх орондоо хайртай, төрж өссөн гэрээ байнга санадаг, харгис хатуу зантайг нь үл хайхран өвгөн эцгээ хайрладаг, ах нар нь түүний аашийг барж, урмыг хугалах үед эцгээ юу юунаас илүү өрөвддөг билээ. Гэтэл одоо түүнд өршөөгдөх найдвар үлдсэнгүй. Эхлээд тэр юу хийхээ мэдэхгүй байлаа. Энгийн хөдөлмөр эрхэлж амьдрахаар өсөж хүмүүжээгүй ч түүнд шийдвэр гаргах хүч хангалттай байсан юм. Эцэст нь тэр армийн цолоо худалдаж (Англид офицерын цолыг худалдан авдаг мөн албан тушаалаас гарах болбол зарж болдог байжээ) Нью-Йоркод ажил олоод сэтгэлт бүсгүйтэйгээ гэрлэв. Урьдын Англи дахь амьдралаас энд босгосон энгийн даруу амьдрал нь өдөр шөнө шиг ялгаатай байсан ч тэр залуу аз жаргалтай, ирээдүйдээ итгэл дүүрэн байсан юм.
Нам гүмхэн гудамжинд жижигхэн байшин худалдаж аваад хүүтэй болж амьдрахдаа хөгшин хатагтайн бараа бологч бүсгүйтэй гэрлэсэндээ хэзээ ч харамсаж байсангүй. Эхнэр нь энхрий ялдамхан, үзэсгэлэнт хонгорхон нэгэн билээ. Тэд бие биеэ чин сэтгэлээсээ хайрлана. Даруухан бяцхан байшинд төрсөн гэхийн аргагүй жаалхан Седрик энэ ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүүхэд байлаа. Тэр хүү эрүүл саруул, хэнд ч төвөг уддаггүй, зурсан юм шиг хөөрхөн хүү билээ. Урт сормуустай, том хар нүдтэй, буржгар шар үстэй хүү дөнгөж есөн сартай байхдаа хөлд оров. Түүнийг тэргэнд суулган гудамжаар авч явахад өнгөрч явсан хүмүүс зогсоод өхөөрдөм хөөрхнийг нь шагшина.
Энэ гудамжны хүн болгон түүнийг мэддэг, хайрладаг байлаа. Тэр ч бүү хэл энэ ертөнцөд хамгийн тэсвэрлэшгүй этгээд гэж хөршүүд нь тооцдог жижиг хүнсний худалдаачин хүртэл түүнийг хараад баярлаж, түүнтэй ярилцахаар зогсдог байв. Хүү хөлд орж, явж сураад гудамжаар асрагч эхтэйгээ хамт тоглоомон машинаа чирэн хөөрхөн цагаан костюм, бяцхан цагаан бүрхтэй алхахад нь бүх хүмүүсийн анхаарал түүн дээр тогтдог байлаа. Асрагч эх нь түүгээр ихэд бахархах агаад гадагшаа гараад эргэж ирэх болгондоо залуу ээжид сүйх тэргээр явж байсан баян хатагтай нар хүүг хараад хэрхэн өхөөрдөн зогссон тухай, жаал хүү ч насан туршдаа сайн танил байсан юм шиг огтхон ч бишүүрхэлгүй тэдэнтэй ярилцсан тухай баяр хөөр болгон ярьдаг байв.
Седрик маш итгэмтгий сайхан сэтгэлтэй хүүхэд болж өслөө. Тэр бусдын мэдрэмжийг эртнээс ойлгож сурсан юм. Энэ магадгүй байгаль эхийн хишиг, эсвэл хэзээ ч бүдүүлэг чанга үг хэлж үзээгүй бие биедээ халуун хайртай эцэг эхийн хүү болон төрснийх ч байж мэднэ. Аав нь ээжийг нь ямагт энхрийлэн хайрлаж, эелдэг зөөлөн харьцаж байгааг хараад хүү түүн шиг байхыг хичээнэ. Хүү бүх талаар эцэгтэйгээ адилхан байхыг хичээдэг билээ.
Харин эцэг нь хэзээ ч эргэж ирэхгүй болсныг ойлгоод ээж нь тийм гунигтай байгааг харж түүнд чадах ядахаараа санаа тавихыг хичээн чармайдаг боллоо. Өвдөг дээр нь сууж буржгар толгойгоо энгэрт нь наан тэврэх ч юм уу, эсвэл тоглоом, зурагтай номоо авч ирээд хөлийнх нь дэргэд суун тоглоно. Хүү үүнээс илүү дээр юм олж чадаагүй ч энэ бүхэн залуухан бэлбэсэн эхэд нь том тайтгарал болдог байсан юм.
- Мэри, тэр намайг тайтгаруулах гэж хүсдэг. Үнэхээр намайг ойлгож байх шиг гайхсан, хайр гэрэлтсэн харцаар харах юм. Тэр намайг энхрийлж... эцгийнхээ оронд... тэр намайг ойлгодог гэдэгт би итгэлтэй байна гэж ээж нэг удаа хөгшин асрагч эхэд нь ярьжээ.
Седрик өсөж том болохын хирээр ээжийгээ тайтгаруулах олон олон арга сэдэх болж ээж нь ч бусдын тус дэмийг эрэлхийлэх хэрэггүй болов. Таван настайдаа хүү уншиж сураад ээждээ өөрийнхөө номуудаас, заримдаа сонин уншиж өгдөг болов.
Мэри хатагтай Эррол хүүгээ ном уншиж өгөхөд баясан инээж байгааг гал тогооноос төвөггүй сонсоно. Мэри жаал хүүг тун ч их хайрлаж, түүгээр бахархдаг байсан юм. Тэр бол тэдний гэрт байдаг цорын ганц зарц бөгөөд асрагч эхийн, тогоочийн, цэвэрлэгчийн бүх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ. Үдэш орой хатагтай Эррол хүүдээ хувцас оёхоор суухад дуртайяа тусалдаг байлаа.
- Та нар хараач, ээжийнхээ хуучин даашинзаар оёсон хар хамбан костюмтай тэр хичнээн гайхалтай харагдана вэ! Яг л бяцхан лорд шиг! гэж тэр эмэгтэй танилууддаа бахархан хэлдэг байлаа.
Седрик харин лорд гэж юу болохыг мэдэхгүй. Түүний хамгийн сайн найз гэвэл хатагтай Эррол хүүтэйгээ хамт суудаг гудамжны булангаас холгүйхэн байх жижиг хүнсний мухлаг ажиллуулдаг ноён Гоббс байсан юм. Седрик түүнийг хайрлаж хүндлэхийн зэрэгцээ маш баян алдартай хүн гэж бодно. Учир нь тэдний мухлагт жүрж, чавга, инжир, төрөл бүрийн жигнэмэг гээд зөндөө олон гоё юм бий. Седрик бас сүүний худалдаачин, талхны худалдаачин, гудамжинд суун алим зардаг эмгэн гээд бүгдийг хүндэлж хайрлана. Гэсэн ч тэр ноён Гоббсыг хэн хэнээс илүүд үзэх бөлгөө. Тиймээс өдөр болгон тэдний мухлаг руу очиж удаан сууж ярилцдаг байв. Зан аашаар сайханд тооцогдоод байдаггүй ноён Гоббс тэр жаахан хүүхэдтэй юун тухай ярьдаг нь үнэхээр хачирхалтай биш гэж үү. Гэсэн ч тэр хүүд Америкт гарсан хувьсгалын тухай, тусгаар тогтнолын дайны тухай, энэ дайны баатруудын тухай, Америкчуудын эх оронч тэмцлийн тухай зөндөө юм ярьдаг байв. Седрик түүний яриаг сонсож байхдаа сэтгэл ихэд догдолж нүд нь гэрэлтэн, хацар нь халуу шатаж, хэтэрхий их сэтгэл хөдөлсөндөө үс нь арзайн босоод сайхан буржгар шаргал үс нь өвсөн бухал аятай юм болно. Ноён Гоббсоос Седрик анх удаа улс төрийн талаар сонсжээ. Хүнсний худалдаачин түүнд сонин уншиж өгөөд Вашингтонд юу болж байгаа, ерөнхийлөгч албан үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх талаар ярьж өгдөг байв. Седрикийг долоо хүрээд байхад мистер Гоббс түүнийг дагуулж яваад сонгуулийн үеийн бамбарт жагсаалыг харуулсан юм. Хожим нь энэ жагсаалд оролцсон олон хүн дэнлүүт баганын дэргэд мөрөн дээрээ буржгар үстэй хөөрхөн хүүхэд суулгасан бүдүүн эр зогсож байсныг, тэр хүү хүмүүсийн зүг малгайгаараа даллаж байсныг тодхон санадаг.
Энэ сонгуулийн дараа Седрикийн амьдралд гайхалтай өөрчлөлт гарч билээ. Хамгийн хачирхалтай нь ноён Гоббс түүнд Английн тухай ярьж, тэдний засгийн газар Английн үе залгамжилсан гүн, бэйл, бэйсүүдийн тухай тун ч шүүмжлэлтэй яриа өрнүүлсэн тэр өдөр энэ өөрчлөлт болсон юм. Маш халуун өглөө байлаа. Седрик найзуудтайгаа цэрэг болж тоглож байснаа ноён Гоббсын мухлаг руу сэрүүцэж амрахаар очив. Тэр үед мухлагийн эзэн Англид болж байгаа ордны ёслолын зураг тавьсан сонинг гартаа барьчихаад тун ч дургүйцсэн шинжтэй зогсож байсан юмсанж.
- Эдний яаж зугаацаж байгааг хар даа. Удаан ингэж зугаацахгүй л байх, Америкчууд хэзээ нэгэн цагт тэдний тэр гүн, бэйл, бэйсүүдээс хэрэггүй бүхнийг нь салгаж авахдаа л авна гэж тэр цөхөрсөн сэтгэлээ барьж дийлэлгүй хэлэв.
- Та олон гүн, бэйлүүдийг таних уу? гэж Седрик энд орж ирэх болгондоо суудаг өндөр сандал өөд авиран гарах зуураа асуулаа.
Хүү сандал дээр гарч суугаад малгайгаа цохон дээрээ тавьж гараа хоёр халаасандаа хийдэг зуршилтай.
- Үгүй дээ, гэсэн ч би тэдний ядаж нэгийг нь барьж авах сан гэж хүсэж байна. Тэр муу энд орж ирээд хатаасан талхтай хайрцаг дээр суух гээд үзэг л дээ, яахыг нь харах юмсан! гэж ноён Гоббс хэллээ.
- Хэрэв тэд илүү дээр зүйл байдгийг мэддэг сэн бол яавч тэр гүн, бэйл, бэйсээсээ татгалзах байсан биз гэж хэлэхдээ Седрик хөөрхий тэднийг дотроо ихэд өрөвджээ.
- Яалаа гэж! Хэргэм зэрэгтээ бардаж, хамраа сөхсөн өөдгүй амьтад. Тэд бүгдээрээ л тийм!
Энэ яриа яг оргилдоо хүрч байх үед мухлагт Мэри орж ирэв. Седрик түүнийг сахар авахаар ирсэн биз гэж бодсон ч асрагч эмэгтэйн царай цонхийн цайж харваас догдолсон янзтай байх аж.
- Гэртээ харья, хонгор минь, ээж чинь дуудаж байна!
Седрик сандал дээрээсээ үсрэн буув.
- Ээж надтай хамт зугаалахыг хүсээ юу, Мэри? За баяртай, ноён Гоббс! Би дахиад ирнэ ээ. Мэри өөрийг нь үг дуугүй ширтсээр, толгой сэгсэрч байгааг хараад хүү гайхлаа.
- Юу болсон бэ, Мэри? Та халууцаад байгаа юм уу? гэж тэр асуув.
- Үгүй дээ, тун хачин юм болоод байна...
- Энэ халуунаас болж Энхрийхний толгой өвдөөгүй биз дээ? гэж Седрик санаа зовсон янзтай асуув.
- Үгүй дээ, тийм юм болоогүй.
Тэд явсаар гэрийн гадаа ирэх үед үүдэн дээр сүйх тэрэг зогсож байсан бөгөөд жижигхэн зочны өрөөнд нь хэн нэгэн хүн ээжтэй нь ярилцаж байв. Мэри хүүг дагуулан дээшээ гарч хамгийн сайн хувцсыг нь өмсгөөд өргөн улаан бүс бүслүүлж, үсийг нь самнав.
- Ээ бурхан минь! Ямар сонин юм бэ! Энэ бүх язгууртнууд, лордууд! Тэдэнд тэглээ гээд сайхан юм юу байна! хэмээн асрагч эмэгтэй амандаа үглэнэ.
Энэ бүхэн Седрикт учир битүүлэг байсан ч юу болоод байгааг ээж нь тайлбарлаж өгөх байх гэсэндээ дахин Мэригээс юу ч асуусангүй. Хүү бэлэн болсон хойноо доош зочдын өрөө рүү буулаа. Гонзгой царайтай, өндөр туранхай өвгөн зөөлөн сандал дээр сууж байна. Седрикийн ээж нүдэндээ нулимс гялталзуулан цонхийсон царайтай юм хажууд нь зогсох аж.
- Өө, Седди! гэж дуу алдаад тэр эмэгтэй хүүгээ тосон гүйж, тэвэрч аваад догдолж, айсандаа чичрэн байж үнсэв.
Өвгөн босож ирээд Седрикийг нэвт шувт ширтсэн харцаараа шинжин харав. Дараа нь ясархаг гараараа шовх эрүүгээ илбээд машид сэтгэл хангалуун байгаа янзтай,
- Тэгэхээр энэ бяцхан лорд Фаунтлер юм биз дээ! гэж үгээ сунжруулан алгуурхан хэллээ.

Хоёрдугаар бүлэг.