ТАНГАРАГ НЬ ТОНГОРОГ л бүү болоосой...
УИХ-ын сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигчийн ТАНГАРАГ гэж нэг сайхан тангараг байх юм. 2000 оны сонгуулийн өмнөхөн өргөсөн байж магадгүй байна. Уг нь хагас хугас ч болов хэрэгжүүлсэнсэн бол их л үр дүн, өгөөж буян болохоор байсан санж.
.
"УИХ-д Ардчилсан Намаас нэр дэвшигчийн Тангараг.
Иргэдийнхээ эрх ашгийг ямагт дээдэлж, эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлж, хууль, шударга ёсыг чанд сахиж, нийтийн үйлсийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэхээ Эх орон, ард түмэндээ эхлэн тангараглая.
Сахилга хатуу, эрдэм илүү, ардаа ангилахгүй, ад шоо үзэхгүй, өргөн түмнийхээ буянаас өнчин ишиг ч дутаахгүй, олны итгэлийг дааж ажиллахаа, бүрэн эрхт улсынхаа босоо сүлд, хууль цаазанд сүслэн тангараглая.
Ардчилсан намын гишүүн би андгай тангаргаа няцвал төрийн сэнтийнээс бууж, түмний өмнө гэмээ хүлээнэ"
Монголын ард түмэн мэдтүгэй.
Тангараглая.
.
Сэтгэл хөдлөм сайхан үгстэй энэхүү тангаргийг АН эрх барьсан сүүлийн 4 жилийн явдалд шилжүүлэн утга бүрээр нь шүүж үзвэл...
1. "Иргэдийнхээ эрх ашгийг ямагт дээдэлж" - Монголын хүн амын 30-40 орчим хувь нь ядуурлын ангалд байгаа. Хэдийгээр статистик тоо ядуурал сүүлийн 4 жилд 17 хувиар буурсан гэсэн үзүүлэлт харуулдаг ч аргачлал нь эргэлзээтэй, бодит амьдрал дээр ядуурал буурсан нь илэрхий харагддаггүй. Дээр нь сүүлийн 2 жилийн хугацаанд нийгмийн дундаж гэгдэх давхаргынхнаас ядуурлын ангал руу гулсахад ойртож очсон иргэдийн тоо үлэмжхэн нэмэгдсэн.
Монгол Улс нийт ахмадынхаа тэтгэвэрт 13 тэрбумыг өгдөг атлаа нэр бүхий томоохон компаниудын улсад төлөх татвараас 70 тэрбумыг чөлөөлдөг. 35 тэрбумын зөрчилтэй харийн иргэнийг цагаатгадаг ГЭХ МЭТ иргэдийн эрх ашиг ямагт зөрчигдөж байгаа нь ТЭД иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн "дээдэлж" ирснийг харуулна.
.
2. "Эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлж" - Хөрөнгө мөнгөгүй хүнд зөвхөн орон гэртээ, гудамж хашаандаа дураараа багтартал орилж, хашгирч хараахаас өөр ямар ч эрх чөлөө байхгүй болсон. Талбай дээр гараад Засгийн газрын ордны зүг гар зангидаад орилбол шууд баривчилж, зандалчлах зүйл заалтаар хэдэн жилийн ч ял өгч болзошгүй. Иргэдийн үнэмлэхүй олонхид зөвхөн юу дуртайгаа ярих л эрх чөлөөнөөс өөр эрх чөлөө гэж үгүй... Ядуурал өндөр түвшин байгаа нөхцөлд Санхүүгийн эрх чөлөөний тухай мөрөөдөхөд ч хэцүү байна. Элдэв янзын тархи угаалт энэ эрх чөлөөтэй хамт ямар ч хаалт хяналтгүй үер мэт орж ирсэн. Ардчилсан орны иргэдийн хамгийн том үнэт зүйл болох Сонгуулийн саналыг худалдаж, хуурч, луйвардаж авдаг... гэх мэтээр ЭРХ ЧӨЛӨӨ, АРДЧИЛАЛ маань сарнин алга болж буй ноцтой үзэгдэл илэрхий болсон.
.
3. "шударга ёсыг чанд сахиж" - Ард олны бухимдал их байгаатай хэн ч маргахгүй биз ээ. Ингэхэд олон түмнийг хамгийн их бухимдуулдаг зүйл юу вэ? Маргаангүй "Шударга ёсны алдагдал" болно.
.
4. "нийтийн үйлсийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэх" - Үүнд би ерөөс итгэхгүй байна. Нийтийн үйл хэргийн тухай үг унагах төдий л ойж бууж, "коммунист, социалист"-аар нь харааж зүхэж гардаг манай шинэ "либералиуд" хэзээ байтлаа "нийтийн үйл хэргийн төлөө" нэгэн сэтгэлээр зүтгэдэг "социалистууд" болчихоо вэ???
.
5. "Сахилга хатуу" - Сахилга дүрэмгүй байдал хэвээр л байна. УИХ-ынхаа чуулган дээр халамцуу далбийж, олны өмнөөс долоовор хуруугаараа доёогнуулан чичлэх гэх мэтийг би л хувьд "ардчилсан сахилга" гэж бодохгүй байна. Энд тэнд хамгийн наад захын ёсзүй, энгийн дүрэм журам зөрчих байтугай Үндсэн хууль хуулиа ч үл тоосон адал балмад явдлууд сонсогдох болов. Сонгуулийн тухай хууль нэгхэн жишээ нь байна.
.
6. "эрдэм илүү" - Ямар нэгэн эрдмээр олон хүнээс илүү байж мэднэ, гэхдээ тэр эрдэм нь чухам олны тусын тулд зориулагддаг эрдэм биш гэдэг нь ил тод харагдаж, мэдрэгдэх болов.
.
7. "ардаа ангилахгүй, ад шоо үзэхгүй" - Энэ ч харин их ноцтой. Ард олноо шууд л Ардчилсан ба Ардчилсан бус гэж хоёр хуваасан. АН засгийн эрх авсан анхны өдрийн УИХ-ын чуулган дээрээс л энэ ааш араншингаа ил тод тунхаглан харуулсан. "Ардчилсан" Ерөнхийлөгч маань Ерөнхийлөгч болонгуутаа "Монголд Ардчилал яллаа" гэж тунхагласныг би л хувьд огт ойлгоогүй. Түүний эсрэг санал өгсөн бүхэн ардчиллын дайсан байж таарах уу? Гэх мэт хачин зүйл нэг бус...
.
8. "өргөн түмнийхээ буянаас өнчин ишиг ч дутаахгүй" - Үнэн үү? Нийтлэг утгаар нь харвал харин ч хачирхалтай эсрэг дүр зураг харагдана шүү. Үүл баатар хүртэл тэсэхээ байгаад "Бүлэг дээрэмчид" гэж ам алдсан шүү дээ.
.
9. "олны итгэлийг дааж ажиллах" - АН төр барьсан 4 жилийнхээ төгсгөл бүхэнд навс ялагддаг зүй тогтол шахуу үзэгдэл бий. 2000 онд тийм л юм болсон. Өдгөө ч мөн энэ байдал давтагдаж мэдэх хандлага бий. Төрийн эрх барьж буй АН-ын рейтинг 20 хүрэхгүй хувьтай байгаа. Зарим үед бүр 14 хувь хүртэл унаж байв. Олон түмний итгэлийг зүгээр л шалбааган дунд хөсөр хаяж орхидог хуучтай.
.
10. "Ардчилсан намын гишүүн би андгай тангаргаа няцвал төрийн сэнтийнээс бууж, түмний өмнө гэмээ хүлээнэ" - Дээрх олон амлалтаасаа ядахнаа нь энэ нэгийг нь ч болов биелүүлчихдэгсэн бол түүх энэ мэт тангараг өргөсөн хүмүүсийг арай нааштай дурсах байх даа.
.
"Тангараг нь тонгорог болсон" гэдэг нэг хэлц үг байдаг. Хуучны л үг дээ. Тангараг тангаргаараа байваас ертөнцийн зүй найрал тэр буй. Тэндээс амгалан энх үүсдэг. Чухам тэр амгалан энх дотор хөгжил дэвшил буй.
Харин Тангараг нь бүрнээ алдарч, тагарагласнаа мартах аваас өөрийгөө хөнөөх төдийгүй нэг нэгнээ эсгэх хүйтэн мэс - Тонгорог болдог аж.
Манай АН-ын тангараг юутай ч тангараг хэвээр байж чадсангүй. Ард олны дунд тонгорог ч болж мэдэх бухимдал их байна. Түүнийг тонгорог болгочихолгүй сэхэж сэхээрэх цаг хугацаа уг нь байна санж....
Ингэхэд манай АН-ын нөхдүүд үнэхээр ийм тангараг өргөсөн гэж үү?? Би л хувьд ихээхэн эргэлзэж байна.
Юутай ч Монголын ард түмэн МЭДТҮГЭЙ...
Б.Номинчимэд
No comments:
Post a Comment