Saturday, February 27, 2016

БАЛАР ЦАГИЙН НЭГЭН ЯВДАЛ...

...
Ирвэсийн Савар бид хоёр намхан ургасан бутан дундуур мяраасаар дуу шуу ихээр гарч буй зүгт дөхөв. Гүдгэр дээгүүр даван өнгийвөл доош нэлээд тонгоргон агаад бэлийн дунд хэрд хэсэг газарт зэгстэй юм. Хатаж шарласан зэгсэн дундуур гахай л явж гаргасан болов уу гэмээр нэвт шувт сүлбэсэн жим байх аж. Яг тэр зэгсэн дунд таван анчин бөөгнөн зогсоод шуугилдана. Томхон бодон унагасан бололтой. Хоёр нь бороохойгоо даллан дэвхцэн тойрох бөгөөд нэг нь тонгойн ангаа гулдчих аж. Тэдний сэгсийсэн улаан үсийг хармагц л бид навтасхийв.
Тэд бол улаан үстэй, үсээ боодоггүйгээс ямагт сэгсийж байдаг, гөрөөсөн нөмрөгөө бөөгнүүлэн ар нуруундаа үүрч явдаг Харус овгийнхон байлаа. Тэд бидний халуун дулаан гал голомтыг минь бужигнуулан самарч, хайртай дотно бүгдийн минь цусыг горхи булаг шиг урсгаж, эмэгтэйчүүдийг минь эзэрхийлэн авсан махчингууд. Тэд биднээс багавтар биетэй, чадал дорой, зориг сул ч дэндүү олуулаа. Тэд бол хөх чоно шиг ч биш, ирвэс, эсвэл баавгай шиг ч аймшигтай биш, яг л цөөвөр чонон сүрэг мэт маш хорлонтой, муу санаатай.
Бид намхан бутан дунд доош суугаад, тэднийг ажиглав. Ирвэсийн Саварын шанаа түгшүүртэй татвалзаж, харц нь заналтайгаар гялалзана. Тэр эргэж харахад би ч бас дагуулан харав. Манай хэд уудам хотгорын дунд хэрд явна. Хэр чинээгээрээ л хурдалж буй бололтой. Гэвч хичнээхэн чадах билээ. Таван хүүхэд, дөрвөн эмэгтэй, нэг настан, нэг шархтан. Шархтан Томоот нөгөө хэдээсээ нэлээд хоцорч, мод тулаад ташаагаа чирэн хазганан зүтгэнэ. Дахиад нэлээд өгсөж байж тэр хотгорыг туулж, цаана харагдах армаг тармаг мод буттай уулын бэлд очиж нуугдах юм. Тэр болтол цаг хугацаа хэрэгтэй байлаа. Хэрвээ энэ овгор улаан үстнүүд мэдчихвэл лавтайяа бодон унагаснаасаа хувь илүү баярлан бархирцгаах биз. Манай овгоос үлдсэн нь ердөө л энэ хэд. Дээр нь миний дэргэд байгаа Ирвэсийн Савар болон Талын Чоно бид хоёр нэмэгдэнэ.
Зүрх дэлсэж, нум барьсан гар маань чичигнэв. Тэд жаахаан өгсөөд зэгсний эхэн дээр гарахад л манай хэдийг алган дээрээ тавьсан мэт харах болно. Ядахад салхи бидний талаас юм. Харус анчид бодон унагасандаа баярлаад бидний үнэрийг анзаарахгүй байгаа бололтой. Миний нуруунд буй үүрээн дотор минь отгынхоо голомтоос авч үлдсэн жаахан үнс нурам, түүний гүнд хулдан хадгалсан хус модны цог бий. Үнэр нь ийм зайд бүү хэл хаа холоос сэнгэнэнэ дээ.
Миний толгойд нэгэн санаа зурсхийв. Би Ирвэсийн Саварын гарт хүрээд, зэгсэнд гал тавья гэлээ. Тэр над руу харсан ч хариу өгсөнгүй. Шүдээ ярзайлган архирах байдал үзүүлэв. Миний санаа түүнд таалагдсангүй. Хэрвээ гал тавьчихвал салхин талаас тул зэгсний гал хоромхон зуур тэднийг нөмрөн авч, сандаргана. Тэр хооронд бид бас нэг арга сүв олж болох билээ. Эсвэл холдон зугтааж чадаж ч магад.
Харин Ирвэсийн саварын толгойд юу орсныг бүү мэд, намайг нумаа дэл, үүрээгээ буулга хэмээн зангаад гэнэт ухасхийн босож, аварга том бороохойгоо толгой дээрээ савчин дайчин уухайгаа хадаав. Би дуурайн дээр дээр үсрэн цовхчин ориллоо. Эхлээд Харус анчид навтасхийн хэвтэв. Тэгснээ биднийг хараад илт зориг орон босож, шуугиалдаад явчихлаа. Харин Ирвэсийн Савар өчүүхэн ч эргэлзсэнгүй, зэгсний баруун дээд ирмэгт хэн нэгэн байгаа мэт бороохойгоо тэр зүгт занган дохиж, “Баруун талаар нь ороогоод амдаад яваарай, хурдан хурдан, тойроод оч, зугтаалгаж болохгүй шүү” хэмээн хашгирснаа, дахин дайчин уухайгаа хашгирч дэлэв.
Харус анчид эхлээд бид хоёрын зүг ухасхийх гэснээ Ирвэсийн Саварын тэр хачин үйлдэлд эргэлзэн тээнэгэлзэв бололтой, зэгсний дээгүүр өндийлцөн, баруун ирмэг рүү хараачлав. Энэ зуур би тэдэн рүү сум тавилаа. Эхний сум маань байндаа туссангүй, дараачийнх нь нэгэн анчны мөрөн дээрх гөрөөсөн нөмрөгт тусаад хальтран унав. Ирвэсний савар намайг дага гэж дохиод, баруун ирмэг даган тэдэн рүү жишүүхэн ойртов. Тэгэхдээ өнөөх өмнө зангасан зүг рүүгээ хэн нэгэнд хэрхэн яахыг зааж буй мэт дахин дахин занган хашгирч байлаа. Нөгөө хэд бид хоёр руу шулуухан дайрсангүй, тээнэлзсэн хэвээр, тэрүүхэндээ эргэлдэж, бидний зүг ганц нэг харваж байна. Газрын доор байгаа тэдний сум бидэнд одоохондоо аюулгүй. Бид уруудаж, тэдний сум хүрэх бидэнд аюул тарьж болох зайнд хараахан хүрэлгүй зогсоод дахин хоёр сум тавилаа. Одоо түрүүчийнхээсээ ойроос харваж байгаа тул энэ удаад Харусчууд болгоомжлон ухарцгаав. Тийн ухрахдаа тэд Ирвэсийн саврын зангасан зүг түгшсэн мэт хулмалзан харсаар аж. Яг энэ үед миний нэг сум цааш эргэсэн нэгэн Харусын нөмрөгнийх нь заагаар шургаж, дал мөрөнд нь зоогдож чадлаа. Тэр эр муухай бархиран, барьсан бороохойгоо алдан, суун тусав. Босох гэж оролдсоноо бүр шурган уналаа. Нөгөө дөрөв нь туслахаар ухасхийсэнгүй, зөнгөөр нь орхин ухрав.
Бид хоёр ялалтын уухайг хоолой нийлүүлэн хашгирахад тэд өмнөөс муухай бархиран хариу өгч байна. Гэхдээ тэд эргэж нэг хоёр харвасаар ухрах аж. Бид урамшин урагш давшлан дахин харвасанд сум маань бидний зүг нумаа дэлж байсан нэгэн харваач Харусын яг толгойн оройд тусав. Арзайсан их үс нь эзнээ сайтар хамгаалсан нь тодорхой ч, юутай ч шархуулж чадав. Харус эр нумаа шидчихээд муухай бархирсаар толгойгоо даран газрын уруу гүйв. Шархадсан гөрөөс л тийнхүү газрын намыг аван гүйдэг билээ.
Ирвэсийн Савар дахин нөгөө хэн ч байхгүй зүг рүүгээ харан гараа зангаж, “Урдуур нь урдуур нь хурдан гүйгээрэй” хэмээн давтан давтан хашгирчихаад тэдний зүг бороохойгоо даллан, дайчин уухайгаа хашгирсаар дайрав. Би ч нумаа дэлгэсээр дээр дээр үсчин түүнийг дагалаа.
Өдий болтол шууд зугтах, эсвэл бид хоёр луу дайрах эсэхээ шийдэж чадахгүй байсан Харус дайчид энэ удаад тэссэнгүй, даландаа сум зоолгоод түрүүлгээ харан мөлхөж байгаа нэгийгээ бидэнд орхиод, толгойгоо дарсан чигтээ, эвэртээ дүүгүүрдүүлсэн янгир шиг энд тэнд гишгэн тэмтчин гүйж яваа нөгөөгийнхөө хойноос үргэсэн гөрөөс мэт дэгдэгнэн зугтацгаалаа. Төдөлгүй өнөөхөө ч гүйцэж түрүүлээд, дор байх салааны давчуу болдог тэр хэсэг рүү уралдан уруудацгаав. Тэр давчуу болдогт хүрээд авбал аманд нь төдөлгүй хүрч чадна. Хэрвээ аманд нь хүрчихвэл цаана нь уудам цэлгэр бэл бий билээ. Магадгүй тэр бэлд өөр бусад Харусчууд нь ч байж магад.
Бид хоёр тун удалгүй өнөөх тэнтэр тунтар гүйн яваа шархтай Харусыг гүйцэж ирлээ. Уг нь би Ирвэсийн савраас хоёронтоо хурдан гүйх билээ. Би чинь Талын Чоно шүү дээ. Овогтоо над шиг хурдан нь үгүй. Энэ хавраас би хамгийн хурдан нь болсон. Аав минь намайг тийм их хурдалж чаддаг болсонд их баярлаж, цээжээ маажин, хашгирч байж билээ. Өмнө нь бол Гээдэн хамгийн хурдан нь байсан билээ. Би хичнээн хурдан ч Ирвэсийн Савар шиг хүчирхэг дайчин, туршлагатай анчин биш. Ирвэсийн Савар бол Ирвэсийн л савар. Тэр бол манай овгийнхон нийтээр хүндэлдэг цөөхөн хүчирхэг дайчдын нэг, аавын маань дотно итгэлт хүн. Ирвэсийг ч тас багалзуурдаж чаддаг хүчирхэг сарвуугаараа хичнээн олон Харусыг, бас төчнөөн олон Төөдөл, Тайчи дайчдыг тасар татаж байсан. Гэвч тэд дэндүү олон байснаас бид сульдсаар сульдсаар сүүлдээ ийнхүү хэдүүлэхнээ өдөр нь бутанд бүжин шиг бүлтэгнэн хярж, шөнө нь энд тэндээсээ бусган бултан дүрвэн зугтаж явдаг болсон..
Харин энэ удаад өмнө маань гурвын гурван Харус дайчин байгаа тул би Ирвэсийн Саварын урд гүйж чадахгүй байв. Би гурвын гурван дайсны өөдөөс дайран орж чадах тийм дайчин болж хараахан чадаагүй яваа, энэхүү хүйтний эхэн цагт гэнэт довтолгон ирсэн Харусчуудтай тулсан маань миний анхны цуст тулаан. Би нар арван зургаан удаа буцахыг, хавар арван зургаан удаа эргэхийг үзэж буй. Гэхдээ л би дайчин...
Ирвэсийн Савар тэрхүү шархтай Харустай зэрэгцэн ирмэгц хүчирхэг гартаа барьсан аварга царсан бороохойгоороо арзгар толгой руу нь ганцхан ширвэж орхив. Цохилтын лүг хийсэн дуу гарч, Харусын гар нь сарвасхийгээд, хамаг биеэрээ хажуу тийшээ холоо шидэгдэн уналаа. Зад цохигдсон гавлаас нь цустай цагаан бөөлжис шиг зүйл цацагдан хавийн чулууг будав.
Бид өчүүхэн ч зогсосхийсэнгүй цааш гүйлдэцгээв. Улам урам зоригтой болж байлаа. Таваас гурав нь үлдсэн. Тэгээд ч тэд биднээс айн зугтааж байна. Өмнө нь бид дандаа тэднээс зугтааж ирсэн.
Нөгөө гурав боомын эхэн үрүү далд ормогц Ирвэсийн Савар гэнэт зог тусаад хажуу энгэр даган мацав. Би сая л түүний санааг ойлголоо. Тэр боомтой бяцхан хавцал хэд мушгиран тахиралдан урууддагийг өчигдөр шөнө бид өгсөж явахдаа мэдсэн билээ. Харин энэ хажуу энгэр дээр гарчихвал шууд л хавцлын ам руу бууж чадна. Тэднээс түрүүлээд аманд нь оччихно. Тэгээд ч тэднээс нэгийг нь ч амьд үлдээж болохгүй. Хэрвээ нэг нь л амьд үлдэх юм бол бусдыгаа дагуулан бидний мөрөөр мөрдөх болно. Тэднийг амьд үлдээнэ гэдэг бид толгойгоо тэдний бороохойн дор зүгээр л тавьж өгч буйтай адил зүйл. Тэд бол манай овгийн амар тайван амьдралыг үгүй хийсэн Харусчууд. Бид өгөөмөр баян сайхан нугадаа ан хийж, загас барьж, ангийн махны тос шажигнан дуслах түүдэг галаа тойрон бүжиглэцгээж, дуулалдан орилолдож, эрх дураараа байсан. Тэр бүхнийг энэ Харусчууд үгүй хийсэн. Овгийнхоо эзэн тэргүүн болсон эцэг минь миний нүдэн дээр дөрвөн Харус дайчны модон шорд нэвт сүлбүүлэн үхсэн. Тэр үхэж байхдаа “Хурдан зугт, зугт, хурдан хөлөө одоо л үзүүл. Тэгээд хожим эднийг бүгдийг нь шорд өлгөж алаарай. Эдний цусыг ханатлаа ууж, мэнэрэн жаргаарай. Талын Чоно минь. Одоо харин түүний тулд Талын Чоно шиг гүй. Миний овгийг бүү таслагтун, миний цусыг бүү асгаруулагтун” хэмээн сөөнгөтөн хашгирч байсан билээ. Ээж минь чухам тэр үймээн бужигнаан, айдас, сандрал дунд хаана нь унаж хоцорсоныг мэдэхгүй, магадгүй Харусчуудын модон хашлагад хураан хашсан манай эмс охидын дунд ч байгаа юм билүү. Тийм бол охин дүү маань ч тэнд хамт байж магад.
Бас Хээрэн... Хээрэн бол миний охин. Түүнийг би жилийн дараа өөрийн урцтай болоод тэндээ оруулж явах ёстой гэдэгт огтоос эргэлзэж байсангүй. Тэр зээр шиг шилбэтэй өндөр охинтой хамт байх надад таатай байдагсан. Тэр ч бас тэр хашлагад хашигдсан байж магадгүй. Яагаад гэвэл тэр үхэгсэд дотор тааралдаагүй. Эсвэл аль нэгтээ хэн нэгэнтэй хамт амь зулбан, яг л бидэн шиг нуугдан бүлтэгнэн яваа ч байж магадгүй.
Харин миний эгч Дэлбээтийг Харус дайчид орилуулж байгаад хүчирхийлж байсныг би харсан. Надаас хувь илүү хүчтэй эгч маань дээрээ байсан Харусын гүрээг нэг боломж гарангуут бугын шөрмөс тас хаздаг том цагаан шүдээрээ зууран хазахад, нөгөөх нь хичнээн хашгиран тонгочсон ч тавиулж чадаагүй юм. Бусад Харусчууд нь эгчийн маань хавирга, бөөр, гэдэс рүү бидний үзэж хараагүй хачин хэлбэртэй, хурц хутгаараа цус үсчүүлэн шааж байхыг би харсан. Тэгэхэд тархиндаа чулуугаар дүүгүүрдүүлээд ухаан алдсан би дөнгөж ухаан орчихсон, үхсэн хүмүүс дотор хэвтэж байсан билээ. Эгч маань үхсэн ч зуусан шүдээ тавиагүй юм.. Тэр Харусыг аваад хамт үхсэн. Яг л чоно шиг зуусан байсан даа.
Ирвэсийн Савар бид хоёр хамаг чадлаа шавхан хажуу ирмэг дээр гарав. Тэртээ дор боомтой нарийхан мушгиа хавцал даган нөгөө гурав гүйж яваа нь харагдана. Бид хоёр цааш газрын уруу асга хадтай уралдан маш хурдан буулаа.
Хавцлын аманд хүрээд нэг хурц хадан хошууны өмнө хоёул зэрэгцэн зогсов. Би нумаа дэлж, Ирвэсийн Савар аварга бороохойгоо заналтайяа эргэлдүүлэв.
Төдөлгүй амьсгаадан гүйж буй чимээ гарсаар нэг Харус давчуу хадан хошууг тойрон гүйхээрээ гарч ирснээ зог тусав. Би ч сумаа тавьж орхилоо. Тэр Харус орилж ч амжсангүй сум яг хоолойд нь зоогдоход, амаа ангалзуулан сарваганасаар урагш харуулдан унав. Яг энэ мөчид хоёр дахь Харус гарч ирлээ. Түүний өөдөөс Ирвэсийн Савар бороохойгоо далайсаар ган чимээгүй ухасхийв. Тэр Харус эрийг би өмнө харсан байлаа. Тэр бол Харусчууд дотроо хүчтэй, нөлөөтэй толгойлогч нарынх нь нэг мөн. Түүнийг муухай орилон бороохойгоо даллахад Харусчууд зориг орон олноороо хошууран дайрцгаадаг юм. Харусчууд дотроо бол аварга том биетэй, манай Ирвэсийн савраас ч том шахам тэрбээр огтхон ч сандарсангүй, зогтуссан ч үгүй, дайчин уухайгаа хадаан, бороохойгоо далайсаар Ирвэсийн Саварын өөдөөс дайрав. Хоёр хүчирхэг дайчны эхний тулгаралт аймшигтай байлаа. Хүнд аварга бороохойнууд тас нясхийн мөргөлдөж, салбаран бут үсрэхэд, хоёр эр архиралдан зууралдаж авав. Тэгснээ давхралдан унаж нэг нэгнийхээ дээр доор орон өнхөрөлдсөөр дэргэд минь ирэв.
Яг энэхэн мөчид гурав дахь Харус гарч ирлээ. Энэ зуур би хэдийнэ сумаа онилж амжсан байв. Энэ гурав дахь Харус ч бас зогтусан гайхсангүй, шууд л надруу дайрлаа. Нүд нь дүрлийгээд, том шүдтэй ам нь арзайн ангайгаад, архирах нь яг л тэр нэгэн удаад над руу хадан үе дээр дайрч байсан том аварга шилүүс мэт байв. Би сумаа тавилаа. Гэвч сум маань тэр дайчны хацарт хальт туссанд, ялимгүй хажуу тийш далжгас хийсэн ч зогссонгүй. Би туулай мэт булт үсрэн зайлж амжив. Нөгөө дайчин уруу газар гүйж явсан хүчиндээ надаас зөрөөд өнгөрөв. Энэ зуур би дахин сумаа ониллоо. Энэ бол миний сүүлчийн сум. Одоо алдаж хэрхэвч болохгүй. Гар минь салганан, зүрх ширхийлээ. Тэр дайчны араас харваж боломгүй байв. Учир нь тэр ардаа том гэгчийн зузаан тэхийн арьсан нөмрөгтэй юм. Би нумаа дэлээд түүнийг эргэж харахыг анав. Хурдаа сааруулан тогтоод өнөөх Харус эр эргэж харав.
Бие ч, нас ч багатайг минь сая анзаарав бололтой, маш аймшигтай дуугаар хашгирсаар бороохойгоо даллан дайрав. Далласан бороохойн эргэлт өнгөрөх яг тэр мөчид би сумаа мулталлаа. Зэрлэгээр хашгирч байсан дуу гэнэт тасалдаж, амандаа нарийн цахиуран үзүүр бүхий сум зоолгосон тэр амаа улам ангайлган нүдээ улам аймшигтайяа бүлтийлгэсээр тулж ирлээ. Гэвч тэр бороохойгоо өргөж чадсангүй, надад тулж ирээд бүлтийтэл харсан хэвээр өвдөглөн суув. Аманд нь зоолттой сумныхаа гичрээс атгаад хамаг хүчээрээ гударсанд яг хөлийн минь өмнө түрүүлгээ харан уналаа. Хөл, гар нь татваганан тийчилнэ. Ар шилээр нь миний хайртай цахиуран зэв нэвт гарч ирэв. Алмайран гайхаж, зуурхан зогтуссанаа гэнэтхэн цочиж нөгөө хоёрын зүг харав. Чухам хэн нь дээр, хэн нь доор буй нь мэдэгдэхгүй, өнхөрөлдсөөр доош холдсон байлаа.
Хэрвээ манай Ирвэсийн Савар дийлдвэл... Би тонгойн өнөөх алагдсан Харусын бороохойг татваганасаар буй гараас нь шувт татан аваад тэдний дэргэд үсрэн буулаа. Тэд яг л ирвэс, чоно хоёр мэт зууралдан ноцолдсоор, араа шүд нь хяхтналдан, архиралдана... Бороохойгоо далайсан боловч, миний анасан сэгсгэр улаан толгой нэг дээр, нэг доор ороод буулгаж чадсангүй. Дэмий л дээгүүр нь үсрэн цаана наана нь гаран дагав. Нэг том хар чулуунд тулаад зогсоход өнөөх улаан толгой дээр нь гарч ирлээ. Бие биеийнхээ багалзуурт ассан байх аж. Би хамаг хүчээ шавхан улаан толгойн яг ар дагзан дунд буулгалаа. Энэ удаа тасхийсэн чимээ гарч, улаан толгой гулдайхад Ирвэсийн Савар түүнийг хажуу тийш нь ганцхан холбилоод босож ирлээ. Тэгээд миний гараас бороохой шувт татан авч, Харус руу далайснаа буулгасангүй, тээнэгэлзэн зогсов. Харус эр хараахан үхээгүй, яраглан хөдөлж байлаа. Ирвэсийн Савар бор гөрөөсний шөрмөс залгаж хийсэн бүсээ мулт татан аваад, Харус эрийн хоёр гарыг ард нь хүлэв. Мөн хоёр хөлийг нь ч хүлээд дөрвөн мөчийг нь ар нуруунд нь гэдийлгэн татаж боов. Хоромхон зуурт хийлээ.
Тэгээд Харус эрийн бүсэнд байсан хутгыг авав. Энэ Харусчууд бидний огт мэдэхгүй, бөссөн цус мэт өнгөтэй, их хурцын дээр хэзээ ч ир, ирмэг нь сэтэрдэггүй, бүр хагардаг ч үгүй маш хатуу чулуугаар хутга болон сумаа хийсэн болохыг бид мэдсэн юм. Тэдний сум манай гөрөөс бүү хэл баавгайн арьсан нөмрөгийг нь цоо хатгаж чадаж байв. Харин бидний цахиуран сум тэдний давхарласан зузаан нөмрөгийг яаж чадахгүй байсан билээ. Бас Харусчуудын зарим нэг нь бороохой, сүхний оронд тэр хачин чулуугаараа хийсэн урт хавтгай шорон үзүүртэй зүйл барин дайрч байсан юм. Тэр бол аюултай, маш аймшигтай зэвсэг байв. Ирвэсийн Савар хутгыг нүүрэндээ ойртуулан хамраа сарталзуулан үнэрлэв. Долоож үзээд, тамшаалснаа “Энэ чулуу биш байна” гэв. Энэ бүх явцад түүний цээж яг л ирвэснийх мэт хүржигнэж байсан юм. Ер нь ч тэр дайсантай учрахаараа, эсвэл олз ангаа харахаараа тийн цээж нь хүржигнэн дуугардаг болохыг би ойрмогхоноос анзаарч мэдсэн билээ. Харин би бол архирмаар болдог. Бүр улимаар ч болдог юм.
.
Ирвэсийн Савар Харус эрийн нөмрөгийг зад татаад, нүцгэн цээжийг нь гаргав. Шөрмөслөг, хэрзгэр хэнхдэгний хавирга нь түнхэлзэнэ. Энэ үед Харус эр ухаан орж муухай архирлаа. Тэгээд босох гэсэн боловч яаж ч чадсангүй, дэмий л тэлчигнэснээ бачимдан улам муухай бархирав. Ирвэсийн Савар өөдөөс нь түүнээс ч дутуугүй бархирснаа өнөөх чулуун биш хутгаа далайн өвчүүнийх нь дээд хэсэгт матигар үзүүрийг нь шааж орхив. Харус дайчин хашгирахаа зогсоод, юу болж буйг гайхсан байдалтай Ирвэсийн саврын гарыг даган харав. Ирвэсийн Савар өвчүү, хавирга хоёрын завсараар ясыг нь хүржигнэтэл татсанд, Харус эр тэссэнгүй орилов. Ирвэсийн Савар өрц хүртэл нь татсанаа хутгаа сугалан, дахин далайж, өвчүүний дээд хэсэгт эргүүлэн зоогоод нөгөө хавирганых нь ирмэгээр дахин татлаа. Харус дайчин арзгар үстэй данхагар толгойгоо газар савлан байж ядан бархирна. Ирвэсний савар нөгөө гараа алгуур сунган нэгэнтээ сул болсон өвчүүний бүдэрхий хэсгээс атгангуут огцомхон угз татлаа.
Шажигнасан дуу гаран, цус үсчиж, Харус эрийн цээж онгойгоод ирэв. Цээжин дотор нь атгасан гарын чинээ зүрх булбалзан оволзож байлаа. Намайг зургаан жилийн өмнө анх удаа туулай барьж ирэхэд аав маань тэр туулайн цээжийг онгойлгон, бөндөгнөн оволзож байсан цөцгийн өндөг мэт жижигхэн зүрхийг нь сугалж, надад идүүлж байсан юм. Харус эрийн зүрх яг тэр туулайнх шиг бөндөгнөж байв.
Байдгаараа бархирч байсан Харус эр гэнэтхэн дуугаа татаад, цахадсан толгойгоо гунайлган цээжин доторхоо гайхах мэт харав. Нүд нь улаанаар эргэлдэж, шүд нь хяхтнан шажигнана. Завжнаас нь цус, шүлс холилдон зунгааралдан гоожжээ. Ирвэсийн Савар хутгаа сольж бариад алгуурхан тонгойж нүүрээ түүний нүүрэнд ойртуулах завсраа баруун гараа Харусын онгойсон цээж рүү шургуулж, бумбалзан буй зүрхийг нь зөөлхөн атгаж авлаа. Тэгснээ атгалтаа бага багаар чангалахад түүний хүчирхэг хурууных нь завсараар хүрэн улаан зүрх мултарч гарах гэж буй мэт хүчлэн бултагнана. Харус эрийн царай мэнчийн, хүрэнтэж, амаа алгуур ангайн хашгирах гэсэн боловч чадсангүй. Ирвэсийн Саварын өөдөөс айдас дүүрэн нүд нь бүлтрэн шахан томорлоо. Ирвэсийн Савар огцомхон угз татахад Харус эрийн хамаг бие татвасхийв. Цус сад тавин цацарч, Ирвэсийн саврын нүүрийг нилэнхүйд нь будлаа. Тэр гараа өргөн нүүрэн харалдаагаа авчираад алгаа дэлгэсэнд алган дээр нь тэрхүү зүрх байж ядан тонгочсоор байв. Харин Харус эр тэр болтол түүний гарыг дагуулан харж байснаа, ангайсан чигтээ, нүд нь бүлтийсэн чигтээ, Ирвэсийн Саварын алган дээрх зүрхээ тас ширтсэн чигтээ хөшиж орхив.
Цээж нь хорсолтойёо хүржигнэсээр байгаа Ирвэсийн Савар огцом хашгирснаа өнөөх бумбалзсаар байгаа зүрхний үзүүр хэсгээс том хазаж, цус садруулсаар тасар татан зажлав. Тэгснээ түүнээ надруу сунгав. Би ухарлаа. Тэр лавлуулан сунгахад би хойш холоо гэгч үсрэн ухрав. Завжаараа цус садруулан зажилж байсныгаа нүдээ бүлтийлгэн, хоолойгоо гүрдийлгэн байж залгиад, над руу дөхөн “Чи, чи үүнийг... Чи тэднийг ялж чадахгүй” гэв. Цээжинд минь Харусчуудаас өш хонзонгоо авах хүслэн байж ядан байсан ч би түүний хийснийг, тэр Харус дайчны амьд зүрх зүлдийг идэхийг хүсэхгүй байлаа.
Ирвэсийн Савар тал нь идүүлсэн ч одоо болтол хөдөлсөөр л байгаа зүрхийг дахин надруу сунгаад “Чи бол манай овгийн тэргүүн Том Соёогийн хүү. Аав чинь хэрвээ амьд байсан бол яг миний адил ийн хийх байсан. Чи Харусчуудын зүрхийг мохоож, түүний зүрхэн дэх сүр сүлд, сүнс, зориг хийгээд хүч чадлыг өөртөө авахын тулд үүнийг идэх ёстой. Тэгэж байж чи тэднийг ялна. Чи дахиж овог аймгаа удирдаж чадна. Аав чинь чамаас ид гэж хүсэж байгаа. Тэр энд, яг энд чиний цээжин дотор чинь чамтай хамт байгаа” гээд миний цээж рүү цохив. Ирвэсийн Саварын хэлж буй үгс үнэн байв. Тиймээ, хатуу догшин, эрэмгий зоригтой аав минь яг ийм нөхцөлд түүний л адил хийх л байсан, идэх л байсан. Тэгээд шархадсан баавгай шиг бархирах байсан.
Гэвч би бол тэднээс өөр гэдгээ мэдэрч байв. Тиймээ, би бол өөр. Би тэр зүрхийг идэхгүйгээр хүчтэй байж чадна гэдгээ мэднэ. Би Ирвэсийн Саварын нүд рүү ширтээд, ам эрүүгээ удаан хөдөлгөн “Үгүй” гэж хэллээ. Миний энэ байдал Ирвэсийн Саварт дахин ятгах ямар ч шаардлага байхгүй гэдгийг ойлгуулав бололтой, үлдсэнийг нь хэдэн хэсэг тасар татан залгиснаа, Баруун уулын оргил өөд харан өвдөглөн суугаад яг л ирвэс шиг муухай дуугаар бархиран гангинав. Би дэргэд нь суугаад эрүүгээ дээш нь өлийлгөж уртаар татуулан улилаа.
.
Бид хоёр Харус дайчдын нум сум, бороохой, өнөөх чулуун биш хутганууд, бүс болон бусад эд хэрэглэлүүдийг хуу хамав. Түүгээр зогсохгүй хоёр томхон гөрөөсөн нөмрөгийг авлаа. Учир нь тун удахгүй цасан бударч, усан хөлдөх болно. Дулаан халуун өтөг бууц, урц овоохой үгүй үед энэ чухал хэрэгтэй. Харин надад хамгийн хэрэгтэй зүйл нь өнөөх чулуун бус үзүүртэй 10 гаруй сум байв.
Бид хоёр олзоо үүрээд, зам зууртаа өмнө алагдсан хоёр Харусын эд юмыг болон харвасан сумнуудаа олж хамсаар тэдний агнаад хараахан авч амжаагүй бодон дээр очлоо. Ямар ч анчин баярлахгүй байхын аргагүй аварга бодон байв. Энэ аварга амьтны арьсыг чухам энэ Харусчуудын хурц үзүүртэй өнөөх чулуун биш сум л нэвтэлж чадах билээ. Махнаас даах чинээгээрээ авав. Гэсэн ч тал нь үлдлээ. Бид жараахай залгихаас өөрөөр том ангийн мах идэж чадалгүй бүтэн арван гаран бор хоногийн өнгөрөөжээ. Энэ завсар зөвхөн мангис, улааны үндэс, хатсан жимсээр голдуу хооллож явсан юм. Тиймээс энэ шөнө нэг нууцхан газар олж аваад тосыг нь гоожуулан шажигнатал мах шарна гэхээс хорхой хүрч, байж ядна. Зүтгэсээр анхлан Харусчуудыг харсан газраа орхисон үүрээгээ авлаа. Тэр үүрээн дотор манай отог овгийн маань голомтийн тасархай яваа. Унтрах дөхөж байсан учир, хатсан зэгсний толгой хийж, улалзуулаад, хусны зомголны булан хийж, цогоо нэмж авав. Тэгээд мах, зэвсэг, дулаан нөмрөг зэргээ дааж ядталаа нэвсийтэл үүрсэн бид хоёр нөгөө хэдийнхээ мөрөөр зүтгэлэв. Баруун талын модтой хар уулын гүрээн дотор тэд биднийг харуулдан түгшин хүлээж байжээ.
Бид бүтэн сар нимгэрч, дахин дүүртэл баруун зүгт зорин зүтгэв. Зам зууртаа нэг шүдлэн буга унагаж, хүнс залгав. Томоотын шарх аажмаар эдгэрсэн ч тэр доголон хэвээр үлдсэн билээ. Харин настан маань нэг их гол ус гаталсны дараахан амарч суугаад дахиж боссонгүй. Тэр чигтээ чулуу болчихсон юм. Яг л чулуу... Түүнийг бид суугаа чигт нь орхиод цааш явсан даа. Хэдийгээр Ирвэсийн Савар удирдан дагуулж явсан ч тэрбээр улам л дуугүй, баргар болсоор байв.
Явсаар нэг их цаст өндөр уулын бараа харагдах газарт ирж, тэртээх алсын алс дуниартан харагдах асгат их нурууны үргэлжилсэн энгэрт нэгэн агуй олж, тухлав. Уудам том агуйнхаа хүнхэр адрын оёорт галаа ноцоож, голомтоо сэргээн тулав.
Эргэн тойронд ан амьтан элбэгтэй, харшлах дайсан үгүй. Харин тэр их уулнаас умард зүгт байх гурван их голын бэлчир газарт нэгэн номхон буурай овог аймаг нутагладаг болохыг Ирвэсийн Савар бид хоёр ан хийж явахдаа олж мэдсэн юм. Тэдэнтэй бид ойртон нөхөрлөж, ангийн арьс, соёо болон бусад зүйл солилцдог болов.
Таван хүүхдийн маань том болох 11 настай Алгана хүү надтай, эсвэл Ирвэсийн Савартай хамт ойр зуурт анд явдаг боллоо. Тэр сайн харваач болж байв. Заримдаа бид гурвуулаа ч явна. Харин хол зорихоор бол зөвхөн Ирвэсийн Савар бид хоёр явна.
Томоот ихэнхдээ хүүхэд эмэгтэйчүүдтэй хамт арьс зөөллөх, мод түлээ бэлдэх, ангийн махыг эвдэж, зүсэж хатааж, нөөшлөх гэх мэт ойр зуурын ажлыг эрхэлнэ. Бид агуйн амнаас нэлээд доохно мод, хадан дунд байсан тэгш сайхан талбайг сонгон, тойруулан модоор хашлага босгов. Их том шивээ хашлага боллоо. Өвлийн турш, бас хавар, зуны турш хийцгээсэн юм. Хэрвээ хуучин овгийнхон маань үзвэл бүгдээр гайхацгаах байсан. Тэндээ уулаас хавар барьсан хоёр янгирын ишгийг оруулав. Дараа жил нь түүнээ 9 болгож нэмэв. Бас гурван бор гөрөөсний янзага хийв. Хүүхэд эмэгтэйчүүд заримдаа өдөржин тэнд байж, тэднийг өөртөө дасгахыг хичээх билээ. Жилээс жилд бид тэднийхээ тоог олшруулсаар, тэд ч бидэнд дассаар байлаа.
Харин бид бүгдээр өглөө бүр тэр их цаст өндөр уулын зүг харан алгаа дээш харуулан өндөрт өргөөд удаан зогсох билээ. Түүнийг От хан тэнгри хэмээнэ. Настан өвгөн маань чулуу болон хөшихийнхөө өмнө тийм их уул бий гэдгийг ярьсан юм. Тэр залуудаа миний өвөг Бор Баавгайн хамт энд ирж байсан ажээ. Тэр уул бол олон олон их эрсийн сүнс эрмэг сайхан биеэ орхин одохоос ч эрт өмнө, тэнгэрт гялалзах Баавгайн соёо одон доошоо биш, дээш нь гозойлгосон хуруу шиг байсан тэр цагт, газар бүхэлдээ их усанд бүрхэгдэн байсан тэр үед уснаас цор ганцаар цухуйж байсан юм хэмээн настан ярьсан билээ. Мөн тэр уулын оргилд анхны бүргэд үүрээ засаж, бэлд нь анхны модод ургаж, тэнд анхны буга, гөрөөс гүйлдсэн гэнэ. Тэр бол дээр хөхрөгч мөнхийн их тэнгэрийн хүсэл тааллаар бий болсон уул аж. Түүнд өвөг дээдсийнхээ сүнсэнд залбиран хүсдэг шигээ залбирах аваас хамгаалан тэтгэдэг гэнэм. Тэгээд л бид тийнхүү өглөө бүр хамгаалан тэтгэхийг хүсдэг болсон, ангийн дээж зүлдээ тэр ууландаа өргөж, тайлга тавьдаг болсон билээ.
Саран дүүрч, дахин шингэрэх бүрт Ирвэсийн Савар улам бүр үг дуугүй болж, ан авд ч явах нь цөөрсөөр байлаа. Тэр өглөөд агуйнхаа үүдэн дээр хөгшин өвгөн мэт өгцийн суугаад алсыг ширтэн сууна. Маш хурдан цайсаар буй үсээ ч боохыг болив. Үсийг нь боож өгөх гэсэнд тэр гарыг минь барьж, шууд хорив.
Үс хялгасыг нь хусаж авсан янгирын арьсыг гурвалжилж холбосон модонд тэлүүрдэн хатаагаад харлаг тэхийн хавирганы үзүүр хэсгээс барьж, толгойн товруутай хэсгээр тэрхүү хатаасан арьсныхаа гол хэсэгт цохиход тодоос тод дуу гарч байлаа. Тэр түүнээ тогшин, чимээг нь чагнан чагнан маш удаан сууна.
Нэгэн өглөө урган буй наран зүг харж зогсоод, өнөөх гурвалжилсан модонд тэлүүрдэн хатаасан арьсаа чангаар дэлдэн, нэгэн үл ойлгогдох хэмнэлээр бүжиглэн зогсож байлаа. Үе үе цохиурын чимээ тодрон, үе үе намдана.
Тэрбээр ийн үглэж эхлэв.
Ээ-ээ-хө, Ээ-ээ-хө, ману дээ
Эвэлгээн хөх тэнгри ману хө
Ээлгээн шаргал наран мину
Энхээн цагаан тэнгри ману
Эрхээр уудам тэнгри ману
Ээ-ээ-хө, Ээ-ээ-хө, бай- дөө,
Дэлдээнийм, дэлдээнийм уу өө
Дэлдээнийм, дэлдээнийм уу өө
Отхан их тэнгри ману
Оргойн хөх тэнгри ману
Орь түргэн тэнгри ману
Оргил цанхаан тэнгри ману
Орчил цахилгаант тэнгри ману
Ээ-ээ-хө, Ээ-ээ-хө, бай- дөө,
Дэлдээнийм, дэлдээнийм уу өө
Дэлдээнийм, дэлдээнийм уу өө
Атгам жаахан үрс ману
Аажим олноор болтугай
Авилган хурцан сүх ману
Атаан хүчтэй болтугай
Өө – өө – өө – өө
Өнө мөнийн тэнгри ману
Өөжиг цагаан тэнгри ману
Өдлөө цагаан тэнгри ману
Өнөд биднээ мэдэх ану...
Мөнх хөх тэнгри ману
Мөн бидний дээдэс ману
Мөргөлт хөх тэнгри ману
Мөхөөн дээд тэнгри ману
Мөн гал биднийгээ
Мөрөөн даваж хараа ману
Ээ-ээ-хө, Ээ-ээ-хө, бай- дөө,
Дэлдээнийм, дэлдээнийм уу өө
Дэлдээнийм, дэлдээнийм уу өө
Өө – өө – өө – өө
Гэх мэтээр дэвхцэн, боолгоогүй их үсээ сэгсэгнүүлэн дуудав. Бид бүгдээр түүнийг даган дэвхэцлээ. Түүнээс хойш тэр үе үе тийн дуудах билээ. Тэр заримдаа бүхэл сараар юу ч үл идэн, үл хөдлөн агуйн үүдний чулуун дээр суух билээ. Тийн суухад нь бид түүнийг огтоос үл анзаарна. Сарны гэрэлд яг л чулуу адил харагдана. Бид ч түүний энэ жигтэй байдалд дасав.
Цөөхөн ам бүлийн маань бүхий л хувь тавилан миний нуруун дээр ирлээ. Тиймээ, миний өвөг дээдэс, дээдсийн дээдэс Хөх Бухын үеэс л тэд овог аймгаа удирдан тэргүүлж, хувь тавиланг нь үүрч ирсэн. Өвөг Бор Баавгай маань ч, аав Том Соёо ч тийм л байсан. Надад ч мөн адил байх болно.
Тэр их ууланд ирснээс хойш моддын навчис гурвантаа хийсэхэд дөрвөн эмэгтэйгээс дөрвөн хүү төрөв. Би тэдэнд Гал, Ус, Мод, Чулуу гэдэг нэр өглөө.
Хожим овог отог минь улам өнөржин олширно. Бид умар зүгт байх их голуудын бэлчирт дэх Даанхи овог, түүний цаана халуун хүрэн чулуутай нуурын хөвөөнд аж төрөх Баарай овгийнхонтой ураг барилдах болно. Бид хуучин аавын маань отогт байсан нохдоо дахин олж, эргэж хэзээ ч хагацашгүйгээр нөхөрлөх болно. Бидний хашлага шөргөндөө хураасан ямаад маань улам олон болж, бидэнд сүүгээ, махаа, бас зөөлөн дулаан ноолуур, хялгасаа өгдөг болно. Бид агуйгаас бууж, тэр уудам их уул тал, хөндийгөөр ямаагаа хариулан эрх дураараа айх эмээх юмгүй нүүдэллэн явдаг болно. Бид Баарай овгийнхноос өнөөх чулуу биш хатуу зүйлээс ч хатуу зүйлийг их галд урсган гаргаж авдгийг сурч мэдэх болно. Түүнээ бид Төмөр гэж нэрлэх болно. Хожим миний 73 нарныхаа жил гарсан отхан хүүгээ ч мөн Төмөр хэмээн нэрлэх болно. Тийнхүү би Гал, Ус, Мод, Чулуу, Төмөр гэсэн таван хүүтэй болно
Би хол ойрд цуугаа дуургасан их тэргүүн болно. Миний дайчид идэрхэг, Ирвэсийн Савараас ч илүү хүчирхэг зоригтой, арга заль төгс дайчид болон өсөх болно. Бид уудам хөндийгөөр багтаж ядан бэлчих адуу хэмээх омголон догшин гөрөөсийг барьж, ямааныхаа адил дасгаад, түүний дэлэн дээр салхи исгэрүүлэн тэнгэрийн үүлтэй уралдан давхидаг болно. Бид тэгээд бүхнээс хурдан, хүчирхэг болно. Тэгээд бид өмнө зүгт байх Харус овгийнхон, түүний элэг бөөрний сүлбээтэн хоёр ч овгийн үнсийг хийсгэн самарч, зүрхийг нь үхүүлэн дарж, өмнө зүгт их говийг гаталган үлдэн хөөх болно. Бид хадан тольт дээр аугаа их анчид байснаа, бас аугаа их дайчид байснаа, тэнгэрийн тамгыг хэрхэн хүлээн авснаа, тэр их алдар цуу юугаа дуурсган цохиж үлдээх болно.
Биднийг хол ойргүй Мөн гал хэмээн нэрлэх болно. Хэрхэхийг мэдэж байлаа. Учир нь энэ бүхнийг Ирвэсийн Савар надад хөх сарны гэрэл дор шивнэн хэлж өгсөн болно.
.
2016.2.27

1 comment:

Anonymous said...

Та бичсэн юмуу, орчуулсан юмуу гайхамшигтай. Кино үзчихлээ ш дээ.