Улс төр бол нэг талаас нь хэлбэл ХҮН ТАНИХ УРЛАГ юм. Хүн таних чадваргүй бол, ийм авьяасгүй бол, энэ урлагийг эзэмшээгүй бол та Улс төрд ороод нэмэргүй. Улс төрч болоод нэмэргүй, өөрөө хохироод, элдэв юм руугаа гадас шаалгаад зогсохгүй өргөн олон түмнээ ч давхар давхар хохироон зовоох болно. Хожим хойно түүхэнд хар муугийн жишээ болно.
.
- ХҮН ТАНЬЖ чадсаны аугаа их үлгэр жишээ бол Чингис хаан маань. Түүний өрлөг шадруудаас хэн ч нь, хэзээ ч Их хаанаасаа нүүр буруулж байсангүй. Бас тэд хэзээ ч олны итгэлийг нь алдаж, ёс бус зүйлтэй хутгалдаж байсангүй, Монгол төрийн жинхэнэ түшиг тулгуур, үлгэр загвар нь болж байлаа. Сонирхолтой нь тэдгээр өрлөгтөн хийгээд сайдуудаас нэлээд нь Чингис хаантай дайсагнагч, эсрэг овог аймгуудынх байв. Хүзүүг нь харвасан Зэв, үргэлж зовоосон Тайчуудын Наяа, Жадаран овогтонд үйлчилж явсан Жалайр Мухулай, Найманы Тататунга гэх мэт. Ямар гарал угсаатай, нийгмийн байр суурьтай байх нь чухал биш, тэр бүү хэл ямар чадвартай байх нь чухал биш байж. Наяа ноёныг бол Чингис хаан Эзэн болсон Таргутай Хрилтугийг өрөвдөөд тавьж явуулсан тэр ганцхан тохиолоор л үнэлсэн. Зэв шиг цэргийн болоод шударгуу зориг, Тататунга шиг бичгийн чадвараар нь үнэлээгүй. Гол шалгуур ХҮН шиг ХҮН байх нь чухал байж. Тэр бол төрийн зүтгэлтний суурь мөн чанар. Улс төрийн торгон жолоо. Үүний цаана Чингис хааны тунхагласан "Гайтай болвоос шадрыгаа ч шанталсугай, Гавьяатай болвоос дайснаа ч шагнасугай" гэсэн нэгэн аугаа зарчим бий.
.
- ХҮН ТАНЬЖ чаддаггүйн хамгийн сүүлийн жишээ бол манай гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр байна. Нэг хэсэг элдвийн баахан хүмүүсээр ялаа батгана мэт шавуулсан. Янз бүрийн юм аа долоолгоод л. Тэгээд удалгүй тэд нь араас нь модон гадас хайр найргүй шаасан. Арга ч үгүй байх, тийм юм долоож байсан хүмүүс чинь тийм хэмжээний юм шаах "ёс суртхуун"-тай байх нь ойлгомжтой. Одоо ч бас баахан юмс шавчихсан л харагддаг.
.
За тэгээд хүн танихын тулд эхлээд өөрөө ХҮН байх ёстой байдаг. Өөрөө хүн шиг хүн байж хүн шиг хүнээр хүрээлүүлдэг. Хүндийн төв нь болж чаддаг. Тэгэж байж баг бүрддэг, тэгэж байж үйл ажиллагаа эрчимтэй урагшилдаг. Нэг ийм маш энгийн юм шиг атлаа асар амаргүй зүй тогтол байна шүү.
.
- Өнөөдөр маш олон хүн, залуус улс төрд орохоор "зориг шулуудсан" байна. Тэдэнд дахин хэлэхэд өөрсдөө эхлээд ХҮН байх хэрэгтэй, тэгээд зогсохгүй ХҮН таньдаг чадвартай байх хэрэгтэй. Хэрвээ энэ хоёр шалгуур чамд үгүй бол хайран сайхан амьдралаа тэгэж дэмий сүйтгэхийн хэрэггүй. Сайн хийгээд муугийн тод жишээг дээр өгүүллээ.
Мөн сонгогч олон түмэнд хэлэхэд тэр ямар нам, ямар албан тушаал, цол хэргэм, нэр төр, хөрөнгө мөнгө, сайхан цариа зүс, уран яруу яриа хөөрөө, хөөрхөн ааль энэ тэр тийм ч чухал биш шүү. Гол шалгуур чинь ХҮН. Хүн шиг хүнийг эс олж чадваас өөрсдөө л хувь заяагаараа тоглуулна. Үр хүүхдийнхээ ирээдүйгээр тоглуулна.
"Сур сур, бас дахин сур" гэж Владимир Ильичийн нэг үгийн үнэ цэнэ хэзээ ч алдрахгүй явнам. Эзэн нь үгүйсгэгдэн гутаагдсан ч үг нь үнэ цэнэтэй хэвээр. Харин "Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг" гэсэн манай Ерөнхий сайдын үг их эргэлзээтэй болчихоод байгаа. Тэгэхээр гурвантаа давтсан бүхэн баталгаатай гэсэн үг биш болох нь ээ.
Гэхдээ л миний хувьд баталгаатай гэдгийг батлан хэлж чадах нэгэн гурвалсан үг бол "ХҮН, ХҮН, бас дахин ХҮН" юм.
Өөрөөр хэлбэл улс төрч бол ХҮН байх ёстой, бас ХҮН таньж чаддаг байх ёстой, эцэст нь сонгогчид тийм хүнийг олж чаддаг байгаасай...
Б.Номинчимэд
No comments:
Post a Comment