Моголын хаан Бабар Дели, Аграг амжилттай байлдан дагууллаа. Умарт Энэтхэгт нэвтрэн орсныхоо дараа Бабар түүнийг сөрөн зогсож байсан Энэтхэгийн бусад вант улсуудын хаадтай, бас Энэтхэгт санаархаж байсан гадны хаантай халз тулах болов.
Ражпутчууд бол эрэлхэг зоригтой, эрх чөлөөнд дуртай, нэр төрөө эрхэмлэгдэг хүмүүс билээ. Меварийн Рана Санга Ражпутын олон овог, ванлигуудыг Бабарын эсрэг нэгтгэн тэмцэв. Тэр харийн монголчуудыг Энэтхэгээс зайлуулахыг хүсэж байлаа.
Рана Санга нь аугаа дайчин байгаад зогсохгүй ариун шударга, энэрэнгүй нинжин хүн байжээ. Шийдвэрлэх тулаанд ялагдаж, түүнд олзлогдсон Мандугийн Махмуд Султанд тэрбээр хаанд улсыг нь буцааж өгч байсан түүхэн баримт нь түүний хичнээн ариун нинжин хүн болохыг илэрхийлнэ.
Рана Санга тулалдаанд нүдээ сохлуулж, гараа тасчуулсан ажээ. Тэр мөн биедээ асар олон илд, сумны шархтай нь түүний аймшиггүй эр зоригтой болохыг харуулна. Хэдий ийм олон шарх сорвитой, өрөөсөн нүдтэй, нэг гартай ч тэр үүнийг үл тоож, дайн тулаанд аймшиггүйгээр дайран ордог нэгэн байв.
Бабар хаан 210 000 цэрэг бүхий Рана Сангагийн хүчирхэг армитай эрэгчин эмэгчнээ үзэх ёстой болов. Тэр Рана Сангаг хялбархан ялахгүй гэдгийг сайн мэдэж байв. Бабар ялахаас өөр гарц, арга зам байхгүй гэдгийг цэргүүддээ мэдүүлэхийн тулд цэргүүдийнхээ эр зоригийг бадраасан, ялалтын итгэл урам өгсөн нэгэн зүйл хийжээ. Тэр ялах хүртлээ дарсанд огтоос хүрэхгүй хэмээн тунхаглав. Тэгээд бүх дарсийг асгуулжээ.
Цэргүүд эзэн хааныхаа энэ үйлдэлд ихэд зоригжин, дайтан тулах хүч чадал нь үлэмж нэмэгдэв гэнэ. Тэд Аграгаас холгүй Хануагийн тулаанд Ражпуудын эсрэг бүгдээрээ маш эрэлхэгээр тулалджээ. 1527 оны 3 сарын 10-нд болсон энэхүү Хануагийн тулаанд Рана Санга Бабарт ялагдлаа. Дараа нь Бабар 1529 оны 5 сарын 6-ны Гхагра голын тулаанд Махмуд Лодийг ялав. Ингэснээр Бабар умард Энэтхэгийн томоохон хаант улсуудыг эрх мэдэлдээ авав. Тэр бол маш сайн хаан байсан билээ. Гэвч тэр өрсөлдөгчидтэйгээ хийсэн энэ мэт тулалдаануудад хүч чадлаа дахин дахин шавхсан учир улс орноо хүчирхэг болгон хөгжүүлэх боломж цаг хугацаа хомс байжээ.
Ерөөс Бабар Энэтхэгт тийм ч дуртай байгаагүй юм. Тэр үргэлж төрөлх эх нутгаа санан гиюүрдэг байв. Тэр Энэтхэгийн цаг агаар, хүмүүст тийм ч дуртай байгаагүй, гэвч тэр тэдэнд шударга хандаж, сайнаар удирдан жолоодож байсан билээ. Түүний хаанчлал богинохон байсан ч төрийн тогтолцооны хувьд маш үр дүнтэй байв. Бабар Агра хотыг нийслэлээ болгожээ. Түүний хаанчлалын өмнө байсан хотуудаас хамгийн том нь Агра байв. Тэр эхнэр Муссамат Кабули Бегамдаа зориулан Кабули Багх сүмийг босгожээ.
No comments:
Post a Comment