Wednesday, October 21, 2015

БИД САРМАГЧИН БОЛОХЫГ ХҮСЭХГҮЙ...

Төрийн ордны баруун талд байх Ж.Самбуу гуайн хөшөөний оёор солонгосын кино од шиг үсээ засуулсан гурван шодгор залуу тамхилж зогсоно. Нэг нь хөшөөний дороос өлийж хараад, “Энэ өвөө хэн юм бэ?” гэж асуух, нөгөөх нь шүлсээ хөшөөний булан руу гүд хийтэл хаяад, бичгийг хальт мулт уншсанаа, “Самбуу гэж байна. Гэхдээ танай байрны Самбуу л лав биш ээ” гээд их л уран хошин, оночтой сэцэн үг хэлчихсэн мэт бахархан инээнэ. 
Автобусны цонхоор үзэгдээд өнгөрөх Лхагвасүрэн жанжны хөшөөг харсан жаалхан хүү ээжээсээ “Энэ сэлэм зүүсэн хүний хөшөө хэнийх вэ?” гэхэд ээж нь “Мэдэхгүй ээ, сэлэм зүүснийг бодоход тулалддаг, цавчдаг хүн л биз” гэх... 
“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил”.
Хэзээ, хэн хэлсэн нь тодорхойгүй ийм нэгэн тэнэмэл үг бий. Зарим хүн “Сармагчин ойд төөрдөггүй, тэгэхээр энэ хэллэг зөрчилтэй байна. Харин ойд төрсөн сармагчин мэт гэвэл зөв” гэх. Чухам аль нь зөв бэ?


“Хөшөө түүх өгүүлнэ: Цаг хугацааны аялал”-д оролцож буй оюутан залуусаас энэ асуултыг асуусан юм. Залуус аль нь ч зөв хэмээн хэлж байна. 
.
ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИН
“Сармагчин төрсөн ойдоо төөрнө гэдэг бол байж болшгүй зүйл. Түүнтэй адил, түүхээ мэдэхгүй үндэстэн байна гэдэг байж болшгүй юм”. Оюутнууд ийн хариулав.
Тийм ээ, төрсөн ойдоо төөрдөг сармагчин ер байх учиргүй. Хэрвээ үнэхээр төөрсөн бол тэр сармагчин байгал эхээс хайрласан зөн билэг, ой санамжаа алдсан, өвчинд баригдаж, өтөнд идэгдэн самуурсан байна. Эсвэл ижил сүргээсээ гээгдэн, ижийдээ хаягдсан нялх нялзрай монди л тийн ойд төөрнө. Аль нь ч бай ялгалгүй, тэрхүү сармагчинд араатны хоол болох, эсвэл өлсөж, хатаж үхэхээс өөр гарц зам гэж үгүй. Эх түүх, уламжлал соёлоосоо хагацсан, мартсан ард түмэн гэдэг бол яг тэр ойд төөрчихсөн өчүүхэн монди лугаа адил. Тийм ард түмэнд өөрсдийгөө танин мэдэх, үнэ цэнээ ухамсарлан ойлгох, өөдрөг тэмүүлэл, өөртөө итгэх итгэл гэж үгүй. Тиймээс түүхийн энэ адармаатай балар ширэнгэн дотор хаа хүрэхээ мэдэхгүй, мэдрэх ч үгүй, тун удалгүй бусад үндэстэнд уусан алга болох, бутран сарниж, бууран доройтох мөхлөөс өөр ойрын ирээдүйгүй. Тиймээс л ойд төөрсөн хөөрхий сармагчин лугаа адил болно. 

ОЙД ТӨРСӨН САРМАГЧИН
“Ойн сармагчинд ямар нэгэн соёл, түүх, иргэншил огт байхгүй. Тэгэхээр түүхээ мэдэхгүй байна гэдэг юу ч мэдэхгүй сармагчин гэсэн үг” Оюутнууд ийн хариулав.
Мөн л зөв байна. Харанхуй ширэнгийн хууль дор бөхийсөн сармагчинд ямар юмных нь иргэншил, соёл, түүх байхав. Хаана эх түүхээ, соёл уламжлалаа мэдэхгүй, хүндэтгэхгүй байна, тэнд хүний ёс, хууль журам, эрхэмлэл дээдлэл, үнэт зүйл гэдэг сохор зоосны ч үнэгүй болон хувирч, хэн эз түрэмгий нь, эрээгүй бүдүүлэг нь завшдаг, эрдэмгүй мунхаг, элдэвтэй зальтанд нь зол завшаантай болдог тийм ширэнгийн хууль үйлчилж эхэлдэг. Юун иргэншил, соёл, юун эрүүл саруул ухаан... Тийм ширэнгийн хууль ноёрхоод ирэхээрээ хамгийн түрүүнд бусдыг, бусдын соёлыг дуурайн сармагчлах үзэл газар авдаг. Яваандаа үндэстэн өөрийн гэсэн өвөрмөц, үнэ цэнэтэй бүхнээ мартан гээсээр уусан мөхдөг тийм гашуун сургамжит түүхэн үзэгдэл их байна. Үндэстнээрээ хүн сүрэг болж мөхсөн түүх бий... Хүний нийгэмд нэг өөр хууль, харин хүний сүрэгт огт өөр хууль үйлчилдэг. 
.
Ингэхэд түүх гэдэг зүгээр нэг үйл явдлын, он дарааллын хэлхээс биш юм. Үндэстний түүх бол үндэстний ой санамж, соёл, уламжлал, эр зориг, гашуун сургамж, үнэ цэнэт зүйлсийнх нь цогц, бахархал, эцсийн эцэст оюун сэтгэлгээнийх нь нэгэн дархлаа болж байдаг. Тиймээс л түүхээ мэдэхээ, сонирхохоо байчихвал тухайн үндэстний бие даасан сэтгэлгээний дархлаа суларч, бусчир бурангуй соёл, эд зүйлс, хар амиа бодохыг үнэт зүйлсээ болгосон дорд үзэл санаа дэлгэрдэг. Тэгээд “зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг” хүн сүрэг давамгалсаар, нэг л мэдэхэд үндэстэн өөрийн шинж чанаргүй болж, уусан мөхөх нь байна.Эсрэгээрээ зөвхөн түүхээрээ амьсгалаад, өвчигнөөд, хэндэг цээжээ дэлдээд байх аваас шивонизм болж, бусдыг доог, ад шоо болсоор бас мөхөх нь ч бий. Аливаа юманд зүй зохист хэм хэмжээ гэж нэг гарцаагүйн хууль байдаг даа. 

Хөгжингүй улс орнууд хүүхэд багачуудаа хар багаас нь үндэснийхээ түүх, соёлоо сайтар мэддэг, зөв таньж ойлгосон, бахархах бахархалтай, бусдыг дагаад намираад байхааргүй оюун сэтгэлгээний дархлаатай, өөртөө итгэх бат итгэлтэй, эх оронч үзэлтэй иргэн болгон бүтээхэд ихэд анхаарч, сургалт боловсрол, үзвэр үйлчилгээ, тоглоом наадгайд нь хүртэл энэ үзэл санааг шингээх нь бий. Тухайлбал, амьдран сууж буй дүүрэг, хот, бүс нутагт буй, эх орных нь бахархал болсон түүхэн зүтгэлтнүүд, оюуны сор, чиг зүг болдог хүмүүсийнхээ хөшөө дурсгалтай анги хамт олноор нь экскурс аялал хийлгэн танилцуулж, мэдүүлдэг байна. Түүнээ бүр сургалтынхаа хөтөлбөрт албан ёсоор тусгасан орнууд ч бий. Энэтхэгийн Делийн төвд байх Махатма Гандигийн хөшөөнд дунд сургуулийн нэгэн бага ангийнхан ангиараа ирж хүндэтгэл үзүүлээд явж байхтай таарч байсан. Багшаас нь асуухад, “Манай үндэстний эцэг болсон Махатма Гүрүтэй танилцах манай хичээлийн хөтөлбөрийн дагуу бид ирж байна” гэж байсан. 
Манайд ийм бодлого их үгүйлэгдэнэ. Улаанбаатар хотод бүртгэлтэй 150 гаруй хөшөө бий гэнэ. Чамлахааргүй олон байна. Гэхдээ тэр олон хөшөөнүүд хэр эзнээ олж боссон хөшөө вэ? Онцгой чухал түүхэн үнэ цэнэгүй хүмүүсийн хөшөө дурсгалууд ч цөөнгүй. Аль нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүний аав, эсвэл нэг намын зүтгэлтэнд зориулсан хөшөө ч байх шиг. Хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь хөшөөг захиалаад хийлгэчихэж ч байна. Бодвол хөшөө дурсгалыг босгох тухай ямар нэг хууль журам байдаг л байх.
Хөгжилтэй орнууд энэ тал дээрээ үнэхээр хатуу чанга бодлоготой, хэний хөшөөг хаана, хэрхэн яаж босгохоо маш нарийн бодож, төлөвлөдөг.
2004 онд санагдана, тухайн цаг үед АНУ-д монгол орноо төлөөлөн сууж байсан Элчин сайд Р.Болд Вашингтон хотын төвд Чингис хааны хөшөөг босгуулахаар ихэд чармайн хөөцөлдөж байсныг санаж байна. Харин Вашингтон хотын захиргаанаас
“Чингис хаан бол хөшөө дурсгалаа босгуулах хэмжээний түүхэн том зүтгэлтэн мөн билээ. Гэсэн ч бид хотдоо өөрийн үндэстнийхээ түүхэн хүмүүсийн хөшөө дурсгалыг босгохыг эрхэмд үзнэ”
гэсэн агуулгатай хариу ирж байсан санагдана. Манайд бол харин ч харийн хүний хөшөөг өөрсдөө санаачлаад, гүйж харайж байгаад сүндэрлүүлээд байна.  Бас тэдгээр хөшөөнүүдээ бид хэр мэддэг бол. Яагаад тэдгээр хүмүүст хөшөө босгох болов. Ямар гавьяа зүтгэлтэй хүн бэ? гэдгийг хүүхэд багачууд нь бүү хэл томчууд нь ч тэр бүр мэддэг болов уу? Эрхбиш, Чингис хаан, Сүхбаатар нарынхөө хөшөөг мэдэх биз, бусад тэр олон арван хөшөө, тэдний дундаас түүхэн хүмүүсийн хөшөөний учрыг хэр сайн мэддэг бол?... Ер түүхэн хөшөө бүхний цаана том түүх бий...

Залуус өөрсдөө
Манай боловсролын бодлогод илт дутагддаг энэхүү хоосон орон зайг “Номтой нөхөрлөе” клубийн залуус нөхөж нэгэн сайхан ажил зохион байгуулсан нь “Хөшөө түүх өгүүлнэ: Цаг хугацааны аялал” байлаа. Өнгөрөгч амралтын өдрөөр болсон энэхүү аялалд их дээд сургуулийн болон дунд сургуулийн олон зуун хүүхэд залуус оролцож, Чингис хаан, Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Нацагдорж, Б.Ширэндэв, жанжин Лхагвасүрэн зэрэг түүхэн зүтгэлтнүүдийнхээ хөшөө дурсгалтай танилцсан “Цаг хугацааны аялал” хийцгээжээ. 
Уг аяллын гол санаачлан зохион байгуулагч Н.Хүлгэн Khulgen Nyamkhuu “АЯЛАЛ-д оролцсон нийт хүүхэд, залуучууд, оюутан сурагчид маань үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Манай нийгэмд танин мэдэхүй, соён гэгээрлийн иймэрхүү арга хэмжээ үгүйлэгдэж байсныг олон нийтийн хандлага харуулж байна” гэв. Үнэхээр ч тийм. Төр засгийнх нь ухаан, сэтгэл дутсанаас онгойн гарсан цоорхойг итгэл, сэтгэлээр жигүүрлэсэн залуус ийнхүү нөхөж байна. Залуус өсөцгөөж байна. Тэд түүх, соёлоо танин мэдэхийг, бахархан дээдлэхийг эрмэлзэж байна.
“Бид ойд төөрдөг, эсвэл ойд төрсөн сармагчины аль нь ч болохыг хүсэхгүй” гэцгээж байна. Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй байх нь дээ.

No comments: