Wednesday, October 21, 2015

ЗАСАГТ ХАНУУДЫН БУНХАН


Үе үеийн Засагт хануудын онго шарилыг оршоосон бунхант их овоо. Хантайширийн нурууны нэгэн салбар нуруу болох далайн түвшнээс дээш 3000 орчим метрт өргөгдсөн Овоон нуруу буюу Дашинчилэнгийн нуруу хэмээх дүнхэгэр зоо нурууны оргилд буй... 
Урт нь 7 м, өргөн нь 6 м орчим. Дөрвөн талд нь дөрвөн чулуун бурхан байсан алга болжээ. Сураг сонсохнээ нь Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейд нэг хоёр нь бий гэх. Мөн өвөр бэлд нь арав гаруй жижиг булш бунхан байсан ба өнөө тэдгээр булшнууд үерт урссан уу, тэнгэр нь авсан уу, ор мөр ч үгүй алга болсон байна. Тайлга ёслолын үеэр Хөндлөнгийн хөтлөөс дээхнэ байх довцгоос дээш угсаа гаралгүй жир хүн, гэлэнгээс өөр санваартан хөл гишгэдэггүй хоригтой байсан гэх... 1993 оны зун О.Дашбалбар найрагч Бакула Ренбүүчийн хамт энд ирж, тайлга тахилга үйлдэх болоход Ренбүүчи уг бунханд зөвхөн хүндэтгэл өргөөд, урд орой дээр нь жижигхэн индэр шинээр босгуулж, тэнд сан тавьж, ном айлдаад буцсан байдаг.
Энэхүү Хантайширийн нуруунд Гэрсэнз жалайр хунтайжийн дөтгөөр хүү Ноёнтой Хатанбаатар хунтайжтан 1500-аад оны дунд үеэс төвлөн суурьшиж, тэр цагаас хойш түүний үр удам Халхын Үйзэн Засагт хан хэмээгдэн. XX зууны босгыг давтал, сүүлчийн Засагт ханууд болох Доржпалам, Содномравдан, Цэрэнгомбожав нарын үе шувтартал энэ нутгаа дархлан аж төрж ирсэн аж...
Содномравдан нь Богд хаант Монгол Улсыг байгуулах үйлст идэвхийлэн оролцож, шинэ тулгар төрийн анхны сайдуудын нэг, нэр нөлөө бүхий төрийн зүтгэлтэн агаад 1912 оны хавар Богдын ордонд болсон нэгэн цайллагаас ирээд гэнэт бие мууджээ. Нийслэл хүрээний Дашчоймбол дацангийн бүх лам нарыг Засагт ханы дэргэд аваачин ном гүрэм уншуулавч тусыг олсонгүй. Засагт ханы ойрын шадар лам нь “Хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж, тэнд хор хүртсэн гэнэ. Үнээний сүү уугаад тусыг эс олов” гэжээ. Түүнд хор өгсөн гэх таамаг бий.
Монгол Төрийн сайд, Засагт хан Содномравданг нас барахад шарилийг нь уугуул Хантайширт нь хүргүүлэхээр болж, Богдын зарлигаар 50 лан мөнгийг сангаас гаргуулан, Нийслэл өргөөгөөс 2 сар тээвэрлэн авчирч, энэхүү ууланд онголсон гэдэг. Бодвоос энэ бунханд оршоосон биз ээ...
.
.
Хоёрдахь зурган дээрх улаан дугуйгаар тэмдэглэсний голд энэхүү бунхан бий..
.
Б.Номинчимэд

No comments: