Friday, October 23, 2015

НЭГ ЖАГСААЛТТАЙ БОЛОХСОН....

“Муу номууд яасан их олон байна вэ? Хүүхэд залуусын толгой эргүүлж төөрөгдүүлэхээр олон байна” хэмээн хэн нэгэн халаглах. Тэр ч бүү хэл муу номнуудыг хэвлэхгүй, тараахгүй, зарахгүй байх тухай ч яриа гараад орхив. 
Хааяа нэг удаа номын дэлгүүрээр ороход нүд эрээлжилмээр олон шинэ номууд байх. Уншиж барах нь бүү хэл гарчиглаж ч барамгүй. Нэгэн үеийг бодвоос монголчууд номд дарагджээ. Ариун дээдийн гэгээн судраас эхлээд хэрхэн баяжих, амжилтад хүрч, алба тушаал дэвших, хуурамч дүр эсгэн, сэргэлэндэж ажлаа бүтээх, айлын нөхөр эргүүлэх, арга засал, адгийн хараал жатга хэрхэн хийх тухай нь ч байна.
Гоо зүй, яруу сайхны мэдрэмж, танин мэдэхүйн таашаал цэнгэл эдлүүлэх нь ч байна, наад захын хэл найруулга үгүйн дээр үзээд өгөе гэхнээ ч эрдэм мэдлэг, эргэцүүлэл бодрол, үнэт зүйл, үзэл бодлын үнэр ч үгүй номонцорууд ч их. Орой бүр үг бүрээр нь үсэглэн, өгүүлбэр бүрээр нь бясалган унших ном ч байна, ой гутаж, огиж бөөлжмөөр нь ч байна.
Сайн муу хоёр нийлж байж сав дүүрдэг хойно, одоо яая гэхэв. Дандаа шилдэг сайн, шидээвэр номууд гараад байх боломж ер үгүй, хэрвээ тийм бол наад зах нь ном эрхлэн хэвлэгчид, номын худалдаа эрхлэгчид хуугаараа дампуурна. Энэ чинь ямар ч цаг үед хэмжээ нь төдийлөн өөрчлөгддөггүй нийгмийн цөөнх болох оюунлаг элитэд зориулсан зах зээл биш, нийт олон түмэнд зориулагдсан зах зээл. Тэр олон түмний оюуны эрэлт хэрэгцээний блансыг номын лангуун дээр байгаа янз бүрийн сайн, муу номууд бүгдээрээ нийлж байж илэрхийлнэ.
Цаад тал нь муу номуудыг хорих, хянах, цагдах нь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхтэй манай ардчиллын язгуур зарчмыг ноцтой зөрчсөн хэрэг болно. Санал бодлоо илэрхийлж, нийгэмд үгээ хүргэж, шүлэг дуу, зохиол бүтээлээ толилуулж буй бүхэн заавал төгс төгөлдөр байх албагүй. Өөр өөрийн хэмжээндээ л бичиж илэрхийлнэ. Бид чинь ийм замыг сонгосон шүү дээ. Хэвлэл нийтлэх эрх чөлөө бол ардчиллын хамгийн чухал эрх чөлөөний нэг... Главлит гэгддэг, Хэвлэл, Утга зохиолыг нийгмийн үзэл сурталд тохируулан, бас сайн мууг нь ялган хянан захирдаг тогтолцоог Ардчилал гарангуутаа хамгийн түрүүнд устгасан. Хэн ч, юу ч бичиж болдог, хэрвээ мөнгө нь байвал түүнээ хэдэн мянгаар ч хамаагүй хэвлүүлж, зарж, борлуулж болдог тийм л нийгэм. Хэрвээ тэр номд нь хэн нэгнийг, байгууллага, нам, ОНБ-ын эсрэг илэрхий гүтгэж гүжирдсэн, оюуны өмчийг хулгайлсан гэх мэт зүйлс буй бол шүүхдэнэ, шүүх хууль зөрчсөн эсэхийг нь тогтоогоод өгнө. Хувь хүн, байгууллагын түүх намтарт арилашгүй нэгэн толбо үлдээд л хоцордог. Гэвч яая гэхэв, тийм л “жам”-тайгаас хойш.
Хэрвээ хэнд ч хэрэггүй зүйлс бичсэн бол тэр ном зах зээлийнхээ жамаар лангууны бөглөөс болж тоосонд даруулан хэвтэж байгаад, гал асаагч, тос арчигч болж дуусах нь бас л жам. Гэхдээ бас үнэхээр сайн ном ч тийнхүү тоосонд даруулах тохиолдол бий. Заримдаа үнэхээрийн муу ном ч бас талх шиг шажигнатал зарагдах нь ч бий. Нийтийн оюуны эрэлт хэрэгцээг таах хэцүү, ер их савалгаатай.
Хүнд байдаг шунал, атаа хорсол, мунхаглал, урин тачаангуй, түрэмгий догшрол, дарангуйлахын тачаал, алах, шулах дон зэрэг муу муухай шинж бүхнийг нь тэжээж, өдөөдөг агуулгатай номууд харин зах зээл дээр бүр гүйлгээтэй ч байж мэднэ. Нэгэн үед “Халуун хөнжил”, “Янаг хорвоо”, “Аймшигт аллагууд” ч билүү, нэг тиймэрхүү агуулгатай сонин, цувралууд хэдэн мянгаараа зарагддаг үе байсан шүү дээ. Хүн гэгч сайнд татагдахаасаа илүүгээр мууд татагдахдаа амархан сул талтай “амьтан”. Илэрхий садар самууныг сурталчилсан, хүчирхийлэл, үймээнд урин дуудсан агуулгатай ном, сонин, хэвлэлийг хуулиар хориглодог ч, хонь хормой доогуур гэдэг шиг нэг л мэдэхэд урсаад ороод ирнэ. Тэгээд ч үүнийг хянаж, шалган тогтоож, хорьж цагдаж байдаг тогтолцоог бид оновчтой байгуулж чадалгүй өдий хүрсэн. Нөгөөтэйгүүр хорих тусам хүний сониуч ад мөрийн хүслийг улам өдгөөж, далд бизнес, далд үзэл санаа, далд үйлдэл газар авдаг. Хаалттай, захиргаадалтын нийгмийн сул талынх нь нэг энэ. Харин ч хориг цээргүй байлгаж, хог новш шиг болгон, танин мэдүүлж, жигшүүлэх зам адармаатай ч илүү үр дүнтэй. Бидний дуурайх дуртай барууны орнуудад тийм садар самуун ном, сэтгүүлүүдээ хүүхдийн нүдэнд харагдахааргүй тусгай лангуунд байрлуулах, эсвэл хаалт хавтастай байлгах гэх мэтээр тун эвлэг зохицуулсан нь бий.
Уг нь “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” гэж бий л дээ. Гэвч хуулиар зохицуулах боломжгүй асуудлууд ч бас гэж бий. Нэг бус нэлээд олон. Тийм нөхцөлд нэг хэсгийг нь зах зээл зохицуулна. Бас нэг хэсгийг нь тухайн цаг үед нийтэд тогтон буй ёсзүйн хэм хэмжээ, үнэлэмж зохицуулдаг. Уншигч олны ёс зүйн дундаж хэм хэмжээ, оюуны үнэлэмж доогуур бол тэгээд муухан номууд нь гүйгээд л байна гэсэн үг. Ийм тохиолдолд муу номуудтай байлдах биш, харин мунхаг харанхуйтай байлдаж, танин мэдэхүй соён гэгээрлийг нийгмийн бүх түвшинд, бүх шатанд хийх хэрэгтэй болно. Ялангуяа нийтийн боловсрол, олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарч, зарим тохиолдолд төр нь оролцож, зааж чиглүүлэх шаардлагатай. Төр оролцох тухай яриа болонгуут манай үргэлжийн сонор соргог байдаг шинэ либералиуд “Пий, паа. дахиад дарангуйлал, захиргаадалтыг хүслээ. Ардчиллын дайсан” гэх мэтээр цовхчоод унадаг нэг явдал бий. Сонор соргог байдагт нь тэдэнд ямагт талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Гэхдээ заримдаа хэтрүүлчихээд байдаг нь яршиг ядаргаа. Зарим тохиолдолд төрийн төмөр нүүр гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй байдаг юм шүү дээ. Худлаа гэвэл Америк ахаасаа сайн асууцгаагаарай. Харин энэ удаад төрийн төмөр нүүрийн тухайд биш, зайлшгүй зааж чиглүүлэх, бодлого, үүрэгтэй холбоотой зүйлийн тухай ярих гэж байна.
Уг нь муу гээд буй номуудыг уншихгүй байх эрх хэнд ч бий. Харин гол бэрхшээл нь сонголт хийхэд гардаг хүндрэл юм. Тиймээс л хүүхэд залуусынхаа унших ёстой номын жагсаалтыг төр засаг нь бодлогоор гаргаж, чиглүүлж өгдөг олон улсын маш сайн туршлага байна.
Ер нь ард олныхоо мэдлэг, оюуны түвшинг дээшлүүлж, соён гэгээрүүлэх үүрэг ямар ч Төр засагт гарцаагүй байдаг. Өнөө манай төр л хэт либералжиж, энэ эрхэм үүргээ хөсөр чулуудчихаад буйгаас биш, даган дуурайх дуртай барууны орнууд бүгд энэ үүргээ чин шударгаар сахин хэрэгжүүлж байдаг. Чухам тиймээс л наад зах нь авилгын индекс нь аваарын дохио үргэлж хангинуулаад байдаггүй, ахуйн соёлын хүрээнд үүдэндээ угаадсаа асгахаа ердийн зүйл гэж үздэггүй.
Мэдээж хэрэг соён гэгээрүүлэх энэ үйл хэрэг бүрэн төгс, ганцхан амьсгаагаар хэрэгжих боломж угаасаа байхгүй, тийм учраас “ажил” гэсэнгүй, үргэлжид үргэлжилж байх “үйл хэрэг” гэв. Гэхдээ тодорхой түвшинд барьж, хэрэгжүүлж болдог зүйл. Уншигчид гэдэг маань ар араасаа мөнхөд ирэх далайн давалгаа мэт үе үеэрээ тасралтгүй төрж байдаг. Манипуляци гэж нэг айхтар нийгмийн үзэгдэл бий. Тодорхой эрх ашгийн бүлэглэлүүд үүнийг бидний нүдэнд үзэгдэж харагдахгүйгээр тасралтгүй хийж байдаг. Ялангуяа том гүрнүүд...
Мао даргын нэг айхтар үгийг манайхан олонтаа эшилдэг дээ. “Ард түмэн гэдэг бол юу ч бичиж болдог цагаан цаас юм” гээд. Үнэхээр юу ч бичиж болдог юм бол тэнд яагаад сайн зүйлсийг түлхүү бичиж, саарыг нь багасгаж болохгүй гэж.
Төр хамгийн эхэнд боловсролын тогтолцоогоороо дамжуулан энэ үйл хэргийг хэрэгжүүлдэг. Боловсрол гэдгийг зөвхөн мэдлэг, чадвар гэж үзэх учиргүй, хүмүүжил, төлөвшил, соёл гэгээрэл гэдэг зүйл нь энэхүү боловсрол дотор багтаж явдаг. Боловсрол гэдэг маань боловсрох гэсэн утга. Тэгэхээр “Боловсролтой хүн” гэдэг нь зөвхөн мэдлэгтэй, чадвартай хүн гэсэн үг биш, төлөвшил, хандлага, итгэл үнэмшил, соёл ч хамаарна. Суурь боловсрол нь энэ бүхний хандлага чиглэлийг зөв тогтоож өгөх учиртай. Харамсалтай нь бид боловсролынхоо агуулгыг зөвхөн мэдлэг гэсэн явцуу хүрээнд харж, үйлдэж ирсний гор, гайг өнөөдөр хангалттай амсаж байгаа.
Энэ хүрээнд төрөөс зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь хүүхэд залуучуудын унших номын жагсаалтыг бодлогоор тогтоон гаргаж өгөх. Яагаад заавал төр гэж?
Хоёр жилийн өмнө, хаанаас ч байв даа, нэг ОНБ-аас Монголын хүүхэд залуусын унших номын жагсаалт гаргах маягтай болоод, бүр байтлаа уншигчдаас санал асуудаг юм болоод хадуураад явчихсан. Уншигч олон нийтээс санал асууж, унших ёстой номын жагсаалт гаргаж болно. Гэвч олон нийт дундаж болоод дунджаас доогуур түвшинд уншдаг, ялангуяа өнөөгийн нөхцөлд, тэгэхээр тэр түвшний л жагсаалт гарна.
Унших номын жагсаалт гаргахын зорилго нь нэгд: - ирээдүй хойч үе болсон хүүхэд залуустаа энэ сайн муугаар дүүрсэн үй их номын далай дотор зүг чиг, луужин болгох, хоёрт: - энэ хүүхэд залуусынхаа уншлагын түвшингээр нь дамжуулж оюун сэтгэлгээний түвшинг дээшлүүлэх, гуравт: - өөрийн үндэстнийхээ язгуур соёл, үүх түүх, өв уламжлалтай танилцуулж, монгол хүнээ бүтээх явдал. Тэгэхээр уншигч олноос санал асуух замаар дээрх дэвшүүлж буй зорилгод нийцэх ямар нэгэн жагсаалт гаргах боломжгүй, харин гүйлгээтэй номын жагсаалт л гаргах боломжтой юм. Ингэхэд гүйлгээтэй ном, унших ёстой ном хоёр чинь таг өөр хоёр ойлголт шүү дээ.
Бас ийм жагсаалтыг аль нэг хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд, хувь зохиогч, Олон нийтийн болон ТББ-ууд ч хийх боломжгүй юм. Учир нь ямар нэгэн хэмжээгээр ашиг сонирхолын зөрчил гээч юм заавал хавчуулагдчихдаг, хэвлэлийн газар нь өөрийн эрхэлдэг номыг түлхүү оруулахыг хичээнэ, зохиогчид өөрийн номыг аугаа бүтээл гэж зүтгэнэ, номын дэлгүүр гүйлгээтэй номоо нэр дэвшүүлнэ. Жинхэнэ холион бантан гэгч тэр болно. Үндэстний сонголтын түвшинд байх боломж маш хомс.
Ихэнх номын дэлгүүрүүд Бестселлер номоо долоо хоног бүр зарладаг. Тэдгээр бестселлерүүд дотор үнэхээрийн шилдэг ном хааяа таарах, гэвч ихэнхдээ дундаж түвшиний номууд... Бас зориудаар, маркетинг, ПиАр хийж зарим номыг тодруулдаг нь ч байна.
Нэр бүхий сэтгэлгээний томоохон төлөөлөгчийн гаргасан шилдэг номын жагсаалт гэж бий. Бас зарим Олон улсын болоод мэргэжлийн байгууллагуудын гаргадаг номын жагсаалтууд ч бий. Жишээ нь Нобелийн шагналтнуудын номын жагсаалт байна. Бас Х.Л.Борхесийн шалгуураар орсон “Борхесийн номын сан” гэж байна. Үнэхээр чансаатай, сонирхолтой боловч энэ нь тодорхой хэсэг бүлгийн хувьд нандин чухал ч бүхэл бүтэн үндэстний хувьд бүрэн хангалттай биш юм. Үндэстэнд өөрийн гэсэн зорилго, ашиг сонирхол гэж бий учир тэр нь энэ мэт жагсаалтад ямагт гээгдчихээд байдаг.
Тиймээс л ийм жагсаалтыг Төр нь гаргадаг байна.
Америкийн дунд сургуулийн сурагчдын хичээлээс гадуур унших номын жагсаалт гэж бий. 138 ном бүхий. Английнх, Хятадынх, Японых гээд бий. Мэдээж хэрэг тухайн улсын боловсрол хариуцдаг Төрийн яамнаас нь энэ жагсаалтыг гаргана. Эдгээр жагсаалтад орсон номуудыг ЕБС-д суралцах хугацаанд хүүхэд бүр заавал унших учиртай. Бас Коллежийн түвшинд унших, Их сургуулийн түвшинд унших уран зохиолын номууд ч гэж бий. Кембрижийн стандарт боловсролын хүүхдийн шилдэг номын жагсаалт бүр 2000 гарна.
Оросын хүүхэд залуусын уншваас зохих номын жагсаалт бол нүсэр жинтэй. Энэ жагсаалтыг Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Оросын ШУА нь гаргасан байгаа юм. Аль нэгэн хэвлэлийн газар биш, аль нэгэн нам дагасан залуучуудын байгууллага ч биш. Насны онцлогоор нь 5 ангилсан энэ номын жагсаалтад нийтдээ 357 зохиолчийн 779 бүтээл туурвил орсон байх юм.
Эдгээр жагсаалтыг харахад хэд хэдэн нийтлэг зүй тогтол байх мэт.
- Нэгд, бодлого буюу ямар залуу үеийг бүтээх гэж байгаа вэ гэдгээ эхлээд тодорхойлдог юм байна. Бид “Зөв Монгол хүн” гэсэн нэг нэр томьёо гаргаж ирсэн, харин ямар шалгуур, үнэлэмжтэй нь тодорхой бус.
- Хоёрт, хүн төрөлхтний бүх цаг үеийн оюун сэтгэлгээ, уран дүрслэлийн шилдгүүдтэй ямар нэгэн хэмжээгээр насных нь онцлогоос шалтгаалан үе шаттайгаар танилцуулдаг юм байна. Үүнд шинжлэх ухааны нарийн судалгаа хийгдсэн нь тодорхой. Жишээлбэл Х.Андерсенийг хэдэн насанд нь, харин Достоевскийг хэдэн насанд нь ямар түвшинд уншуулах вэ гэдэг бол нарийн судалгаа юм. Харин манайд бол тухайн шатны сурах бичиг зохиож буй хүмүүсийн үнэлэмжээр л энэ судалгааг орлуулж байна. Төрийн нэгдсэн бодлого, чиглэл, хараа гэж үгүй, тиймээс анги бүрийн унших номуудын хооронд тодорхой эрэмбэ, залгамж гэж харагддаггүй, бараг тохиолдлын шинжтэй сонголтууд байх нь элбэг байна. /Ер ингэхэд манай дунд сургуулийн Уранзохиолын сурах бичгүүдийг анзаарч үзвэл анги бүр нь тус тусдаа, хоорондын уялдаа холбоо сул анзаарагдсан нь нэгдсэн бодлого, судалгаанд тулгуурлаагүй юм биш байгаа гэсэн ойлголтыг төрүүлсэн болно./
- Гуравт, Шашны асуудлыг маш нухацтай тусгадаг юм байна. Христ, Будда, Лал, Хиндү, Иуда гэх мэт хүн төрөлхтний үндсэн шашнуудын сэтгэлгээний тулгуур ойлголтуудыг багтаасан бүтээлүүдтэй зайлшгүй танилцуулдаг нь хүүхэд залуусаа шашны талаар харьцуулан үзэх чадвар мэдлэгтэй болгож, хэт туйлширсэн хандлага руу хальтрахаас сэргийлж буй. Тухайлбал, Үнэн алдартны шашны суурь бүхий соёлтой Оросын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад Бурхны шашны “Бард тойдол”, хятадын Күнз, Даогийн ёс, Ведийн сургааль, тэр ч бүү хэл Сүфизмын тулгуур ойлголтыг илэрхийлсэн ном уншуулж байна. Харин манайд энэ талаар бүр таг сохор. Тиймээс бид наад зах нь өөр шашин соёлтой улс оронд очихоороо Соёлын шоконд нэрвэгдэх нь илүү байдаг.
- Дөрөвт, хүүхэд залуусаа үндэстнийхээ хэл, шашин, сэтгэлгээ, зан заншил, үүх түүх, өв соёлыг түлхүү мэддэг, түүгээрээ бахархдаг, бусдын шашин соёлыг дагаж намираад байхааргүй дархлаатай болгоход их анхаардаг байна. Тиймээс дээрх жагсаалтуудын 60-70 хувьд үндэснийхээ болон үндсэн шашныхаа суурьт бүтээгдсэн зохиол бүтээлүүдийг оруулдаг байна. Тухайлбал, оросын жагсаалтын 70 орчим хувь нь өөрийн зохиолчдынх, кембрижийн жагсаалтын бараг 80 гаруй хувь нь христийн шашны үзэл санааг ямар нэгэн хэмжээгээр шингээсэн зохиолууд багтаж байна.
Энэ мэт жишгээр манай Төр: Боловсролын яам, ШУА, Мэргэжлийн, Судалгааны байгууллагууд болон өнөө амьд сэрүүн байгаа үндэснийхээ оюун сэтгэлгээний лидерүүдийн хамтын хүчээр улам бүр даяарчлагдан, ахуйн соёлууд ойртон ижилсэж буй дэлхий ертөнцөд Монголын ирээдүй хойчийг үүрч явах хүүхэд залуусынхаа уншваас зохих номын нэг час хийсэн жагсаалт гаргахсан. Хүүхэд залуустай холбоотой энэ мэт асуудалд хойрго бус, нухацтай, шуурхай хандмаар байна. Мэдээллийн орон зай тэлж, мэдээлэл авах суваг тоймгүй олон болсон үед жинхэнэ мэдлэг өгөх, оюун сэтгэлгээг хөгжүүлж, харах өнцгийг тэлж өгөх шилдэг сайн бүтээл туурвилыг төөрч будилахгүй, цаг алдахгүй сонгож уншихад тийм жагсаалт нэн чухал байна.
Өнөө эцэг эхүүд үр хүүхдээ хөрөнгө мөнгөтэй гэхээсээ илүү эрдэм оюунтай болгохсон гэдэг эрмэлзэл маш хүчтэй илэрдэг болсон. Хүүхдүүддээ юу уншуулах, сонгуулахаа мэддэг эцэг эхчүүд байгаа ч огт мэдэхгүй, ямар ч ойлголт төсөөлөл байхгүй эцэг эхчүүд нь харин үнэмлэхүй олонх болж байна. Үндэсний нэгдсэн ухамсар, итгэл үнэмшил, сэтгэлгээ, үнэт зүйлсийн үнэлэмжийн төлөвшилд энэ их чухал. Түүнээс биш өнөөдөр өчүүхэн ойлголтын хүрээнд ч бие биенээ огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй, 3 сая өөр зүгт харсан 3 сая эсрэг өөр цэнэгтэй бөөмсийн цуглуулга шиг эв түнжингүй үндэстэн байж таарахгүй.
“Манай хүүхэд төддүгээр ангид сурч байна, ямар ном уншуулбал сайн бэ?” гэж асуух эцэг их маш олон байна шүү!!! Эцэг эх байтугай багш нар ч их байна. Тийм болохоор л “Энэ олон толгой эргүүлсэн муу номуудыг” ад үзэх хандлага ажиглаж буй хэрэг.
.
Ер ингэхэд үнэхээрийн яадгаа алдчихсан муу ном гэж үгүй, харин яадгаа алдчихсан муу уншигч л гэж байдаг. Ямар ч номд ямар нэгэн үнэ цэнэтэй санаа, мэдрэмж, зөвхөн тухайн зохиогчийн л туулсан амьдралын давтагдашгүй туршлага, ажиглалт заавал байж таардаг юм. Тийм болохоор муу гээд буй номуудыг нэг их хажиглаад байх хэрэггүй, учир тэд чинь сайн номууддаа хүрэх шат гишгүүрүүд юм шүү дээ. Нэг түвшинд өч төчнөөн гишгүүр байх нь ч бий. Дийлэнх хүмүүс тэр шат гишгүүрүүдээр дамжин, сайн номд хүрдэг. Харамсалтай нь тийн явахад их цаг хугацаа шаардагдах хийгээд тэдний ихэнх нь дундын тэр шат гишгүүр дээрээ зогсоод үлдчихдэг юм. Цаашаа авирах сонирхол нь төрөхгүй, залхуурах нь байна, бас ерөөсөө чадал тэнхэл нь дутсанаас хичнээн хүсэвч нэг ч гишгүүр давж чадахгүй таг гацчихдаг нь ч байна.
Маш цөөхөн онцгой чадвартай хүмүүс дундын энэ үй олон шатыг алгасаад алгасаад харайгаад дээш гүйчихдэг.
Энэ мэт жагсаалт гаргах нь хүүхэд багачуудыгаа тэр дундын олон шат гишгүүрүүдээр дамжин цаг алдахгүйгээр танин мэдэхүйн тодорхой түвшинд хүрэх боломжийг гаргаж өгч буй хэрэг юм.
.
Оргил өөд өгсөх тусам хол алсын уул нуруу, тал хөндий, гол мөрнүүд улам уужран харагддаг шүү дээ. Түүн лүгээ адил ном эрдмийн оргил өөд өгсөх тусам улам алсыг харж, ухаарч, ойлгож мэдэрдэг байх.
Гэвч энэ шат өгссөөр дээш хаа хүрдэгийг мэдэхгүй, яагаад гэвэл “Номын оройд би гарчихлаа” гэж хэн ч хэлж байсангүй. Бодвоос өгсөх тусам алс холыг хардаг хараа нь өргөссөөр зах хязгааргүй аугаа их сүпэрглактик, барьц үгүй хоосон мөн чанарын оршихуйд ойртдог байх. Тийн ойртсон хүмүүнд бол “Би оргилд байна” гэх мэтээр өөрийгөө илэрхийлэх нь гэнэн инээдтэй, хоосон худал хуурмаглал болох биз. Манай хууччуул үүнийг “Их мөрөн дөлгөөн, Эрдэмт хүмүүн намуун” гэдэг дээ.
Б.Номинчимэд

No comments: