Saturday, October 3, 2015

Дэ Вангийн үйл амьдралын товч


- 1925 онд Дэмчигдонров ван Тянжинд хүрч, Чин улсын сүүлийн хаан Пү И-д бараалхан түмэн лан мөнгө өргөжээ. Пү И-гийн дүүд ч мөн сайн агт хүргэж харилцаагаа чангатгав. Тус жил Бээжинд хүрч, Сүй Шү Жаныг эсэргүүцэх хуралд оролцоод түр цагийн зөвлөлийн хорооны зөвлөгчөөр сонгогджээ. Буцаж ирээд “Хошуу засгийг өөрчлөх” арга хэмжээг дурдан, Монгол хошуудыг сахин хамгаалах зэвсэгт хүчнийг өргөтгөн, малжих орны сургууль, эмнэлэг болон ноосон нэхмэлийн үйлдвэрийг байгуулжээ. 
- 1926 онд Дэмчигдонров ван Замын-Үүдээс Чуулалт хаалга хүрэх замыг хамгаалах 500 гаруй хүнтэй цэрэг ангийг байгуулж, Цахар хошуу захирагч сайдын яамнаас жил бүр 4000 лангийн мөнгөн татвар авах болов. 
- 1929 онд Дэмчигдонров ван Цахар мужийн засгийн ордны гишүүнээр томилогдов. Тэгээд Банчин богдыг дагаж, Мүгдэнд очоод Жин Сүй Лүйтэй уулзаж зэр зэвсэг олох асуудлыг хэлэлцэв. Жич монгол залуучуудын намын тэргүүн байсан хүнтэй уулзахад тэр “Олон хошуутай хамтарч зоос мөнгө цуглуулан монгол газар Банчин богдод сүм байгуулан өгч, өвөр монголд суулган шашны тэргүүлэгч болговол сүсэг бишрэлийн төв буй болж, манай монголын үйл явдлыг эрхлэн хийхэд ихээхэн дэмтэй явдал болно” гэж сануулав. Энэ үг нь Дэмчигдонров вангийн санаанд ихэд нийцэж, Шилийн голдоо ирсэний дараа эл хошуудаас мөнгө цуглуулан Сөнөд баруун хошуу болон баруун үзэмчин хошуунд Банчин богдын сүм хийдийг байгуулж эхэлжээ. 
- 1930 онд Ян Си Шан бараа бологчоороо нууцаар захидал өвөртлүүлэн БНМАУ-д зарж явуулав. Тэд Сөнөд баруун хошуугаар өнгөрөн гарахдаа Дэмчигдонров вангийн харуулуудад баригдан, нууц захидлыг нь нэгжин олжээ. Энэ захидлыг нь Дэмчигдонров ван Цахар мужийн тэргүүлэгч Лүй И Пүй болон Жин Сүй Лингээр дамжуулж Гоминданы засгийн газарт мэдүүлээд Чан Кай Ши-д итгэл хүндийг ихэд олов. 
- 1931 онд Шилийн гол чуулганы дарга Содномравдан тушаалаасаа буусанд Дэмчигдонров ван чуулган даргын орлогч болж, их эрхийг гартаа авав. Чан Кай Ши бараа бологч Гүй Янг Чинг зэрэг гурван хүнийг Сөнөд баруун хошуунд илгээж, Дэ вантай уулзуулав. Эдгээр хүмүүсийг Дэ ван тун дотноор зочилсод тэд ихээр баярлаж, Чан Кай Шид цахилгаан мэдээ илгээж байжээ. Түүндээ “Хожмын Монголын үйлсийг бүтээх хүн бол Дэмчигдонров болно” гэж мэдүүлэв. Тэд буцаж хариад дэмий удсангүй Дэмчигдонровыг Чан Кай Ши урьжээ. Дэмчигдонровыг хүлээн авч уулзаад “Монголын амарийг хамгаалах Ерөнхий хянагч” хэмээх нэр төдий тушаал өшсөнд Дэмчигдонров дургүйцээд “Би хороон даргатай уулзахаар ирснээс биш зэрэг тушаал олохоор ирсэнгүй” гээд эс хүлээн авав.
- 1933 онд Дэ ван Сөнөд баруун хошууны Вангийн ордоны баруун сууринд монгол боловсон хүчин болох сурагчидийн анги байгуулж, ... Бээжингээс авчирсан сурагчид хийгээд эл хошууны чуулганаас томилон ирүүлсэн 70 гаруй монгол залуусыг энэ ангид боловсрол хийлгэв. Тус жилийн 7 сард Дэ ван Банчин богдын дэмжилгээр Улаанцавын Батхаалгад чуулган дарга Ванданванчигтай уулзаж, “Өвөр Монголын дээд хэмжээгээр өөртөө засах”-ийг зөвлөв. Тэгээд 10 сард нь Батхаалгад Шилийн гол, Улаанцав, Цахар, Их зуу зэрэг чуулганы ван гүн нарыг цуглуулан их хурал хуралдуулаад “Өвөр Монголын өөртөө засаг Засгийн газрын зохион байгуулалтын ерөнхий хөтөлбөр”-ийг баталжээ. 
- 1934 онд Дэ ван ”Монголын засгийн явдлын хурал” байгуулагдсаныг албан ёсоор тунхаглав. Тэгээд Улаанцав чуулганы дарга Ванданванчигийг даргаар, Шилийн голын чуулганы дарга Содномравдан, Их зуугийн чуулганы дарга Шагдаржавыг дэд даргаар тус тус томилов. Мөн жил Япон цэргийн тагнуулын газраас Дэмчигдонров ванд Радио хүлээн авагч, цахилгаан мэдээний машин бэлэг болгон хүргэсэн бөгөөд 2000 хурдан буугаар дэмжин туслав. 
- Бас 1935 онд Японы тагнуулын газраас Дэмчигдонровт бас нисэх онгоц нэгээр, кино зургийн аппарат, кино гаргах аппарат нэг нэгийг бэлэглэн өгөв. Тус жил япон цэргийн штабын дэд дарга Итагари баруун Үзэмчин хошуунд ирж, Дэмчигдонровтой уулзаж, “Монголын тусгаар тогтнол”-ын тухай ярилцав. Тэрчлэн Дэмчигдонров Чанчунд очиж Япон цэргийн дарга Миними Жирү зэрэг хүмүүстэй “Япон, Монгол хамтран ажиллах” тухай бодитой хэлэлцээ хийв. 
- 1936 онд Хятадын эв хамтын намын явуулгаар “Монголын Засгийн явдлын хурал”-ын сахин хамгаалах ангийн салаан дарга Ян Зүй Си зэрэг хүмүүс мянга гаруй дарга байлдагчаа дагуулан Дэмчигдонровоос урвав. Ингээд Дэмчигдонровын хүч ихээр буурсан боловч Японы дэмжлэгээр “Монголын цэрэг, засгийн газар”–ыг байгуулж, цэргийн хүчийг өргөтгөн хоёр арми, есөн дивиз байгуулсан бөгөөд зэр зэвсэг, зардалыг нь цөм Японы талаас хангаж байв.
- 1937 онд Японы цэргийн штабын дарга Тучитийн механикжуулсан цэргийн ангийн дэмжлэг дор Дэмчигдонров Хөххотыг эзлээд “Монголын өөртөөн засах холбоот засгийн газар”-ыг байгуулав. Дараа нь Япон тагнуулын газраас “Монголын өөртөө засах холбоот засгийн газар”-ыг “Цахарын өмнөдийн Өөртөөн засаг засгийн газар”, “Шан шигийн умарт хэсгийн өөртөө засах засгийн газартай” нийлүүлж, “Монгол хязгаарын холбоот хурал” гэж өөрчилж байгуулав. Дэ ван Хятад, Монгол хоёрыг хольж байгуулсанд дургүйцэв.
- 1938 онд “Монгол хязгаарын холбоот хурал”-ын төлөөлөгчийн нэрээр Дэмчигдонров ван японд айлчлав.
- 1939 онд Дэмчигдонров ван “Монгол хязгаарын холбоот хурал”-ын нэрийг “Монгол хязгаарын өөртөөн засах холбоот засгийн газар” хэмээн өөрчилж, өөрөө тэргүүлэгч болсон байна. 
- 1940 онд хоёрдахь удаагаа Японд айлчилж, Эзэн хаан лугаа уулзаж, хүндэтгэн биширч байгаа сэтгэлээ илэрхийлэв. 
- 1941 онд Дэмчигдонров ван Японы хүсэлтээр “Монгол хязгаарын өөртөө засах засгийн газар”-аа “Монголын өөртөө засах улс” хэмээн өөрчлөв.
- 1944 онд Дэмчигдонров ван нэг талаар цэргийн хүчээ өргөтгөн, нөгөө талаар Зүүн Монголын Манибадар, Цогбадрах нартай уулзах, зүүн баруун монголыг нийлүүлж, “Монголын өөртөө засах улс”-ыг байгуулахаар оролдов.
- 1945 онд Япон үг дуугүй бууж өгөхийг дагалдан Дэмчигдонров вангийн “Монголын өөртөө засах улс” ч сүйрэн унажээ. Ийм байдалд Дэмчигдонров ван дахин гарах зам олохоор умарш Орос, Монголын цэрэгтэй холбоолж, өмнөш Гоминданы засгийн газартай бас харилцав. Орос, Монголтой харилцсан явдал нь бүтсэнгүй учир Дэмчигдонров ван Чүнчинд очиж, Чин Кай Ши-тай уулзаад Өвөр Монголын байдлыг тусалж, “Монголын дээд хэмжээгээр өөртөө засахыг зөвшөөрөх болов уу?” хэмээн гуйжээ. Тухайн үед монголыг ашиглах боломж хэрэгцээгүй байсан тул энэ гуйлтыг эс зөвшөөрсөн болохоор Дэмчигдонров ван Бээжинд ирээд Америкийн элчинтэй холбогдов. 1945-1948 он хүртэл Дэмчигдонров ван Бээжинд гурван жил “нуугдан суух”-даа Америкийн Далайн цэргийн тагнуул Ли Жиан Шүнг хийгээд Элчин сайд Стюард зэрэг хүмүүстэй уулзаж, Монголын тусгаар тогтнолын тухай зөвлөлдөв.
- 1949 оны 1 сард Бээжинг чөлөөлөгдөхөөс өмнөхөн Дэмчигдонров ван Нанжинд дутаан очиж, Чинхай Ши болон Ли Чүн рүн нартай тус тус уулзаж, Өвөр Монголын хямралын тухай мэдүүлсэн бөгөөд Өвөр Монголын баруун хэсгийн чуулган хошуудад очиж, “Өөртөө засах хөдөлгөөн” өрнүүлэхээр бодож байгаагаа хэлжээ. Тухайн үед Эв хамт нам яг баруун тийшээ нөлөөгөө өргөтгөж байгаа учир тэдний зөвшөөрлийг олж, Гуанжугаас Ланжүд нисэж ирээд Алшаагийн засаг Чин ван мөн Монгол Төвдийн хошуудын хурлын тэргүүн, гоминданы шинэ гуравдугаар дивизийн дарга нартай уулзаж “Монголын өөртөө засах” тухай зөвлөлдөжээ. 4 сард Дэмчиндонров Баян хотод нисэж ирээд “Өвөр Монголын эл чуулган хошуудын төлөөлөгчдийн хурал”-ийг хуралдуулж, “Монголын өөртөө засах Засгийн газар” байгуулагдсаныг тунхаглав. 9 сард Дэмчигдонров Алшаа хошууны баруун хойно байгаа Хорхой нуурт хүрч Ли Шүй Шин зэрэг хүмүүстэй уулзаж, улмаар барууншилж, Хөхнуур, Төвдөд хүрч, хөдөлгөөн хийх гэсэн боловч, зам зуурын газрууд чөлөөлөгдөн, урагшлах замыг нь хаасан болохоор арга буюу Хр Монголтой холбоо авч, урилга олов. Яг энэ үед Алшаагийнхан бослого гаргаж, “Найрамдлаар чөлөөлөх”-ийг хүлээн авсан тул Дэмчигдонров ван урилгыг авч, хятад гоцгоо дагуулж, БНМАУ-ын хилийг давав.
Боржигин Ренчинванжилийн “Хөх түүх” номоос...

No comments: