Friday, December 4, 2015

ЯМАР ХҮМҮҮС "ТӨВИЙГ САХИДАГ" ВЭ?

Миний мэдэх аймгийн төвийн дунд сургуулийн ахлах ангид нэг хүү байж билээ. Чадал тэнхээ дулимаг, гэвч хөөрхөн овтой. Овтойдоо нэг юм бусдад дээрэлхүүлэхгүй амиа аваад явчихдаг. Овтой гэдэг нь сэргэлэн гэхээсээ зальжин талдаа. Монголчууд ер нь зальжин хүнд талтай байдаггүй л дээ. Тиймээс түүнд ангийнхан тийм ч сайн хаддаггүй. Харин нэрийг нь Сэргэлэн гэх. Тэдний ангийн 11 хөвүүн үндсэндээ 3 бүлэгт хуваагдана. Давгаагийн бүлэг хамгийн хүчирхэг нь. Дөрвүүлээ, гэхдээ балмад танхай талдаа. Тэд тамхилцгаана, хааяа гудамны хүнд гаруудтай нийлж ууна, гудамжны буланд зогсож байгаад ганц нэгээрээ яваа хүүхэд залуусыг дээрэлхэж, тамхины мөнгө татах бол энүүхэнд. Хичээл сурлагандаа тааруухан. Байнга хэл ам таталж байдаг. Багш нарын толгойны өвчин. Амармэндийн бүлэг гурвуулаа. Тэд нэг сумаас ирцгээсэн, тэрүүхэндээ булагнуур, амь нэгтэй. Хаана ч явсан гурвуулаа. Муу тал нь бусдаасаа зожигрон тасрах дуртай. Нөгөө хэд шигээ балмад биш ч гэсэн, бас хэрдээ зүггүй. Сурлагадаа бол амьтайгаа. Харин аймгийн том даргын хүүхдүүд болох Цэнгэл, Барсболд хоёр нэг бүлэг болно. Тэд Давгаагийн бүлгийг угаасаа үл тооно, нүцгэн шаарууд л гэж үзнэ. Амармэндийн гурвыг бол хөдөөгийн хөөсөн мантуунууд гээд бас үл тооно. Гэхдээ Давгаагийнхантай харьцуулахад арай аядуухан. Цэнгэл, Барсболд хоёрын өмсдөг хувцас, хэрэглэдэг үзэг, үүрдэг цүнх нь хүртэл бусдаасаа ондоо. Ярьдаг яриа нь бүр ч өөр. Хичээл номын хувьд ч ер дажгүй. Онц голдуу дүнтэй. Цэнгэл нь ангийн дарга. Давгаагийн дөрөв Амармэндийнхэнтэй нэг их зөрчилдөх сонирхолгүй, учир нь зэргэлдээ ангид нэлээд ширүүн хатуу гартай нэг хүү бий. Тэр бол Амармэндийн гуравтай нэг сумынх учраас тэдэнтэй сөргөөцөлдвөл тэр хатуу гарттай тулна гэдгээ мэднэ. Гэхдээ л Амармэндийхнийг хөөрхөн шоглочих боломжийг тэр бүр өнгөрөөдөггүй, угаасаа ч бараг рефлексээрээ тийм үйлдэл хийдэг байх. Цэнгэл, Барсболд хоёрт ясны дургүй ч бас шууд тулахаас зайлсхийнэ. Тэр хоёр бол нэр нөлөө бүхий танилуудтай, тэдэн дотор аймгийн төвийн томчууд ч бий. Харин мань Сэргэлэн бол яг хэнийх нь тал болох нь үл мэдэгдэнэ. Намрын ажил дээр Амармэндийнхэнтэй нийлнэ. Яагаад гэвэл тэд ажилд сайн. Шалгалт ойртвол А-ийнхнаас зай бариад Цэнгэл, Барсболд хоёрыг бараадна. Хааяа будаа идчих боломж гардаг учраас. Дотуур байрандаа бол Давгаагийн бүлгийнхнийг даган шогшино. Давгааг дагаад шогшиж байхад дотуур байрныхандаа илэрхий дээрэлхүүлээд байхгүй. Энэ 3 бүлгийн хооронд тааламжгүй байдал илэрхий, яльгүй шалтгаанаар тэсэрчих шахна. Тэднийг муудалцаад эхэлбэл Сэргэлэн жаахан хөндийвтэр зогсоно. Тэгэж байгаад аль дийлээд эхэлсэн талд нь орно. Нэг удаа анги цэвэрлэгээс болж энэ гурван бүлгийн таагүй харьцаа тэсрэв. Давгаа нь Амармэндтэй, бас Сэргэлэнгийн хамт анги угаах байж. Гэтэл Давга юм хийсэнгүй, Амармэндээр хамаг ажлаа хийлгэх гэжээ. Амармэнд ч мөчөөгөө өгсөнгүй, "Би яахаараа ганцаараа угаах ёстой гэж" гээд зөрүүдлэв. Ингээд Амармэнд, Давга хоёр муудалцсанаас анги цэвэрлэгээ болсонгүй. Сэргэлэн Давгааг дагаж анги угаалгүй гарч оджээ. Түүнийхээ төлөө орой дэлгүүрийн үүдэнд Амармэндтэй таарч ганц сайн шанаадуулав. Маргааш нь ангийн багш анги угаагаагүй гурвыг донгодохдоо Ангийн даргад давхар банга хүртээв. Ангийн дарга уураа Сэргэлэнд гаргаж хичээлийн дараа авч үлдэж байгаад хэд сайн алгадаж, хоёр ч элэгдэв. Түүнийг хэн ч өмөөрсөнгүй. Сэргэлэн "Би буруугүй, намайг анги угаагаад хэрэггүй гэж Давгаа дарамталсан, тэгээд хамт гарьяа гэсэн юм" гэж өөрийгөө өмөөрөв. Удалгүй Цэнгэл, Барсболд хоёр Амармэндийн гуравтай нийлээд Давгаагийн бүлгийнхнийг Цэнгэлдэхийн буланд нэг сайн балбаж өгөв. Маргааш орой нь дотуур байрны бие засах өрөөнд Сэргэлэн маань Давгаад цусаа гартлаа зодуулжээ. Хөөрхий Сэргэлэн гурван талд гурвууланд нь балбуулсан боловч хэн нь ч түүнийг өмөөрсөнгүй. Аль талаас нь ч харсан түүнийг өөрийн талынх гэх үндэслэл байсангүй. Харин энэ бүх талцалд оролцдоггүй 11 дэх хүү байлаа. Тэр бол Балбар. Боксын улсын аваргаас хоёр ч медалтай. Учиргүй биерхүү биш ч, насандаа баймгүй чийрэг чанга биетэй. Гэвч тэр хэнийг ч дээрэлхдэггүй. Бяр чадлаар илүү гэдгээ хэнд ч харуулдаггүй. Бас сурлагаар ч муугүй. Түүнийг ангийнхан нь өөрийн эрхгүй хүндэтгэнэ. Учир нь тэр өөрийн гэсэн үзэл бодолтой, ангийнхныхаа хэн нэгэнтэй илүү дотночлон нөхөрлөдөггүй ч бүгдэд адилхан нөхөрсөг хандана. Түүний сонирхол олон талтай. Сансрын нисгэгч болно гэдэг. Тус дэм хэрэгтэй нэгэнд хамгийн түрүүнд гар сунгана. Балбар энэ талцалд оролцдоггүйн бас нэг шалтгаан нь тэр хэзээ ямагт зав чөлөөгүй байдагт юм. Нэг бол бэлтгэлд гарна, нэг бол номын санд, эсвэл хичээлийнхээ зав чөлөөгөөр аймгийн Мод бэлтгэлийн баазад мод цагаалагч хийж, боломжийн цалин авна. Бас аймагтаа боловсролтойд тооцогдох зарим хүмүүстэй уулзаж ярилцах дуртай. Анги доторх хагарал нь ноцтой болж ирсэн учир Балбар оролцохоос арга байсангүй. Гэхдээ тэр аль нэг талыг нь шууд эхэлж буруутгасангүй. Бүгдийг эвтэй байхыг сануулж, хэрвээ эв эвдрэх шалтгааныг анхлан гаргаж ирсэн хэнийг ч тэр нам цохино гэдгээ хатуу хэлэв. Төмөр мэт нударгаа зангидаж байгаад хэлсэн учир ер эргэлзэх явдалгүй байлаа. Давгаагийн хэдийг балмад явдлаа ядахдаа ангидаа битгий гаргаж бай хэмээн санууллаа. Амармэндийн гурвыг гурвуулахнаа булагнаж, анги хамт олноосоо тасардаг гэдгийг нь хэлэв. Цэнгэл, Барсболд хоёрт бусдыгаа битгий ялгаварлан үзэж, ихэрхүү хандаж бай, тэд чинь бидний л адил хүн шүү дээ гэв. Энэ бүгд эсэргүүцэх аргагүй үнэн байсан учир бүгдээр зөвшөөжээ. Балмад Давгаа хүртэл гаднаа эсэргүүцэн мурчигнаж байсан ч дотроо зөв гэдгийг мэдэж байлаа. Харин Балбар Сэргэлэнд ганцхан үг хэлэв. "Чи өөрийн гэсэн байр суурьтай бай. Битгий бөөрөнхийлж бай" гэж. Сэргэлэн "Би дундыг л барьж байсан" гэж амандаа бувтнав. . Тэр ч үнэн. Сэргэлэн дундыг барьж байсан, Балбар ч бас дундыг баримталсан. Гэхдээ энэ хоёрын дундыг барих үзэлд тэнгэр газар шиг ялгаа бий. Ямар ялгаа байна вэ гэвээс... . НЭГД: Хэний зөв, хэний буруу гэдгийг ялгахгүйгээр дундыг барих, улмаар зөвхөн аль ялах магадлалтай талд, эсвэл ялсан талыг зөв гэж дагах хандлага нь төвийг сахих үзэл биш юм. Энэ бол Сэргэлэн мэт асуудлыг зөв талд шийдвэрлэхэд ямар ч нэмэр нөлөө өгөх чадваргүй, хүч чадалгүй, өчүүхэн дорой хүмүүсийн өөрийгөө болзошгүй эрсдлээс хамгаалах ядарсан арга болно. Нөхцөл байдал хурцдахад тэр бүх талаас аюулыг мэдрэх болно, яагаад гэвэл тэр бусдад хандахдаа ямар зарчим баримталж байсан бэ, яг тэр зарчмынх нь дагуу бусад түүнд хариу хандах болно. . ХОЁРТ: Балбар бол хүчирхэг нэгэн. Түүнд аль нэгнийх нь талд орох шаардлага угаасаа байхгүй. Харин нөхцөл байдал хүндрэхэд өөрийнхөөрөө тэр эв эеийг бүгдээс шаардаж, аль ч талынх нь шударга бус, алдаатай байдлыг нь зөв өнцгөөс илчлэн шүүмжилж байна. Тэр асуудлыг зохицуулах чадвартай гэдгээ мэднэ, өөртөө итгэлтэй. Энэ тохиолдолд сөргөлдөгч гурван талын хэн нь ч бурууг хийх магадлалтай учир түүнд хэн нэгнийх нь талыг илүүтэй дэмжих шаардлага байхгүй, гагцхүү аль зөв үйлдэл хийснийг нь талархан дэмжиж, буруу хийснийг нь эсэргүүцэх болно. Түүний зарчим бүгдэд тов тодорхой. Эвийг эвдэх алхмыг хийвэл хэн гэдгээс үл хамааран эсэргүүцнэ, зөвийг мөн хэн хийснээс үл хамааран дэмжинэ. Зөвийг дэмждэг бүхэн түүнийг талархан дагах болно. . ЭНДЭЭС ЯМАР ДҮГНЭЛТ гарч байна вэ гэвэл, дундыг баримтлах нь нэг бол өчүүхэн дорой долдойчуудын гаргадаг араншин болно. Эсвэл хүчирхэг, асуудлыг зохицуулах чадвартай, алсын хараатай, шударга, голч нэгний баримтлах зарчим болно. Харин энд дурдагдсан дундыг баримтлах явдлаас Монголчууд бидний уламжлалт ухаанд өвлөгдөж ирсэн Төвч, Голч үзэл огт өөр зүйл юм шүү, бүр огтоос өөр зүйл. Тэр тухай дараа ярьяа даа. .

1 comment:

Unknown said...

Gol ch uhaanii talaar huleej baigaa shuu