Saturday, December 5, 2015

ОРГИЛУУН ЛАЛУУД...



Зураг дээр Гвадалетийн тулалдааны талбар харагдана. Ялсан лалын арми, хядуулсан Европчууд.
Арабын цөлийн гүнд үүссэн Лалын шашин гэнэт их хүчийг олж, Арабын хойг, Ойрхи Дорнод, Иран, Ирак, Хойт Африкийг бүхэлд нь багтаасан шашны хүчирхэг гүрэн улсыг байгуулжээ. Сонирхолтой нь энэ том улсыг нүцгэн шахуу араб нүүдэлчид, африк берберүүдийн хүчээр бий босгосонд юм.
Тэд богино хугацаанд энэ том газар нутгийг эзлэхэд тэднийг хэн ч зогсоож чадаагүй байна.
100 орчим жил үргэлжилсэн Омейяадийн хаанчлалын оргил үед тэд Габрилтарын хоолойг гаталж, Пиренейн хойгт довтлон оржээ.
711 оны 7 сарын 17-д Испанийн Андулазийн Гвадалет голын орчимд болсон тулалдаанд Родерихийн удирдсан Вестготууд тэргүүтэй баруун Европчуудын арми лалын шашинтнуудад хиартлаа хядуулснаар Испани орон Омейяадуудын эрхшээлд орохын эхлэл тавигджээ. Ингээд хэдэн зууны турш тэнд лалын болон христийн соёлын өвөрмөц хослол хөгжиж ирсэн юм. Буржгар хар үст испаничуудын төрх ч бүрэлджээ.
1258 онд Их Монгол улсын нэгэн жигүүрийн хаан Хүлэг довтлон эзэлснээр 500 жилийн яруу алдарт түүхээ төгсгөсөн 1001 шөнийн үлгэрийн Багдадын Халифт их улсын түүх ер бусын.
Өнөөдөр Сири, Иракийн алан хядагчид өөрсдийгөө тэртээ түүхийн тоосон дунд үлдэж хоцорсон Лалын Халифатыг шинээр сэргээнэ хэмээн зарлан тунхаглаж буй. Өнөөдөр Европт Лалын ертөнцөөс хэдэн сая дүрвэгчид очив. Тэдэнтэй хамт сугандаа бөмбөг дэлбэлэхийг нус нийхийн төдийд үздэг хичнээн тооны шашны улайрсан үзэлтнүүд очсоныг хэлэхэд бэрх.
Ер ингэхэд тухайн үеийн Арабуудын тэр их хүчирхэгжилийн нууцыг Лалын шашны үзэл санаатай холбож үздэг. Өнөөдөр ч ISIL-ийнхэн дэлхийн 50 орны далбааг жагсааж байгаад дайснаа гэж зарлав. Тэдгээрийн ихэнх нь тэргүүлэгч хөгжилтэй орнууд. Тэгэхээр бараг дэлхий даяарт дайн зарлаж байна гэсэн үг. Хэдийгээр ISIL-ийн ар талд том санхүүжүүлэгч, далдуур дэмжигчид байгаа ч тэдэнд дэлхийтэй дайн зарлах их хүч, санаа-зоригийг юу өгч байна вэ гэдэг их сонирхолтой юм. Ингэхэд хамгийн хүчирхэг зэвсэг бол илд бамбайны үед ч, өнөөдрийн атомын бөмбөгийн үед ч ялгалгүй үзэл санаа байв. Мөнгө удаад нь орох байх даа.

No comments: