Биесээ гэр шигээ зорьсоор
Бидэн хоёр замын дунд айл болно
Биесээ гэм шигээ өмөөрсөөр
Бидэн хоёр жамын эрхэнд амь болно
Биесээ зүүд шигээ манасаар
Бидэн хоёр эвийн ганц дэр болно
Биесээ охин шигээ тэвэрсээр
Бидэн хоёр энгэрийн ганц зүүлт болно
Биесээ сүү шиг хөөргөсөөр
Бидэн хоёр эрхэлж нялхарсаар адилхан болно
Биесээ хүү шигээ дууриасаар
Бидэн хоёр эндүүрч мэдхээр ижилхэн болно
Биесээ бурхан шиг шүтсээр
Бидэн хоёр жаргалын ганц хань болно
Биесээ буруу шигээ үүрсээр
Бидэн хоёр мөргөлийн их сүм болно
Биесээ нулимс шигээ дагасаар
Бидэн хоёр хаврын анхны бороо болно
Биесээ нас шигээ зөөсөөр
Бидэн хоёр хамгийн сүүлчийн цас болно
Биесээ сэтгэл шигээ өргөсөөр
Бидэн хоёр тэнгэрийн давааг ч хамт давна
Битгий яваач дээ гэж хэндээ ч хэлэхгүй
Бидэн хоёр уулзаад нэг л хүн болно
Б.Болорцэрэн
2015.12.11
No comments:
Post a Comment