Tuesday, December 29, 2015

ЭРХ АШИГ & ЭХ ОРОНЧИД

....Эрслэх тулаанд хоёр хөлөө тасар татуулсан ч
Эх орноо би хамгаалж чадсан юм. 
Эгэл амьдралын минь бахархал энэ учраас 
Эх нутгийнхаа шороон дээр би хэвтэж байна.
Харин би хоёр хөлтэйгээ үлдээд
Харь дайсанд эх орноо алдсан бол 
Хаана тэр хөлөөрөө гишгэж явах юм бэ?
Муса Жалил... /Татар найрагч/
.
Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй үгээ
Чиний төлөө үхье гэж ЭХ ОРОНДОО би хэлсэн юм
Ц.Цэдэнжав.
.
Яруу найрагч нь ийн бичиж, энэ үзэл санааныхаа төлөө амьдарч, тэмцэж, үхэж чадаж байж. 
Харин манай улс төрч-бизнесмэнүүд 
"Энэ их газар нутгаасаа зарим хэсгийг, жишээ нь Дорнодын талыг Япон, эсвэл Солонгост зарчих хэрэгтэй юм. Өлгийтэй нялзрайгаас үхэх гэж байгаа чавганц хүртэл Монгол хүн нэг бүрд 200 сая төгрөг элбэг хүрэлцэнэ. Түүнээ аваад эндээ амьдрах нь амьдраад, гадагшаа явах нь явна биз дээ. Эцсийн эцэст амьдралд юу хэрэгтэй вэ гэвэл, МӨНГӨ, зөвхөн МӨНГӨ л хэрэгтэй шүү дээ. Илүү прагматик байх хэрэгтэй. Тэр эх орон энэ тэр гэж худлаа хуцацгаахаа болих хэрэгтэй..." гэж ил тод ярьдаг. 
.
Өнөөдрийн бидний доройтол, самуурал чухам ашиг л олж байвал юуг ч хамаагүй, ямар ч арга замаар хамаагүй наймаалцчих чадвартай, энэ талаараа гаргуун авьяас чадвартай, ер бусын шургуу зүтгэлтэй, мөнгө, ашиг гэдгээс өөр үнэт зүйлгүй, либерал үнэт зүйлийг зөвхөн хувийн үнэмлэхүй эрх ашиг гэж ойлгож сурталчилдаг энэ мэт наймаачин хүмүүст илүү их боломж олгоод, өнөөх эх орон гэж дэвсэн хэдийгээ галзуу солиотойгоор нь цоллож байгаад нэг нэгээр нь нядааж орхидогт байгаа юм. Галтай дөлтэй найрагч, цогтой эх оронч "Амьддаа бие биеэ хайрла" хэмээн итгүүлж, "Тэнгэр шиг бай" хэмээн зоригжуулж асан О.Дашбалбарыг амьд ахуйд нь хичнээн үйлийг нь үзэж, галзуу шизогоор нь дууддаг байв даа. Арга ядахдаа 
"Доромжлуулах тусам би өнгө орно
Долоон бурхан од шиг тодоос тод гялалзах болно.
Гүтгүүлэх тусам би өнгө орно
Гүн шөнийн одод шиг улам тод гялалзах болно.
хэмээн шүлэглэж...
Монгол хүний саруул ухаанд итгэж найдаж явсан С.Зоригийг амьд ахуйд нь есөн шидээр элдэвлэж, ордны цонхоор шээлгэж, эцэст нь 17 хутгалж орхисон.
М.Зэнээ, О.Энхсайхан гэх мэт цаг бусаар, зүй бусаар амиа алдсан хүмүүсийн нэрсийг жагсаавал нэлээд хэд болно доо.

No comments: