Яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн залуу насны нэг адал явдал санагдчихав. Сүрэнжав гуай хөдөөнөөс хотод оюутан болон иржээ. Тэр үед Урт цагааны баруун талд байх Шар дэлгүүр нийслэлийн томоохон худалдааны төв байж. Хөдөө байхдаа яавлак /алим/ гэдэг нэг сайхан юм байдаг гэж л сонсож явжээ. Мань хүн хааяа Шар дэлгүүрээр хэснэ. Тэгэхэд алимнууд улаараад л бөндийгөөд л, шүлсийг нь асгаруулдаг байж. Хөдөөний мөнгөгүй оюутан, яавлакныхаа барааг нэг харж шүлсээ залгичихаад л явдаг байжээ. Тэгэж тэгэж өвөл цаг ирж, хүйтрэх үеэр гэрээс нь жаал жуулхан мах идэш, бас хэдэн төгрөг ирсэн байна. Төгрөгөө аваад хамгийн түрүүнд Шар дэлгүүр лүү чавхдажээ. Очоод лангуун дээрээс нь харж харж, хамгийн тод улаан өнгөтэй яавлак худалдан авч гэнэ. Улаан байх тусмаа амттай байдаг гэж нэг яриа сонссон шиг байгаа юм. Тэгээд хүслэн болсон алимаа тэнд биш арай тухтай сайхан газар тансаг ёсоор зооглох мэргэн шийдвэр гаргаж, Жанжны талбай руу гүйж гэнэ. Жанжны хөшөөг тойрсон арслангуудыг холбодог бүдүүн төмөр гинжин дээр сууж, савчуулж байгаад өнөөх яавлакаа гаргаж ирээд нэг том хазаад орхижээ. Гэтэл аманд нь гал түймэр дэгдээд, байж тэсэх аргагүй болж, мань хүн сандарсандаа сууж байсан бүдүүн төмөр гинжинд хэлээ наагаад орхитол хэл нь наалдчихаад бүр ч хэцүүдэж гэнэ. Хөдөөний залуу халуун чинжүүг алим гэж андуураад авчихсан нь тэр байж. Хөөрхий, бас урьд өмнө халуун ногоо амандаа ойртуулж үзээгүй хүнд том хазаад авахаар бас л тэсэхээргүй болсон нь ч аргагүй л байх. Энэ түүхийг өөрийнх нь их ойрын сурвалжаас сонссон. Жаахан хэтрүүлэгтэй байж магад ч ортойдог шүү.
.
Яг ийм тохиолдолд ус асгаж салгадаг. Мэдэхгүй нэг нь мэдээд аваарай. Татчихвал хэлнийх нь өнгөр хэсэг хууларчихаад хэсэгтээ хоол унд идэж чадахгүй зовоодог юм шүү. Сүрэнжав ахайг хэлэлтгүй би ч биеэрээ энэ зовлонг туулсан хүний хувьд зөвлөхөд...
.
Яг ийм тохиолдолд ус асгаж салгадаг. Мэдэхгүй нэг нь мэдээд аваарай. Татчихвал хэлнийх нь өнгөр хэсэг хууларчихаад хэсэгтээ хоол унд идэж чадахгүй зовоодог юм шүү. Сүрэнжав ахайг хэлэлтгүй би ч биеэрээ энэ зовлонг туулсан хүний хувьд зөвлөхөд...
No comments:
Post a Comment