Friday, December 25, 2015

​Б.ГАЛИНДЭВ: МОНГОЛ ХҮМҮҮС СОНГОСОН НИЙГМИЙНХЭЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛД ЖИЖИГДЭЖ БАЙНА



Философийн ухааны доктор Бүдрэгчийн Галиндэвтэй нийгэм, улстөрийн тулгамдсан асуудлуудаар ярилцлаа.
-Ярилцлагын асуултаа нэлээд ерөнхий эхэлж байж магадгүй. Гэхдээ эхний энэ хариултын дараа дараагийн асуултаа тавих гэсэн юм. Ардчилал, зах зээлийн нийгмийн 25 жилийн босгон дээр улстөрийн өнөөгийн байдлыг, амьдран буй нийгмээ Та хэрхэн дүгнэж байна вэ?
- Монголчууд ардчилал, зах зээлийн нийгмийг сонгоод 25 жил болжээ. Хүнээр бол эр бяр тэгширсэн нас.Оюун ухаан талаас нь аваад үзвэл ядаж л дээд сургууль төгсчихсөн байх үе. Хүний амьдралын ийм мөчлөгтэй харьцуулахад манай нийгэм ямар нэг хэмжээгээр эр бяр нь тэгшрээгүй, боловсорч соёлжоогүй цаг үед л явж байх шиг байна. Тэгэхдээ надад бас нэг дүгнэлт байна.Юу гэвэл өнгөрсөн 25 жилийнхээ явсан зам мөрийг хүмүүс бас харьцуулж, эргэцүүлэхийг эрмэлздэг болж. Юуны өмнө зах зээл гэдэг чинь өөрөө өөрийгөө удирдаад л явчихдаг нийгэм биш юм байна гэдэг нь ойлгогдлоо. Хоёрдугаарт, бид нам бүлгээрээ хэт их талцаад ерөнхий асуудлаа шийдэж чадсангүй гэдгийг ойлголоо. Гуравдугаарт, намууд төлөвшөөгүй байхад улстөр төлөвшинө гэж ер нь байхгүй юм байна.
Намын төлөвшил бол намын толгой дээр байгаа цөөхөн хүнээс л шалтгаалдаг.
Хэдийгээр ардчилсан нийгмийг олон түмний оролцоотой нийгэм гэх боловч өнгөрсөн 20 гаруй жилд будилаантай сонгуулиудыг эс тооцвол олон түмний оролцоо тун бага байлаа.Тэгэхээр улстөрийн намыг төлөвшүүлнэ гэдэг лидер төлөвшүүлэх үйл явц юм байна. Дөрөвдүгээрт, монгол хүн маш том нэг сургамж авч байна.
Би өөрөө л шударга үнэнчээр хөдөлмөрлөж байж амьдралаа авч явах ёстой юм байна гэдгийг түрүүчээсээ ойлгож байгаад олзуурхууштай.Бас нэг дүгнэлтийг би хувьдаа хийж байгаа. Зах зээл, ардчилсан тогтолцоо гэх үзэл баримтлал, онолд өнөөдрийн монгол хүмүүс бид их жижигдэж байна. Өөрөөр хэлбэл, тогтолцооныхоо энэ зэрэгт хүрэхүйц оюун санаа, ёс суртахууны төлөвшил, эзэмшсэн боловсрол, нийгэмд амьдрах дадал зуршил бидэнд дутагдаж байна. Бидний ойлголтоор ардчилсан нийгэм бол ариуссан нийгэм. Гэтэл тэр ариуссан нийгмийг бүтээх зорилго нь сайхан боловч тэр зорилгоо хэрэгжүүлэх арга замаа ч мэдэхгүй, ажил үйл нь ч сайн болохгүй байна.
НИЙГЭМ БҮХЭЛДЭЭ ШОКОНД ОРЧИХОЖ
-Ардчилал, зах зээлийн нийгэм нь өөрөө хүнээ хүмүүжүүлээд аваад явчихгүй юу.Онолын хувьд ч, амьдрал дээр ч социализмын үед дараагийн нийгмийн хүнийг бэлдээгүй биз дээ?
-Тэр мэдээж. Өнөөдрийн тухайд бол ерөөсөө ардчилал, зах зээлийн нийгэмд нийцэхүйц хүнээ бэлтгэхэд л гол анхаарлаа хандуулах ёстойг бид ойлгож эхэлж байна л даа. Хүнээ бэлтгэхийн тулд нэгдүгээрт, орчин үеийн ардчилсан тогтолцоонд хэрэгтэй боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүмүүс өөрөө дураараа сонголт хийдэг энэ сайхан боломжийг зөв ашиглаж сурах хэрэгтэй юм байна. Өнгөрсөн жилүүдэд бид голдуу дур зоргын, үр дүнг нь тооцоогүй,хариуцлага хүлээгээгүй сонголтууд хийж ирсэн учраас нийгэм бүхэлдээ шоконд орчихож.  Өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд асар олон сүүдэртэй тал байгаа учраас магадгүй зарим нь ардчилал, зах зээлийн үзэл санаанд эргэлзэж, өмнөх нийгмээ санагалзаж байж ч магадгүй.
Хамгийн гол нь энэ шокны байдлаасаа хэрхэн гарах арга замаа төр, засгийн төвшинд ч, айл өрх, хүний төвшиндөө ч олигтой олж чадахгүй байна.
Гадны зээл тусламж, хөрөнгө оруулалт ороод ирвэл энэ мухардмал байдлаасаа гарчихна гэж нийтээрээ бодож, хүсэн хүлээж байх шиг. Ганцхан гарц энэ л байна. Гэтэл монгол хүнийхээ нөөц бололцоог хэрхэн ашиглах, сайн сайхан амьдрах тэр сайхан хүсэл эрмэлзлийг нь яаж дэмжих, тийм нийгэм, эдийн засаг эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн зөв мэргэн бодлого харамсалтай нь алга. Өнөөдөр Монгол Улс нэг бол уруудах, үгүй бол ухаарч сэхэх салаа замын уулзварт байна.
-Монгол хүний нөөц бололцоог хэрхэн яаж ашиглах вэ. Бидэнд ямар нөөц,бололцоо байгаа юм бол?
-Энэ хоёр талтай асуудал. Монгол хүний нөөц бололцоог гаргах нийгэм, эрх зүйн орчин байх хэрэгтэй.Бас тийм нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд төр бодлогоо чиглүүлэх ёстой. Тухайлбал, бид Солонгос улсын эмэгтэйчүүд ээмэг, бөгжөө хүртэл өгөөд улсаа сэхээсэн гэж ярьдаг шүү дээ. Солонгос хүн бүр эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулагдсан гэдэг сэтгэл зүйг бүрдүүлж чадсан байна шүү дээ.Сэтгэл зүйн тийм хүчтэй урсгал, давалгаа бий болоогүй байхад эмэгтэй хүн гоёлоо тайлаад өгөхгүй л дээ. Хувь хүний талаас бол би өөрийнхөө хүчинд сайхан амьдарна, ингэж амьдрах нь миний бахархал юм гэсэн сэтгэл зүйг өөрсөддөө суулгамаар байна. Тэгэхгүй бол бүгдээрээ л бусдаас, төрөөс тусламж дэмжлэг горьддог болчихлоо. Чингисээр бахархах, эх орныхоо түүхээр бахархах бол өөр хэрэг.Гагцхүү бид бүгдээрээ өөрөөрөө бахархдаг больё. Би бусдаас гуйхгүй амьдарна, би бусдаас үнэгүй юм авахгүй гэсэн итгэл үнэмшлээр амьдарч сурцгаамаар байна шүү дээ. Ер нь хувь хүний чармайлт,бахархал, төр засгийн зөв бодлого хоёр нийлж байж нийгэм урагшаа явна л даа. Түүнээс бус ганцхан талаасаа хүчлээд бүтэхгүй.

ЗАЛУУЧУУДЫГ ЗӨВ ГОЛЬДРИЛООР ЧИГЛҮҮЛЖ ӨГМӨӨР БАЙНА
-Хэдийгээр бидний сонгосон зам тодорхой ч "Одоо яах вэ" гэсэн асуулт олон хүний тархинд эргэлдэж байх шиг.Энэ тодорхойгүй мухардлаас гарахын тулд юу хийх ёстой вэ?
-Мухардлаас гарах хоёр хүчин зүйл байгаа болов уу.Нэгдүгээрт, төр, засгийн төвшинд тодорхой бодлоготой, тогтвортой ажилладаг нам гармаар байна. Хоёрдугаарт, өөрийнхөө чармайлт,хөдөлмөрөөр сайн сайхан амьдарч болно гэсэн итгэл үнэмшил бидэнд бий болох ёстой. Гуравдугаарт, манай хүн амын олонхи хэсгийг эзэлж байгаазалуучуудыг нийгмийн амьдралын зөв гольдрилоор чиглүүлж өгмөөр байна. Ингээгүй цагт хөгжлийн тухай ярих хэцүү.
Одоо нэг тийм саланги тасархай юмыг л мэдээлж байна л даа.Манай нэг дуурийн дуучин дэлхийн уралдаанд тэргүүн байр эзэлж, тэр тамирчин тэглээ гэх мэт ганц нэг гялтайсан юмаа л сурталчилж , олон түмний сэтгэлийг тэжээж байна.
Гэтэл бидэнд нэг дуурийн дуучин биш,нэг хэсэг дуурийн дуучин, нэг хоёр хүн биш нэлээд хэдүүлээ сайн байх хэрэгтэй байна шүү дээ.
Нийгэм аяндаа амьдралын зөв дадал хэвшил, үзэл бодолтой болоод ирэхээр төр, засаг ч олон түмнээсээ дэмжлэг авах бололцоотой болно. Үнэхээр сайн сайхан зүйл байвал манай хэвлэл мэдээллийнхэн бодитой сурталчлах ёстой.Хэвлэл мэдээлэл бидний хувьд иддэг хоол, өмсдөг хувцас, шүтдэг шашин шиг болчихсон. Ийм нөлөө бүхий хэвлэл мэдээлэл ард иргэдээ "Ардчилсан Монгол Улсын иргэн" болгон төлөвшүүлэхэд өөрийн үүргээ гүйцэтгэх цаг болсон. Би оюутнууддаа "Эх оронч үзэл гэж хийсвэр юм ярихаа бүгдээрээ больё. Чи өөрөө л сайхан болчих" гэж хэлдэг. Чи, танай гэр бүл л сайхан байвал үүн шиг эх оронч үзлийн амьд бодитой биелэл байна уу. Хүнийхээ боловсрол, эрүүл мэнд, ёс суртахуун, дотоод сэтгэл рүү л өнгийх цаг болсон гэж боддог. Ингээд бодохоор нийгмийн үзэгдэл болсон гажуудлыг засна гэдэг нэг, хоёр жилийн ч юмуу, богинохон хугацааны довтолгооноор, уриагаар хийчих ажил биш юм. Энэ бол хүний хөгжлийн асуудал.
Манайхан “амьдралын чанар” гэдэг нэр томьёог гаднаас зээлээд ирчихсэн.
Тэгэхдээ “амьдралын чанар” гэдгийг тухайлбал энэ жил худалдан авсан барааны тоогоор хэмжих жишээний. Амьдралын чанарын тухай асуудал дан ганц материаллаг асуудал биш л дээ. Дэлхийн философийн ном, зохиолыг уншиж байхад амьдралын чанарын асуудал тун олон талтай байна.
Эрүүл мэнд, материаллаг хангалт, боловсрол чухал. Эдгээр дээр нийлээд хүмүүсийн ёс суртахууны асуудал, амьдралын утга учраа юу гэж ойлгож байгаа зэрэг далд байгаа хэрнээ хүний сэтгэл санаа, итгэл үнэмшилтэй холбоотой асуудлууд амьдралын чанарт зайлшгүй хамаатай юм байна. Аливаа шинэ ойлголтыг бүрэн бүтэн ойлгох томьёолол өгөхгүй бол олон түмэн буруу тийшээ хошуураад л явчихдаг. Жишээ нь, эрх чөлөө гэдгийг хэн хүн юу хүссэнээ хийх боломж юмаа л гэж ойлголоо шүү дээ.
Өнгөрсөн 25 жилд хэтэрхий дур зоргоор авирласнаас болоод бид хэчнээн юмаа алдав. Уг нь эрх чөлөө гэдэг чинь хариуцлагаа хүлээх боломж л байхгүй юу. Үүнийг буруугаар ойлгосноос өөрийнхөө компанид боломж олгох гээд УИХ-ын гишүүн нь хууль батлуулж байдаг, сумын Засаг дарга нь хууль завхруулж л байдаг болсон.Хэт дур зоргын энэ авирууд нийгмийг задралд оруулчихсан.
ТҮҮХИЙГ ҮГҮЙСГЭХЭЭР АХМАД ҮЕ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ҮГҮЙСГЭГДЭНЭ
-Өнгөрсөн түүхийг үгүйсгэхийн тулд нэг хэсэг маань нэлээд "хүч хаялаа". Энэ нь нийгмийн оюун санааны задралд нөлөөлсөн үү?
-Өнгөрсөн 25 жилд бид өмнөх түүхээ хэтэрхий үгүйсгэж, сайн сайхан юм маш олныг нураалаа.
Түүхийг үгүйсгэж байгаа нь хоёр учиртай юм байна.
Нэгдүгээрт, шинээр гарч ирж буй улстөрчид өөрсдийгөө алдаршуулахын тулд түүхийг үгүйсгэдэг ёс суртахууны батлагдаагүй хууль байна. Хоёрдугаарт, өмнөх түүхийг үгүйсгэхтэй зэрэгцээд ахмад үе тэртэй тэргүй үгүйсгэгдэнэ.Хүмүүс өнөөг хүртэлх явж ирсэн замаа муу муухай байсныг ойлгохоор тэр түүхийг бүтээсэн хүмүүс үзэшгүй муухай болж харагдах нь гарцаагүй шүү дээ. Түүхээ үгүйсгэсэн улс орон нийгмийнхээ оюун санааг мохоож, доройтолд ордог нь маргашгүй үнэн.
- Үндсэн хуулиа л өөрчлөхөөс нааш байдал өөрчлөгдөхгүй гэсэн хандлагатай та санал нийлэх үү?
-Үндсэн хуульд мэр сэр өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гэхдээ төрийн тогтолцоо талаас л өөрчилнө үү гэхээс ардчилал, хүний эрхийн зарчмуудыг хэрхэвч хөндөж болохгүй. Нөгөө талаас Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд нэлээд урт удаан хугацаанд судалгаа хийх хэрэгтэй. Судалгааг маш олон талын мэдлэгтэй, энэ талын судлаачид, шинжээчид нийлж байж хийнэ үү гэхээс УИХ-ын нэг гишүүнээр толгойлуулсан хэдэн хүний бөөгнөрөл санааныхаа зоргоор хийх боломжгүй.
Хэвлэл мэдээллээс харвал УИХ-ын гишүүн 99 байна, тэднийг таван жилээр сонгодог болно гэхчилэн өөрчлөлтүүдийг хийх гэж байгаа бололтой. Гэвч энэ л үнэхээр хийх ёстой өөрчлөлт юм гэсэн зүйл харагдаагүй. Ард түмний санал асуулга явуулна гэж бүтэлгүй зүйл бас яриад байгаа.  Санал өгөх хүн ямар өөрчлөлт оруулах гээд байгааг мэдэхгүй хэрнээ санал өгнө гэдэг үнэхээр осолтой. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг хүн бүрт мэдүүлэхийн тулд санал асуулга явуулна гэдэг дор хаяж зургаан сарын ажил баймаар. Тийм учраас яаран сандран өөрчлөлт оруулахыг дэмжиж, эрх мэдэлтэй цөөн хүнээр тоглуулж, тэдний зууш болмооргүй байна. Хэрвээ тийм санал асуулга явуулна гэвэл би мэт нь оролцохгүй.
"ҮҮР" ГЭДЭГ ҮГ НАМД ТОХИРОХ ҮГ МӨН ҮҮ
-Улс нийтээрээ л эвлэж, нэгдэхийг эрмэлзэж байх шиг. Гэвч төрийн толгойд, олны нүдэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа намуудын хуваагдал, талцал нам хоорондынхоос нарийсч, нам дотроо ч хуваагдах боллоо.
-Ер нь талцах үзэгдэл монгол хүний цусанд байдаг ч байж магадгүй. Бид нүүдлийн аж ахуйтай учраас айл саахалтаараа, отог омгоороо хувиа хичээсэн маягтай л амьдарч ирсэн. Энэ нь өнөөдөр улстөрийн хүрээнд, намуудын төвшинд томоор, ил тод илэрч байна л даа. Намаар талцах үзэгдэл нь суурь үзэл баримтлалтай холбоотой. Манай намууд тодорхой үзэл баримтлал дээр нэгдсэн нэгдмэл зорилготой хүмүүсийн байгууллага байхаа больсон.
Ленин тухайн үедээ "Нам гэдэг бол манай үеийн оюун ухаан, нэр төр, нандин чанар мөн" гэж хэлсэн.
Б.Дэлгэрмаа нэг удаа энэ үгийг иш татахдаа "Нэгэн улстөрчийн хэлсэн үг" гэж иш татсан байсан. Ленин хэлсэн гэдгээс зовох хэрэггүй л дээ.
Үнэхээр нам нэр төр, нандин чанар байхаа больсон. Өнөөдөр хамгийн нэр төргүй хүмүүс бол УИХ-ын гишүүд. Учир нь тэд намын гишүүд. Үзэл баримтлалаараа нэгдээгүй учраас намын гишүүдэд гүнзгий итгэл үнэмшил суухгүй байна.Тийм учраас намд элсвэл нэгдүгээрт, албан тушаалд ойртож очих юм байна шүү гэж бодсон хүмүүс нам руу хошуурах боллоо. Хоёрдугаарт, намд дээгүүр байр суурьтай болоод гайгүй шиг албан тушаалд оччихвол өмч хөрөнгө унагаж авна гэсэн бат итгэлтэй улсууд олширлоо. Гуравдугаарт, намд элсээд олон түмэнд танигдвал нэр нөлөөтэй болно гэсэн хүний хязгааргүй шунал нөлөөлж байна. Хамгийн чухал нь хүмүүс үзэл онолоороо л нэгдэх ёстой. Гэтэл тэр нь алга.
Өнөөдөр захын хүн нам гэдэг яахав дээ, гэмт хэрэгтнийг хаацайлдаг, эрх мэдэлд дуртай хүмүүсийг бэлтгэдэг үүр болчихсон гэж ярьж байгаа. "Үүр" гэдэг гэтэл намд үнэхээр тохирох үг мөн үү. Янхны үүр, зөгийн үүр л гэж: ярьдаг биз дээ. “
Муу муухайгийн үүр болсон" гэж ярьдгаас сайн сайхны үүр гэсэн нэршил байхгүй.
Намууд гэтэл ийм муу муухайгийн үүр болчихсон байна. Нэг намаас нэр дэвшиж ялчихаад өөр нам руу явчихаж байгаа УИХ-ын гишүүн бий шүү дээ. Нөгөө нам нь түүнд ашигтай харагдаж л дээ. Үүнийгээ "Ийм тийм муухай нам, үзэл бодлоор минь ялгаж байсан" гээд л ярьчихдаг нь бүр жишиг болсон. Нөгөө талаас манай намууд үнэхээр Монголын хөрсөнд буугаад, ард түмний итгэл үнэмшил болчихоор үзэл баримтлал гаргаж хэрэгжүүлж чадалгүй өдий хүрч байгаа. Үзэл баримтлал боловсруулах оюуны нөөц, чадамж намд л байгаа. Түүнээс хороо хорины хэдэн нөхөд нийлээд улс орны хэмжээний үзэл баримтлал боловсруулна гэж байхгүй. Нам бол нийгмийн оюун ухаан байна гэдэг ийм л учиртай.




СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МОНГОЛЧУУД ҮНЭНЭЭС ХОЛДЧИХСОН
-Үнэн гэж яг юу юм бэ.Бүгд л "үнэн"-ийг ярьж байна гэх ч яг хэн үнэнийг яриад байгааг сэтгүүлчид ч олж чадахгүй байна л даа?
-Өнөөдөр Монголын нийгмийн хөгжлийн талаар баримталдаг шинжлэх ухааны үнэн гэж байхаа больсон. Зөвхөн намын үнэн л байна. Намын үнэн гэж юу вэ гэхлээр нам яаж эрх мэдлээ хадгалж байхав, нам яаж нийгэмд нөлөөтэй байхав, яаж төр засаг, орон нутгийн байгууллагын эрхийг авах вэ гэдэгт л үнэний туйл оршдог болсон. Сэтгүүл зүйд үүнийг "тархи угаах урлаг" гэж нэрлээд байх шиг. Тархи угаана гэдэг хүнийг үнэнээс холдуулах, төөрөгдүүлэх утгатай юм байна. Төөрөлдсөн хүнийг бол яаж ч болно л доо. Сүүлийн жилүүдэд монголчууд үнэнээс холдчихсон.Хувь хүний амьдралд хуурамч явдал ихсээд ирэхээр амьдрал утгагүй болдог.
Үүн шиг улс орны амьдралд утгагүй явдал ихсээд ирэхээр улс орон нурдаг юм байна.
Өнөөдөр хэн нэг өндөр албан тушаалын хүнтэй холбоотой, эсвэл бизнесийн булхайтай байж болзошгүй асуудлуудын үнэнийг монголчууд олж чадахгүй байна шүү дээ.
Шуугиж шуугиж үнэнд тулж ирээд л чимээгүй болчихож байна л даа. Энэ бол бид үнэнээс холдсоны бодит илрэл. Нас барсан хүмүүсийн нийгмийн даатгалын мөнгийг хэсэг бүлэг хүмүүс завшиж байна гэсэн шуугиан гарсан. Гэтэл маргааш нь УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ “Тийм юм байхгүй.Энэ бол улстөржсөн үйл явдал” гээд л хэлчихсэн. Олон түмэн сайддаа итгэх үү,сэтгүүлчдэд итгэх үү. Ингээд үнэн байхгүй болчихсон учраас нийгэм тэр чигээрээ мухардалд орчихсон.
“Сэтгүүлчид үнэнийг хэлэх ёстой” гэж уг нь та нарын уриа мөн биз. Гэвч үнэнийг хэлж чадахгүй байна.
Зарим нь хүсэх ч үгүй байна. Хэлж байгаа нэгнээ нийгэм ойшоохгүй байх жишээтэй. Нөгөө талаар өнөөдөр нийгмийн хөгжил, төлөв байдлын талаар баримтлах шинжлэх ухааны үнэн гэж алга гэж дээр хэлсэн. Тиймээс бие даасан судлаачид, судалгааны төвүүд олноор бий болж байж, тэднийг дэмжиж байж нийгмийнхээ үнэнийг олохын төлөө явмаар байна. Үнэн, гэрэл гэгээтэй юм дандаа далд байгааг нээж гаргахад сэтгүүлчид үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Манай хэвлэлийнхэн насаараа судалгаа хийсэн сайхан эрдэмтнийг уриад ярилцахын оронд нэг бөө урьж авчраад ярилцлага хийчихнэ. Түүнд нь олон түмэн итгээд, ханараад явчих жишээний.
Баабарын хэлсэн тоо шүү, Монголд 28 мянга орчим бөө байна гэж. Гэтэл эрдмийн зэрэг цолтой хүмүүс 5500 орчим байдаг гэнэ. Монголчууд нийтээрээ бөөд, шашинд, зурхайд итгэдэг давалгаа бий болчлоо. Энэ бол манай хэвлэл мэдээллийнхний ажлын л үр дүн.
Би Оросын утга зохиолын “Литературна газета”-г уншдаг. Тэнд Оросын нэр хүндтэй академичид ярилцлагаа өгч, нийтлэл бичдэг.
Сэтгүүлчид та нарын хэлдгээр арай өөр, аналитик сонин. Манайх үйл явдал хөөдөг сэтгүүл зүй шүү дээ. Аль ч улсын хүн амын 20-30 хувь нь оюун санааны хувьд бусдыгаа дагуулж байдаг гэж Америкийн судлаачид хэлсэн байдаг. Үлдэж байгаа 70-80 хувь нь бусдыг аялдан дагагчид байдаг юм байна.
Дээр нь хэвлэлийнхэн маань эрх мэдэлтэй хүмүүсийг хамгийн их сурталчилдаг. Авга ахаа бараг танихгүй байж Алтанхуягийг нийтээрээ таньдаг байх жишээний. Орой болгон телевизээр гарч, өдөр бүр хэвлэлд зураг нь дурайж, хүмүүс ч юм л бол улстөрчдийг яриад байхаар аргагүй шүү дээ. Дээр нь эднийг дандаа муу муухайгаар ярьж байгаа нь манай сэтгүүлчдийн буруу биш. Үүнээс болоод бүхэл бүтэн үе дандаа сайхан зүйл хийгээд нээх өөдөө дээшээ явахгүй юм байна гэсэн буруу үлгэр дууриалтай төлөвшиж байна. Саяхан нэг сонин дээр "Баянсэлэнгэ сайд болчихсон байна шүү, хүүхдүүдээ боловсролтой болгох гээд нээх зүтгэх хэрэггүй юм байна шүү" гэж бичсэн байсан.
Нээрээ л сувилагч хүн УИХ-ын гишүүн болоод бидний өмнөөс хууль батлаад байж болдог юм бол, бүр Барилгын яамны сайд болчихдог юм бол махаа зулгааж боловсрол эзэмшихийн хэрэг юу байна гэсэн бодлыг хэнд ч төрүүлж мэднэ дээ. Дээрээсээ ийм ёс суртахууны жишиг тогтоогоод хорин хэдэн жил болж байна.
БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШГИЙГ ХЭТ ХАМГААЛАХ НЬ...
- Төрд ажиллах хүмүүсээ бэлтгэдэг уламжлал өмнөх нийгэм, түүхийн үгүйсгэлтэй алга болсон байх. Харьцангуй боломжийн хүмүүс төрд гарч байж л дараагийн хүмүүсээ бэлтгэх байх даа?
- Манай улстөрчид эрх ашгийн эрэмбэ дараа гэж үргэлж ярьдаг ч яг үнэн чанартаа өөрсдийнх нь ярьдгаас уруугаа л яваад байдаг. Улс орон удирдлагын шатанд ажиллах хүмүүсээ бэлтгэх хэрэгтэйг энэ бүхэн харуулдаг. Би дээр үед Оросын гадагшаа гарсан нэг философичийн "Хаант засаг ба бүгд найрамдах улс" гэж зохиол уншиж байсан. Тэнд улсорны удирдлага тогтвортой байдаг учраас хаант засаг ач холбогдолтой гэж бичсэн байсан. Ирээдүйд хаан болох хүнийг гэр бүлд бэлтгэдэг.
Хаан болох хүн инженер, багш, эмч болох зорилгогүй, зөвхөн хаан л болох учраас төр удирдах ухааныг л хар багаас нь заадаг.
Хүн төрөлхтний сонгодог бүх бүтээлийг үзэж судлахын зэрэгцээ улс орныхоо амьдралтай өргөн дэлгэр танилцдаг. Тийм учраас хаан хүн муу байх бараг бололцоогүй гэж бичсэн байдаг. Бүгд найрамдах засгийн хувьд олон түмний эрх ашгийг хамгаалдаг гэхчилэн сайн талууд бий ч нэг л дутагдалтай тал байдаг. Тэр нь сонгуулиар тохиолдлын хүн гарч ирээд нийгмээ үймүүлээд хаячихдаг гэсэн санааг хэлсэн байдаг. Ийм нөхцөл байдал өнөөдөр Монголын амьдралд яг буугаад ирчихсэн.
Ёс суртахууны хувьд хүн болоогүй хүн УИХ-ын гишүүн болоод байдаг. Мэдлэг, чадвар, боловсрол яагаа ч үгүй хүмүүс. Өөрөө хүн болоогүй хүн хүнийг удирдаж чадах уу. Удирдагч хүн өөрийгөө золиосолж, өөртэйгээ зөрчилдөж байж олон түмний эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж чадна шүү дээ. Манайхан болохоор өөртөө, бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргаад байхаар явахгүй л дээ.
Хамгийн ойрын жишээ монголчууд зунжин,намаржин Өршөөлийн тухай хуулийн тухай ярьцгаалаа.
Сүүлдээ олон улсын байгууллагууд бүр гайхлаа шүү дээ.Нөгөө ардчиллыг Азид үлгэр жишээ хөгжүүлж байгаа Монгол чинь дэлхий нийтэд жигшиж байгаа авлигалыг хаацайлж, хамгаалсан хууль гаргах нь гээд баахан шуугисан. Дэлхийн жишгээс ухарсан энэ үйл явц бидний үнэлэмжийг үнэхээр навс унагасан.
Энэ нь бидний яриад байгаа дэлхийн төвшинд сэтгэнэ, дэлхийтэй өрсөлдөнө гэх ойлголтоос чинь тэс өөр юм болчихож байгааг юу гэх вэ. Энэ маягаар бүлэглэлийн эрх ашгийг хэт хамгаалах нь олон түмний, бүр дэлхий нийтийн зарчмаас хүртэл гажууд зам руу хөтөлдөг гэдгийг бид харлаа.

Ярилцсан Т.Бүдээхүү

1 comment:

worldw MOHAMED said...

САЙН ӨДРӨӨ
Намайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний ​​зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.


ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
Нэр......
Дунд нэр .....
2) Хүйс: .........
3) Зээлийн хэмжээ: .........
4) Зээлийн хугацаа: .........
5) Улс: .........
6) Гэрийн хаяг: .........
7) Гар утасны дугаар: .........
8) Имэйл хаяг ..........
9) Сарын орлого: .....................
10) Мэргэжил: ...........................
11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com