Friday, December 4, 2015

"НЭГ Л ТҮГШҮҮРТЭЙ БАЙХ БОЛЛОО" гэж ярих юм...


Өвлийн идэш бэлтгэх үеэрээ үүцнийхээ дээжээс хэрэг зориг болгон намар намарт илгээдэг найз маань алс Алтайгаас ярьж байна. Бидний яриа нэг иймэрхүү.
- Малын үнэ навс унаж байна өө. Энэ малчид одоо хувцас хунар, гурил будаагаа юугаар худалдаж авах юм, мэдэхгүй. Малаараа солие гэхээр үнэгүй болсон, элбэг болсон малыг худалдаачид авахгүй юм, авсан ч арай гэмээр үнээр авах гэх. Зээл тавья гэхээр зээлийн данс талийж өгсөн, дахиж өгөхгүй гэх. 
- Тэгээд хонь ямар үнэтэй байна?
- 50-100 мянгын хооронд байна. Сумын хоршоолол арай гайгүй үнээр малчдаас мал авч байна.
- Гайгүй үнэ гэхээр хэд байх вэ?
- Хонь амьдын жингээрээ кг нь 1000-1500 төгрөг. Ямаа бол кг нь 900 төгрөг орчим байна. Яая даа гэсэн эр хонь үсрээд 75 кг, дундаж нь 50 гаруй кг болж байна. Ямаа бол бүр явахгүй байна. Тэгээд хоршоолол энэ малыг бүгдийг нь зээлээр авч байгаа. Нядлаад хот оруулж борлуулчихаад, хавраас мөнгийг нь өгөх юм гэнэ. Тэр болтол тэсдэг л байх даа хө. Нөгөө харганын ноос түүдэг шиг л үлгэр ярих. Гэхдээ эрх биш олон жил мал махыг маань борлуулж өгсөн юм болохоор итгэж найдахгүй байх арга алга.
- Арьс, шир ямар үнэтэй байна?
- Өө, хонины нэхий чинь одоо 1000 төгрөг л болсон шүү дээ. Нэг Дирол бохины үнэтэй болсон. Талхны үнэ, хайрцаг тамхины үнэгүй болсон. Одоо харин ямааны нэхий 10 000 жаахан гарах нь. Гэхдээ арай ч ийм баймааргүй л байна. Чи боддоо. Тэр бүх арьс ширийг дандаа хятадууд авч байна. Ингэхэд наана чинь арьс шир боловсруулдаг үйлдвэр босгочихдог хоншоортой үндэсний хөрөнгөтөн байдаггүй юм уу. Тэгвэл хядадуудад ганц бохины үнээр өгч байхаар өөрсдийнхөндөө үнэгүй өгөе л дөө. Энэ янзаар бол Хятадын түүхий эдийн бааз болж дууслаа.
- Байхгүй байх өө, хөгшин нь тэр талаар дуулж мэдсэн юм алга. Сонсогдохгүй л байна шүү..
- Энэ улс орон яаж яваад байгааг би ер ойлгохоо болилоо. Эрх биш чи нэг юм хэлнэ байгаа. Улс төржихгүй гэх арга алга болж байна шүү. Тэнгэр нь ивээж энэ жил зуд л битгий болоосой гэж залбирч байна. Бусдаар бол болдогсон бол наана чинь очиж байгаад зад хэрэлдэж, салба нүдэлдмээр л болох юм. 
- Хөдөөгийнхөн маань тэгэж их улс төржих юм уу?
- Өөр яах юм бэ. Нохой хамарт нь тулахаараа усч гэдэг, хүн чинь амьдрал нь хоолойд тулахаараа өөрийн эрхгүй л улс төрч болчихдог юм байна. Одоо энүүгээр АН-ыг үздэг хүн үгүй болсон. Муусайн юмнууд, юу ч мэдэхгүй байж дэмий дэвдэг хүмүүсээр хувь заяагаа тоглууллаа л гэлцэж байна. Нэг тийм, малыг буруу тийш нь дагуулаад явчихдаг, затиургүй годрон байдаг даа. Тийм л харагдаад байгаа. Тэр Баярцогтыг таарвал цохиж ална гэж захын авгай хүртэл ярих боллоо. 
- Ирэх жилийн сонгуулиар л асуудлаа шийднэ шүү дээ хө.
- Тэр болтол тэсвэл тэгэх л байх даа. Энэ хуучин нөхдүүдийг л өөрчилмөөр байх юм. Гэхдээ л одоо энэ МАНАН-гаас л дахиад худал үнэн хэлж, мөнгө төгрөг өгч байгаад гараад ирэх байх даа. Биднийг гар дээрээ гапий улаан зоосгүй болгож байгаад сонгуулиар гэнэтхэн хэдэн юм хялайлгаж баярлуулаад л саналыг маань худалдаад авчихна. Харж л байгаарай. Ер итгэл их муу байна шүү, ингэхэд наадуулаас чинь яаж шүү салдаг юм билээ дээ. Дээр үед манай хөгшчүүл "Энэ хамжлагаас нэг яаж салдаг юм билээ" гэж гасалдаг байсан юм гэсэн. Одоо тэгэж гаслах бидний ээлж ирж байх шиг байна даа. 
- Хэ хэ?
- Инээдэм ч биш болоод байна шүү хө. Чи сэтгүүлч болж, үзэг цааш нийлүүлдэг шүү юм бол хэлж ярьж, сануулж байхад яадаг байна аа?
- Хөгшин нь чадлаараа л хэлж ярьж, бичсэн болж байна. Хүрэх газраа хүрдэг нь, хүрсэн ч тусгаж авдаг нь хэр юм бол гэхээс биш. Харин хөдөөгийн та нарт тэр бүр хүрдэггүй байх. Хэвлэл сонин олон болчихоор чинь хэрэгтэй мэдээллээ хүргэхэд хэцүү болчих юм.
- Тэгдэг л байх даа, одоо. Яалтай ч юм билээ. Нэг л таньж мэдэхгүй газар цасан шуурганаар зүг чиггүй төөрчихсөн юм шиг түгшүүртэй санагдаад байдаг болчихлоо.
- Чи харин нөхцөл байдлыг яг хэлчихлээ шүү.
Нэлээн бухимдсан андын маань яриа зарим талаар бухимдал нь хэтрүүлэг болсон ч ихэнхдээ голтой дог шүү.

No comments: