Саяхан зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд “Монголоо нэхэж буй Монгол” гэсэн цэгцтэй нягт бичлэг, буурьтай агуулга, санаа бүхий нийтлэлийг уншигч олонд хүргэснээрээ бодол ухаан, мэдлэг чадвар нь тэгширсэн, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсийг түүчээлэгчдийн нэг гэдгээ харууллаа.
Харамсалтай нь түүнийг уншсан сэтгэгдэл бичигчдийн нэг хэсэг нь учир утгыг нь сайн ойлгоогүй буюу ойлгохыг хүсээгүй, тэр ч байтугай зарим нэгнээс нь бүр олон нийт зөв талаас нь ойлгоод хүлээгээд авчих вий гэж бачимдан цухалдсан дургүйцэл илт зухалзаж байгаа нь гадны бодлогын хаялгыг илтгэнэ.
Нийгмийн зөрчилтэй санаа бодлуудыг илэрхийлэх энэхүү олон янзын сэтгэгдэл нь хүмүүст зөв ойлголт суулгатал уг сэдвээр дахин дахин ярих, бичих хэрэгтэй байгаа юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн учраас өөрийн үгээ нэмэрлэхээр шийдэв.
Эсэргүүцэн бичигчдийн сэтгэгдлээс иш татвал: “Хэ хэ хэ Номинчимэд гэгчээ ... аливаад алдааг, ташааг эндүүг мадагийг өөрөөсөө өөрсдөөсөө биш харин хэн нэгнээс, ямар нэг юмнаас эрж хайж, хэн нэгнийг, ямар нэг юмыг буруутгах нь инээд хүргэх агаад өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй атлаа харуусалтай, өрөвдөлтэй хийгээд ухаангүй.
Монгол гэгдэх нарын авир араншин аяг төрх нь гаднын буюу чиний хэлж буй харийн соёлоос болоод эвдэрч хэмхрээд байгаа ч бус биш санагддаг. Үнэндээ тухайн уг монгол гээч хүмүүний нь аалиас, зангаас, төрхнөөс, ухаанаас хамааралтайн дээдээр хамааралтай. Монголчууд өөрөөсөө ял асууж явдлаа, замаа, мөрөө шүүн тунгааж үйлээ шийтгэж, өөрийгөө цаазалдаг оюут ухаанаа алдаж асгаж, гээж хаяаад буйчуул нь олшроод байгаа хэдий ч тийм этгээдүүд нь оготор тооллын хугацаанд барагдаж дуусах жамаа дагаад цэвэршиж алга болж үгүй хийгдэнэ дээ. YUM-UZ, 2016-01-04 00:27:33, 206.125.129.157”
“Харийн соёлдоо ч биш болвуу. Тэр Америк Европ гэдэг чинь айхтар соёлтой хүмүүс юм билээ. Угаас Монгол хүний зан авир болов уу. Бие биетэйгээ хагаралдаж бутарч нүүж сууж алж талдаг аль эрт дээр үед л ийм байсан. Хорчин Харчингууд яагаад Манжтай нийлж Их хаан Лигдэнгийн эсрэг зогсов. Торгууд нар яагаад хаа холын Каспийн тэнгисд очиж суух болов. Бие биетэйгээ эв муутай таарч тохирохын аргагүй л болсон хэрэг. Өвөг дээдэс маань тийм ухаантай юм уу гэхээр бас үгүй. Уулын мод урттай богинтой. Ирээдүй Монголчуудыг өөрчлөх ч биз үгүй ч биз.
Зочин, 2016-01-03 19:00:20, 207.244.83.193”
“... Яг унэндээ бол бусадаас /бусдад гэх гэсэн байх/ буруугаа тохох гэсэн хөдөө сэтгэлгээний хоцрогдол ! Зочин, 2016-01-04 04:34:29, 166.170.5.109”
“Тэр нь монгол хуний уламжлалт сэтгэлгээтэй холбоотой нарийн дэг журамтай холбоотой. Гэхдээ 21 зуун дэлхий хөгжиж даяршил явж байна.
Олон нийтээр дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдсөн соёл хүмүүжил, боловсрол мэдлэгийн түвшин гэж буй. Эс тэгвээс юм болгон дээр л монголоороо .. гэвэл Улаанбаатарт морь унаад л байгаа юм шиг машин барих хөдөөний дүрэмгүй жолоочид, бүдүүлэг араншингаараа гадаад оронд ад бологсод бүгд л цээжээ балбан халуурхаж наад үгийг чинь баг болгон орилж яваа гэдгийг чи юу юунаас илуу мэдэж байгаа биз дээ? Хэтэрвэл фашизм болоод явчина! Афганистанд Пуштунвали-пуштунчуудын ес дэг ариун журам гэх ...
гайхамшигт сургаал уламжлалыг сахих афганчууд монгол гарвалтай хазара үндэсний цөөнхийг аймаглан устгаж байгааг эрхбиш мэдэж байгаа байлгүй. Эхлээд хүний ёсоор амьдарч сур гэж хэлмээр байна Номинчидээ! Монгол гэдэг ойлголт дэндүү эрхэм нандин учир энгийн ахуйтай, хоцрогдол бүдүүлэг соёлгүй ахуй араншинтай хутгамааргүй байна.
Зочин, 2016-01-04 03:02:39, 166.170.5.109”
“Юм бүхэн маш түргэн өөрчлөгдөж байгаа 21 дүгээр зуунд бид амьдарч даяаршил гэдэг үзэл баримтлал хүчтэй газар авч байхад бид алийн болгон суурин дээрээ эргэлдэх юм. АНУ мэт соёлтой орны соёлоос залуус сурч л байг л дээ. Хүний сэтгэхүй ёс зүйн төлөвшил тухайн нийгмээс шалтгаалдгийг эрхэм бичигч та мэддэг баймаар юм. old, 2016-01-04 08:42:58, 174.51.184.181”
“... магтаад байдаг больщевик оросууд монголын дуураймал коммунистууд чойбалсан цэдэнбал нарын социализм л монгол хүнийг монгол биш бүр хүн биш болгосон юм даа. зочин 2016-01-04 10:00:58, 202.179.28.127” ...
Эдгээр сэтгэгдлийг уншихад энэ бичигсэд өөрийнхөө бичсэнийг ер нь ойлгож байгаа юм болов уу гэж бодогдохоор ...
“Монголоо нэхэж буй Монгол” нийтлэлд уг нь хэн нэгний алдаа, гэмийг өөр бусдад тохсон санаа огт байгаагүй. Харин улс гүрэн хүчирхэг байхын, ард түмэн эвтэй, найртай, хамаг олноороо жаргалтай байхын гол үндэс болж ирсэн хүмүүжил ёс суртахууны сайн сайхан ямар чанаруудыг монголчууд эрхэмлэж ирснийг, энэ ямар чухал хүчин зүйл байдгийг, тэр нь нэгдмэл үзэл санаа болон төлөвшсөнөөр хүчирхэг гүрнийг байгуулж чадсаныг гадны судлаачид бүтээлүүддээ тэмдэглэн үлдээснийг жишээ баримтаар гаргаж бичсэн байлаа. Гэтэл үүнийг бусдыг буруутгах гэлээ гэж Номинчимэд рүү давшилж байгаа хүмүүс харин ч өөрсдөө бусдыг буруутгах зан авирын согогтойгоо илчилж, өөрийнхөө солир нүдээр хараад бусдыг солир байна гэж зэмлэсэнтэй утга адил юм.
Нөгөө талаар та бидний тархи сэтгэхүйд, үйл үйлдэлд бууж буй бүхэн гадаад ертөнцийн тусгал байдаг бөгөөд амьдралын туршлага, мэдлэг ухаан дутмаг байдлаас болоод тэрхүү гадаад ертөнцийн тусгалыг зөв бурууг нь ялгаж салгалгүйгээр хэрэглэх нь бишгүй. Тэр нь сэтгэл сэтгэхүй, зан суртахууны гажиг согог, буруу зуршил дадал болон илэрдэг юм. Тиймээс амьдралын туршлагатай, зөв ухаарч, танин мэдсэн хэсэг нь мэдэхгүйдээ сургах, ахмад нь үр хүүхэддээ зөв ухаарал хүмүүжил төлөвшил олгохын төлөө сургаж, зааж зөвлөдөг нь хүний ёс юм.
Энэ л хүний ёсыг дагаж, “монгол хүний уламжлан дээдлэж ирсэн зан чанарт ийм муу зүйлийг цээрлэдэг, “монголоо алдмар” гэж зэмлэдэг байлаа” гэж хэлснийх нь төлөө нийтлэл бичигчийг буруутган шүүмжилж байгаа нь эрүүл ухаан мөн үү?!
Тэгээд “... ухаанаа алдаж асгаж буйчуул нь олшроод байгаа”-г мэдсээр байж “тийм этгээдүүд нь оготор тооллын хугацаанд барагдаж дуусах жамаа дагаад цэвэршиж алга болж үгүй хийгдэнэ” гээд хүлээж суух нь наад зах нь жудаггүй явдал. Цаашилбал оготор тооллын явдал биш охорхон бодлын илрэл юм.
Хэрэв муу юм “оготор тооллоор” цэвэршиж алга болдогсон бол ертөнцөд өнөөдөр муу муухай юм гэж байхгүй л байх байлаа. Харамсалтай нь сайн муугийн хоорондох тэмцэл хүн төрөлхтний түүхийн туршид үргэлжилсээр ирсэн бөгөөд муугийн эсрэг тэмцэхгүй бол сайн сайхан зүйл үгүй болно гэдгийг өнөөдөр дэлхий дахиныг даяаршил нэрээр идэж байгаа ухаангүй явдлын тархалт гэрчлэн харуулсаар байна. Бүр энэ нь цаашлаад хүмүүн төрөлтөн “зомби” болж хувирч болохыг ч Холливудын кинонуудад ёрлон үзүүлэх нь нэмэгдсээр байгаа.
Хүн төрөлхтөн дэлхийн тэрбумтнууд гэгдэх хэдхэн шуналтны шуналыг хазаарлан зогсоож чадаагүйнхээ төлөөсөнд байгаль орчноо бохирдуулж, хордуулж, газрын хэвлийн тогтцоо эвдүүлэн сүйтгүүлж, өчнөөн их газар нутгийг цөлжүүлж, ус булгий нь ширгээж, олон улс орны ард иргэдийг цэвэр усны хомсдолд оруулж, өлсгөлөн ядуурал, дайн самуунд түлхэж, агаар мандлын давхрагыг ч өрлөн цоолчихоод “дэлхийн дулаарлын аюул” гэж хичнээн орилолдлоо ч юу ч хийж чадахгүй л суугаа. Энэ сүйтгэлт шуналд Монголын газар нутаг ч, улс орны эдийн засаг ч багагүй өртөөд байгаа жишээг бид бэлхнээ харж, амьдралаараа мэдэрч байгаа.
Гэтэл энэ бүхнийг “... дэлхий хөгжиж даяршил явж байна”. гэж бахархаж, “Олон нийтээр дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдсөн соёл хүмүүжил, боловсрол мэдлэгийн түвшин гэж буй. Юм болгон дээр л монголоороо...” байж болохгүй гэж бодож байгаа залуусыг гадны нөлөөнд орсон гэхээс өөр юу гэж үзэх вэ?!
Би л лав энэ залуус эхээс төрөхдөө “Юм болгон дээр Монгол гээд байгаа нь хөдөөний хоцрогдол юм” гэсэн үзэл бодолтой төрчихсөн гэж бодохгүй байна. Харин “сүйтгэлээ бүтээн байгуулалт гэж, тэнэглэлээ хөгжил дэвшил” гэж сурталчилдаг гадныхан, тэдний гар хөл болсон эрх баригчдын гайгаар мэдэхгүй хэрнээ мэдэмхийрхэх өвчтэй, эд мөнгөнөөс эцэг эхээ худалдаж мэдэх залуус бий болж байна гэсэн эмзэглэл төрдөг юм.
Өөрөөр хэлбэл ийм үзэл бодолтой болсон залуусыг буруугаа та нар өөрөөсөө хай гэж би хэрхэвч хэлж чадахгүй. Харин тэднийг ийм тэнэг болгосон “бусдыг” буруутгахаас аргагүй. Тэр төөрөгдлийг нь засахын тулд хэлэхээс аргагүй. Энэ байдал л “цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй” гэж сургаж ирсэн өвөг дээдсийнхээ сургаалиар цөөн бус болоод байгаа харь сэтгэлтэй залуусын төөрөгдлийн мананг саринаахаар Б.Номинчимэдийг үзгээ шүүрэхэд хүргэсэн хэрэг биз ээ!
Би түүнийх дээр нэмээд өөрийн санаагаа хэлье!
Андуурч байна залуус аа! Дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдсөн соёл хүмүүжил, боловсрол мэдлэгийн түвшин гэдэг Монгол бус байхыг хэлдэг юм биш. Дэлхийн соёлоос суралцана гэдэг нь гадны юм бүхнийг хуулбарлан дууриахын ч нэр биш. Тэр тусмаа дэлхийн соёл гэж ойлгоод байгаа ухагдахуун дотор ялгаа заагтай хэрэглэдэг, авч үздэг янз бүрийн юм бий.
Дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрнө гэдэг ухагдахуун ч бас харьцангуй ойлголт. Бүр тодруулж хэлвэл дэлхий нийтээр даган дууриагаад байгаа элдэв явдлын дийлэнх нь “тэнэглэл” байдгийг дөнгөж өчигдөрхөн нэлээн олон улсад тэмдэглэж байгаа “өмдгүйчүүдийн өдөр” /өөрөөр бас дотуур өмдний өдөр, хүн төрөлхтний тэнэглэл гэдэг жагсаалтанд албан ёсоор бүртгэгдсэнээр бол тэнэглэлийн өдөр ч гэж нэрлэгддэг юм гэнэ./, сараалж төмөр тор бүхий самбарт нийтээрээ цоож зүүж орхидог “бэлгэдэл” гэх мэт олон жишээ батлана.
Гэтэл нөгөө талд нь дэлхий нийтээс ичээд юм уу, эсвэл дэлхий нийтийн жишгийг дагаад орхичихгүй этгээд содон “тэнэглэл”-ээ гайхуулан дэлхий нийтийг гайхшруулан шуугиулсаар байдаг тухайн улс үндэстний “соёл”-ын үзүүлбэрүүд ч байх л юм. Тухайлбал Испанид болдог “буханд мөргүүлэх баяр” гэх мэтийг нэрлэж болно. Бусад нь “тэнэглэлээрээ” хүртэл бахархаж чадаж байхад манайд улс орноо манлайлан авч явах ёстой залуус нь үндэснийхээ онцлог, бусдад гайхуулах хүмүүний үнэлэмж, монгол хүний зан чанарын эрхэмлэлээ үл ойлгон, “21 дүгээр зуунд орчихоод байхад тэр чинь ямар хэрэгтэй юм” гэсэн бодол сэтгэлийг тээж яваа нь үнэхээр улс үндэстэн уруудан доройтсоны шинж юм.
Бусдын нүдэнд “тэнэглэл” болж харагдах тэр уламжлалт соёлоо яагаад тэд орхихгүй байна вэ гэвэл тэр нь тухайн улс орны байгаль, газар нутаг, түүндээ зохицсон ахуйн урт удаан оршин тогтнолын давтамжаас үүссэн угсаатны шинж буюу этносынх нь хүч чадлыг өөртөө агуулж байдаг учраас тэр юм. Харин түүнийг өөр этнос гарвалтан даган дуурайх нь жинхэнэ тэнэглэл болж, аюул осолтой мөхөл сүйрлийн шинж чанарын хувиралд хүрдэг нь бас л байгалийн жам хууль. Монголчуудын түүх ч үүнийг тойроогүй дайрч ирсэн.
Монголчууд “бие биетэйгээ хагаралдаж бутарч, нүүж, сууж ирсэн” нь үнэн. Тэр бүрт харийн соёлыг дагаж гүйсэн нь хүний идэш болж, шашин соёлд нь уусаж, дээрх сэтгэгдэлд дурьдсанчилан Афган дахь үндэсний цөөнх болсон Хазар монголчуудын хувь тавиланг эдлэж, хавчигдан гадуурхагдаж, зарим нь ч бүр ор мөргүй харьжин алга болцгоосныг бид түүхээсээ мэднэ.
Харин үндэснийхээ ахуй уламжлалыг хадгалан хамгаалж, харийн соёл, мэдлэг ухааныг авахдаа ч өөрийн хөрсөндөө зөв шингээж, этнос шинжээ алдалгүй авч явж чадсан хэсэг нь л бие даасан тусгаар улс үндэстнээрээ үлдэж өнөөг хүрсэн юм. Түүнд нийгмийн байгуулал, бүтэц зохион байгуулалт нь чухал үүрэгтэй гэдгийг ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Хэдийгээр социализмын үед Монголын нүүдлийн соёл иргэншил суурин соёл руу шилжсэн ч гэсэн тухайн нийгмийн зорилго нь өв тэгш хүмүүжил, өндөр ёс суртахуун бүхий иргэд, бүх нийтийн сайн сайхан амьдралыг бүрдүүлэхэд зорьж чиглэж байсан учраас Монгол хүний мөс жудаг, эрхэмлэн дээдэлдэг зан чанар, шударга, ариун ёс журмыг тэгтлээ бас алдагдуулж чадаагүй юм.
Харин сүүлийн 25 жилийн хугацаанд ч арай л дэндүү муухай алдагдлаа. Ямар сайндаа л нэгэн ахмад сэтгүүлч монголчуудын иддэг хоол, хэлдэг хараал, үйлддэг хэрэг, хормойн явдал нь хүртэл харьжиж өөрчлөгдлөө гэж халаглах вэ дээ!
О.Лхагвадорж
No comments:
Post a Comment