"Оройн ганц мод" номын нээлт дээр Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр гуай романы эзэнд хандаж, түүгээр дамжуулж хүүрнэл зохиолчдод маш үнэтэй хоёр үг хэлэв. Сэжүүрхэн сонсвол хэрэггүй, бараг утга сөргүү ч байж мэдэхээр. Гэвч сэрэх хүнд бол гүн утгатай. Өлгөөд авдагсан бол үнэ цэнэ нь үгүйлэшгүй.
.
ЗӨВЛӨГӨӨ №1: "Хүүрнэл зохиолыг нуршиж бичдэг. Нурш. Маш сайн нурш"...
Үргэлжилсэн үгээр бичихийн зовлонг мэддэг хүмүүст энэ зөвлөгөө ямар их үнэ цэнэтэй болохыг хэлүүлэлтгүй. Нурших гэдгийн цаана илэрхийлэх, гүйцэд, төгс илэрхийлэхийг хэлж буй хэрэг юм. Нуршихад учир их бий. Ердийн гэр доторх тавилга сэлтийн тухай нэг бүрчлэн тоочиж бичих нэг хэрэг, тэр маш уйтгартай, тэгээд ч хэн ч, захын дунд сургуулийн хүүхэд ч айлын гэрийн баруун хаяанаас нь эхлээд байгаа бүхнийг нь тоочин бичиж чадна.
Харин тэр хэнд ч энгийн гойд содон харагдахгүй жирийн нэг гэр доторх, жирийн нэг байдаг л тавилга сэлтийг хэн хүн өөрийн эрхгүй амтархан уншмаар, уншсан хүн тэр энгийн ахуйгаас ер бусын гоо сайхныг, өнгө төрхийг олж харахаар, үүх түүх өгүүлтэл нь, бүр амьд юм шиг, сүнстэй мэт бичнэ гэдэг бол жинхэнэ "Нурших" тухайд юм. Нурших гэдэг бол энэ. Ингэж бичихэд үнэхээрийн ур, ухаан, авьяас билгийн чадвар шаардагдана, маш их. Жинхэнэ хүүрнэл бичлэгийн чадвар гэдэг чухам яг эндээс л харагддаг. Батбаяр гуайн санаа нь энэ...
.
ЗӨВЛӨГӨӨ №2: "Хүчирхэг хүмүүсийн дүр бүтээ"
Энэ маш чухал. Ялангуяа энэ цаг үед хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа зүйлийг дөрөвхөн үгээр илэрхийлэв.
Манай утга зохиолд үзүүлж буй дүрүүд ихэнхдээ ядмагхан, оюун санаа, дотоод итгэл үнэмшил, сэтгэл, итгэл, үзэл бодлын хувьд доогуур түвшний, их сайндаа л Солонгос сериалын хөөрхий зовлонт дунджууд шиг байх. Хүчирхэг бие хүнийг өнөөгийн утга зохиолоос "гэгээн өдрөөр гэрэлт дэнлүү барьж, эрж хайгаад" ч олшгүйеэ.
Монголын утгазохиолд, ялангуяа өнөө цагийн уран зохиолд Дон Кихот шиг, Печорин шиг, Жульен шиг, Овод шиг, Пьер Безухов шиг, Григорий Мелахов шиг, Доктор Живаго шиг, Мартин Иден шиг, Анна Каренина шиг, Бовари хатагтай шиг, Женни шиг, Елена шиг, Швейк шиг, Өвгөн Тэнгисийн Өвгөн шиг дүрүүд маш ихээр үгүйлэгдэж байна. Үгүй ядахдаа л Д.Мягмарийн "Үер" туужийн усчин өвгөн шиг, Д.Батбаярийн өөрийнх нь "Цахилж яваа гөрөөс"-ийн Дэжид бүсгүй шиг, Д.Намдагийн "Хөгшин чоно ульсан нь"-ийн хөгшин чоно шиг дүрүүд өнөөгийн утга зохиолд алга. Маш их үгүйлэгдэж байна.
Тийм хүчирхэг хүмүүс, хүчирхэг зан чанар Монголын утга утга зохиолд үгүйлэгдэж буйнхаа адилаар Монголын нийгэмд ч их үгүйлэгдэж байна.
Дарма Батбаяр авгайн хоёр үгийн утга ийм хэмээн сэтгэнэм.
Б.Номинчимэд
No comments:
Post a Comment