Friday, January 15, 2016

нэг сэцэрхэл

Ухан сэтгэж, дэлгэн тайлах сэцэн ухаантанд хоёрхон үг хангалттай буюу
Ухуулавч үл ойлгох, хэлэвч үл тайлах харанхуй цээжтэнд хоринтоо нуршивч чамлалтай буюу.
Учир иймээс хаана үгээ хэмнэх, хаана олныг нурших нь
Угтаа өөрийн мөн чанараас үүдэх бус бусдын савнаас шалгаалах буюу...
.
Мэргэн ухаантан хоёрхон үгэнд ертөнцийн явдлыг багтаам уу
Мэлрүү тэнэг хонон өнжин чалчивч юуг ч үг өгүүлмү.
Магад тиймээс товч хийгээд тодорхой байх нь
Маргашгүйеэ их эрдмийн үр буюу...
.
Энэ мэтээр сэцэрхэн догирхоод сууваас
Эрхбиш хожмоо эрхэм нэрийг дуулах биз
Эцэстээ гэвч, эл бүхнээ өөрийн үйлдэл эс болговоос
Элэг доог болж, бусдын итгэлийг мөхөөюу... ккк
.
Мэргэн билгийн сан гэгч Сүмбэр уулын оройд мэт
Мэдэж танихыг хичээсэн нугарашгүй сэтгэлийн үзүүрт буй
Түмэн бэрхийг гэтлэн зүтгэж хүрсэн хэнд боловч
Төгөлдөр оюуны эрдэнэс алган дээр нь бөмбөрмүй.
.
Оюун далайн хөвөөгөөр олз хайн бидэрсэн
Он жилүүдийн уртыг тоолж эс чаднам, гэвч
Олз болгон авсан ойр зуурхан чимэг минь
Олны сэтгэлийг хөвсөлзүүлэхэд даанчиг чамлалттай буюу
.
Сайхан андын ерөөл тэнгэрт түгэх одон мэт болтугай
Сав шим ертөнцийн чимэг болон дэлгэрэх болтугай
Саар муу бүхний сүүдэр арилан тонилох болтугай
Сац бас өчүүхэн миний сэтгэл амирлан баясах болтугай
.
Элэх орчлонгийн аглагхан чөлөөнд оюуны одон гялалзав
Ээлжгүй цагийн нэгхэн мөчид онгодын хур дуслав
Энэхэн насны зуурхан агшинд учралын чанар тохиов
Эгэлгүй утгат үгсийн тань шидээр сэтгэлийн гүнээ наран мандав
.
Удвал цэцэгс гэгээн өглөөгүүр дэлбээ юугаан эс дэлгэх аваас
Уяхан замбутивийн наран гэрлээ түгээн мандахын учир юусан билээ
Улс олноос хэн нэгэн бодол юугаан дэлгэн, эс баясах аваас
Ухаантан мэргэд номын утгыг чадан ядан мөшгихийн учир юусан билээ...
.
Хөнгөн бийрийг хөшиж, уянгын далайг холбилох Инжинааш хийгээд
Хөх сархдад агсан, уяслын дуслыг шимэх манууст
Эрт урьдын цаг, их багын ялгаа бий боловч
Эгнэгт нэгэн чигийг эрхэмлэн зүтгэхийн мөр нэгэн буй...

Б.Номинчимэд

2 comments:

Unknown said...

Гайхалтай .... Үүнийг та өөрөө бичсэн үү?

Unknown said...

Их сайхан хөг хэмнэл... хэлсэн таньчлан цэцэрхэл...кк таалагдавааа....