Өнөөдөр “Америкийн Монголчууд”, “Америк дахь Монголчууд”, “Монголчууд Америкт” гэх зэрэг үгс сонин хэвлэлийн хуудаснаас ч, интернет, телевизээр ч, хаа нэгтээ таарсан танилын амнаас ч, ер хаа сайгүй олонтаа дуулдаж, сонсогдох болсон байна. Энэ бол Америк оронд аж төрж буй монголчуудын маань хамтарч, нэгдэж чаддагийн, хөдөлмөрлөж бүтээж чаддагийн илрэл, бахархал, амжилтынх нь цуурай юм. Үүнийг дагаад Америк дахь Монголчууд хүчтэй, тэд авьяастай, тэд хөдөлмөрч, тэд амжилт гаргаж чаддаг гэсэн ойлголт, итгэл үнэмшил бий болж байгаа.
Энэ нь дэмий хоосон хөөрөгдөл төдий биш, үнэхээр тийм юм аа гэдгийг баталж нотлох зүйл олон буй. Түүний нэг нь нийтлэлч Г. Галбадрахын “Монголчууд Америкт” хэмээх энэхүү ном билээ.
Ер нь Америкийн Монголчуудын тухай бичнэ гэдэг нь олон салбар, өргөн цар хүрээг хамрах учир амар биш, их хөдөлмөр, эрэл хайгуул, цаг хугацаа, мэдлэг чадвар шаардагдана. Энэ номд дэлхийн шилдэг армийн нэг болох тэнгисийн явган цэрэг-монгол маринегээс эхлээд хүн төрөлхтний урлаг, спортын хөгжлийн гол төв болсон энэ орны тэнгэрт авьяас чадвараараа гялалзаж яваа шилдэг монгол дизайнер, төгөлдөр хуурч, балетийн бүжигчин, зураач, хөгжмийн зохиолч, урлаг судлаач, циркчин, дуучин, тамирчин, дэлхийн интернет технологийн хөгжлийг манлайлагчид дунд байх майкрософт, yahoo-ийн монгол инженерүүд, мөн л дэлхийн шинжлэх ухааныг тэргүүлдэг энэ орны эрдэмтэн судлаачдын дунд байх салбар бүрийн монгол эрдэмтэд, судлаачид, бизнесийн чөлөөт өрсөлдөөний энэ оронд бизнесээ богино хугацаанд хөл дээр нь босгож чадсан хөдөлмөрч, шаргуу монгол бизнесмэнүүд, хууль, боловсрол, мэдээлэл болон бусад мэдлэгийн салбарт гялалзсан амжилт үзүүлэх авьяаслаг монгол охид, хөвгүүд гээд 40 орчим монгол залуусын амжилт, амьдралын түүх байна. Эдгээр залуус бол Америкийн Монголчуудын төлөөлөл. Ийм монгол залуус Америкт дахиад хэдэн зуу, мянгаараа бий.
Дэлхийн хөгжлийг манлайлагч Америк оронд аль ч салбарт өрсөлдөнө гэдэг амаргүй, хувь хүнээс их хөдөлмөр, мэдлэг чадвар, соёл боловсрол, ер юм бүхэн шаардагдана. Тэр ч бүү хэл эгэл жирийн сайхан амьдрахад хүртэл их зүйл хэрэгтэй болдог. Тэр хэрээрээ шинээр очсон хүмүүст томоохон шалгуур сорилтыг тулгадаг билээ. Харин монголчууд маань энэ бүх шалгуур сорилтыг богино хугацаанд даван туулж, гайхалтай хурдан түргэн шинэ зүйлд, ахуй нөхцөлд суралцаж, амьдралд хөлөө олон босон ирж буйг харахад бахархахгүй байхын аргагүй.
Америк өөрөө цагаачдын орон, хэдэн үеийн турш дэлхийн бүхий л улс үндэстнүүдийн мөрөөдлийн орон байсан. Америк оронд цагаачлан ирсэн хятад, солонгос, энэтхэг, мехсик зэрэг бусад үндэстнүүдийн цагаачлал дор хаяж дөч тавь, цаад тал нь зуу гаруй жилийн түүхтэй, харин монголчууд бидний хувьд арав гаруйхан жилийн түүх намтар бий. Дэлхийн өнцөг булан бүрээс энэ орныг зорин ирсэн сая сая цагаачид өөр өөрийнхөөрөө бүтээж хөдөлмөрлөж байгаа. Тэр сая сая цагаачдын дотор далайд дуслын төдий цөөхөн ч авьяаслаг, хөдөлмөрч монгол түмний үр хүүхдүүд бусад үндэстнүүдийн олон арван жилийн туршлагын үр дүнд олсон амжилтыг ийм богинохон хугацаанд гүйцэн ирж байгаа нь ил тод харагддаг юм. Энэ нь нэг талаар хэрвээ хөдөлмөрлөж зүтгэх, амжилт бүтээл гаргах боломж нөхцөл нь нээлттэй л бол монгол хүн дэлхийн аль ч улс үндэстнээс дутахгүй, бүр илүү их оюуны чадавхи, нөөцтэй авьяаслаг ард түмэн юм шүү гэдгийг чухам Америкийн Монголчууд маань бахдам сайхан амжилтуудаараа нотлон харуулж байгаа хэрэг ээ.
Дэлхийн 80 гаруй оронд 200 мянга гаруй монгол иргэд их, бага хугацаагаар оршин амьдарч, суралцаж хөдөлмөрлөж байгаа гэсэн мэдээлэл байдаг. Энэ олон оронд аж төрж буй монголчуудын дотроос монгол эх орондоо оруулж буй оюуны болон биет хөрөнгө оруулалт, хамтын үйл ажиллагааны цар хүрээ, тухайн улс орондоо эх орноо сурталчлан таниулж буй байдал, амжилт бүтээлээрээ Америкийн Монголчууд илэрхий ялгарах боллоо. Өөрөөр хэлбэл Америкт аж төрж буй монголчууд маань дэлхийн бусад оронд буй монголчуудаа төдийгүй нийт монголчуудаа үлгэрлэн, манлайлж байгаа гэж хэлж болно.
Энэ 2012 онд Америк, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй. Харин монголчуудын АНУ-д очсон болон америкчууд бидний тухай мэддэг болсон нь нэлээд эртнээс эхтэй. Монгол Улсаас АНУ-д анх удаа албан ёсоор цагаачлан амьдарсан хүнийг 1949 онд Бальтиморт хүрэлцэн очсон монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн Дилов хутагт гэдэг. Монгол угсаатнуудын хувьд түүнээс ч өмнө энэ улсад ирж, аж төрөн амьдарч байсан байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараахан Халимагууд, мөн Тайванаар дамжин Өвөр Монголчууд АНУ-д очиж байжээ. Мөн өөр бусад улс орнуудад аж төрөх монгол туургатнууд ч янз бүрийн цаг үед ирж байсан байдаг.
.
Бүр XIX зууны сүүлээр АНУ-д цагаачилсан монголчууд ч байж болох юм билээ. 2003 онд Арлингтоны Росслин метробуудлын цайны газарт Калифорниас ирсэн Жорж хэмээх америк эртэй өнөө Бальтиморт эрдмийн ажил хийж буй доктор Д.Аюушийн хамт уулзаж байснаа санаж байна. Жорж бээр монгол хүнтэй уулзсандаа сэтгэл нь хөдлөн нулимсаа барьж чадахгүй байсан юм. Түүний хэлэхээс үзвэл XIX зууны сүүлээр Калифорни мужид өрнөсөн алтны их халуурлын үеэр хятад иргэдийн хамт хэдэн монголчууд ирж суурьшсаны нэг нь Жоржийн эмэг эх байжээ. Эмээ нь 1950-иад он өнгөртөл амьд сэрүүн байж, балчир Жоржид монгол хүн гэдгээ хэлдэг, монголын тухай ярьдаг байсан гэнэ.
Жорж бол хаанаас нь ч харсан хар арьстан. Буржгар үстэй, хар арьстай, сартгар хамартай. Гэхдээ тэр бандгар хар гараараа цээжээ шааж байгаад, нулимсаа дуслуулан байж, "Би монгол цустай, монгол хүн" гэж байж билээ. Эмээ нь баруун мужид баян цагаан айлд зарцлагдаж байгаад, хамт байсан хартай гэр бүл болжээ. Багад эмээ нь монгол үлгэр хүртэл ярьж өгдөг байсан гэдэг. Тэгэхэд 60 нэлээд дөхсөн хүн байв. 1940-иад оны үед төрсөн. Тэгэхээр монгол эмээ нь 1870-80-аад оны үед төрсөн хүн байж таарна.
.
Мөн энэ үеэр Х. Хүүвэр, В. Рокхилл, Т. Кнокс, Р. Эндрюс зэрэг америкийн хэдэн арван аялагч, эрдэмтэн, худалдаачин, дипломатууд монгол оронд зорчиж, монголын тухай баялаг мэдээллийг АНУ-д төдийгүй дэлхий нийтэд хүргэн мэдээлж байжээ.
Үүнээс ч өмнөх үед хоёр ард түмнүүдийн биесээ мэддэг байсан түүхийг сонирхон өнгийвөл бүр ч сонин зүйл сонсож болно. 200 гаруй жилийн өмнө 1787 онд Америкчууд Европын колониос салж, тусгаар тогтнолоо зарлан, анхны Үндсэн хуулийг хэлэлцэх үед муж улсууд өөр өөрийнхөөрөө тусгаар улс байх гэсэн хүсэл эрмэлзэл нь маш хүчтэй байжээ. Харин Бенжамин Франклин Монголын Алун Гоо хатны “Таван сумны сургааль”-ийг жишээлэн ярьж, хүч чадлаа нэгтгэхийн ач холбогдлыг сэнхэртэл ухуулж чадсаны үрээр Нэгдсэн улс болж, улмаар тусгаар тогтнолоо хамгаалах хүч чадлаа хадгалж үлдсэн гэдэг. Багцалсан сум атгасан бүргэдийн зураг нэгтийн долларт байдаг нь тийм учиртай аж.
Харин албан ёсоор дипломат харилцаа тогтоосноос хойшхи 25 жилд, ялангуяа сүүлийн арав гаруй жилд хоёр орны харилцаа эрс өргөжиж, Монгол орон АНУ-ыг гуравдахь хөршөө хэмээн зарлах хэмжээнд хүртэл хамтын ажиллагаа бэхжижээ. Монгол орон, монгол түмэн дэлхийн тэргүүлэгч хөгжингүй энэ орноос ихийг сурч, мэдэж авсан. Энэ бүхэнд хоёр орны төрийн байгууллагуудын хооронд болдог албан ёсны улс төр, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны хажуугаар иргэд хоорондын, ялангуяа Америкт ажиллаж, амьдарч буй монголчуудын үүрэг оролцоо асар их юм. Тус улсад ажиллаж амьдарч буй 30 орчим мянган монголчуудын сайн сайхан амьдрах, амжилт бүтээл гаргах гэсэн эрмэлзэл зүтгэл нь, тэдний авьяас чадвар нь, олон үндэстний энэ улсад улс үндэстнийхээ түүх, уламжлалт ёс заншлыг хадгалан үлдэх гэсэн сэтгэл нь америк хүмүүст монгол орны тухай хамгийн сайн мэдээллийг ямар ч албан ёсны мэдээллийн эх сурвалжаас хэдэн хувь илүүгээр бодитой, итгэл үнэмшилтэйгээр өгч, монгол орноо сурталчилж, хоёр улсын хоорондын спорт, соёл урлагийн төдийгүй улс төр, эдийн засгийн харилцаанд ч томоохон түлхэц өгч байгаа гэдгийг зориуд онцлон хэлэх хэрэгтэй байна. Ер иргэд хоорондын харилцаа нь улс орнуудын урт удаан хамтын нөхөрлөлийн нэгэн чухал хүчин зүйл болж байдаг.
Өнөөдөр Америкийн монголчуудын хөдөлмөрлөж бүтээж буй салбар хүрээгээ үлэмж тэлжээ. Зоогийн газар, хими цэвэрлэгээ, чулууны үйлдвэр, барилга, гэрээт цэвэрлэгээ, ачаа тээвэр зэрэг бизнесийн салбарын маш олон чиглэлд төдийгүй спорт, соёл урлаг, боловсрол, хэвлэл мэдээлэл, нарийн шинжлэх ухаан, банк санхүү, өндөр технологийн салбарт хүртэл монголчууд маань бүтээж, хөдөлмөрлөж, өөрийн гэсэн баттай орон зайг эзэлж явна. Энэ бүхний цаана асар их хөдөлмөр, авьяас чадвар, тэвчээр тэмүүлэл бий. Америкийн монголчууд нэн шинэ үеийн бахархам түүхээ бүтээж буй бөгөөд ерөөс аливаа их бага түүх бүхэн өөрийн бичээч, туурвилчидаа дагуулж байдаг.
Нийтлэлч Г.Галбадрахын “Монголчууд Америкт” ном нь энэ бүх түүх буюу монголчуудын Америк оронд олсон ололт, амжилтыг бэрхшээл, зовлонтой нь бодитойгоор үзүүлж чадсан ном болсон байна. Яагаад гэвэл энэ номонд бодит хүмүүсийн ялалт, амжилтын тухай баримттай үнэн түүхүүд байна. Аливаа зүйлс үнэн баримттай байх хэрээрээ итгүүлэн үнэмшүүлэх чадалтай байдаг. Энэ ном нь зүгээр нэг ярилцлагын ном төдий биш, монгол залуу хүн хэрхэн бэрхшээлийг давж туулж чаддаг, хэрхэн олж, нээж чаддаг, хэрхэн амжилтад хүрч, бүтээж босгож чаддаг, хэрхэн бие биенээ ойлгон, хамтран ажиллаж чаддагийг баримт нотолгоотойгоор өгүүлж буй учир өөдлөн дэвжихийг хүссэн залуус бүхэнд шинэ санаа сэтгэлгээ, мэдлэг, бодол ухаан, амжилтад итгэх урам зориг өгч, хүсэл тэмүүлэлд нь гал нэмэх ном болжээ.
Монгол эх орон минь удахгүй дэлхийн тэргүүлэгч хөгжингүй орон болно гэдэгт би баттай итгэдэг. Тийм хөгжилд хүрэхэд хөдөлмөрлөж сурсан, өндөр мэдлэг, соёл боловсрол, технологи эзэмшсэн Америкийн Монголчуудын маань үүрэг оролцоо, үлгэр дуурайлал чухал хэрэгтэй. Чухам үүнд л Галбадрах андын маань шаргуу хөдөлмөр, зүтгэлээр бүтсэн энэ ном хувь нэмрээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
Б.НОМИНЧИМЭД
2012 оны 6 сарын 15
No comments:
Post a Comment