Wednesday, January 20, 2016

АТТИЛА - АРД ТҮМНИЙ ЭЦЭГ

АТТИЛА - АРД ТҮМНИЙ ЭЦЭГ
Аттила хааны нэрийн талаар Л.Түдэв гуай сонирхолтой санаа дэвшүүлсан байна.
Эртний Шүмэрүүд аавыгаа - Ага, эхийгээ - Ама гэж дууддаг байсан ажээ.
Хүннүгийн үед харин аавыгаа - Ата, эхийгээ - Ама гэж байж...
Цаад зах нь Итали газар хүртэл хаанчлалаа тогтоосон Хүннүгийн хаан Аттила нь үнэндээ "Ард түмний эцэг" нэрээр алдаршжээ. Балар эртний Хүннү нар эзэн хаанаа "Түмний эцэг" гэж өргөмжилсөн ажээ.
"АТ" гэдэг нь эцэг, "Ил" гэдэг нь зон олон гэсэн үг болох нь хэнд ч ил харагдана. "Эль" гэж ард түмнийг одоо ч нэрлэсээр байна.
гэжээ.
Л.Түдэв абугай "Монгол Үгсийн нууц уурхай" номдоо ийн бичсэн аж.
Эзэн хаанаа "Ард түмний эцэг" хэмээн нэрлэдэг нь маш сайхан хүндэтгэл, ёс, ухаан байна. Дорнын ард түмний л, тэр дундаа нүүдэлчдийн л өв болов уу. Хүннүчүүдийн салтар Түрэгүүд Мустафа Кемалийгаа Ата Түрк гэдэг. Энэ нь Түрэгийн эцэг гэсэн утгатай. Яг л эцэг шигээ үздэг юм билээ.
Харин Европт ийм сэтгэлгээний уламжлал ер тийм хүчтэй биш шиг билээ.
Аттила хаан ч энэ эрхэм сайхан нэрийг дэмий зүүгээгүй буй за. Тиймдээ ч өнөө хүртэл алдар цуу нь сонсогдном биш үү. "Хаадын хаан" хэмээн түүхэнд бахдуулнам биш үү.
Чингис хаан маань ч мөн л Монгол түмнийхээ эцэг нь байлаа. Өнөөдрийн бид эцгийнхээ эрхэм сайн нэрийн далбаан дор бөнжийж явнам биш үү.
Харин бидэнд өнөөдөр эцэг шиг эцэг хэрэгтэй байна санж... Яг үнэндээ олон түмэн өнөөдөр Хаая гэх хамжааргагүй, Хүүеэ гэх нөмөргүй л явнам.

No comments: