Friday, January 1, 2016

ЭРДМИЙН ЭРЭМБЭ


“Бие бөх болбоос нэгэн үе баатарлаяу,
Сэтгэл бөх болбоос түмэн үе баатарлаяу”
Энэ үгийг монгол түмэн өөрсдөө хэлсэн билээ. Энд өгүүлж буй “БӨХ” нь “ЭРДЭМ” гэсэн бас нэг утгыг давхар илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл биеийн эрдэм бол БӨХ юм. Харин сэтгэлийн эрдэм бол энэрэл, нигүүлсэл болно.
Биеийн эрдмийн дээр бас мэдлэгийн эрдэм гэж байна. Мэдлэгийг хүн зөгий бал хураах мэт бага багаар их хүч хөдөлмөрөөр цуглуулан хураах амуй.
Гэтэл мэдлэгийн эрдэм хангалттай биш. Хурааж цуглуулсан мэдлэг боловсролоо ухааран таньж, үр ашигтай хэрэглэж эс чадваас мэдлэг байгаад нэмэргүй. Тиймээс ухааны эрдмийг мэдлэгийн эрдмээс эрхэмд үзжээ.
Гэсэн хэдий ч түүнээс илүү дээд эрдэм гэж бас буй бөлгөө. Тэр бол сэтгэлийн эрдэм. Хичнээн их эрдэм мэдлэгтэй ч, эр бяртай ч сэтгэлд нинж үүсэж, өршөөн нигүүлсэж эс чадваас орчлонг оноон барьж эс чадна. Тиймээс сэтгэлийн эрдмийг буюу “БӨХ”-ийг бүхнээс эрхэмд үзэж ирсэн байдаг. Тийм сэтгэлийн эрдмийг олсон хүн түмэн үеийг араасаа дагуулах билээ. Бурхан багш Шагжамунийг тийм хэмээнэ.
Ийн сэтгэлийн эрдмийг хамгийн эрхэмд үзсэн нь монголчууд бидний сэтгэлгээ ямар чанд холын хязгаарт хүрснийг илэрхийлнэ.
.
НЭГЭН ЗҮЙЛ НЭМЭЛТ
Хөгшид хэлдэг байв. Жинхэнэ эрдэмтэн бол сэтгэлийн чинад хүрч, номхруулж чадсан хүн юм гэж. Энэ өнцгөөс нь харвал манай өнөөгийн доктор, профессорууд бол эрдэмтэд биш, судлаачид, 2-р зэрэглэлийн хүмүүс. Гэхдээ тэдэн дотор ч сэтгэлийн мөн чанарт нэвтэрсэн хүмүүс цөөнгүй бий. Тэгэхээр доктор, профессор болгон 2-р зэрэглэлийн хүн гэж туйлшруулж үзэх аргагүй. Тэд судалгаа шинжилгээ хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, ухан ойлгох өндөр чадавхитай нь эрдмийн дараагийн шатанд буюу сэтгэлийн эрдэмд хүрэх боломжийг нь өндөр болгож өгдөг байх магадлал бий.
Бичиг үсэггүй, өнөөгийн үзлээр бол тас харанхуй нөхөр атлаа сэтгэлийнхээ нинжээр хорвоог гэрэлтүүлэн туулж яваа хүмүүс ч бий. Бид чухам алийг нь эрхэмлэн дээдлэх учиртай эрдэм бэ гэдгээ л сайтар ойлгож, мэдрэх хэрэгтэй санагдана.
.
НЭГЭН ЗҮЙЛ НЭМЭЛТ
Сэтгэлийн эрдмийг хүн буй болгох бүрэн боломжтой. Чухам тиймээс л бурханы сударт гагцхүү хүмүүний ертөнцийг "ЧӨЛӨӨ УЧРАЛ ТӨГС БҮРДСЭН ХҮМҮҮН ТӨРӨЛ" гэдэг юм гэсэн. Тэр боловсрол гэдэг бол маш өргөн ойлголт юм. Эрдэм чадвар, эрүүл мэнд, гоо зүй, ёс суртхуун гээд бүхий л зүйлийг нэгтгэсэн цогц ойлголт. Харин манайд өдий болтол гажуудаж ирсэн ойлголт нь ихэнхдээ зөвхөн мэддэг чаддагаар нь буюу дипломын үнэлэмжээр боловсролын үнэлдэг нь өрөөсгөл гэж би хувьдаа хараад байгаа.
Хүүхэд ер бараг 5 нас хүртлээ оюун ухааных нь 90 хувь нь нэгэнт бүрэлдэн бий болчихдог, өөрөөр хэлбэл хүн нэгэнт бүтээгдчихсэн байдаг гэдгийг эрдэмтэд хэдийнэ нотолсон. Монголчууд ч энэ үнэнийг эртнээс мэддэг, сурган хүмүүжүүлэх арга ухааны системийг маш энгийнээр томёолчихсон байдаг. Энэ талаар миний бичсэн "Бурхан мэт насанд нь" гэсэн нэг бичлэг бий.
Гэхдээ хүн ямраар ч бүтээгдсэн бай, ямар ч хүнд гэмт хэрэгтэн бай, дотоод ертөнц, байгууламж нь хичнээн ч эвдэрсэн бай ялгалгүй, ухааран сэхээрэн боломж нь ямагт байдаг гэж үздэг. Үнэхээр ч бий. Насан туршаа буруу явчихаад 60 гараад ихэд сайхан төлөвшсөн хэд хэдэн хүнийг би маш сайн мэдэх юм. Тиймээс л ЧӨЛӨӨ УЧРАЛ ТӨГС БҮРДСЭН гээд байгаа байх. Энэ нь мэдээж хэрэг боловсролын тогтолцоог үгүйгэж буй хэрэг биш, хүнийг заавал 60 нас хүртэл гэмт хэрэгтэн байлгахгүйгээр 6 нас хүртэл нь засаад авчих нь боловсролын зорилго юм.

No comments: