Wednesday, January 13, 2016

НОМД ХАЛГААТАЙ ШИНЭ ОРЧИН ҮҮСЧИХЭВ ҮҮ?


Би нэг зүйл сайн ойлгохгүй юм. 
Он гараад хэрэгжих болсон Татварын шинэ орчны дагуу би Татвар төлөгчийн шинэ дугаар авлаа. Өөрөөр хэлбэл хэдэн номоо номын дэлгүүрүүдэд тавьж борлуулахдаа хэрэглэх дугаар юм. Тэдгээр дугааруудаар бид номын дэлгүүрүүдтэй харилцаж, тооцоо дансаа нийлж байх юм байна. 
"Төр оршихуй дор татвар оршихуй" гэж... "Тэнгэрийн дор төрж, хуулийн дор аж төрмүй" гэж.
Татвар төлөх нь зайлшгүй. Орлогоосоо татвараа төлөх нь иргэний үүрэг. 
Гэтэл энэхүү шинэ нөхцлөөр бол нэг л ойлгомжгүй болоод явчих юм. Юу ойлгомжгүй байна вэ гэхээр...
ЖИШЭЭ НЬ.
Номин Их дэлгүүрийн салбаруудаар 7000 төгрөгний нэг ном зарууллаа. Энэ үнээс Номингийн тал 30 % буюу 2100 төгрөгийг нь суутгаад бидэнд 4900 төгрөгийг нь өгдөг. 
Өмнө нь дэлгүүрт маниас авч буй 30%-иасаа НӨАТ төлчихдөг гэсэн ойлголттой байсан. Хэрвээ бид өөрсдөө НӨАТ төлдөг бол 30% биш 21 орчим хувиар суутгал авдаг. 
Энэхүү шинэ журмаар бидэнд ирж буй энэ 4900 төгрөгөөс оны эцэст дахиад 10% -ийн татвар төлнө гэсэн үг үү. Тэгвэл бид нийтдээ 2590 төгрөг буюу борлуулалтын орлогынхоо 37%-ийг суутгуулах болно. Бидэнд ирж буй орлого нь борлуулалтын орлогын 63% буюу 4410 төгрөг. Үүнээс хэвлэлтийн 2500 төгрөг, мөн орчуулга, бичлэг, редактор, зөөлт, хадгалалт гэх мэт бусад зардлуудыг шингээх бол нэг номоос дунджаар 1000 орчим төгрөгийн ашиг буюу цэвэр орлого гарна. 
Ном бол талх биш. Тэр бүр хэдэн мянгаараа борлогдоод байдаггүй. Маш цөөн хэдэн ном л хэдэн мянгаар борлогддог. 
Дундаж ном жилд 500 орчим хувь зарагддаг. 500х1000₮ = 500 000₮ Дундаж гүйлгээтэй нэг номоос орж ирэх бүтэн жилийн цэвэр орлого 500 000₮. Их олон ном зах зээл дээр зэрэг зэрэг гаргаж байж боломжийн ашиг олж болох ч, номын тоо олшрох хэрээр тэнд ажиллах хүч, гарах суурь хөрөнгө зардал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. 
Ингэхэд номоос хэрхэн яаж ашиг олж, бизнесээ өргөжүүлэх болон уран бүтээлээ хийх боломж олж авах вэ? Хувиараа ном зохиол бичиж, бичсэн номоо борлуулж амьжиргаагаа залгадаг уран бүтээлч яах вэ? Жилдээ их сайндаа хоёр, гурван л ном бичиж чадна шүү дээ. Номынхоо үнийг нэмэх үү? Үр дүнд нь нийгмийн номд дуртай арай гэгээлэг хэсэг нь л хохирох уу? 
Орлого гэдэгт зардал шингэсэн нийт дүн буюу 7000 төгрөгийг хэлээд байна уу, эсвэл цэвэр ашгийг буюу дээр дурдсан жишээгээр 1000 төгрөгийг хэлээд байна уу?
www.Ebarimt.mn болон бусад сурвалжаас энэ тухай хайгаад олсонгүй, Татварын тухай хуулиас ч мөн олсонгүй, эсвэл гүйлгээд харчихдаг зангаараа харалгүй гүйгээд өнгөрчихөв үү?
Уг нь орлогын татварыг амьжиргааны түвшинтэй дүйцүүлж авдаг байвал илүү үр дүнтэй баймаар. Тухайлбал, сардаа 880 000 төгрөгөөс доош орлоготой бол татваргүй, түүнээс буюу 880 000-аас илүү орлого олдог бол илүү гарч буй төгрөгөөс нь тодорхой хувиар авдаг, Жишээ нь 1 500 000-ийн орлоготой хүнээс 1 500 000 - 880 000 = 620 000 төгрөгөнд нь татвар ногдуулах гэх мэт. 
Гэхдээ илүү гарч буй нь 3 юм уу 5 сая төгрөгөөс дээш гарах хэрээр татварын хувь хэмжээ нэмэгддэг гэх мэт шатлалтай, доод болон дунд орлоготой иргэдээ дэмжих бодлоготой байдаггүй юм уу??? 
Зарим дэлгүүрүүдийн борлуулалтын орлогоос авдаг татаас нь өндөр байх юм. Номин гэхэд номоос 30%, бусад бараанд бол 33 %. Гар урлалын бүтээгдэхүүн Номинд тавьж заруулдаг залуу хэлж байна. Бид 33%-иа дэлгүүрт өгчихөөд, дахиад 10 хувиа өгчихөөд, яаж хөл дээрээ босох юм бэ, үнээ л нэмдэг байх даа гэж байна.
Үнэ нэмэхээр борлуулалт буурна. Ялгаа байхгүй. Гарц байхгүй.
.
Нөгөө талаар Номын талаарх төрийн бодлого энд илт үгүйлэгдэж байна. 
Хөгжилтэй гэгддэг, бидний даган дуурайдаг орнуудад ном зэрэг соёл гэгээрлийн бараа бүтээгдэхүүнүүдийн татвар харьцангуй ялгавартай байдаг шиг билээ. Юутай ч орон нутгийн шуудангаар ямар нэгэн бараа илгээхэд жингээс нь хамаарч төлбөр төлдөг. Ном бол жин ихтэйдээ ордог. Тэгвэл ном шуудангаар илгээхэд өөр тарифаар буюу бусад бараанаас бараг 2 дахин хямд үнээр илгээгддэг. 
Манай томоохон ном эрхлэн гаргагч Аж ахуйн нэгжүүд, Хэвлэлийн газруудад бол НӨАТ-ийн шимтгэлээр асуудлаа зохицуулаад болчихно. Харин хувиараа ном эрхлэн гаргагчид, ном бичиж, түүнээ борлуулан аж төрдөг зохиолчид, уран бүтээлчдэд бол халгаатай, дарамттай байж мэдэхээр байна. 
Энэ эргэлзээтэй асуултуудад мэргэжлийн хариулт, зөвлөгөө өгч тус болох хүн байна уу?

No comments: