Friday, January 8, 2016

Б. Бааст гуайн зөв л дөө.

1987-оос 1990 он гартал "Утга зохиол, урлаг" сониныг тасралтгүй захиалж уншдаг байв. Цаг үедээ олон түмний оюун тархийг ихэд тэжээн тэтгэж, үүргээ ч нэр төртэй гүйцэтгэж байсан. Сайхан сонин.
Харин өнөө түүнийг уншилгүй их удаж ээ. Хааяа нэг харах ч сэтгэлд хүрэх нь бага. Тогтож унших зүйл ч хомс.
Өмнөх үеийнхнийхээ хөлс, хөдөлмөр, цус нулимс, баяр бахдал дээр гишгэн зогсож буйгаа харахгүй, түүнлүүгээ нулимж, гутааж зогсдог мунхаг харанхуй, бүдүүлэг эрээгүй байдал 90 оноос хойш чөтгөрт ивээгдсэн мэт хүчээ авсан. Түүний нэгээхэн илрэл нь энэ сонинг тойрсон энэхүү маргаан болж байна.
Ялангуяа улс төрийн хүрээнд ийм байдал маш их даамжирч, ардчилсан хувьсгалын утга чанарыг өнгөрсөн үеэ гутаах, үгүйсгэх, нураахаас өөр чадваргүй болтол нь гажуудуулсан. Нэг их дэврүүн, хөөргөн атлаа өмнө хойноо юу байгааг огтхон ч хардаггүй, харах чадвар ч үгүй, тиймээс гэр орноо засах гэж байна гээд хамаг юмаа эвдэж бусниулаад, нураагаад сөнөөгөөд хаячихдаг лүүмпэн ардчилагчид, эсвэл энэ хөл толгойгүй болсон нөхцөл байдлыг овтойгоор ашиглан, дундуур нь сүйхээчлэн гүйж, үймээн дээр нь зориудаар үймээн нэмж, түүнээсээ ашиг завшаан хайгч хүмүүс энэ цаг үед дундуур олноор гарч ирж, нийгмээ "хошуучилж" эхэлсэн нь өнөөдрийн бидний дампуурлын эхэн байлаа гэж...
Үр дүнд нь ард түмэн хагаралдаж, улс төржиж, жалга довоороо талцаж, нэгдмэл үндэстнийхээ шинжийг алдсан, юу юугүй задарч унах гэж буй мэт байдалтай байгаа. Эрүүл ухааны ул мөр их үгүйлэгдэх болсон доо.
.
Монголчууд гурван цагийн хэлхээст сэтгэж, үйл явлаа тохируулан аж төрдөг ард түмэн. Өчигдөрийн үргэлжлэл өнөөдөр, харин өнөөдрөөс маргааш эхэлдэг. Харин өнөөгийн цаг үе бол өчигдөргүй, зөвхөн өнөөдрөөс маргааш эхэлнэ гэж үздэг цаг үе болсон. Бүр бэлгэ тэмдэг болгон "Өнөөдрөөс маргааш эхэлнэ" ч билүү тийм дуу хүртэл дуулдаг байлаа. Хүч чадал мохоо, эрч тэмүүлэл нь тэнэмэл байгаагийн шалтгаан нь энэ болно. Өөрөөр хэлбэл суурьгүй барилга л гэсэн үг. Хол явахгүй л дээ.
.
Ингэхэд уламжлалийг шинэчилнэ, эвдэнэ гэдэг маань бүтээлчээр хөгжүүлэх, шат ахиулах, дэвшилд хүргэх тухайд юм. Зүгээр л базаад хог руу чулуудчих асуудал биш. Базаад хогт хаячихаар хөгжил ирэх боломжгүй, үндэсгүй мод хэрхэн ургах ч билээ.
.

No comments: