Монголын ард түмний дийлэнх олонхи нь 1990 онд ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг дэмжсэн юм шүү дээ. Бүр 1985-87 оны үеэс л, Горбачевийн "Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ"-ний үеэс л нийгмээ хувьсган өөрчлөх хүсэл эрмэлзэл ард иргэдийн дунд, ялангуяа сэхээтнүүдийн дунд нэлээд түгээмэл болж ирсэн юм. Өөр зуураа ярилцдаг, гарц хайдаг, "Польшийн Солидарност гэж юу байна вэ?" гэж бие биесээсээ асуудаг, ЗХУ-д өрнөж буй Өөрчлөн байгуулалтын үйл явцыг маш анхааралтай харж, ажигладаг байж... Өөрөөр хэлбэл Ардчилсан их өөрчлөлт хийх дотоод дахь оюун санааны суурь хангалттай бүрдчихсэн байв. Тиймээс л 1990 оны Ардчиллын хөдөлгөөнийг монголчууд олноороо түрхрэн дэмжсэн юм.
Дэмжлэг янз бүрийн түвшинд байсан. Хөдөөгийн суманд хүртэл үйл явдал өрнөж, Сүхбаатарын талбайд болж буй өлсгөлөнгийн үеэр үзэл санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн захидал бичиг бичихээр болж, сумын Холбооны үезэлийн байранд, цонхыг нь орны бүтээлгээр таглаж байгаад цуглаж байв. Олон түмний дунд эргэлзээ, эсэргүүцэл байсан ч дэмжлэг нь түлхүү талдаа байсан. Тиймээс л Улс төрийн товчоо олны тэр хүчээс эмээсэн хэрэг байлаа.
Гэвч Ардчилал маань гараанаасаа дампуурлаа эхлүүлж, олон түмний дэмжлэгийг, итгэлийг болгино хугацаанд алдсан. Тухайлбал,
1. Ардчилсан өөрчлөлтийг хийхдээ соц нийгмийг хувьсган дэвшүүлэх бус сөнөөн сүйтгэх, түүнтэй холбоотой бүхнийг хараар будах, үгүйсгэн гутаан доромжлох хэт хувьсгалчирхаг хийрхэл, хэт туйлшралаар эхлүүлсэн юм. Яг л 20-иод оны зүүнтнүүд шиг, зари тохиолдолд тэднээс ч илүүгээр... ЭНЭ НЬ ХҮССЭН Ч, ЭС ХҮССЭН Ч МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ, НИЙГМИЙГ ХОЁР ТАЛЦУУЛЖ ОРХИСОН. Ухамсарт бүхий л амьдралаа, хүч хөдөлмөрөө зориулсан нийгмийг нь, үйл явцыг нь гэнэтхэн харлуулж, хараагаад эхлэхээр хэн дуртай байх билээ, хэдийгээр ардчиллын үйл явц зөв гэдгийг мэдэж, мэдэрч байсан ч олон хүн өөрийн эрхгүй, бараг рефлексээрээ өөрийгөө хамгаалан, хуучин бүтээн босголцож ирсэн системээ хамгаалах тал руу гулсаж орсон. Өт хүртэл биед нь хүрэхээр атирдаг шүү дээ.
Бас аливаад гол нуруутай хандлагыг эрхэмлэдэг хүмүүс ч тэрхүү эрүүл бус хийрхэлээс жийрхэж, эргэлзэж эхэлсэн.
Үгүйсгэлээс үгүйсгэл л төрдөг. Яагаад гэвэл соц нийгмийн сайн талыг мэддэг/саар тал мэдээж их/, бас түүнийг учиргүй гутаан жигших боломжгүй гэдгийг ойлгодог дундын байр суурьтай хэсэг бүлэг ч байсан/энэ нийгмийн их том бүлэг байсан билээ/, угаасаа өмнөхтэйгээ үхэн хатан зууралдах хэт хуучинсагууд ч байсан, энэ боломжийг ашиглах овжин зальжин этгээдүүд ч байсан. Баабар 40-өөд насныхан үхэж дуусахаас нааш бид амжилт олохгүй гэж хэлж байв. Тэд ч үхээд нэлээд дөхөж байна, одоо шинэ үе гарч ирж байна, гэвч амжилт олсон нь хаана байна. Энэ бол зүгээр л хийрхэл. Ингэж ард түмэн, нийгэм хоёр талцсаны эмгэнэлтэй гашуун горыг, хор хохирлыг бид ханатлаа амсаж байна. Одоо ч энэ эрүүл бус талцал хэвээр, зарим тохиолдолд улс төрийн намууд, нэр бүхий улс төрчид энэ талцлийг улам дэвэргэн, дундаас нь ашиг хонжоо гаргах арчаагүй популизм хийсээр л байна.
Ард түмнээ, ардчилсан ба ардчилсан бусаар нь талцуулдаг, түүхээ улс төржүүлдэг, гадаад харилцаагаа хүртэл талцуулдаг солиотой үзэгдэл өнөөдөр ч үргэлжилсээр...
“Ардчилагчид”-ийн ийм хэт хувьсгалчирхаг хийрхэл эрүүл саруул ухаантай, асуудалд голч ноён нуруутай хандах хандлагатай олон хүний итгэлийг алдахад хүргэж, улмаар тэднээс зай барьж эхэлсэн бөгөөд энэ нь өмнөхтэйгээ зууралдсан, шинэчлэлийг эсэргүүцсэн, хэт хуучинсаг хэсгийнхэнд ч, үймээн самуун дундаас ашиг олж цохидог цөөвөр шиг нөхдүүдэд ч давхар давхар боломж олгосон юм. 1990 оноос хойшхи олонх сонгуульд МАХН-МАН ялаад байсан. Зөвхөн 1996 оны 10 сарын орон нутгийн сонгуулиас 2000 оны УИХ-ын сонгууль хүртлэх хугацаанд болсон 13 сонгуульд МАХН үнэмлэхгүй ялалт байгуулж байв. Энэ нь Монголын ард түмэн Ардчилалд дургүйдээ МАХН-д санал өгөөд байсан хэрэг биш, харин Ардчилсан хүчнийхний овилгогүй, туйлшрамтай, зарим тохиолдолд чадваргүй, итгэлгүй байдалд нь итгэл алдарсных байсан билээ.
2. Соц нийгмийн үнэт зүйл, эрхэмлэл, үзэл санааг хог дээр гаргаж хаясан ч итгэл үнэмшлээсээ хагацаж, үнэт зүйлгүй болон нүцгэрч үлдсэн ард түмний “гар дээр” эргүүлээд ямар ч үнэт зүйл, үзэл санааг гарган тавьж чадаагүй, ингэснээр үндэстний оюун санаанд асар том цоорхой үүссэн юм. Энэ сиймхийгээр хувиа бодох бэртэгчин үзэл өмөн үү шиг нийгмийг нөмөрч авсан, энэ өмөн үү өнөөдөр манай нийгмийн хөгжлийг хамгийн ихээр боомилж, хүч чадавхийг шавхаж байна. Үнэт зүйлгүй, эрхэмлэлгүй, үзэл санаагүй нийгэм дотроосоо өмхөрч ялзардгын нэн тодорхой бодит жишээг бид өнөөдөр хангалттай харж байна. Улс орны хөгжлийн ойрын болон хэтийн нэн тодорхой төлөвлөлт ч байгаагүй. Зөвхөн ардчилал гэж хий хоосон хийрхэхээс хэтрээгүй бөгөөд зарим тохиолдолд ардчиллын үнэт зүйлсийг ч олонтаа гутаан буртаглаж байв, өнөөдөр ч үргэлжилсээр байна. Нөгөө талаар нийгмийг ардчилах, эдийн засгийг либералчлах нь үндэстний оюун санааны үнэт зүйлс биш билээ.
.
Энэ хоёр үндсэн шалтгааныг дагаж Ардчиллыг гажуудуулсан үй олон учир шалтгаан урган гарч ирсэн юм. Тэр бүхнийг энд орхие. Угаасаа ч энэ нь олон жишээ баримт, нуталгаа шаардсан нүсэр ажил. Ер бүхэл бүтэн аналитик ном бичихэд ч багтамгүй сэдэв.
1990 онд нэг зүйл нэн тодорхой байсан. Монгол орны өмнө ардчилсан өөрчлөлтөөс өөр ямар ч зам, сонголт байгаагүй. Монголын нийгмийн дотоод болон гадаад хүчин зүйл нь өөр ямар ч сонголтгүй нөхцөл байдлыг Монгол оронд хүчээр тулган хүлээлгэсэн юм. Нэн тодорхой энэ үйл явцыг хэн нэгэн хийрхэгчийн бэлэг гэж хүлээж авах нь ард түмний оюун санааг гутаан доромжилж, басамжилж буйтай адилхан тэнэглэл юм.
Ардчилсан өөрчлөлтийг өмнөх үеэсээ ӨШ ХОНЗОН авч буй мэт логикоор хийсэнд л хамаг алдаа, дампуурлын эхлэл суурь бий.
No comments:
Post a Comment